March 7, 2013

Хөвсгөл нуурын мөсөн замыг туулсан анхны дугуйн аялал 2013

Бид Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр дугуйгаар аялж үзэхээр шийдэн 2013 оны 2-р сарын 27-ны өглөө Багийн 9 гишүүний хамт аялалд гарлаа. Манай багт МУГТ, уулын спортын ОУХМ Г. Өсөхбаяр, Эверестийн оргилд гарсан уулчин Б. Цэвээндаш, уулын спортын мастер Б. Элбэгжаргал, Уулчин Монгол нийгэмлэгийн Ш. Сэргэлэн, аялагч Д. Өнөр, MONGOLIA EXPEDITIONS -ээс С. Алдархишиг, НТВ-ийн зураглаач, сэтгүүлч, манай багийн жолооч БАЛУ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хөдөллөө.
Бид Улаанбаатар - Эрдэнэт - Мөрөн - Хатгал - Ханх гэсэн маршрутаар явж дугуйн аялал эхлэх Ханх тосгонд ирж Замын буудалд хоноглов. Ханх бол Монгол орны хамгийн хойд захад орших суурин газар. 2000 гаруй хүн амтай.  аймгийн төв Мөрөн хотоос хойш 280 км, нийслэл Улаанбаатар хотоос1020 км, ОХУ-тай хиллэх Ханх-Мондийн хилийн боомтоос 22 км зайд оршино. Хойд талаар нь Саяаны их уулсын шовх оргилууд  харагдана. Ханх тосгоноос бидний Хөвсгөл нуурыг мөсөн замаар туулах анхны аялал эхэллээ. Өглөө бид дугуйгаа буулгаж угсаран, тохиргоо хийгээд, аяллын өмнөх бие халаалтын дасгал хийж биеэ дасгаад аяллаа эхэллээ.

Манай багийнхан
Хөвсгөл нуур нь манай орны хамгийн хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур. Нуур нь эзлэхүүнээрээ улсын хамгийн том нууруудын нэг бөгөөд хамгийн гүн нь юм. Нуурын хамгийн гvн хэсэг Далайн хvйс аралын баруун өмнө 238,3 метр. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан замын тээвэр хийгддэг. Эргэн тойрон сvрлэг өндөр уулсаар хvрээлэгдсэн нэн vзэсгэлэнт энэ нуурын урт нь хойноос урагш 133,4 км, өргөн 39,5 км гонзгой зууван хэлбэртэй нуур юм.