Хуудас

October 17, 2017

Байгаль нуурын аялал - Ольхон арлыг тойрсон дугуйн аяллын тэмдэглэл.


2013 онд Хөвсгөл нуурыг Ханх тосгоноос Хатгал тосгон хүртэл мөсөн замаар туулж явахдаа Байгаль нууран дээгүүр нэг ингэж дугуйгаар аялнаа гэж бодож байсан юм.  Тэр хүслээ биелүүлж энэ жил буюу 2017 оны 3-р сард Mongolia Expeditions компаний менежерүүд Батсүрэн, Энхнарангийн хамтаар Байгаль нуурын Ольхон арлыг мөсөн замаар дугуйгаар тойрлоо.  Байгаль нуурын 27 том жижиг аралтай байдгаас Ольхон арал хамгийн том нь юм.  Арлын урт нь 72 км, өргөн нь 12 км, арлын нийт 730км/кв. Арлын нийт оршин суугчид 1600 гаруй. Ольхон гэдэг нь Ойхон гэдэг буриад үг.  1937 онд буриадын автономит тойргоос тасалж Эрхүү мужид нэгтгэсэн. Бөөгийн ариун газар гэдгээрээ алдаршсан арал юм.  Бурхан хад Бөөгийн хад гэж нэрлэдэг өвөрмөц тогтоцтой хад нь арал дээр орших Хужир тосгоны дэргэд далай түрж орж өвөрмөц тогтоцыг үүсгэдэг.  Байгаль нуур нь манай гаригийн хамгийн цэнгэг, хамгийн урт настай нуур, нуурын насжилт нь 25-35сая жил. Мөн хамгийн гүн нуур юм. Нуурын хамгийн гүн хэсэг Ольхон арлын Жима уулын дэргэд 1632метрт хүрнэ.


3-р сарын 6-ны өдрийн АероМонголиагийн Улаанбаатар Эрхүүгийн чиглэлийн нислэгээр өдөр 1 цаг 10 мин нисээд Эрхүү хотод буулаа. АероМонголиа  компаний Эрхүүгийн чиглэлийн нислэг 7 хоногт 2 удаа Даваа, Баасан гаригуудад ниснэ. Үнэ нь хугацаанаас хамаараад харьцангуй хямд юм билээ. 170 мянгаас 350 мянган төгрөг хүртэл үнэтэй.  Эрхүү хотын төвд Дзержинскийн гудамжны 1-д байрлах Хостел Русь хэмээх буудал руу явлаа. Хотын төвдөө жуулчны үзмэрүүдддээ ойрхон аятайхан цэвэрхэн буудал байсан. Ялангуяа 130 Квартал, Ленинийн хөшөө, Ангар мөрөнтэй ойрхон 5-10 минут алхах зайнд байрладаг. BOOKING.COM -оор урьдчилсан захиалга хийх боломжтой хоногийн 40 000 төг орчим үнэтэй.

Буудал руу орсон чинь орос авгай гутлаа тайлаарай, чимээ бага гаргаарай гэж анхууруулав. Буудлын өрөөнүүд нь дотроо давхар ортой 4-6 хүн байрлах боломжтой юм байна лээ. Маргааш нь бид Листвянка буюу Шинэст тосгон руу явлаа. Энд ирсэнийх үзчих хэрэгтэй газар.
Байгаль нуурын эрэг дэх жижиг тосгон, жуулчны хөл ихтэй. Эрхүү хотын төв зах буюу Центральный рынокоос маршрутын автобус явдаг. Үнэ нь хүний 110 рубль. Байгаль нуурын эрэг дагуу байрлах Листвянка тосгонд Эрхүү хотод богино хугацаагаар ирсэн хүмүүс, жуулчид их очдог олны хөлийн газар. Энд ирсэн хүн захаар нь ороод, Байгаль нуурын музейг үзээд, Далайн хавын тоглолт үзчихвэл болно доо. Зах дээр нь хусны үйсээр хийсэн сав суулга, Байгаль нуурын хаш чулуу, чулуун эдлэлүүд, хушны самар, утсан омуль загас зарна. Эндээс нь шууд авчихвал зүгээр, хот руу орчихвол үнэтэй болчихно. Биднийг очих үед Байгальский Марафон гээд олон улсын тэмцээн болж байлаа. Энэ марафон жил бүр зохиогддог юм байна лээ. Буцаж Эрхүү хотод ирээд хоттой танилцах аялал хийлээ.

Эрхүү хот нь Эрхүү гол, Ангар мөрний эрэгт байрлах Монголчууд бидний сайн мэдэх хотуудын нэг. Энэ хотын тухай дуу хүртэл бий. Ангар мөрний зөөлөн салхи... гээд юу ч билээ. МУГЖ Жаргалсайхан дуулдаг. Энд Монголын үе үеийн оюутан залуус их дээд сургууль төгсч боловсрол мэдлэг эзэмшиж авсан газар.  600 гаруй мянган хүн амтай дорнод Сибирийн эдийн засгийн гол зангилаа болсон хот. Энэ хотыг дамжиж транс сибирийн төмөр зам, автозамын гол зангилаа дайрч өнгөрнө. 1660-аад онд хотын суурь тавигдаж 1686 онд хотын стаустай болсон. 1698 оны Орос Хятадын Нэрчүүгийн гэрээний дараачаас Сэлэнгэ мөрөн, Байгаль нуураар дамжсан Цайны замын гол зангилаа болж өгсөн. Эрхүү хотыг дорнын Парис, Сибирийн Петрбург, Сибирийн Афин гэж Октябрийн хувьсгалаас өмнө нэрлэдэг байжээ. 1931 онд ЗХУ-ын ардын коммисар К.Е. Воршилов тус хотод зочилж, хотыг Воршиловск гэж нэрлэхээр төлөвлөж байсан гэсэн сонирхолтой баримт байдаг. Хотын голлох үзмэрүүд, дурсгалт газрууд нь Хотын захиргааны байрны хойд талаар, Ангар мөрний эрэг дагуу явбал тааралдана даа. Буудлууд хотын газрын зургийг үнэгүй тараана. Хайрын гүүр, Мөнхийн гал, Спаскийн сүм ... олон сонирхолтой хөшөөнүүдтэй. Музейнүүд жижиг боловч сонирхолтой. Түүхийн музей, физикийн музей, сансарын музей гээд хүүхдүүдийн сонирхол татах зүйлс олон. Хотын хорт утаанаас зайлж Улаанбаатарчууд Эрхүүд өвөлждөг гэсэн.

3-р сарын 8-ны өглөө буудлаас биднийг машин ирж авлаа. Шууд Цахиурт тосгон руу хөдлөв. 250 км замыг уул толгод, ой модон дундуур явлаа. Байгаль нуурын урд эрэг дагуух шиг дан модон дундуур явах байх гэж төсөөлж байсан чинь өөр юм. Хээр тал, уул толгод, ой мод хосолсон үзэсгэлэнт байгальтай юм. Бид 4 цаг орчим яваад замдаа Надежда гэдэг кафед өдрийн хоол идээд хоолны дараа 1 цаг орчим яваад 14 цагийн үед Цахиурт тосгонд ирлээ. Шууд ачаа бараагаа буулгааад дугуйгаа авч Байгаль нууран дээгүүр бие халаалт хийж дугуйгаар явав. Нийтдээ 10 орчим км дугуйгаар явлаа. 3-р сард Байгаль нуурын гадарга нилээд цас ордог юм байна. Гэхдээ энэ жил цас бас их орсон салхи багатай байсан зэрэг нь бас нөлөөлсөн бололтой. Бидний буусан амралтын газар нилээн тохилог бааз байлаа. Олон ч жуулчид ирдэг. Байгаль нууран дээгүүр явган аялдаг, тэшүүрээр явдаг, чаргатай, мотоциклтэй аялдаг гээд янз бүрийн сонирхолтой хүмүүсийн цуглуулга болсон газар байлаа. 3-р сарын 9-ний өглөө цайгаа уугаад 10.30 гээд аяллаа эхэллээ.
Өнөөдөр бид Бага Тэнгис нуурын мандал дээгүүр 45 орчим км замыг туулж Хужир гэдэг 1000 гаруй оршин суугчидтай, Ольхон арлын сууринд хүрч хоноглох төлөвлөгөөтэй. Цахиуртаас Хужир тосгон хүртэл мөсөн зам зассан тул зүгээр л хурдны зам дээгүүр явж байгаа юм шиг л байлаа. Энэ зам ерөнхийдөө хөл ихтэй, гол зам байсан. Оросууд зам дээгүүр тэмдэг тэмдэглэгээг сайн хийж өгдөг юм байна. Манай Хөвсгөлийнхөн санаа авчихмаар юм их байсан. Манай гидийн хэлснээр өдөртөө 1000 орчим хятад жуулчид одоогоор Ольхон аралд ирдэг гэнэ. Тэд нар Бөөгийн хад, Хобой болон нуурын мөсөн тогтоцыг үзээд буцдаг гэнэ. Байгаль нуурын өвлийн аялал жуулчлал ерөнхийдөө системтэй хөгжиж байгаа санагдсан. Монголын өвлийн аяллаас хол түрүүлж байгаа юм байна гэсэн бодол бас төрж байв. Монгол ч гэсэн хятад жуулчдыг татах тал дээр олон ажил хийж байгаа ч нэг их амжилт олохгүй байгаа, мөн олон нийтийн дэмжлэг авах тал дээр ч сул байдаг. Сибирийн тойрог, Байгал нуур нь харин энэ тал дээр нилээдгүй амжилт олж байгаа юм байна. 
Ольхон арлын Хужир тосгоны зүг мөсөн замаар 45км зам тууллаа. Замдаа өдрийн хоол идэв. Мөсөн дээр хар талх, сала-тай идэх тэр мэдрэмж бас гоё юмаа. 100 байсан бол ч гэж бодох шиг. Нар хэвийх үед 17 цагийн үед бид Хужир тосгонд ирлээ. Модон дотор байрлах оросын нэг жижиг тосгон. Эндэхийн нэг жижиг жуулчны баазад модон байшинд буудлав. Жижиг модон байшингуудаа цахилгаан халаагуураар халаадаг юм байна лээ. Гэрэл цахилгааныг шийдээд өгсөн болохоор их тохилог санагдсан. Манай группт нийтдээ 12 хүн, Монголоос 3, Эрхүүгээс 3, Москвагаас 6 хүн явж байгаа. Манай баазын үйлчилгээ их энгийн, гэхдээ их цэвэрхэн. Жуулчны оройн хоол нь ч энгийн орос маягийн гоймонтой хуурга, борщ, талх гээд л болоо. Манай группийн хувьд ер нь их даруухан хүмүүс нэг дор орсон бололтой, дуу шуу багатай хүмүүс. Арван жилд орос хэл үзэж байсан миний хувьд хүмүүсийн яриаг ойлгох ч, ярих дадлага бага болохоор сайн ярьж ойлголцож чадахгүй байлаа. Баазын тогооч хүүхнийг Саяана гэдэг буриад хүүхэн байна. Нилээн гялалзуур хүн. Улаан-Үдээс ирж ажиллаж байгаа гэнэ.

3-р сарын 10. Өглөөний цай уугаад Хужир тосгоноос хөдөллөө. Хужир тосгоны дэргэдэх Шаманка хад буюу Бурхан хадны дэргэд эхний зогсолт хийж зураг хөрөгөө татуулаад цааш хурдны замаар Хобой руу хөдөллөө. Манай гидийн хэлснээр Хобойгоос цааш зам байхгүй, ерөнхийдөө хэцүү болно гэж байсан. Хобой гэдэг нь Соёо гэсэн утгатай үг юм. Ольхон арлын хамгийн хойд үзүүрт байрлах хадан цохио юм. Хажуугийн салхи ихтэй өдөр байлаа. Бид явсаар Хобойд хүрэв. Хобой хавиас үнэндээ зам муудаж мөр төдий боллоо. Мөн хажуугаар мөсөн овоолго ихтэй байлаа. Хобойн хошууг тойроод салхи цээжнээс түлхэж эхлэв. Өдөржин салхины нөлөөлөлд явсан манай группийнхэн тамирдаж хоорондын зай сунаж эхэлсэн. Сүүлийн хүнийг хүлээхээр даараад байсан тул хөдөлгөөнөө үргэлжлүүлж жийсээр байгаад хамгийн түрүүнд Үзүүр хэмээх цаг уурын станц байрлах жижиг гацаанд ирлээ. 10 хэдхэн байшинтай энэ гацаа нь Ольхон арлын хойд үзүүрт, жижиг аманд байрлах судалгаа шинжилгээний суурин. 1953 онд Цаг уурын ажиглалт шинжилгээ хийхээр байгуулсан суурин юм. Гэхдээ эрдэм шинжилгээний ажилтанууд болон хол ойрын айлчин гийчдийг байрлуулах орон байртай. Бид нэг жижиг модон байшинд бууж байрлаад оройн хоол ундаа бэлтгэлээ. Хоолны дараа орос халуун баняд орж алжаалаа тайлсан шиг суув.

3-р сарын 11. Нартай сайхан өдөр болох нээ. Бид өнөөдөр төлөвлөгөө ёсоор 50 км явах ёстой. Хамгийн урт, хамгийн хүнд өдөр гэж гид хэлсэн. Үзүүр суурингаас хөдлөөд 5 км яваад үзэмжит мөсөн хонгил үзлээ. Энэ хонгил 10 гаруй метр урт. Байгаль нуурын өвлийн аяллын бүх зурагт хуудсанд үзүүлсэн байдаг, алдартай хонгил.  Хонгилыг үзээд хөдөллөө, зам нөхцөл эрс муудаж, зам байхгүй боллоо. Нуурын мандал цас ихтэй, дээрээс салхины хүч их, цээжнээс түлхнэ. Цасан шуурга ёстой нүүр нүдгүй балбаж байлаа. Үдээс хойш гайгүй болчих юм болов уу гэж бодсон чинь болдоггүй ээ. Хүмүүс ч өдөржин салхи сөрж ядарсан тул кэмпээ 15 км дутуу байхад байгууллаа. Энэ 15 км -ийг маргааш нөхнө... бас л ажил шүү. Нуурын эрэгт майхнаа барьж буудаллаа. Түүдэг гал түлж, тогоондоо мөсөөө хайлуулж цай, хоолоо хийлээ. Түүдгийн дэргэд галаа манан элдэвийг хүүрнэлдэж байгаад майхандаа орж амарлаа. Байгаль нуурын жавартай шөнө гэдгийг нэг их мэдэрсэнгүй, бодвол дулаан хоносон юм байлгүй.

3-р сарын 12. Нар мандахтай уралдан босч цайгаа уугаад аяллаа үргэлжлүүлэв. Өнөөдөр аяллын сүүлийн өдөр. Өдрийн цайны үеэр 14 цагт Байгаль нуураар аялсан өөр нэг явган аяллын групптэй нийлээд Эрхүү орох тохироотой. Өчигдөрийн дутуу хаясан 15 км-ийг нөхнө гээд бас ажилтай өдөр. Би хөдлөөд группын толгойд гарлаа. Салхи өчигдөрийнх шиг л хүчтэй, цээжнээс түлхэнэ. Ийм байдлаар бид 13 цагт Цахиурт орно гэдэг бол худлаа байлаа. Мөн бид нөгөө мөсөн там гэдэгтэй адил мөсөн овоолго дундуур 400 метр газрыг бараг цаг хагас тууллаа. Мөсөн овоолго дотор ачаа ихтэй хүнд дугуйгаа өргөж туулна гэдэг чинь ёстой там юм байна лээ. Мөсөнд дугуйгаа цохисоор байгаад нилээн хялайсан байв. Мөн дугуйгаа жийгээд явах гэтэл хойд предачи эвдэрсэн байна. Ингээд дугуй маань нэг араатай болчихсон. Засъя багаж байхгүй. Манай гид дугуйн засвар тал дээр мэдлэг сул нэгэн байв. Цахиуртын тосгон хүртэл 30 км дутуу байв. Өдрийн хоолны цаг дээр бид нуурын эрэгт зогсох нэг машин очлоо. Хүмүүс нь их сайхан зантай, зочломтгой хүмүүс байв. Бидэнд цай, шөл гээд байдгаа л өгч байна. Эндээс зам гайгүй болноо бид сая Цахиуртаас ирсэн гэж жолооч нь хэллээ. Энэ үгийг сонсоод би ч шууд шаах хүсэл төрөв. Групп хуваагдаж байнаа.
Манай группын 5 эмэгтэй нилээн ядарсан бололтой. Машин дуудуулъя л гэнэ. Утасны сүлжээ байхгүй тул сүлжээтэй газар руу нэг хүнээ түрүүлж явуулъя, бусад нь араас жийгээд явъя гэсэн шийдвэр гарлаа. Володя гэдэг залууг түрүүлж явуулахаар боллоо. Би түүний араас хөдөллөө. 3 цаг тасралтгүй жийлээ, групп хаана ч байгаа юм бүү мэд. Бид түрүүлж явсаар Цахиурт тосгонд 17 цагийн үед орж ирлээ. Володя утсаар ярьчихаад найз руугаа буцлаа. Найз нь Москвагаас цуг ирсэн Тимур гэдэг залуу. Би Энхээтэй цуг жийгээд анх буудаллаж байсан бааз руугаа явлаа. Замдаа Ольхон арлыг тойрсоноо тэмдэглэж тосгоны дэлгүүрээс квас авч уулаа. Банана идлээ. Өлссөн...цангасан гэдэг нь жигтэйхэн. Дэлгүүрийн худалдагч махлаг орос хүүхэн багадаа Улаанбаатар хотод 5 жил амьдарсан гэнэ. Аав, ээж нь Монголд барилга дээр ажиллаж байсан барилгачид юм байна. Тэгээд бааз дээр ирээд сүүлийн хүмүүсийг хүлээллээ. Ресторанд орж пиво миво уугаад тансаглаж байтал хамгийн сүүлийн хүн 20.30-д бааз дээр ирлээ. Тэгээд шууд л Эрхүү хот руу хөдөллөө. Ингэж бидний Ольхон арлыг тойрсон дугуйн аялал дууссан юм. Байгаль нуурандаа баярлалаа. Бид энэ аяллаа 2018 оны 2 сард дахин зохион байгуулна. Сонирхсон хүмүүс байвал холбогдоорой. mongoliaexpeditions@gmail.com
Хужир тосгон байрласан байр
Орос өглөөний цай



Шаахай 72

Ольхон арлын хамгийн урт мөсөн хонгил

Байгал нуурын онцлогт зураг

Аяллын эхлэхийн өмнө - Энхнарангийн хамт

Ийм хонгилууд олон юм байна лээ


Өдрийн хоол - Манай гид Алексей

Байгал нуурын мөсөн зам

Байгал нуурын мөсөн зам
Батсүрэнгийн хамт

Усан зогсоол дундуур

Байгал нуурын мөсөн замд


Ольхон арлын урд талын хэсэг хамгийн бартаатай хэсэг

Ольхон арлын урд талын хэсэг хамгийн бартаатай хэсэг

Байгал нуурын эрэгт хоноглох санаатай - Майханд шүү

Амарч байгаа бололтой

Аяллын үеэр хийсэн видео бичлэг дороос үзээрэй.

No comments:

Post a Comment