|
Ош зах дээр |
Хэд хоног албан ажлын шугамаар Киргиз явах боломж олдсон юм. Энэ жил 10-р сард Азийн уулын холбооны жил бүрийн тайлангийн хурал Киргизийн нийслэл Бишкек хотод болсон. Киргизийн тухай нэг их мэдэх юмаар ховор хүн юм байна. За яахав, Бид чинь Соц системийн үед нэг тогоонд байсан ч, Киргизийн талаар мэдээлэл бас хомс л байж. Социализмийн үед Киргиз нь 15 республикийн нэг, нийслэл хот нь Фрунзе байсныг мэдэх юм. Фрунзе иргэний дайны үеийн цэргийн нэрт жанжин хүн л дээ. Түүний нэрэмжит ерөнхий цэргийн академи Москва хотод бий. Фрунзе нь одоогийн Бишкек хотод төрсөн учир түүний нэрээр нэрлэсэн юм байна. Одоо ч түүний нэртэй гудамж, музей нь ч байдаг юм байна.
Киргизийн талаар мэдлэг хүн чинь нетээс жаахан мэдээлэл ухлаа... Ямар ч гэсэн буудлаа олоод booking.com –оор захичихлаа. Буудлынхаа эргэн тойрны газрын хоолны газруудыг нь олоод мэдчихлээ. Мөнгөний нэгжийг нь сом гэдэг юм байна. Соц системийн улс байсан олохоор ерөнхий төсөөлөл надад байлаа. Монголоос нисч байгаа Туркиш Эйрлайнзийн Стамбулын нислэг Бишкект түр зогсолт хийдэг учир хүрэх зам асуудалгүй юм. Билетээ 2285000 төгрөгөөр авлаа. Нислэг нь 4 цаг үргэлжилдэг юм байна.
|
Исламын сүм |
Бишкекийн Манас нисэх буудал том биш юм байна. Киргизийн хил гаалийнхан их шуурхай, уриалгахан байсан нь таалагдсан. Сүүлийн жилүүдэд нүүдлийн аялал жуулчлалын төв гээд өөрийгөө рекламдаад сурталчилаад байгаа улс учраас би бас ямархуу байх тал дээр нь ажиглаад байгаа юм. Бишкекийн Манас олон улсын нисэх буудал нь хотын төвөөсөө 20 гаруй км байна. Намайг Сергей гэж орос залуу тослоо. Бишкек их дулаахан 20 гаруй хэмтэй байлаа. Таксины жолооч одоо өглөө оройдоо их сэрүүхэн болчихдог болохоор их хэцүү үе гэж хэллээ. Өвөл хир хүйтэрдэг вэ гэсэн чинь 5-10 хэм рүйтэрдэг гэнэ. Их дулаахан өвөлтэй хот юм. Энэ сайхан нартай дулаахан байна гэсэн чинь өнөөдөр Мурманскт цас орж байна гэдэг байгаа. Бид явсаар миний захиалсан Шах Палас зочид буудалд ирлээ. Дундад Азийн хэв маягийг хадгалсан байшин угтлаа. Буудал нь цэвэрхэн, өрөө нь жижиг ч тохилог юм. Буудлын ажилтанууд нь англиар чөлөөтөй ярих юм. Би бол оросоор ярихыг хичээж байлаа. Буудалдаа буучихаад эргэн тойрны газартайгаа танилцахаар гарлаа. 100USD солиуллаа. 6989 сом боллоо. 1 сом монгол мөнгөөр 38 төгрөг хавьцаа юм байна лээ.
|
Оромо |
Өлсөж байсан учир гудамжний нэг гуанзанд орлоо. Хоол нь ерөнхийдөө хямд юм байна. Монгол хоолнууд ч байна. Киргиз хоол л доо. Оромо гэдэг нь манай ороомог, залхуу бууз.
Бишкек их гоё цэцэрлэгжсэн ногоон хот юм байна. Төрөл бүрийн мод ургасан, цэцэг алагласан гудмуудтай. Сарнай цэцэг анхаарал татаж байлаа. Өнгө өнгийн сарнай цэцэг хотын гудмаар дүүрэн юм. хотын төвд угаасаа боломжийн үнэтэй буудлууд олон юм байна. эндээсээ хотын голлох дурсгалт газрууд, музей, цэцэрлэгт хүрээлэнгүүд явган яваад үзчих боломжтой ойр юм байна лээ.
Буудалдаа өглөөний цай уулаа. Орос маягийн өглөөний цай каш, сүүтэй будаа, блинчик гээд л байлаа. Өглөө 10 цагт манай гид Рамил гэдэг залуу ирж танилцлаа. Өнөөдөр бид хотын аялалтай. Автбусандаа суугаад хөдөллөө. Рамил хэлэхдээ: Киргиз нь 6 сая гаруй хүнтэй. Киргиз 70% орчим, Орос 10% гаруй, Узбекүүд 10% гаруй эзэлдэг голлох том хүн амын груп.
Укриан, герман, еврей, франц гээд бусад хүмүүс нь хүн амын үлдсэн хувийг эзэлдэг. Албан ёсны хэл нь Киргиз, Орос хэл гэж хэллээ. Киргиз нь уулархаг газар нутагтай. Хойд талаараа Казахстан, Баруун болон баруун урд талаараа Узбекстан, баруун урд талаараа мөн Тажикстан, зүүн талаараа Хятад улсуудтай хиллэдэг.
|
Ялалтын хөшөө |
Нийслэл хот нь Бишкек 1 сая гаруй хүн амтай гэнэ. Замын түгжрэлгүй юм байна лээ.
Бидний эхний зогсоол өнгөрсөн жил баригдсан дундад Азид хамгийн томд тооцогдож байгаа Исламын сүм байлаа. Сүмд орж мөргөл хийж байгаа хүмүүсийг харчихаад цааш Ялалтын хөшөө рүү явлаа. Дэлхийн хоёр дайны 40 жилийн ойд зориулж барьсан цогцолбор юм байна. Гэр хэлбэрийн гурван баганатай. Голд нь мөнхийн гал асааж гурван баганы голд аяга барьсан эмэгтэйн барималыг босгожээ. Хөшөөний утга нь дайны үеэр гэр бүлүүд хагацаж сарнисан утгыг дөрөв дэх баганыг хийгээгүй гэдгээр тайлбарлаж байлаа. Голд байгаа эмэгтэй нь хүүгээ, эр нөхрөө хүлээж буй эмэгтэй гэж тайлбарлалаа. Ер нь утга учир гүн гүнзгий, ялалт ямар их үнээр олдсоныг ойлгуулахаар хөшөө юм.
Ялалтын хөшөөний дараагаар Лениний хөшөөг үзлээ. Ямартаа ч Лениний хөшөөг нураагаагүй юм байна. бусад станы орнууд бол нураасан юм байна. Энэ хөшөө нь хуучин төв талбай буюу Ала-То-гийн голд одоо байгаа Манас баатарын хөшөөний суурин дээр байсныг нь зөөсөн тухай мэдлээ.
Бишкекий төв гудамж нь маш их ногоон байгууламжтай. ЗХУ-ын үед хамгийн ногоон хот байсан гэнэ. Одоо ч дундад Азийн хамгийн ногоон хот гэнэ. Энэ нь заримдаа хотын өргөтгөлд саад болдог гэнэ. Миний ажигласанаар зарим газартаа явган хүний зам нь автозамаасаа өргөн байсан.
Төв музейн харин хоёр жил ажиллаагүй байгаа гэсэн. Манай гид хоёр жилийн өмнө засвар хийнэ гээд хаасан одоо болтол ажиллаагүй байгаа хэзээ дусах юм бүү мэд гэсэн.
Ер сүүлийн жилүүдэд Киргизийн засгийн газар бодлогоор аялал жуулчлалаа дэмжиж дэлхийн нүүдэлчдийн наадам гэх аялал жуулчлалыг дэмжих үйл ажиллагааг 2014,2016, 2018 онуудад зохион байгуулж Киргизийн нүүдэлчдийн эх орон гэсэн ПР-ийг их хийж байгаа. Энэ үйл ажиллагаандаа 1000 гаруй сэтгүүлчид, блоггерийг авчирч сурталчилгааны нийтлэл бичүүлсэн гэнэ лээ гэж манай гид ярив. Энэ наадам нь морин уралдаан, шувуугаар ан хийлгэх, шагайн харваа, тулам булаалдах, бөхийн барилдаан зэрэг олон төрлөөр өрсөлддөг юм байна. Дэлхийн нүүдэлчдийн наадам болон өргөжин тэлж байгаа учраас 2020 Туркэд, 2022 онд Азербайжанд болох юм байна лээ. Монголчууд ч бас ордог гэнэ. Монголд бас болох байлгүй.
|
Ала То төв талбай |
Манай гид Рамил: Киргиз нь 40 хүүхэн гэсэн утгатай үг гэнэ. Киргизийн төрийн далбаа нь дээр байдаг нарны цацраг нь 40ширхэг байдаг юм байна. Энэ 40 овог аймгийн төлөөллийг илэрхийлдэг. Мэдээж голд нь тооно байна. Исламын улс болохоор нарыг шүдтэгюм байна. Бишкек гэдэг үг нь айрагны бүлүүр гэсэн утгатай юм байна.
Лениний хөшөөг үзсэний дараа Төв талбай орж Манас баатарын хөшөөг үзлээ. Манас гэдэг нь үлгэр туульсийн баатар юм . Манай Гэсэр, Жангартай адил. Төв талбайд нь Киргизийн төрийн далбааг байрлуулж, хүндэт харуул зогсоно. Хүндэт харуул нь 2 цаг тутамд солигддог. Харуул солилцох үеийг нь жуулчид их үздэг юм байна.
|
Манасын талбай |
Талбайн хажууд Киргизийн парламентийн ордон Цагаан байшин байдаг юм байна. Цагаан байшингийн хажууд нэг сонирхолтой хөшөө байна. Харыг Цагаанаас салгаж буй хүмүүсийн хөшөө.
Энэ бас эмгэнэлт түүхтэй хөшөө юм. 2010 оны 4-р сард хээл хахуульд идэгдсэн засгийн газрынхаа эсрэг, ерөнхийлөгч асан Хурманбек Бакиевийн эсрэг Киргизид хувьсгал гарсан. Тэр хувьсгалын үеэр мөргөлдөөн үүсч засгийн эрх баригчид галт зэвсэг ашиглан 88 хүний амийг хороосон байдаг. Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх, Цагаан ордныг үргэлж цэвэр ариун байлгах, хар зүйлээс ангид байлгах билгэдэлтэй хөшөө юм байна. Энэ хувьсгалын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрс Цагаан ордны хашааны зүүн урд өнцөгт байдаг юм байна. Киргиз нь ардчилалыг дээдэлсэн улс юм. 2010 оны хувсгалын үеэр Роза Отунбаева гэж эмэгтэй ерөнхийлөгчийн үүргийг түр хугацаанд гүйцэтгэсэн байдаг. Энэ дундад Азийн түүхэн урьд байгаагүй зүйл гэж байна. Энэ хувьсгал нь сүүлдээ даамжирч үндэстэн хоорондын мөргөлдөөн болж үндэсний цөөнх узбекүүдийн эсрэг чиглэсэн эмгэнэлтэй явдал болсон байдаг. Энэ үеэр 400 гаруй мянган узбекчүүд дурвэн гарч 2000 гаруй хүн амь үрэгдсэн гэсэн тоо баримт байдаг бөгөөд эдний ихэнхи узбекүүд гэнэ. Энэ бослого хөдөлгөөнийг зохицуулахад Роза Отунбаевагийн тэргүүлсэн түр засгийн газар онцгой үүрэг гүйцэтгэсэн юм байна.
Энэ өдрийн үдээс хойших хөтөлбөрт маань Захаар явах аялал багтсан байлаа. Бид Бишкек хотын хамгийн том зах болох Ош захаар орлоо. Ош гэдэг нь Киргизийн хоёр дахь том хот юм байна. Энэ захыг Ош хотоос ирсэн инженерүүд барьсан учраас Ош гэж нэрлэсэн юм гэнэ. Хүнсний, барааны зах хамтдаа. Хүнсний захаар орлоо. Хүнсний ногоонууд, тэр дундаа самарын төрөл зүйл их нь их билээ. Киргиз талхны үнэр хамар цоргиулсан зах байна. Баян –Өлгийн захыг хэд дахин томруулчихсан зах шиг санагдсан. Миний мэдэх адууны каз, ааруул ээзгий гэх мэт нүдэнд танил зүйлс олон болохоор тэгж санагдсан байх. Казах, Киргизүүд хоорондоо хэл ярианы хувьд 90% ойлголцдог гэнэ. Халх, ойрд хоёр шиг юм байна.
|
Киргизийн аялал жуулчлалын яам |
Түүхийн хувьд: Киргизүүд 840 онд Уйгарын хаант улс унасны дараа Алтай, Саян, Тэнгэр уул хоорондох газар нутагт 200 гаруй жил ноёрхож байсан бөгөөд 12 зууны үеэс Монголчууд хүчирхэгжиж Алтай Саяны нуруунаас шахагдан гарч улмаар 1207 онд Монголын эзэнт улсад дагаар орсон байдаг. 17-р зууны дунд үе хүртэл Монголын харъяанд байж байгаад Зүүнгарын хаант улс унасны дараа Манж Чин улс харъяанд 18-р зууны дунд үе хүртэл орсон байдаг. 19-р зууны эхэн үед Кокандын хаант улсын мэдэлд орсон. 19 зууны сүүлчээр Орос, Манж Чин улсын хэлэлцээрийн Киргизийн зүүн хэсгийг Чин улсын мэдэлд өгсөн байдаг 1876 оноос Оросын эзэнт улс харъяанд Киргиз албан ёсоор орсон юм. Оросууд Дундад Азийн энэ бүс нутгийг ерөнхийд нь Киргиз гэж нэрлэж 1919 онд Хар Киргизийн автономит тойргийг байгуулсан. 1920-иод оноос л оросууд Киргиз, Казахын ялгааг ойлгож тусад нь ангилах болсон юм. 1936 оны 12-р сард Зөвлөлтийн холбооны социалист Киргиз улсыг байгуулсан байдаг. Энэ улс маань Зөвлөлт Холбоот улс задарсны дараа 1991 оны 8-р сарын 31-нд Киргизийн тусгаар улсаа байгуулжээ.
Захаар явлаа ард түмний ахуй амьдралтай танилцлаа. Манай л зах шиг газар юм. Захаас харахад амьжиргааны түвшин тийм ч сайн газар биш бололтой. Гэхдээ хүмүүс нь найрсаг юм.
|
Киргиз гэр - дастархан зоогийн ширээ |
Оройн хоолонд Киргиз үндэсний онцлог харуулсан ресторанд орлоо. Өвөрмөц сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Киргиз үндэсний хөгжим комузын аянд орйн хоол идэх таатай байлаа. Хоолны хувьд монголчуудад илүү ойр юм уу. Манай бараг бүх хоолтой адил юм. Хүмүүс Киргизийг Монгол хоолны өлгий нутаг гээд байх юм билээ. Гэхдээ би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч чанасан мах, ногоо, будаатай хуурга, боорцог, хуушуур, бууз гээд бүх зүйл нь манайхтай адил юм. Боорсог гэгч боорцог юм. Ороомо гэгч нь ороомог юм. Сүүтэй цай, аарууул, ээзгий, цөцгий гээд ер нь нутагтаа явж байгаа юм шиг газар. Киргизүүд Монголчуудыг их хүндэтгэж харьцах нь тааламжтай сэтгэгдэл төрүүлж байлаа. Чингис хааны ач хүү гээд өргөмжлөх, Алтан ургийн хүн үү гэж асуух асуулт бол энүүхэнд. Нэг Киргиз залуу намайг монгол хүн гэдгийг мэдчихээд уриалгахан танилцаад анх удаа монгол хүнтэй уулзаж байна. Монголчуудыг их том биетэй, их хүчтэй хүмүүс байдаг гэж төсөөлдөг байлаа гэнэ. Би ч жижигхэн хариугүй амьтан болохоор би жижиг монгол нь юмаа том хүмүүс зөндөө бий л гэлээ.
Киргизийн үндэсний хөгжмийн зэмсэг комуз. Домбороос арай өөр хэлбэртэй, 3 утастай байдаг юм байна. Аман хуур, ковыз зэрэг нь казахынхтай адил юм. Найр наадмын эхэнд Манас туулиа хайлах юм. Бага зэргээс нь урлагийн байдалтай. Би Манасийн талбайгаар орсон юм тэнд үе үеийн Манасчидын хөшөөг босгосон байдаг юм байна лээ. Манас ч сая гаруй шад шүлэгтэй томоохон тууль юм байна лээ. Манай Гэсэр, Жангартай эн зэрэгцэхүйц.
Би чинь албан ажлаар ирсэн хүн тул дараагийн өдөр Азийн уулын холбооны хуралдаа суув. Хурлын эхний өдөр Киргизийн уулын холбооноос Тэнгэр уулын салбар уул Киргиз Ала То-гийн нуруунд орших Ала Арчагийн байгалийн цогцолборт газарт аялав. Бишкек хот далайн түвшнээс 800м юм байна. Киргиз Ала То-гийн уулс нь 4800 орчим. Энэ хооронд 4000метрийн ялгаа байна. Энэ нь Киргизийн нэг сонирхол татахуйц зүйл юм. Өндрийн ялгаагаар байгалийн бүс бүслүүр өөрчлөгддөг. Ала Арчагийн байгалийн цогцолборт газар нь Бишкекээс ердөө 28 км. Халуун дулаанаас шууд эрс тэс мөс цас руу гараад ирэх сонин. Шорт футболкноос шууд өдөн куртка руу шилжих эрс тэс уур амьсгалын өөрчлөлт. Бид энд Киргизийн уулчдын оршуулгын газарт зочилж хүндэтгэл үзүүлээд дурсгалын дэвтэрт нь гарын үсгээ зурлаа. Киргизүүд уулчидаа бас их хүндэтгэдэг хүмүүс юм байна. Өндөр уулын бүсэд нь оршуулга, дурсгалынцогцолбор байгуулаад төрийн хамгаалалтанд авсан байна.
|
Сайн архи |
Ала Арчагийн паркад Киргизийн Киргиз Арык жаахан хүртлээ. Сайн архи байна лээ. Би урд өдөр нь бараг л тасартал уусан өглөө сайхан сэргэг босч ирсэн юм. Тэгэхээр сайн архи гэсэн үг. Уулчдын дурсгалыг хүндлээд 100 татсан.
Киргизид хийсэн аялал маань ерөнхийдөө сайхан надад таалагдсан. Нарлаг Киргизид та бас зочлоод очоорой.
Би нөгөө аялал жуулчлалын хүн болохоор Киргизийг аялал жуулчлал талаас нь их сонирхоод байсан юм. Тэгээд төрсөн сэтгэгдэлээ хуваалцая: Киргизид очоод таны мэдрэх 10 онцлог зүйлээ ингэж тодорхойлсон юм байна.
1. Үзэсгэлэнт цаст өндөр уулууд.
2. Уулсын дунд орших үзэсгэлэн нуурууд
3. Экстрем аяллууд
4. Торгоны зам
5. Эртний болон ариун дагшин газрууд
6. Манас тууль
7. Нүүдлийн соёл
8. Киргизийн ард түмний зочломтгой байдал
9.Киргиз үндэстний хоол
10. Визийн хөнгөлөлттэй нөхцөл гэсэн зүйлүүдийг тодотгож өгсөн юм байна.
Киргиз нь манайхтай нүүдлийн соёл иргэшилтэй улс учир хөрш зэргэлдээ Узбекстан, Казахстаныг бодвол жуулчин татах түүх соёлын дурсгалт зүйлс, хуучин хот суурин бараг байхгүй.юм байна. Эдгий зүгээс гол барьж байгаа бодлого нь адал явдалт аяллын төрлүүдийг түлхүү хөгжүүлж түүнийгээ нүүдлийн соёл иргэншилтэйгээ хослуулах пр-ийг түлхүү хийж өгч байгаа юм байна. Ялангуяа Тяньшаны уулс, Памирын уулсыг түшиглэсэн уулын аяллууд, явган аяллууд, дугуйн аяллуудыг түлхүү хөгжүүлж байгаа бол Иссык куль нуурыг тойрсон амралт зугаалга, чөлөөт цаг өнгөрүүлэх газруудыг бий болгож хөгжүүлж байна. энэ нь тухайн бүс нутгаа төрөлжүүлж ангилаад тодохой бодлого гарган хөгжүүлж байгаа нь таалагдсан. Сүүлийн жилүүдэд Киргизид аялах уулын цанчдын давалгаа, зурагнууд олон нийтийн сүлжээгээр их харагдах болсон. ЗХУ-ын үед байгуулсан хэд хэдэн цанын баазуудаа түшиглээд цанын аяллыг их зохион байгуулах болсон бөгөөд их нэртэй цаначид Тяньшаны уулс, Памирын уулсаас цанаар гулгаж буй бичлэгүүдээ олон нийтийн сүлжээнд их байрлуулсан нь энэ орны зорих цаначдын тоог нэмгдүүлж, аялах сонирхолыг төрүүлж байх шиг. Би гэсэн очиж гулгамаар л санагдсан, бараг явах байх. Баг бүрдүүлээд. гэхдээ манай
Монголоос туршлага судлах зүйл их байна гээд аялал жуулчлалынхан нь яриад байна лээ. Бидэнд бас тэдний сонирхолыг татах туршлагууд бас байгаа бололтой. Миний өөрийн мэдрэмжээр бол яг одоохондоо Киргизүүд биднээс хоцорч л яваа юм шиг санагдсан. Гэхдээ энэ эрчээрээ зөв бодлогоо бариад явбал гүйцээд явах байх тун удахгүй. Киргиз нь 40 гаруй улсыг визээс чөлөөлсөн анхны станы орон юм байна лээ. Узбекууд, Казахууд араас орсон. Гэхдээ манай гид Рамил: Одоогийн засгийн газар аялал жуулчлалын талаар дэмжлэг үзүүлэхгүй байгаа, ямар нэг бодлого ч барихгүй байна гэсэн. Үүний өмнөх засгийн газрын үед аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаардаг байсан гэж ярьж байна лээ. Манайхтай адил зовлонтой улс шиг.
Киргизийн аялал жуулчлалын яам нь Цэцэрлэг хүрээлэн дотроо байдаг юм байна лээ. Нэг сайхан Зугаа цэнгэлийг үнэхээр хөгжүүлчихмээр санагдахаар паркад дотор байна лээ.
Киргиз нь манайхтай адил далайд гарцгүй орон юм байна. Тэгэхээр агаарын тээвэр чухал ш дээ гээд Рамилээс асуусан чинь: Европоос шууд нислэг байхгүй Москва, Стамбулаар дамжиж европийн жуулчид ирдэг гэнэ. Гэтэл гол жуулчны масс нь Европоос ирдэг гэнээ.
Киргизийн үндэсний агаарын тээвэрлэгч нь Европийн холбооны нислэг, аюулгүй байдлын шаардлагыг хангаж чаддаггүй учраас нэг ч нислэг европоос байдаггүй юм байна. Дараах чиглэлд нислэг хийдэг юм байна:
China - Urumqi
India - Delhi
Kyrgyzstan - Bishkek, Kazarman, Kerben, Osh
Pakistan - Karachi
Russia - Moscow, Nizhniy Novgorod, Novosibirsk, Saint Petersburg, Samara, Yekaterinburg
Tajikistan - Dushanbe
Turkey - Istanbul
United Kingdom - Birmingham
Энд Киргизийн бэлэг дурсгалын зүйлсийн талаар дурдалгүй орхиж болохгүй юм байна. Эсгий урлал нь гайхамшигтай. Эсгий яаж тэгж гоё боловсруулж байна. Эсгий боловсруулах хоёр технологи байдаг гэнэ. Усан болон хуурай. Хуурай технологи ашиглаж хийсэн эд зүйлс үнэхээр гоё юм байна лээ.Үнэ нь ч хямд. Нэр төрлийн хувьд ядмаг санагдсан. Ороолт, футболк, малгай, төрийн далбаа, орны аравч, зөгийн бал гэх мэт зүйлсийг авч болохоор юм байна лээ.
Бишкект очоод та юу хийж болох вэ? Ямарч гэсэн хотын төвд байрлалтай буудалд буувал зүгээр. бүх юмандаа ойр. Төв гудамжны нэр нь Чуй. Чуйгийн өргөн чөлөөний дагуу явахад л ихэнхи хотын голлох газар Ала То талбай, Парламентийн ордон, Ялалтын хөшөө, Төв музей, Манасын талбай гээд голлох зүйлүүдийг үзчих боломжтой. Эдгээр хоорондд ойр явган явахад тааламжтай юм билээ. Мөн Киргизийн хоол хүнсийг амт чанарыг мэдрэхийн тулд ердийн гуанз, үндэсний хоолны ресторанд ороод үзээрэй. Захаар нь ороод худалдан авалт хийгээд үзээрэй. Танд таалагданаа. Амжилт.
|
Миний буусан Шах Палас зочид буудал |
|
Манасын талбай |
|
Ош зах |
|
Каз |
|
Киргиз сувенир |
|
Киргиз сувенир |
|
даруулга |
|
Манай гид Рамил |
|
Ала Арчагийн гол |
|
Бурана цамхаг- ЮНЕСКО-гийн соёлын өв |
|
Парламентийн цагаан ордон |
|
Карл Маркс, Фредрих Энгельсийн хөшөө |
|
Цэцэрлэгт хүрээлэн |
|
Киргиз АлаТо-гийн уулс |
|
Киргиз хоол |
|
Киргиз хоол |
|
Зоогийн ширээнд |
|
Ктргиз зөөгч |
|
Киргиз хоол |
|
Киргиз хоол |
|
Нават буюу мөсөн чихэр ресторанд |
|
Нават буюу мөсөн чихэр ресторанд |
|
Киргиз плов |
Сайхан аялалын тэмдэглэл болжээ, баярлалаа
ReplyDelete