November 2, 2011

Асгат Түргэний уулын авиралт - Аяллын тэмдэглэл.

Асгат Түргэний ууланд
2011 оны 5-р сарын 6нд. Өлгий хот - Бидний хэсэг нөхөд МУГТ Г.Өсөхбаярын хамт 2011 оны 5-р сарын 7-ноос 12-ны хооронд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгат Түргэний уулсын ноён оргилуудын нэг Нарийний Эхэн уул /4029 метр/-нд авирахаар төлөвлөж, 5-р сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгийд хотод АероМонголиа компанийн Фокер-50 онгоцоор хүрч очсон. Өлгийн онгоцны буудал дээр Б. Бекболат, Агваанданзан, Жаргалсайхан тэргүүтэй Өлгийн уулчид тосч авав. Өлгий хотод очсон даруйдаа Цамбагарав гэж өнгөрсөн жил шинээр нээгдсэн зочид буудалд буулаа. Шинэ байгуулагдсан зочид буудал тул үйлчилгээ сайтай, цэвэрхэн, тун дажгүй байв. Цамбагарав рестораны 2-р давхарт байрлах ресторанд өдрийн хоол идээд аяллын бэлтгэлээ ханган Өлгий хотын дэлгүүр, хүнсний захаар явж хоол хүнсээ цуглуулав. Өлгий хотын орон нутгийн музейг үзэв. Орон нутгийн музей нь төв талбайнхаа зүүн хойд талд, талбайгаасаа ойрхон, 3 давхар саарал байшинд байдаг. Музейн хаалганы урд Баян-Өлгийгөөс төрж төр нийгмийн зүтгэлтэн байна Шымшырын Ногай, аймгийн анхны дарга Б.Хаби нарын 2 хүний хөшөө байна. Музейн үүдний хайсанд түрэгийн хүн чулуу, руни бичигтэй хад байрлуулж тавьсан байна. Орон нутгийн музей нь байгалийн танхим, Баян-Өлгий аймгаас төрж гарсан алдартнуудын танхим, угсаатны зүйн танхим гэсэн гурван танхимтай. Биднийг очиход музейн тайлбарлагч жирэмсэний амралтаа авсан байсан тул музейн зохион байгуулагч Айшагуль тайлбар хийж өгөв. Байгалийн түүхийн танхимд Баян-Өлгий аймагт байдаг ховор амьтан ургамлын чихмэл болон хатаамлыг тавьсан байсан бөгөөд энэ танхимын нэг сонирхолтой үзмэр бол 1990 онд Баян-Өлгий аймагт унасан солир байв. Баян-Өлгий аймгаас төрж гарсан алдартнуудын танхимд Монголын үндсэн хуулийн казах хэл дээрхи эх шилэн хоргонд үзмэр болон хадгалагдаж байдаг юм байна. Энэ үндсэн хуулийн казах хэл дээрхи эхийг Н.Энхбаяр ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт очихдоо казах түмэнд гардуулан өгсөн гэж тайлбарлагч Айша хэлж байв.
Асгат Түргэний ууланд
2011 оны 5-р сарын 7нд. Өлгий хот, Ногооннуур сум, Асгат Түргэний уул - Өглөө 7 цагт Бек, Жаргалсайхан нар ирэв. Ачаа бараагаа машиндаа ачаад Асгат Түргэний уул руу хөдөллөө. Өлгий хотоос Улаангом хот руу явдаг төв замаар, Ховд голын хавцлаар явж Тавтын рашаан гэдэг газар хүрэв. Тавтын рашаан төв замын дагуу байдаг тул олон хүн очдог бололтой. Рашааны эргэн тойрны модонд хадаг яндар уясан байна. Хүний хөдөлгөөн ихтэй тул хог, гялгар уутаар дүүрсэн газар байна. Рашааны эргэн тойрны хогийг бид жаахан цэвэрлэж хогноос салгав. Рашаанаас хөдөлж Ногооннуур сумыг чиглэн явлаа. Ногооннуур суманд Тогтомыс гэдэг хүнтэй уулзахаар тохирсон юм. Миний бие өнгөрсөн намар үүгээр явахдаа Тогтомыстай танилцаад хавар ирж Асгат Түргэний ууланд авирахаар тохирч, утсыг аваад явсан юм. Түүнтэй Өлгийгөөс гарахдаа утасдаж хэлээд Улаан Чулуу гэдэг газар уулзахаар тохирсон. Тогтомыс гэж гэртээ тогтдоггүй хүн гэсэн утгатай үг гэж Бек надад орчуулж өгөв. Тогтомыстай уулзаад Нарийний амны адагт хүрч Өмерхан гэдэг айлд хүрч буув. Өмерхан гуайтай ирсэн зорилгоо танилцуулж хэлтэл, “энэ ууланд дөрвөн хөлтэй янгир л авирч чаддаггүй юм, хоёр хөлтэй та нар яахыг би мэдэхгүй юмдаа” хэлэв. Урьд өмнө энэ ууланд авирахаар хүмүүс ирж байсан уу гэсэн бидний асуултанд Өмерхан гуай “Би энэ уулын бэлд гуч гаруй жил амьдарч байна, тийм зорилготой хүмүүс ирж байгаагүй, харин хэдэн жилийн нэг гадаадын зурагчин ирж Нарийний амыг өгсч зураг аваад буцсан” гэж хэллээ. Өмерхан гуайн эхнэр бидэнд халуун хоол унд хийж зочилон, ганц хоёр галуун хүзүүт задаллаа.

Нарийний аманд
2011 оны 5-р сарын 8нд. Нарийний ам - Өглөө эрт тэмээнд ачаагаа ачиж хөсгөө хөдөлгөөд Нарийний амыг өгсч бааз байгуулах газар руугаа хөдөлллөө. Нарийний ам хаврын эхэн учир гол мөс тавиагүй хөлдүү байв. Шинэсэн модтой, голын зарим хэсэгт хүрхрээ унадаг байгалийн үзэмж сайтай энэ аманд нутгийнханы хашаа хороо өвөлжөөнүүд байна. Нарийний амны адагт хясаатай тул машин орох боломжгүй тул нутгийнхан ердийн хөсгөөр нүүдэл суудлаа хийнэ. Замын хувьд бартаа багатай, тэгш талаар аажим өгсөнө. Нарийн голыг өгсөх тусам ам улам нарийсч байлаа. Хоёр талаараа эгц цавчим өндөр уултай. Бид явсаар 18 км орчим замыг туулаад кэмпээ барив.

2011 оны 5-р сарын 9нд. Нарийний эхэн уул - Өглөө эртлэн бослоо. Майхны үүдийг нээтэл цас дарсан, цас орж байв. Авиралт хийх нөхцөл бараг байхгүй байв. Гэвч энэ ууланд авирахаар зорьж ирсэн тул бүгд босч өглөөний цайгаа уугаад, авиралтын бэлтгэлээ хангаж, авирахаар сэтгэл шулуудан хөдөллөө. Асгат Түргэний Нарийний Эхэн уул хүртэл 5 км орчим алхаж явсаар уулын бэлд ирлээ. Уул руугаа авирч эхлэв, асга хад ихтэй авирахад нилээд хэцүү байв. Энэ уулсыг Асгат гэж нэрлэсэн нь тун оносон нэр байв. Мөсөн гол хүртэл бараг 3 км замыг 300-450 налуутай замаар асган дундуур туулав. Мөсөн гол дээрээ хүрч олсондоо орж дээш өгсөв. Дээшлэх тусам цасан шуурганы эрч чангарч, зарим үед урдах хойдох хүнээ харж чадахгүй болж байлаа. Хэдийгээр цас орж байсан мөсөн голын мөс нилээн догшин, муурын хумс бараг шигдэхгүй нөхцөлтэй, дээр нь нилээн градустай байсан тул, мөсний шрупп хэд хэдийг зоож бэхэлгээ хийж явав. Өдийн 13 цаг болж байхад бид дөнгөж уулынхаа авирах замын талыг туулсан байв. Шуурга улам ширүүсч, хүйтэний эрч улам чангарч байв. МУГТ Г.Өсөхбаяр нөхцөл байдалд дүгнэлт хийгээд авиралтыг зогсоох шийдвэр гаргаж, бид хүрсэн цэг дээрээ өөрсдийн авч явсан тугаа мандуулж, оргилын зургийг авч, дараагийн удаа хийх авиралтынхаа талаар төлөвлөөд буцаж буулаа. Замын туршид камераар бичлэг хийж явсан ч авиралтын явцад их хүйтэнд камерын зай царцаж зарим нэг сонирхолтой хэсгийн зургийг буулгаж чадсангүй. Ер нь Нарийний эхэн ууланд авирахын тулд эхний асгатай замыг туулж мөсөн гол дээрээ дундын кэмп барьж амраад, урьдчилан замаа тавьж авирах хэрэгтэй юм билээ. Градус ихтэй,уул учир нилээн техник ур чадвар шалгасан авиралт болно. Бид буцаж явсаар кэмп дээрээ ирж амрав. 
Авиралтын төлөвлөсөн зам - Бидний авиралтын зам
Асгатай хэсэг
Мөсөн гол дээр


Авиралтын замд
Авиралтын замд

ОУХМ, МУГТ Г. Өсөхбаяр
2011 оны 5-р сарын 10нд. Өлгий хот - Өглөө эрт нутгийнхан ирж бид тэмээнд ачаагаа ачаалж хөдлөв. Нарийний голыг уруудан явсаар Өмерхан гуайнд ирлээ. Гэрийн эзэгтэй бидэнд зориулж бесбармак чанаж, дастархан дэлгэсэн байв. Бид авиралтынхаа тухай сониноос гэрийн эзэдтэй хуваалцаж, ачаагаа янзалж, машиндаа суун Өлгий хотын зүг хөдөллөө. Асгат Түргэний уулынхаа оргилд гарч чадаагүй ч нилээн чадвар, техник шаардсан авиралт хийсэндээ бүгд баяртай байв. Авиралтанд оролцсон багийнхандаа баярлалаа. 
Манай багийнхан
Бидний авиралтын тухай бичлэгийг дороос үзнэ үү.

Баян-Өлгий аймгийн Орон нутгийг судлах музейд хийсэн бичлэг

0 сэтгэгдэл:

Post a Comment