Надад нэг ийм бодол төрөөд... Сүүлийн үед салбарын сайдын амнаас фургон машиныг аялалд тохирохгүй, хоцрогдсон, ийм машинаар жуулчин тээвэр хийж байхад бид аяллын чанарын талаар ярихад хэцүү гэх мэт үгс урсах боллоо. Асуудал яагаад фургон машин руу чиглэх болов...сайдын чихэнд, бодолд хэн тэгж шивнэсэн юм бол...эсвэл өөрөө тэгж бодоод байгаа юм болов уу. Хэрэв ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол бодит байдалтай сайн танилцаасай, гаргах шийдвэртээ тусгаасай гэж хүсэж байна. Хариуцлагатай албан тушаалтны үг, шийдвэр гаргахад нөлөөлдөг тул янз бүрийн сөрөг шийдвэр гарчих вий гэж болгоомжлох үүднээс өөрийн саналаа хуваалцаж байгаа юм
Аялал жуулчлалын салбарт орсон цагаасаа л фургон гэдэг машинтай ханилж, энэ машиныг замын итгэлт анд, найдвартай түнш гэж боддог хүний нэг л дээ. Яахав дуу шуу ихтэй , тоос шороо ордог, эйр кондишн байхгүй гээд гоочлох хүн мэр сэр таардаг л юм.
Аялал жуулчлалынхан фургоныг яагаад сонгох болов. Энд мэдээж Монгол орны зам харгуй, дэд бүтцийн хөгжил сул байгаатай холбоотой. 1990-ээд оны сүүлээр Монголд аялж байсан жуулчид танай улс дайны байдалтай байгаа юмуу, яагаад дандаа байлдааны машинууд аялалд явдаг юм бэ гэж асуусан тохиолдолууд олон бий. Тайлбар нь зам муутай, тэгээд ч фургоноос өөр сонголт байдаггүй байлаа. Аялал жуулчлалын зорьж очих газрууд, байрлах гэр бааз, амралт сувилалын газрууд нь төв замаасаа хол, хүрч очиход бартаа саад ихтэй байдгаас шалтгаалж туулах чадвар сайтай машин техник хэрэглэхэд хүрдэг. Хэрвээ зам харгуй сайжирчихвал заавал дуу шуу ихтэй, битүүмж муутай гэгдэг машин хэрэглэх шаардлага ч үгүй болно.
Фургон машин аймаг хоорондын засмал замууд тавигдаагүй байхад Монгол орны хүн тээвэрт чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин одоо бол сум хооронд, аймаг сум хоорондын хүн тээвэрт ашиглагдаж байна.
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын компаниуд жуулчин тээврийн хэрэгслүүддээ тавих шаардлагыг өндөрсгөж, түүнийгээ биелүүлэхийг тээвэрлэгчдээсээ шаардах болсон. Жил бүрийн хавар Авто Тээврийн газраас хийж буй үзлэг шалгалт, сургалтанд жолооч нараа хамруулсны үр дүнд тодорхой ахиц гарч байна.
Анх аялал жуулчлалд УАЗ-469 гэдэг машин өргөн хэрэглэгдэж байгаад фургон машин руу шилжсэн. Учир нь УАЗ-469-д 4 хүн суудаг. Фургонд 10 хүн суудаг. Гэхдээ жуулчин тээврийн бүх фургон машинд одоо 7 хүн суух стандарт мөрдөгдөж байна. Фургон машины зорчигчийн бүх суудлыг урагш харуулж, ард нь ачаа ачих зайг бий болгож өгснөөр фургон боловсронгуй болсон. Дээр нь ачаа тавиад дугуй, завь гээд адал явдалт аяллын хэрэгслүүдийг ачдаг болсон. Гэхдээ энд хүн ачаа хоёр холихгүй гэдэг нэг журмыг Авто тээврийн газраас олон жилийн өмнө гаргасан. Гэхдээ тэр журам нь хот хоорондын хүн тээвэрт фургон машин явдаг байх үед машины даац хэтрүүлэхийг хориглож гаргасан заалт. Одоо ч мөрдөгдөж байгаа нь манай аялал жуулчлалд саад болсоор, жолооч нар торгуулсаар л байгаа.
Фургоныг зам дээр сэтэртэй болгон зогсоож шалгана. Тийм учраас жолооч нарын хариуцлага өндөрсөж, бараг но гаргахгүй болсон доо. Фургоныг мөнгөний машин гэж хардаг тул ямар нэг но олчих гээд үзэж тардаг нь тээвэрлэж яваа хүмүүст, жуулчдад тааламжгүй санагддаг. Жуулчин тээврийн бараг л 60 хувийг нуруундаа үүрдэг байх. Нарийн тоо баримт надад алга. Гэр баазын гадаа 10 машин зогсож байхад тэрний 6-7 нь фургон л байдаг.
Жуулчин тээвэрт фургоны хамгийн том өрсөлдөгч болсон машин нь японы Делика. Компаниуд өөрсдийн үзэмжээс, аяллын онцлогоос хамаарч энэ хоёр машины аль нэгийг сонгож аялалд явуулдаг. Делика ч хүч ихтэй, тавтай тухтай, боловч зорчиндын тоо цөөн, ачааны багтаамж муутай. Монгол орж байгаа нь насжилт ихтэй, монголын замд дуу шуу хурдан ордог, тэнхлэг дортой гээд сул талууд бий. Деликанд 5 хүн, фургонд 7 хүн сууна. Зорчигчдын тооны хамаарал нь аяллын үнэтэй шууд холбоотой байдаг. Хуваагдах зардал дээр зөрүү гардаг тул фургон сонгох нь элбэг.
За тэгээд аяллын үед машин эвдрэх тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд фургон машин хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл дээ. Сэлбэг нь Монгол орны аль ч өнцөгт байгаа айлын гаднаас олдохоос гадна, фургоны жолооч нар машинаа сайн мэддэг засварчид. Хөдөө айлын гадаа фургон машин байх нь элбэг. Хөдөөний хүмүүс ч элбээд засалцаад өгдөг сайн талтай. Ер нь монголчууд энэ машиныг гарын арван хуруу шигээ мэднэ дээ. Бусад тээврийн хэрэгсэл ийм байдалд орвол хот руу ярьж сэлбэг захиалахаас авхуулаад асуудал ундарна даа.
Миний бодлоор фургоны жолооч нар мэргэшсэн жолооч байдаг. Жолоодох ур чадвар сайтай. Сүүлийн жилүүдэд жолооны сургалт төгсөөд сайхан япон машин аваад жуулчин тээвэрт орж ирдэг залуус их бий. Тэд жуулчинд яаж үйлчилэх талаар ойлголт муутай, залхуу жолооч нар их бий. Харин фургоны жолооч нар маань олон жилийн турш аялал жуулчлалд нухлагдаж энэ талаар сайн мэдлэгтэй, үйлчилгээ үзүүлдэг болж хүмүүжжээ.
Жуулчин тээврээс фургон машиныг ойрын хэдэн жилдээ шахаж гаргаж чадахгүй биз дээ. Ганцхан Монгол энэ машиныг ашиглаад байгаа юм уу гэвэл үгүй. ОХУ, Казахстан, Киргизстан гээд уулархаг, зам харгуй муутай улс орнуудын жуулчин тээвэрт ашиглагдаж л байгаа тээврийн хэрэгсэл. Харин бид энэ машинаа сайхан тордоод цааш нь ашиглаж л байя. Дараагийн үе нь цагаа болохоор гараад л ирнэ. Энэ машины жуулчин тээвэрт оруулсан хувь нэмэр өнгөрсөнд, одоо, ирээдүйд их байх болно.
Фургон машиндаа зориулаад нэг сувенир гаргачихвал жуулчид их авна даа. Монголын онцлогт тээврийн хэрэгсэл нь фургон гээд. Гадныхан өөрсдийн өргөн ашигладаг тээрийн хэрэгслийн сувенирийг гаргаад жуулчинд зардаг л юм байна лээ. Тайландад явж байхад түк түк гээд гурван дугуйтын сувенир их байхаас гадна аяллын нэвтрүүлэг, сурталчилгаандаа өргөн ашигладаг.
Гадны жуулчид фургоныг худалдаж авъя гэдэг санал ч их тавьдаг. Таалагддаг, монголын замын нөхцлийг хэрхэн туулж байгааг хараад биширдэг. Шинэ фургон чинь ямар үнэтэй билээ дунджаар 30 сая орчим байх шүү. Жуулчид ч фургонд сууж аялах сонирхол ихтэй байдаг тул аялалдаа энэ машиныг захиалах нь элбэг. Тиймээс заавал шахаж гаргах, солих гэхийн оронд машинд тавих шаарлагаа өндөржүүлээд цаашид ашиглах нь зүйтэй.
NICE
ReplyDelete