Хуудас

March 12, 2020

Мөсөн Шуурга 2020 - Ice Storm 2020 экстрим уралдааны тэмдэглэл

Байгаль нуурын мөсөн мандалд зохион байгуулдаг “Мөсөн Шуурга” буюу ”Ледовый шторм 2020” мөсөн замын олон улсын экстрим уралдаан хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд боллоо. 

Энэ жилийн уралдаанд ОХУ, Монгол, Австри, ХБНГУ, Чех, АНУ, Швейцарь, Латви зэрэг орны 55 экстрим спортын тамирчид, экстрим аялагчид оролцлоо. 

Уралдаан нь Байгаль нуурын баруун эргийн дагуу 210 км мөсөн замыг гурван гараанд туулдаг. 

1-р гараа нь Цахиурт тосгоноос – Бугулдейка тосгон 90 км. 

2-р гараа Бугулдейка – Большой Голоустной тосгон 80 км 

3-р гараа Большой Голоустной – Листвянка 46 км. 

Энэ жилийн хувьд дугуй, тэшүүр, финлянд чарга гэсэн гурван төрөлд тамирчид хүч үзнэ. Мэдээж эрэгтэй эмэгтэй гэсэн ангилалтай. Бүх цагийн нийлбэрээр үнэмлэхүй аварга шалгарна. Дугуй, чарга, тэшүүрийн төрлөөс хамгийн бага хугацаанд замаа туулж дуусгасан тамирчин үнэмлэхүй аварга болно. Мөн төрөл төрөлд аваргууд нь тодордог юм байна. Мэдээж эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалтай ч насны ангилал гэж байдаггүй юм байна. Залуу тамирчид түрүүлэх илүү их боломжтой гэсэн үг. Энэ уралдаан нь энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил ирэх тутам экстрим аялал сонирхогчдын дунд нэр алдар нь түгэж, гадаад тамирчид оролцох нь их болж байгаа гэж зохион байгуулагчид хэлж байсан.

Ледовый шторм уралдааныг ЗХУ-ын спортын мастер В.Н.Поповын нэрэмжит, түүний дурсгалд зориулан анх хийж эхлэсэн тухай зохион байгуулагч, тэмцээний захирал Александр Токарев тэмцээний нээлтэн дээр хэлж байсан. 

Бидний хувьд Монгол улсаас анх удаагаа оролцсон. Миний бие “Mongolia Expeditions” компанийн захирал С.Алдархишиг, манай компаний аяллын удирдагч А.Энхтөр нар юм. 

Бидний хувьд сүүлийн 3 жил дараалан Байгаль нуурын Ольхон арлыг мөсөн замаар тойрдог 185 км замын дугуйн аяллыг зохион байгуулж ирсэн бөгөөд Байгаль нуурын өвлийн нөхцөл байдлыг нилээд сайн мэддэг нь тэмцээнд оролцох сонирхолыг төрүүлсэн юм. Өнгөрсөн жил буюу 2019оны 3-р сард Иркутск хотод аялж байхдаа тэмцээний зохион байгуулагч Александр Жилинскийтэй уулзаж энэ тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж танилцсан. Түүнийхээ дагуу энэ жил тэмцээнд оролцсон. 

Энэ жилийн тэмцээний чимэг болсон төрөл нь финлянд чарга байлаа. Энэ төрөлд Чехээс 6 тамирчин ирж оролцсон. Мөн тэднийг дагаж энэ тэмцээний тухай баримтат кино хийхээр зургийн баг зураглаач, сэтгүүлч нар байлаа. 

Төрөө бид хоёрын хувьд тэмцээн эхлэхээс 3 хоногийн өмнө ирээд Листвянка тосгонд амарч байгаад 2-р сарын 13нд Иркутск хотод ирж тэндээсээ зохион байгуулагчдын унаанд сууж Цахиурт тосгонд ирсэн. Энэ орой тэмцээнд оролцогчид Иркутск хотоос 220 км зайд орших Цахиурт тосгонд ирж байрласан. Зохион байгуулагчдын зүгээс тмцээний нээлтийг хийж 1-р гарааны танилцуулга, тамирчид дугаар авах ажиллагаа болсон. Мөн эрсдэлд орсон нөхцөлд хэрхэн ажиллах зааварчилгаануудыг өглөө. 2-р сарын 14-нд цаг агаар таатай салхины хүч байгатай ч замын ихэнхи хэсэгт цасан бүрхүүлтэй байгаа гэсэн мэдээллийг өгөв. Биднийг Листвянкад байхад бүтэн өдөржингөө нууран дээр цас орсон бөгөөд маргааш нь бид нууран дээгүүр дугуйгаар явахад үнэн чанга байснаа санаад бага зэрэг шантарч байлаа. Цахиурт тосгонд биднийг жижиг модон байшингуудад хувааж байрлуулсан. Тэндэхийн амралтын газрууд нь нэг дор олон хүн хүлээж авах боломж нь бага юм байна лээ. Төрөө бид хоёр дугуйгаа угсарч маргаашийн тэмцээнд бэлэн болгоод амарсан. 

Энэ тэмцээнд орохоор уг нь жилийн өмнө тохирсон ч янз бүрийн нөхцлөөс шалтгаалаад бэлтгэлээ 1-р сард эхэлсэн юм. Тэмцээнд орохын тулд үндсэндээ нэг сарын турш бэлдсэн нь бага зэрэг дутуу байсан. Гэхдээ сэтгэлзүй өндөр байсан. Өмнө нь Улаанбаатарт зохион байгууллагддаг UB240км/24цаг дугуйн аяллыг 17 цаг туулж байсан болохоор бас гайгүй тооцож байсан юм. 

2-р сарын 14. Өглөө 7 цагт өглөөний цайгаа уугаад 8 цагт тэмцээний гараа гарах цэг рүү хөдөлсөн. Бидний байрлаж байсан газраас гараа хүртэл 4 км орчим байлаа. Яг 9 цагт гарааны шугамнаас зохион байгуулагчдын өгсөн дохиогоор 55 тамирчин уралдааны замаа итгэл төгс дуусгахаар маш өндөр хурдтайгаар гарсан. Миний GPS дээр би гараанаас 28 км цагийн хурдтай гарсныг тэмдэглэсэн байсан. Гараанаас гараад эхний 300 метр замыг туулаад урьдчилан хусч бэлтгэсэн нарийн зам руу орох ёстой байсан нь байрлал эзлэхийн төлөөх ширүүн өрсөлдөөн байлаа. 55 тамирчин 2 дугуй л зэрэгцэж явах нарийн замд толгойн байрлал эзлэх өрсөлдөөн байлаа. Эхний 10 км замд нилээн өндөр хурдтай, бөөн явж байгаад толгойд явсан тамирчид биднээс зайгаа аван цуварч эхлэв. Эхний өдрийн чекпойнт буюу ус сэлбэх цэг нь 35 км дээр байлаа. Эхний чекпойнт хүртэл бид хоёр цагт дунджаар 18км/ц-ийн хурдтай явсан байлаа зам нь ч гайгүй цасгүй, голдуу барзгар мөсөн замтай байсан. Чекпойнт дээр ирээд усаа сэлбээд хөдлөх гэтэл Төрөөгийн дугуйны хий гарсан нь нилээд хугацааг алдсан. Чекпойнтоос хөдлөөд тросс буюу мөсөн овоолгууд ихтэй, замын ихэнхи хэсэг нь цастай байсан нь нилээн тамир барж, явахад хүндрэлтэй байсан. Мөн бид хоёр Чехийн чаргачидтай цуг явж байгаад яагаад ч юм замаа алдаад хойноо явсан дугуйчдыг өмнөө оруулчихсан. Нууран дээгүүр уралдаж чвахдаа нуурын эргээ сайн шахаж явбал зүгээр юм байна лээ. Зохион байгуулагчдын зүгээс бидэнд GPS track гэдэг зүйл өгөөгүй тул өмнөх болон хойно яваа тамирчидаар баримжаа хийх шаардлагатай байсан. Хэрвээ тэнгэр муу, шуургатай, манатай байвал замаа алдаж төөрөх аюул бол энүүхэнд байсан шүү. Тэмцээний зохион байгуулагчид нь замын датаг бүх тамирчидад өгөх ёстой байдаг. Гэхдээ энэ уралдаанд тийм зүйл байдаггүй юм байна лээ шүү. Өмнөх жилийн уралдаанд нэг нөхөр шал буруу яваад нуурын нөгөө эрэг рүү яваад Буриадаас олдсон гэсэн. Зохион байгуулагчдын нэг нь тэгж яриад байсан. Төөрсөн тохиолдолд өдрийн цагт утаат шашка, шөнийн гэрэлт пуужин хөөргөх ёстой байсан л даа. 

No comments:

Post a Comment