September 2, 2012

Буган хөшөө чулуу

Буган хөшөө бол хүрэл зэвсгийн үеийн хамгийн үнэт дурсгалуудын нэг агаад он цагийн хувьд МЭӨ V мянганаас МЭӨ I-ны үед холбогдоно. Евразийн өргөн уудам тал нутаг 700 орчим буган хөшөө чулуу олдсоны 550 орчим Монгол улсын нутаг дэвсгэрт байдаг. Буган чулуун хөшөө гэж тусгайлан засаж янзалсан дөрвөн талт гонзгой чулууг гурав зааглан ихэвчлэн эсрэг харсан хоёр талын орой хэсэгт нэг юмуу хоёр том дугуй, эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс гадна цөөн тохиолдолд адуу, гахай, ирвэс, янгир зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум зэргийг сийлсэн байдаг. Буган чулууны хэлбэр хийцээс хамааран гурван хэсэгт хуваана.
Дааган дэлийн буган чулуу
  • Монгол-Өвөр Байгалийн загварт бугын дүрст хөшөө
  • Саян-Алтайн амьтны бодит дүрслэлт буган хөшөө 
  • Ази-Европын амьтны дүрслэлгүй хөшөө хэмээн гурван үндсэн хэсэгт ангилсан юм.
Буган хөшөө нь хүнийг төлөөлүүлж байгуулсан байгууламж юм. Төв азийн цээжинд оршиж байсан эртний улс үндэстнүүдээс гаралтай гэж үздэг. Яагаад буга болон бусад амьтдыг дүрсэлсэн бэ? – Хүрэл зэвсгийн үед хүмүүс бугыг ихээхэн шүтэж байсан бөгөөд дайчин баатар эрс, язгууртанууд нь бие дээрээ амьтаны дүрслэлт шивээсийг биен дээрээ шивдэг байжээ. Энэ нь тэдний зэрэг дэв, баян чинээлэг байдлын илэрхийлэл болдог байв. Үүнийг Алтай, Саяны бүс нутгаас олдсон пазырыкын шивээст хүний булшнууд баталж байдаг. Эрдэмтдийн судалгаагаар буган чулуу болон хиргисүүрийг байгуулахдаа тэнд нь адуугаар тайлга үйлддэг байж. Буган чулууны доороос, хиргисүүр дотроос адууны толгой, хүзүүний яс их гарч байна. Нас барсан хүний сүнс жигүүрт хурдан хүлгийг унан тэнгэрт хүрдэг гэсэн эртний шүтлэгтэй холбоотой юм.

Хадны сүг зураг

Хүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн зурж эхэлсэн байдаг. Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно. Хадны сүг зургийг зосон ба сийлмэл гэж 2 ангилдаг байна. Зосон зураг нь Өвөр байгаль,Төв болон Дорнод Монголын нутагт өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд холбогдоно. Монгол нутагт хадны сүг зураг дүрслэлийг агуулсан газар орон маш олон байдаг. Хадны сүг зураг нь үндсэндээ өнгөрсөнд хүргэх гарц, асар үнэ цэнэтэй зурган бичиг юм. Судлаачид хадны сүг зургийн хийц, технологийг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг нь тогтоодог. Хадны сүг зургийг ажиглан уншиснаар дараах зүйлсийг олж мэдэх боломжтой.
  • Хэдий үед ямар багаж хэрэгслээр уг зураг дүрслэл бүтээгдснийг.
  • Тухайн цаг үед ямар амьтад энэ газар зонхилж байсныг. 
  • Хүн төрөлхтөн хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг. 
  • Хэдийд шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж эхэлснийг. 
  • Нийгмийн байгууллын үе шатуудыг. Тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт зэргийг төвөггүй судлан мэдэх боломжтой.