Хуудас

October 28, 2010

Мазаалай - Говийн баавгай

мазаалайМонголын говьд амьдардаг ховор амьтдын нэг нь говийн баавгай буюу мазаалай. мазаалайн мөрМазаалай /Ursus pruinosus Blyth/  нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтддаг. Говьд ийм амьтан байдаг тухай мэдээ өнгөрсөн зууны эцсээс эхэлж тархжээ.  Мазаалай нь говь цөлийн нөхцөлд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, жижигхэн нүдтэй байдаг байна. Мазаалайн Алтайн говийн Сэгс цагаан Богд, Эхийн гол, Шар хулс, Цагаан бургас, Ламын тооройн шандууд, Захуй Зармангийн говиор нутаглана. Мзаалай нь уулын бэл, сайраар ургадаг бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс идэхээс гадна мэрэгчид болон хэвлээр явагчид, хорхой шавьж мэтхэнээр хооллоно.  Мазаалайд идэш тэжээлээс илүү шаардлагатай зүйл бол ус.  Иймээс голдуу задгай ус, булаг шандын ойролцоо амьдарна.  Мазаалай нь өвлийн эхэн сараас хаврын дунд сар хүртэл хадны ангал, сухай зэгс бүхий шугуйд ухсан нүхэндээ ичнэ.  Эмэгчин нь  ичээндээ байхдаа  1-2 бамбарууш буюу аламцаг төрүүлнэ.  Эмэгчин  бамбаруушаа алс зам даадаг болтол  дагуулж явна.  1969 онд Сэгс Цагаан Богдоос барьсан бамбарууш муурын чинээ биетэй 4.5 кг жинтэй байжээ.  Мазаалайн бамбарууш ихэд сониуч зантай, үе үе хойд хоёр хөл дээрээ босч, алсыг харан хаяахан зүггүйтдэг. Мазаалай жил өнжиж төрдгөөс үржил удаантай амьтан.

1966 онд кино оператор О.Уртнасан мазаалайн амьдралын тухай анхны кино зураг авч, улмаар намнан музейн үзмэр болгосон байдаг. Бас өөр нэг гадны зураглаачдын дуранд буусан бичлэгийг дор үзүүлье.Олон улсын баавгай судлалын нийгэмлэг, ШУА-ийн Биологийн хvрээлэн, Их говийн дархан газрын хамгаалалтын захиргаа, Их говийн экосистем тvvний шvхэр зvйлийг хамгаалах төслийн судлаачид Их говийн дархан цаазат газрын А хэсэг буюу Шар хулсны нуруу, Сэгс цагаан богд, Атас, Ингэс уулын хэсэгт 10 цэгт хөдөлгөөн мэдрэгч автомат зургийн аппарат байрлуулж тухайн нутагт 16 тооны мазаалай амьдарч байгааг тодорхойлсон байна. Автомат зургийн аппаратанд 300 гаруй зураг авагдсан нь шинжилгээний чухал мэдээлэл өгчээ.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын цаг уурч Дашчийрэв гуайнд буй зураг
Судлаачдын ажиглалтаар Алтайн өвөр говийн Цагаан богд, Шар хулс, Атас, Ингэс уулын цөөн хэдэн баян­бүрдийг шүтэн 1960-аад оноос өнөөг хүртэл 15-30 тооны мазаалай баавгай амьдарсаар ирснийг тогтоожээ.  Байршил нутгийн хэт гандуу байдал, хууль бус агнуурын улмаас мазаалай баавгай ховордсоор байна. Мазаалай баавгайн үхэл хорогдлын 21 хувийг өлсгөлөн, 13 хувь нь ус уух гэж байгаад худагт унаж үхсэн, 54 хувь нь хууль бус агналт, 4 хувь нь нэгэндээ бариулсан, 8 хувь нь тодорхойгүй шалтгаанаар хорогдсон байна.
Сэгс Цагаан Богд

1986 оноос хойш нутгийн байгаль хамгаалагчид мазаалайг ичээнээс гарахад нь хорголжин тэжээл тавьж өгдөг болжээ. Хорголжин тэжээлдээ тусгайлан бэлдсэн нохойн хоол нэмж хольдог гэнэ. Мөн энэхvv тэжээлийг хавар ичээнээсээ гарахад нь 15-16 цэгт тавьж өгдөг. Хаврын улиралд мазаалай том хөхтөн амьтдын сэг зэм, мэрэгч амьтад, мөлхөгчид, шавжийг ч бас иддэг. Ус тэжээл хvрэлцээгvйгээс нутаг, тэжээлээ булаалдах, улмаар нэгнийгээ барих тохиолдол ч гарчээ.
Монгол оронд судлагдсан байдал мазаалай2004 оноос Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчны яамнаас мазаалайн өсөлт vржилд онцгой анхаарч Олон улсын баавгай судлалын нийгэмлэгтэй хамтран судалгааны ажил эхэлжээ. Судалгааны гол зорилго нь манай улсад урьд төдийлөн судлагдаж байгаагvй мазаалайг биологийн талаас нь судлан улмаар тоо толгойг нь нэмэгдvvлэх юм. Ажлын хvрээнд ээж хvv хоёр мазаалайд сансрын болон радио дохиололтой хvзvvвч зvvсэн байна.
Хvv нь Итгэл хэмээх нэртэй ба энэ жил гурван настай. Ажиглалтаар ээж хvv хоёр тусдаа амьдарч эхэлсэн ба судалгааны баг алманцагийн ичээг дохиоллоор олжээ. Итгэл ичээгээ Шар хулсны нурууны зоо болох нутагт уулын оройн хөмөг хөндийд шувууны vvр шиг хэлбэртэй хонхойлгож зассан байж. Мөн бутлаг ургамлын иш, мөчир, өвслөг ургамлын vндэс vvрэндээ дэвсэн тохижуулжээ.
Өнгөрөгч тавдугаар сард судалгааны багийнхан дахин хоёр эр, нэг эм мазаалайд дохиололтой хvзvvвч зvvгээд ирсэн. Гурван баавгайны хамгийн томд нь Ёкозvна, дараагийнхад нь Аляска, харин эмэгтэйд нь Бөртэ гэсэн нэр өгч. Судалгааны дvгнэлтээс vзэхэд нэгдvгээрт Шар хулсны нуруу орчмын амьтад, ялангуяа мазаалай маш туранхай, хоёрдугаарт бусад тэжээлийн цэгт идэшгvйгээс бага зэрэг тэжээлтэй газарт олноор бөөгнөрсөн байжээ.
Шар Хулсны баянбүрд
Мазаалайг устаж үгүй болохоос хамгаалах арга хэмжээнүүдийг хэдийгээр авч буй боловч энэ нь төдийлөн олон нийтэд хүрэхгүй байна.  Бид хөрш хятадуудын панда баавгайг хамгаалж буй байдлаас суралцах хэрэгтэй л байна даа.
Мазаалайд тусгай сав бэлтгэн тэжээл тавьж өгдөг
Говийн их дархан газрын үндсэн зорилгуудын нэг нь мазаалайг тэжээлээр хангах ажил юм. Мазаалайн үндсэн идэш тэжээл нь бажууна буюу говийн гишүүнэ, хармаг болон жижиг мэрэгчид байдаг. Хааяа аз нь таарвал бэртэж, гэмтсэн хулан, зээр, хавтгайтай учирч болно. Энэ нь тун ховор тохиох үзэгдэл тул найдах хэрэггүй билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд байнга үргэлжлэх болсон ган гачгийн үед хармаг, бажууна ургах нь нүдний гэм болсон тул идэш тэжээлийн хомсдолд хамгийн их өртдөг амьтан бол мазаалай. Идэш тэжээлийн хомсдолд орсон мазаалай хоол эрэн тэнэмхий болох нь энэ амьтныг үхэх аюулд хүргэдэг.

Тодруулбал өлбөрч үхэх, хатаж үхэх, бие биеэ барих, мөн олон чононд бариулах гэх мэт эрсдэлд өртөх болдог учраас энэ байдлаас сэргийлэн усных нь ойролцоо төмрөөр гагнаж хийсэн тэжээлийн сав байрлуулан ичээнд орохоос бусад үед хорголжин тэжээлээр цэнэглэж байх ёстой ажээ. Тэжээх хугацаа нь мазаалай ичээнээс гарах дөрөвдүгээр сарын аравдаас аравдугаар сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Нэг тэжээлийн саванд 42 шуудай буюу 2.3-2.5 тонн хорголжин тэжээл багтана. Хэрэв хорголжин тэжээл олдохгүйд хүрвэл хивгээр орлуулж болно. Зарим гантай жил 14 хоногт нэг удаа цэнэглэх шаардлага ч гардаг. Тэжээл тавьсны дараа өдөр мазаалайн хувьд бөөн баяр болдог. Тэд өглөө эртлэн бүлээрээ усандаа цуглана. Тэжээлийн савнаас эхлээд томчууд нь хооллоод дараа нь насны эрэмбээр дараалдаг хөөрхөн журамтай амьтад.

No comments:

Post a Comment