Showing posts with label Хадны зураг. Show all posts
Showing posts with label Хадны зураг. Show all posts

October 23, 2013

Агуйн сүг зураг

Алтамирагийн агуйн бух гөрөөс
Сүг зургууд нь Шинэ чулуун зэвсгийн үеэс бий болжээ. Сүг зураг гэдэг нь балар эртний хүмүүсийн чулуу, ханан дээр олон аргаар сийлж, ухаж үлдээсэн дүрс зураг юм. Эдгээр дүрс зураг нь бичиг үсэг үүсэхээс өмнө өргөнөөр ашиглагдаж байсан. Алтамирагийн агуйгаас олдсон бух гөрөөсний зураг бол хамгийн алдартай агуйн сүг зураг юм. Балар эрт цагт амьдарч байсан ихэнх амьтад агуйд дүрслэгдэн үлджээ. Үүнд хоол хүнсэндээ хэрэглэдэг эсвэл хүч чадлыг дүрслэн үзүүлсэн гэж таамаглаж буй Чаувет агуйн хирс, аварга муурны сүг зураг багтана. Эдгээр сүг зургийг цэгээр эсвэл зурж тэмдэглэсэн байдаг. Эртний хүмүүс гараараа зурдаг байсан бөгөөд амьтан, хүнийг тал дүрсэлдэг байж. Францын Чаувет агуйн сүг зургууд нь МЭӨ 31000 жилд хамаарагдана.

October 8, 2012

Баянзүрхийн буган чулуун цогцолбор

Баянзүрхийн буган чулуу нь Монгол баруун хэсэгт буй хамгийн томд тооцогдох цогцолбор дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг бугат хөшөө, олон тооны булш хиргисүүр байдаг.
Баянзүрхийн буган чулуун хөшөөдийн ихэнхид нь бугыг гоёмсог байдлаар дүрсэлнээс гадна 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга болон бусад зэр зэвсгийн зүйлсийг дүрсэлсэн байдаг.
Эдгээрийн дотроос хамгийн сонирхолтой дүрслэл нь 5 өнцөгтийн дүрс болно. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг. Баянзүрхийн буган чулуун цогцолбор нь Ховд хотоос 185 км, Мөст сумаас 50 орчим км-т, Бага Улаан даваагаар давж Бодончийн хавцал руу уруудах зам дээр байна. Үенч, Бодончийн хавцлаар явж буй зорчин явагсад буугаад үдлэхэд тохиромжтой газар. GPS солибцол. 46° 36' 48.5" N  92° 16' 31.9" E

October 2, 2012

Цагаан дэнжийн Улаан үзүүрийн буган чулуу

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс чанх баруун хойш 6,5 км-т Цагаан голын хойд дэнж дээр хоёр буган хөшөө бий. Эдгээрийг 12 м голчтой, дүгрэг хиригсүүрийн төвд/ яльгүй баруун хэсэгт/ хооронд нь бараг шүргүүлэн босгожээ.GPS солибцол: N 49°00'0.16", E 089°05' 06.2"
1-р буган хөшөө. Ногоовтор туяатай хөх саарал өнгийн нимгэн хавтгай урт чулуугаар хийсэн. Өргөн хоёр талын оройн хэсэгт тус бүр нижгээд цагираг сийлсний голч нь 18 см. Түүнээс доош газарт зоогдсон хэсгийг хүртэл нэлэнхийдээ бугын дүрс сийлсэн байсан өдгөө бараг мэдэгдэхгүй болтлоо бүдгэрчээ. Газраас цухуйсан өндөр нь 238 см, өргөн нь 54 см, зузаан нь 12-19 см. 

Цагаан Хөшөөтийн хүн чулуу

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвөөс зүүн урагш 13 км-т Ховд голын баруун талын тэгш сайхан дэнж дээр сүрлэг том нэгэн хүн чулуу бий. Уг хүн чулуун хөшөөг нүүрээр нь зүүн урагш хандуулан газарт зоосон байх ба цайвар өнгийн боржин чулуугаар нэлээд ур чадвартай цоолборлон дүрсэлсэн нь он цагийг элээн одоо хүртэл харьцангуй сайнаар хадгалагдан үлджээ. Чихэвчийг нь дээш сөхсөн дүгрэг малгай өмссөн агаад дугуйрсан хөмсөг, шулуун урт хамрыг нэгэн үргэлж гүвгэр зураасаар төвийлгөн дүрсэлжээ. Нүд нь зууван уртавтар гонзгой хэлбэртэй, баруун нүд нь гэмтэж бүдгэрсэн боловч зүүнийг харахад тойруулан давхар хүрээ гаргаж голд нь аньсагыг тодруулсан зураастай. Хоёр үзүүр нь ялгүй дээш эргэсэн нум хэлбэрийн живэр сахал гаргаж доор нь уруул амны зураасыг нэлээд бодитой хонхойлгон дүрсэлжээ. Чихийг тал цагираг хэлбэрээр гаргасан бөгөөд ээмэггүй.  Хоёр гараа тохойгоор нугалан хэвлийн өмнө дэрэвгэр амсартай, урт хүзүүтэй, тэгш ёроолтой цүлхэгэр ваарыг хоёр талаас шахан барьсан бөгөөд гарын хурууг тун тодорхой дүрсэлжээ. Дээлийн энгэр заам, ханцуй огт мэдэгдэхгүй боловч элдэв товруу чимэггүй нарийн цулгуй бүс бүсэлж хоёр ташаандаа нижгээд дүгрэг хавтага унжуулсан нь доороо мөн нарийн унжлагатай. Зүүн талын хавтаганы араар махир үзүүртэй нэгэн уртавтар зүйл унжина. Бүсний дороос баруун талд гурав, зүүн талд хоёр шулуун унжлага унжжээ. Хүн чулууны газрын хөрснөөс цухуйх өндөр 180 см, мөрний өргөн 83 см, зузаан 38 см.

Хар Ямаатын голын хүн чулуу

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Ойгорын голын зүүн талаас цутгах Хар Ямаатын голд сонирхолтой зураг дүрслэлийг өөртөө хадгалсан нэгэн хүн чулуу бий. Хүн чулууг зүүн урагш хандуулан зоосон байх бөгөөд толгойн хэсэг нь нилээд гэмтсэн байна. Гэмтлээс улбаалан толгойн дээд хэсэг, баруун нүд, хөмсөг нь гэмтсэн тул ямар байсныг тодорхойлох аргагүй болсон бол хамрын үзүүр, эрүү нь бүтэн үлдсэн байна.
Бүтэн байгаа хэсгээс ажиглахад том нүдтэй, өргөн дугариг цайрайтай, шувтан урт эрүүтэй, үзүүр нь тахирлан эргэсэн живэр сахал, амны хэлбэрийг хонхойлгон гаргаж дор нь ооч сахлыг дүрсэлсэн бололтой доош хандсан гурвалжин дүрс сийлж өгсөн байна. Зүүн гараа тохойгоороо нугалан цээжний өмнө махир чинжаал хутгыг үзүүрийг нь дээш харуулан барьсан.

Зүйлийн буган чулуу

Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан сумын зааг Зүйлийн бригадаас хойш 5 км-т нэгэн сонирхолтой хүн чулууг үзэж сонирхон зургийг нь авснаа толилуулж байна. Ягаан боржин чулуугаар хийсэн уг чулуунд буган чулуунд дүрслэгддэг зүйлсийг нилээд тодорхой дүрсэлснээс гадна хүний нүүрийн хэлбэрийг тодорхой дүрсэлж өгсөн нь сонирхол татсан. Хүний нүүрний хэлбэрийг дүрсэлсэн буган чулуу Монголд хэд хэд бүртгэгдсэн байдаг ба судлаачид үүнийг Түрэгийн үед буган чулууг хүн чулуу болгон засаж янзалж байсан болох талтай гэж үздэг. Ерөнхийдөө буган чулуун хөшөөг тахил тайлгын зан үйлд хүнийг төлөөлүүлэн бүтээсэн нь хожим түрэгийн үед уламжлагдан хүнийг илүү бодитойгоор дүрслэн хүн чулуу босгох болсон гэж судлаачид үздэг.   GPS солибцол. N48°02'34.0", E096°15'53.3".  Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас Яруу сум, Яруугийн Хаг нуур орох төв замаас холгүй уг буган чулуу байрлана.

September 2, 2012

Буган хөшөө чулуу

Буган хөшөө бол хүрэл зэвсгийн үеийн хамгийн үнэт дурсгалуудын нэг агаад он цагийн хувьд МЭӨ V мянганаас МЭӨ I-ны үед холбогдоно. Евразийн өргөн уудам тал нутаг 700 орчим буган хөшөө чулуу олдсоны 550 орчим Монгол улсын нутаг дэвсгэрт байдаг. Буган чулуун хөшөө гэж тусгайлан засаж янзалсан дөрвөн талт гонзгой чулууг гурав зааглан ихэвчлэн эсрэг харсан хоёр талын орой хэсэгт нэг юмуу хоёр том дугуй, эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс гадна цөөн тохиолдолд адуу, гахай, ирвэс, янгир зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум зэргийг сийлсэн байдаг. Буган чулууны хэлбэр хийцээс хамааран гурван хэсэгт хуваана.
Дааган дэлийн буган чулуу
  • Монгол-Өвөр Байгалийн загварт бугын дүрст хөшөө
  • Саян-Алтайн амьтны бодит дүрслэлт буган хөшөө 
  • Ази-Европын амьтны дүрслэлгүй хөшөө хэмээн гурван үндсэн хэсэгт ангилсан юм.
Буган хөшөө нь хүнийг төлөөлүүлж байгуулсан байгууламж юм. Төв азийн цээжинд оршиж байсан эртний улс үндэстнүүдээс гаралтай гэж үздэг. Яагаад буга болон бусад амьтдыг дүрсэлсэн бэ? – Хүрэл зэвсгийн үед хүмүүс бугыг ихээхэн шүтэж байсан бөгөөд дайчин баатар эрс, язгууртанууд нь бие дээрээ амьтаны дүрслэлт шивээсийг биен дээрээ шивдэг байжээ. Энэ нь тэдний зэрэг дэв, баян чинээлэг байдлын илэрхийлэл болдог байв. Үүнийг Алтай, Саяны бүс нутгаас олдсон пазырыкын шивээст хүний булшнууд баталж байдаг. Эрдэмтдийн судалгаагаар буган чулуу болон хиргисүүрийг байгуулахдаа тэнд нь адуугаар тайлга үйлддэг байж. Буган чулууны доороос, хиргисүүр дотроос адууны толгой, хүзүүний яс их гарч байна. Нас барсан хүний сүнс жигүүрт хурдан хүлгийг унан тэнгэрт хүрдэг гэсэн эртний шүтлэгтэй холбоотой юм.

Хадны сүг зураг

Хүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн зурж эхэлсэн байдаг. Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно. Хадны сүг зургийг зосон ба сийлмэл гэж 2 ангилдаг байна. Зосон зураг нь Өвөр байгаль,Төв болон Дорнод Монголын нутагт өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд холбогдоно. Монгол нутагт хадны сүг зураг дүрслэлийг агуулсан газар орон маш олон байдаг. Хадны сүг зураг нь үндсэндээ өнгөрсөнд хүргэх гарц, асар үнэ цэнэтэй зурган бичиг юм. Судлаачид хадны сүг зургийн хийц, технологийг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг нь тогтоодог. Хадны сүг зургийг ажиглан уншиснаар дараах зүйлсийг олж мэдэх боломжтой.
  • Хэдий үед ямар багаж хэрэгслээр уг зураг дүрслэл бүтээгдснийг.
  • Тухайн цаг үед ямар амьтад энэ газар зонхилж байсныг. 
  • Хүн төрөлхтөн хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг. 
  • Хэдийд шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж эхэлснийг. 
  • Нийгмийн байгууллын үе шатуудыг. Тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт зэргийг төвөггүй судлан мэдэх боломжтой.

July 3, 2011

Цана хадны сүг зурагт.

Цана хөлөглөн ан хийж буй хүн.
МОНГОЛЫН ЭРТНИЙ ЦАНЫН ТУХАИ. Монголчууд бидний өвөг дээдэс нэн эртнээс ангийн аж ахуй эрхлэн аж төрж байгаад дэлхийн бусад ард түмнүүдтэй нэгэн үед Мезолит буюу Дундад чулуун зэвсгийн үед 15000-7000 жилийн тэртээгээс малыг гаршуулж гэршүүлсэн ба монгол орон бол дэлхийн мал аж ахуй үүссэн гурван том голомтын нэг юм. Хүрэл зэвсгийн үед буюу 4000 гаруй жилийн орчимд бидний өвөг дээдэс нүүдлийн мал аж ахуйтай болжээ. Хүн төрөлхтөний нэн эрт ба эртний түүхийг өөрөөр хэлбэл бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн түүхийг судлахад археологийн дурсгал хосгүй их ач холбогдолтой байдаг. Тэдгээрийн нэг том төрлийн дурсгал болох Хадны сийлмэл (хонхойлон цоолборлосон) дурсгалаар Монгол дэлхийд хамгийн баялаг - орон болох нь Монголын болон гадаадын археологчдын хийсэн судалгаагаар батлагдаж байна. Бидний археологчид Монгол Улсын нутгаас хадны зургийн хэдэн зуун дурсгалыг нээн судлаж энэ чиглэлээр 30 орчим эрдэм шинжилгээний суурь бүтээлийг туурвиж Монгол, Орос, Солонгос, Франц, Итали зэрэг оронд нийтлээд байна. Монгол орон тэр дотроос Монгол Алтай, Говь-Алтайн нуруу болон тэдний салбар уулс хадны зургийн дурсгалаар нэн баялаг билээ. Энэ удаа бид Монгол Алтайн зүүн сугаас эх авч урсах Бага Ойгор голын саваас олдсон цанатай анчны зургийн тухай товч өгүүлье.

March 25, 2011

Дэл Хөнжилийн уулын хадны зураг

Дэл уулын хадны зураг
Дундговь аймгийн Өлзийт сумын хуучин Тагт бригадын нутагт 25 км орчим сунаж тогтсон Дэл уул хэмээх жижиг нуруу бий. Эл нурууны зүүн бэлээс өгсүүлэн оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай. Зурагнууд нь билүү чулуут хадны бараа өнгөнөөс бараг ялгагдамгүй. Нурууны олон зуун зурагтай хаднаас харьцангуй баялаг зурагтай гурван уул бий бөгеөд Д.Дорж, Э.А.Новгородова нар эдгээр уулыг Дэлийн зүүн билүү 1,11,111 хэмээн дугаарлаж өөрсдийн бүтээлдээ нийтэлжээ. Зурагнуудын дотор янгир, морь, морь унасан хүн, тэмээний зураг бусдаас харьцангуй олон. Мөн хүн амьтан, шувууд, могойны зураг ч байдаг. Хаданд дүрслэл үйлдэхдээ олон янзын арга хэрэглэсэн агаад голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах аргыг хэрэглэжээ. Энэ цогцолбор дурсгал ерөнхийдөө хэд хэдэн онцлог шинжтэй. Энэ нь нэгдүгээрт, зурагнууд нь он цагийн хувьд харилцан адилгүй, нэг хэв загварын биш. Хоёрдугаарт, хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн нь тод харагдана. Онцолж нэгийг дурдвал гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авахуулан нэгэн урт зүйл унжсан хүний зураг байдаг. Ийм дүрслэлтэй зураг манай орны хадны зураг дотор ер нь тааралддаггүй билээ. Гуравдугаарт, өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүний зураг. Дөрөвдүгээрт, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүний зураг. Тавдугаарт, хүн, мал, янгир, ан амьтдын зураг гэрийн тэжээмэл амьтдыг бодвол харьцангуй их байна. Одоо ч энэ нутагт хулан, зээр гэх мэтийн зэрлэг ан амьтад элбэг билээ. Зургаадугаарт, зарим нэгэн амьтдын хөлийг дээш нь харуулан зурсан байгаа нь магадгүй үхсэн гэсэн санааг агуулсан байж болох. Долдугаарт, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгнүүд сонирхол татдаг. Тухайлбал тэмээний хоёр бөөн дор юмуу янгирын дээр, могойн толгойн дээр, доор гэх мэт. Наймдугаарт, хүрэл зэвсгийн үеийн улаан зосон зурагны дугуй болон дөрвөлжин хүрээний дээр байдаг далавчаа дэлгэсэн бүргэдтэй адил жигүүртний зураг байгаа нь ихээхэн сонирхол татна. Дэлийн зүүн билүүгийн хадны олон зургууд нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үеэс аван төмрийн түрүү үе, цаашилбал Х.Т-ын II зууны үед ч холбогдож болохыг судлаачид тогтоожээ.

Холбогдох ном зохиол: 
Д.Дорж, Э.А.Новгородова. Петроглифы Монголии. УБ., 1975, 30-31-ртал.

December 1, 2010

Тэвш уулын хадны зураг.

Тэргийг дүрсэлсэн байдал
Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүг салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон тооны хадны сүг зураг байхаас гадна булш хиргисүүрүүд ч олон байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын элс элсийг зорих аялагч жуулчид Тэвш ууланд саатан хадны сүг зураг дүрслэлийг үзэж сонирхох нь их болсон. Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан зургууд голлоно. GPS:  N 44°40'11.39" E 102°22'7.55". Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрсэлсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургуудад үхэрт нуруу ачсан, ямар нэгэн зүйлсийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, Морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрсэлсэн байна. Үүнээс харахад хүмүүс мал амьтныг гаршуулж уналга эдэлгээнд ашигладаг болсон үеийг харуулж байна. Мөн амьтдыг хашаа хорионд оруулж буй, Морьтой хүмүүсийг гартаа сүх шийдэм барьсанаар, Янгирыг нум сумаар харваж байгаа зураг олонтааг үзэж болно. Тэвш уулын зураг дүрслэлээс судлаачидын анхаарлыг татдаг зураг нь дөрвөн дугуйтай,ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн зураг байна. Эдгээр зургийг А.П. Окладников, П.И. Кожин, Д. Дорж, Э.А. Новгородова, Д. Цэвээндорж нар судалсан байдаг. Эдгээр тэрэгний дугуйн хигээс нь янз бүрийн тоотой байгаа нь тэрэгний хувьсал хөгжлийн түүхийг харуулж байгаа бөгөөд А.П. Окладников скифийн үе буюу Х.Т.Ө VII-III зуунд, Д.Дорж Х.Т.Ө III-I зуунд хамруулан үзсэн байна. Д. Дорж нь уг дөрвөн дугуйтай тэргийг "гэр тэрэг" гэж үзсэнтэй олон судлаачид санал нийлдэг.  Өнөөгийн байдлаар Монгол орны нутгаас 100 гаруй эртний морин тэрэгний зураг олдоод байгаа бөгөөд гол төлөв хоёр дугуйтай дугуй тавцан бухий ганц гуятай тэргийг эгц дээрээс нь харж дүрсэлсэн байдаг. Чулуут гол, Ямаан ус, Цагаан гол, Тэвш уул, Цагаан салаа, Бага Ойгор, Модтой толгойн тэргийг 4, 6, 8, 9 хигээстэй дугуйтай дүрсэлсэн нь тэрэгний дугуйн хувьсал хөгжлийг харуулж буй баримт юм. Эдгээр тэргүүд МЭӨ 2000 жилийн сүүлч МЭӨ 1000 жилийн эхний хагаст холбогдох бөгөөд энгийн уналга, тээврийн хэрэгслийн зориулалттай. Мөн ихэнх тохиолдолд энгийн тэрэг дүрсэлсэн байхад, Ямаан усны хаданд бүхээгтэй сүйх тэрэг, Тэвш уулын хаднаа дөрвөн дугуйтай тэрэгний дунд дээрээс нь харсан гэр мэт зүйлийг дүрсэлсэн байна. Хөвсгөл аймгийн Модтой толгойн нэгэн хавтгай хадны голоор зам мэт урт зураас хонхойлон цохиж гаргаад түүний баруун талаар цуварч яваа хос морь хөллөсөн хоёр тэрэг, хүний мөр, адуу, нөгөө талд хос морьтой нэгэн тэрэг, морь, туурай тамга, хүний мөр зэргийг дүрсэлжээ. «Модтой толгой»-н морин тэрэг нь сийлбэр ба дүрслэлийн хувьд дээрхи тэрэгнүүдээс их эртний шинжтэй бөгөөд МЭӨ 3000-2000 жилд холбогдоно.Тэвш уулын тэрэгний болон тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилж буй бөгөөд 1997 онд Г. Гонгоржав уг уулын Ар Элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээст тэргэн дээр зогсож буй хоёр хүнийг дүрсэлсэн зургийг олсон байна. Энэ зургийн тэргийг дайн байлдааны зориулалтай байж болох юм гэж үзсэн байна.

November 28, 2010

Хадны сүг зургийн тухай.

Дэл Хөнжилийн уулын хадны зураг
Хадны сүг зураг:  Хүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн зурж эхэлсэн байдаг. Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно. Хадны сүг зургийг зосон ба сийлмэл гэж 2 ангилдаг байна. Зосон зураг нь Өвөр байгаль,Төв болон Дорнод Монголын нутагт өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд холбогдоно. Монгол нутагт хадны сүг зураг дүрслэлийг агуулсан газар орон маш олон байдаг.  Хадны сүг зураг нь үндсэндээ өнгөрсөнд хүргэх гарц, асар үнэ цэнэтэй зурган бичиг юм. Судлаачид хадны сүг зургийн хийц, технологийг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг нь тогтоодог. Хадны сүг зургийг ажиглан уншиснаар дараах зүйлсийг олж мэдэх боломжтой.
  • Хэдий үед ямар багаж хэрэгслээр уг зураг дүрслэл бүтээгдснийг.
  • Тухайн цаг үед ямар амьтад энэ газар зонхилж байсныг.
  • Хүн төрөлхтөн хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг.
  • Хэдийд шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж эхэлснийг.
  • Нийгмийн байгууллын үе шатуудыг. Тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт зэргийг төвөггүй судлан мэдэх боломжтой

Шивээт Хайрхан уул, Цагаан голын хадны сүг зураг дурсгал.

Шивээт Хайрхан уул.
Шивээт уулын дурсгалт газрын зураглал
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таван Богд ууланд Шивээт хайрхан уул - д.т.дээш 3349 м. / N49°5.46', E88°10.663'/ гэж бий. Уулын ар бэлээр Цагаан гол, зүүн өмнө талаар Налиа буюу Хар салаагийн гол урсна. Уулын орой дээрээс Алтай Таван Богд уул маш сайхан харагддаг. Шивээт хайрхан уул руу баруун бэл дэх Янгирт нуурын талаас авирвал амархан гарна. Уулын оройгоор янгир ямаа бэлчээрлэн явах нь олонтаа тохиолддог. Уулыг тойрч явганаар аялаарай. Уулын өвөр бэлд айлын өвөлжөө дөрөв бий. Өвөлжөөнүүдийн арын гялгар хүрэн хадан дээр хадны сүг зураг / N49°07.400', E 88°11.703'/. дүрслэл элбэг. Тахилгат Шивээт хайрхан уулнаа шинээр олдсон хадны зургийн цогцолборыг эрдэмтэн судлаачид (1996, 1998, 2000, 2001, 2003, 2004 онуудад) судалсан. Уул тахих заншил нь мянга мянган жилийн тэртээ үүсэж бидний энэ үеийг хүртэл хадгалагдаж ирсний нэг илрэл бол зарим уулыг амьд бүхний амьдрал болон үхлийг эзэгнэгч "хайрхан" хэмээн хүндэтгэн биширдэгт оршино. Шивээт хайрхан уулын зүүн талд байрлах том овоо ч бас үүний нэг илрэл юм. Уг уул нь Хар салаа, Цагаан салаа хэмээх хоёр гол Монгол Алтайн хамгийн том Ховд голын зүүн салаа болох Цагаан гол болон нийлдэг бэлчирээс холгүй байдаг.
Шивээт хайрханы хадны зураг.
Шивээт хайрханы хадны сүг зураг дүрслэлд дайн байлдаан дүрсэлсэн сонирхолтой олон зураг байдаг. Энд хуягласан морьтой хоёр цэрэг өөд өөдөөсөө жад барин тулж байгаа болон тэдний дунд нэг нум сум барьсан харваачийг дүрсэлсэн зураг байдаг. Иймэрхүү зураг дүрслэлийн монголоос олдсон хамгийн эртний ч зураг энэ байж болох юм. Энэ зураг дүрслэлтэй адил агууламжтай нэгэн зураг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын Харганатын хаднаа хөө хуягласан морьтой цэргүүдийг дүрсэлсэн байдаг. Энэ зураг нилээд хожуу үе буюу Нирун улсын үед холбогдох зураг юм. Энэ мэт сонирхолтой агууламж бүхий зураг энд олон бий. Цагаан гол, Шивээт хайрханы хадны сүг дүрслэлд 10.000 сүг зураг бий гэдэг. Хүрлийн үед холбогдох буган чулуу /N49°67.406', E 88°12.783'/ бий. Шивээт хайрхан уулын баруун хойд бэл, Цагаан голын урд талын дэвсэг дээр /N49°7.393', E88°15.118'/ түрэгийн хүн чулууны /VI-VIII зуунд холбогдох/ цогцолбор бий.

November 10, 2010

Цамбагарав уул - Харганатын хадны зураг.

Цамбагарав уул
Хэдэн жилийн өмнө Цамбагарав ууланд аялж байсан нэгэн жуулчин хөтөчөөсөө: энэ уулыг яагаад Цамбагарав гэдэг юм бэ? гэж асуухад нөгөөх сэргэлэн хөтөч нь Цамба гэдэг хүн анх оргилд гарсан юм гэнэ лээ гэж хариулсан гэдэг. 
Эрт цагт өөлдүүд Цамбагарав уулыг ЦАСТ гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ ЦАМБАГАРАВ хэмээн нэрлэж Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбгарав хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн нь Цамбагарав уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Тахилгат энэ уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан бөгөөд, гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг хүртэл хадгалагдаж байжээ. Цамбагарав уул нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баян нуур сумдын нутагт оршино. Уулын ноён оргилыг ЦАСТ гэнэ.  Цаст нь далайн түвшинээс дээш 4208 метр өндөр. Домогт өгүүлснээр: Эрт дээр үеэс Өөлд, Мянгадууд Цамбагарав, Алтан-Хөхий хоёр уулаа Ховд голтойгоо шүтэж, хайрлан биширч, хүндлэн тахиж ирсэн уламжлалтай билээ. Цамбагарав уулыг хоймроо завилан сууж цай идээ, архи дарсаар дайлуулж байгаа эр хүний шинжтэй уул гэдэг учир Цамбагарав уулыг эр савдагтай. Түүний яг элгэн урдаас харж ханаран цэнхэртэх Алтан-Хөхий уулыг эр нөхрөө цайлж, дайлж байгаа эхнэр хүний дүрстэй учир эм савдагтай гэдэг домогтой ажээ. Хар ус нуурыг тогоотой цай нь, Ховд голыг тогоотой цайгаа самран сэлбэж байгаа шанага нь, баруун гар талд нь байгаа Майхан уулыг  тавагтай идээ нь өмнө нь байгаа шорвог давстай Баян нуурыг лонхтой архи нь зүүн талд нь байгаа Алтанцөгц нуурыг хундагатай архи нь гэдэг домогтой. Ийм учраас энэ хоёр уулын өвөрт нутагладаг Өөлд, Мянгадууд: Цагаан сарын шинийн нэгний өглөө Хотынхоо урд өндөрлөгт тусгай тавцан засаж эр савдагтай гадаг Цамбагаравдаа өндөр хавирга, Хонтшагай чөмөг, эм савдагтай гэх Алтан-Хөхийдөө өвчүү шатааж өргөж арван гурван сангаа тавьж мөргөдөг домогтой ажээ.
Сүүлийн үеийн аялал жуулчлалын guidebook/ ном товхимлуудад Монголын заавал очиж үзэх газруудын жагсаалтанд орсон байдаг.  Энэ ууланд жуулчдын хамгийн их очдог газар нь Намаржааны хөндий хэмээх зуслангийн газар байдаг.  Энд 6-р сарын 15 наас - 8-р сарын сүүлч хүртэл Эрдэнэбүрэн сумын өөлдүүд, Алтанцөгцийн казахууд хаяа дэрлэн буусан байдаг. Түймэр толгой хэмээх жижиг толгой хилийн зааг нь болж өгнө. Намаржааны хөндий нь Ховдоос Өлгий орох төв замын дагууд байна. Энэ хавьдаа Хаг нуур, Олон нуур, Хонгор өлөн, Сайр Сухайтын уулс гээд олон сайхан газрууд байна.
Цамбагарав уулыг 2000 онд ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилгоор улсын хамгаалалтанд авсан.

October 26, 2010

Хойд Цэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг. Хойд Цэнхэрийн агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуйг олоход хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ. Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай. Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино. Агуйн амсарын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай. Их агуйн аман дээр овоо босгосон байна. Овооны ойролцоо хадан ширээ сандлыг хийж тавьжээ. Агуйн амны хананд агуйд ирсэн хүмүүс будгаар нэр усаа нилээдгүй бичиж үлдээдэг бололтой, агуйн ам орчмын ханыг халтартуулсан байна. Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөгөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 метр өндөр.