Showing posts with label Бичиг соёл. Show all posts
Showing posts with label Бичиг соёл. Show all posts

May 13, 2013

Сөдөтийн цагаан чулууны хятад бичээс

Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт орших Сөдөтийн цагаан чулууны бичээс нь 1410, 1696 онд Монгол улсын нутагт болсон түүхэн 2 чухал үйл явдалтай холбогдуулан бичсэн хятад бичгийн дурсгал юм. 1409 оны 7-р сард Хятадын Мин улсын Юн лэ хаан Монголыг дайлахаар буман цэрэг хөдөлгөн авч гараад Хэрлэн голын хавьцаа 8-р сард монгол цэрэгтэй тулалдаж ялагджээ. Мин улсын хаан ийнхүү ялагдсандаа хилэгнэж 1410 оны хавар дахин 50 түмэн цэрэг толгойлон Монгол нутаг руу цөмрөн довтолсон ба тэрээр 5-р сарын 19-нд Сөдөтийн цагаан чулууг дайрч өнгөрөхдөө анхны бичээсийг сийлжээ.
Бичээсэнд: Ху нарыг барих уул. Их Мингийн эзэн хаан ху дээрэмчдийг залхаан цээрлүүлэх их цэргийг удирдан үүгээр өнгөрөв. Юн Лэ-гийн 8-р он цагаан бар жил улаагчин тахиа жил 4-р сарын тэргэл 16-ны хар хулгана өдөр гэжээ.
Сөдөтийн цагаан чулууны 2 дахь бичээс зүүн гарын хаант улсын хаан Галдан бошигт /1644-1697/ Манж Чин улстай байлдсан үйл явдалтай холбоотой юм. Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдангийн эсрэг Чин улс 1696 оны хавар 20 түмэн цэргийг эзэн хаан Энх амгалан 3 зам болгон хөдөлгөсөн. 1696 оны хавар эзэн хаан бүх цэргээ толгойлон Дарьгангын нутгаар дайрч гарахдаа Мин улсын эзэн хааны бичээс бүхий Сөдөтийн цагаан чулуун дээр 2 зүйлийн бичээс нэмж сийлжээ.

January 11, 2012

Хөөмэй - Хөөмийн аялгуу

Монгол хөөмий нь дуу хөгжмийн урлагийн нэгэн төрөл юм. Хөөмий нь маш эртнээс бий болсон гэдэг боловч одоог хүртэл үүссэн хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа ажээ. Хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим хүмүүс хөөмийг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг. Хөөмий бол судлаачдын анхаарлыг нэн ихээр татдаг урлагийн төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил нь их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадан энэхүү гайхамшигт урлагийг бий болгожээ. Тийм учраас хөөмий нь Монгол үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ. Монгол хөөмий монгол газар нутагт өөрийн онцлогийг хадгалан хөгжиж, төрөл зүйлийн хувьд ч хамгийн баялаг болжээ. Монголын хөөмийчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмийлдөг ажээ. Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагт: Аялан исгэрэх урлаг, амаар таших дэлдэх урлаг, хөөмэйлэх урлаг, цуурдах урлаг, аман хуурын урлаг эдгээр таван зүйлийн урлагийгхамруулан хэлэлцэж болно.

March 12, 2011

Чингисийн чулууны бичиг.

Чингисийн чулуу
Эртний үсэг бичгийн ховор нандин дурсгалын нэг чулуун дээр урлан сийлбэрлэсэн монгол худам бичгийн бичээс бол Чингисийн чулуу юм. Монгол бичгийн одоогоор олдсон дурсгалуудаас хамгийн эртнийх нь 1224-1225 оны орчимд бичигдсэн Чингисийн чулуу бичиг юм. Уг чулуун судар нь тэнгэр газрын харьцаа үг үсгийн мөр тэтгэх ёс, хүндэтгэл, бахархлын өгүүлэмжтэй. Есүхэй мэргэний гэрэлт хөшөө (Чингисийн чулууны бичиг)-ний бичгийг 1818 он оросын судлаач Г.И. Спаский Хархираа голын хавиас олж «Сибирский вестник» сэтгүүлд уг олдворынхоо талаар нийтлүүлжээ. 1832 онд Петербургийн үзэсгэлэнд тавьж нийтэд үзүүлжээ. Чингисийн чулуу нь ОХУ-ын Санктпетрбург хотын Эрмитажийн Монголын соёлын танхимд хадгалагдаж байна. Уг чулууны хуулбар нь Монгол Улсын түүхийн төв музейд байгаа билээ. Гэрэлт хөшөө нь 202 см өндөр, 74 см өргөн, 22 см зузаан хэмжээтэй засмал боржин чулуун дээр босоо монгол бичгээр мөр тэтгэн Чингис хаан гэж эхлэн, таван мөр монгол бичгээр хорин нэгэн үг сийлэн урлажээ. Уг хөшөө нь монгол баатрын сур харвах ур чадвар,а мжилтыг мөнхөлсөн хосгүй дурсгал юм. 1930-аад он хүртэл монголч эрдэмтэн академич Шмидт, багш Ваанчиг, Б.Дорж, И.Клюкин, С.Мураями, Ч.Дамдинсүрэн, Ш.Бира, Д.Жамсранжав, Б.Ринчен нар янз бүрээр уншиж тайлбарлаж байв. Эрдэмтдийн тайлснаар: “Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож байхдаа Хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичжээ. Тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан алдыг 160 см гэж үзвэл 536 метр хол газар харваж оносон болох юм.

December 21, 2010

Монголчуудын боловсролын түүхэн дэх бичиг үсэг

Н.Энхцогт
Чингисийн чулууны бичиг
Аливаа улс орон, үндэстэн ястны соёлын хөгжлийн нүүр царай, түвшинг ард түмнийх нь боловсролын хэмжээ харуулах ба боловсрол нь мэдлэг, чадвар, дадал эзэмшсэний үр дүн бөгөөд эрдэм ном, бүтээл туурвил, аливаа ажил үйлсэд мэргэжин дадсан байдал юм. “Боловсрол гэдэг нь соёлт хүний эзэмшвэл зохих эрдэм мэдлэг, арга барил, чадвар, дадлын тогтолцоо” хэмээн Монголын нэвтэрхий тольд дурдсан байна. Нийгэм хувь хүнээс юу шаардаж байгааг ханган биелүүлж байгаа нь тухайн улсын боловсролын тогтолцоо өөрийн нийгмийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг бөгөөд энэ нь нэг талаараа боловсролын хэрэглээний утга мөн чанараараа илэрч буй хэрэг мөн. Нийгэм хөгжиж, шинжлэх ухаан өндөр түвшинд гарч, хүн ард энэхүү шинжлэх ухааны мэдлэгийг амьдрал ахуйдаа ашиглах нь нэмэгдэхийн хирээр тухайн ард түмнээс боловсрол, мэдлэгийг улам бүр шаардах болсон нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн нэг гол хандлага болж байна. Гэгээрэл, боловсрол нь танин мэдэхүй, нийгмийн оюун санааны амьдралд төдийгүй хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд нөлөөлөн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болжээ. Иймд хүн ардынхаа гэгээрэл боловсролын түвшинг ахиулахын төлөө хэрэгжүүлж буй ажил аль ч улс орны хэмжээнд нэн чухал асуудлын нэг байдаг ажээ. Аливаа ард түмэн гэгээрэл, боловсролын ажлыг өөрсдийн амьдралын ахуй нөхцөл, зан заншил, эрхэлж буй ажил хөдөлмөр, аж ахуйн онцлог, байгаль газар зүйн нөхцөлд тохируулан хөгжүүлж байдаг.  Эртнээс нааш нүүдлийн аж ахуй эрхлэн, хол ойрын аялал, дайн байлдаан хийж байх явцдаа Монголчууд соёл, боловсролоо хөгжүүлсээр ирсэн учраас дэлхийн соёл иргэншилд өөрийн гэх хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтөний оюуны соёлын оргилд тооцогдсон бүтээл туурвиж байсан билээ.  Улс орны боловсролын хөгжлийн хэмжээ цар хүрээ нь тухайн улс орны аж ахуйн онцлог, ард түмний ахуй амьдралаа хөтлөн явуулж буй арга, хэрэгсэл зэрэгтэй нягт холбоотой учраас манай улсын гэгээрэл, боловсролын ажлын түүх нь Монголчуудын нэн эртнээс нүүдлийн аж ахуй эрхлэн ирсэн тэр өвөрмөц шинжтэй нягт холбоотой бөгөөд манай улсад боловсролын тогтолцоо бий болж хөгжихөд цаашид үндэс суурь болох их ач холбогдолтой юм.  Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны түүх нь 2000 гаруй жилийн өмнө Монголчууд бичиг үсэгтэй болсон үеэс эхэлсэн гэж үздэг. Монгол хүнийг төрүүлж өсгөх, сургаж боловсруулах, хүнжүүлэн хүмүүжүүлэх нь монгол гэр бүл, аав, ээж, ахмадын үүрэг хэзээнээс байжээ. Монгол айлд үр хүүхэд өсөн бойжиж, сурч боловсорч, хүмүүжин төлөвшдөг учраас гэр бүл нь ардын сурган хүмүүжүүлэх арга туршлага бий болж хуримтлагдах, хадгалагдан залгамжлагдах нэг ёсны хүн төлөвшлийн төв болох бөгөөд монгол айл гэрийн тоогоор энэ төв “ажиллаж” ардын сурган хүмүүжүүлэх өв туршлага нь улам баяжин хөгжсөөр иржээ. Ер нь аливаа ард түмний сурган хүмүүжүүлэх мэдлэг туршлага нь тэр ард түмэнтэйгээ хамтад үүсч хөгждөг бөгөөд тухайн ард түмний үр хүүхдээ болон ер иргэнийг сурган боловсруулж, хүмүүжүүлэх арга ухаан, туршлагын цогцыг ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал гэж нэрлэн түүнийг судлах ухааныг Ардын сурган хүмүүжүүлэх зүй хэмээн үзсээр ирсэн байна. Өөрөөр өгүүлбэл монголчуудын хүнээр хүн хийх ухааны цогцыг ардын сурган хүмүүжүүлэх зүй гэж нэрлэвэл зохино. Чухам энэхүү ардын сурган хүмүүжүүлэх зүйн хүрээнд монголчуудын боловсролын тогтолцоо бүрэлдэж, цаашдаа улам боловсронгуйгаар шинэчлэгдсээр иржээ. Энэхүү боловсронгуй болж, шинэчлэгдсээр ирсэн боловсролын тогтолцоонд монголчуудын бичиг үсгийн соёл томоохон байр эзлэх бөгөөд монголчуудын боловсролын түүх чухам эндээс үүдэлтэй хэмээн үзэж болно. Хүн төрөлхтний буй болгосон боловсрол, бичиг үсгийн түүхэнд монгол туургатан ямар байр суурь эзлэхийг тодруулахын тулд юуны өмнө бичиг үсэг гэж юу болох, түүний хөгжлийн нийтлэг үйл явцыг товч боловч хөндөх нь зүйтэй юм.  Эх байгалиас ялгарч хүн төрөлхтөн буй болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн зүйлийн нэг нь яах аргагүй хэл бөлгөө. Хэлний үүргийг ном бичигт “харилцахын хэрэглүүр” хэмээн тодорхойлдог. Тэгэхдээ хэл харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд энэхүү үүргээ биелүүлнэ. Тухайлбал: цаг хугацаа, орон зайн шалтгаалцал давхацсан үед буюу өгүүлэгч, сонсогч хоёр этгээд тодорхой нэг орон зайд, тодорхой нэгэн хугацаанд хамт байх үед л хэл харилцахын хэрэглүүр болж чаддаг байлаа. Гэтэл хүний аж төрөл хөгжихийн хирээр цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал шалтгаацлыг давах шаардлага гарч өгүүлэгч, сонсогч хоёр этгээд өөр өөр газар оронд, өөр өөр цаг хугацаанд байх нөхцөлд хэрхэн харилцаж болох боломжийг хайхад хүрч, үүний дүнд бичиг гэдэг бас нэгэн гайхамшигт нээлтийг буй болгожээ /Монголын соёлын түүх. Дэд боть, 1999, 5 дахь тал/. Бичиг хэмээх үгийн үүсэл гарлын тухай эрдэмтэд янз бүрийн санал, таамаглал хэлдэг бөгөөд тухайлбал, түүхч Г.Сүхбаатар:  “бичиг гэдэг үгийн гарлын тухай эрдэмтдийн саналыг дурдвал: 1. Түрэг судлаачид хятадын “би” (бийр) гэдэг үгийн эртний дуудлага “бити”-гээс бичиг гэх үг гаралтай нь эргэлзээгүй мэтээр үзэж байна. Монголч эрдэмтэн П.Поуха ч тэдний саналыг дагажээ. Бичиг гэдэг үг бичгийн хэрэгсэл бийр гэдэг үгнээс гарсан гэхэд үнэмшил багатай. Учир нь бийрнээс өмнө бичсэн бичгийг хүн үзэх ёстой. 2. К.Сиратори зэрэг эрдэмтэн бичиг гэдгийг монгол хэлний үгнээс гарсан гэж үзэж байна. Монгол орны монгол, түрэг угсаатны нүүдэлчдээс бүр урьд өрнөж дорно дахинд бичгийн өндөр соёл буй болсон болохоор уг үг зээлдмэл үг байх нь эргэлзээгүй мэт. Монгол орны эртний нүүдэлчдийн хувьд хятадын иргэншлийн нөлөөг бодвол энэтхэг-европийн иргэншлийнх нь илт давамгайлж байгаа учир бичиг гэдэг үг орос хэлний писать (бичих), письмо (бичиг) гэдгийн пис язгууртай гарал нэгтэй гэж үзэх нь түүх, хэлний талаар бүрэн нотлогдож болохоор байна. Орос хэлний пис язгуур нийт энэтхэг-европийн хэлний “pingere”, “peisai” мэтийн зурах, эрээчих, гоёх гэх утгатай үгнээс үүссэн гэж эрдэмтэд санал нэгтэй үзэж байна. Гэхдээ письмо бичиг нь язгуур нэгтэй үгс болохоос бус, нэг нэгнээсээ үүссэн гэж бид үзээгүй. Д.Доржиевийн бичсэнээр буриадууд Октябрийн хувьсгалын өмнө худам монгол бичиг хэрэглэж байхдаа бичиг гэхийг зурах, бэшэх гэж хоёр янзаар хэлж байв. Эдүгээ ч монголчууд гарын үсэг зурах гэж хэлнэ. Хиргис, якут мэтийн түрэг хэлэнд бичихийг мөн зурах гэж хэлдэг. Энэ нь уг үгний эртний утга хадгалагдсаар ирсний гэрч мөн байх” гэж тэмдэглэсэн байна /Г.Сүхбаатар, 1992, 124-125 дахь тал/.