Showing posts with label Монгол орны агуй. Show all posts
Showing posts with label Монгол орны агуй. Show all posts

April 15, 2011

Шар ламын агуй.

Богд уулын Залаатын аманд Шар ламын агуй гэж нэг боржин чулуун тогтоцтой нэгэн хөндийвч байдаг энд дээр үед нэгэн лам /хэдийд байсан нь тодорхойгүй/ бясалгал үйлддэг Агуйн хойд хананд маанийн үсэг сийлж өгсөн байдаг. Хэдийгээр агуйн хажуугаар ойрхон явган зам байдаг боловч эл газрыг хүмүүс төдийлөн мэддэггүй. Агуй дотроо шатласан тавиуруудтай. Хөндийвч учраас хоёр талаараа орох гарах хаалгатай. Агуй орчимын байгалын тогтоц үнэхээр л энд хүн бясалгал үйлдэж, амар амгаланг олж авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн газар шиг санагдсанг байсан гэдэг яриа байдаг.
Хотоос холгүй болохоор өдөртөө яваад, тэнд очоод агуйг үзэж сонирхоорой. Их сайхан газар шүү.

View Шар ламын агуй in a larger map

November 28, 2010

Хэвтээ Босоогийн агуй.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан Суварга гэж нэг үзэсгэлэнт газар бий. Түүний ойролцоо нэгэн агуй байдаг. Уг агуйг Хэвтээ Босоогийн агуй гэж нэрлэх бөгөөд Монгол оронд мэдэгдээд буй элэгдэл эвдрэлийн гаралтай агуйнуудаас хамгийн том юм. Уг агуй нь наанги шаварт уруйн усны элэгдлээр үүссэнээрээ агуй судлаачдын сонирхолыг татдаг бөгөөд Э. Авирмэд докторын тодорхойлсноор 102 метр урт, 204 м/кв талбайтай томоохон агуй юм. Хэвтээ Босоогийн агуйг Цагаан Суварга руу явж байгаа хүмүүс их очиж үздэг бөгөөд Цагаан Суварга гэр баазын чанх ард байрлана, агуй хүрсэн машин замтай. Агуй нь хоёр амтай. Хойд амаар нь орвол явган сууж явах боломжтой бөгөөд цааш явсаар их танхимд орно. Их танхимд хүн босоороо чөлөөтэй явах боломжтой. Агуйд сарьсан багваахай олон тоогоор байлаа. Агуй нь үндсэн ганц хонгилтой бөгөөд салаа салбар байхгүй. Наанги шаварт усны элэгдлээр үүссэн тул тоосжилт ихтэй байдаг.GPS солибцол: N44.5943°, E 105.7921° д.т.дээш 1191 метрт оршино.

November 19, 2010

Цагаан Дэлийн агуй

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Цагаан дэл ууланд N45°37'31.9", E 109°06'25.4" солибцолд, д.т.дээш 1133 метрийн өндөрт оршино. Цагаан дэлийн агуйн Монгол нутагт одоогоор мэдэгдэж буй хөндийлжийн гаралтай агуйнуудаас хамгийн том нь юм. Агуйн нийт урт 607 метр, эзэлхүүн нь 53007 метр квадрат. Цагаан дэлийн агуй нь үндсэн 4 хонгил, 2 танхимаас бүрдэнэ. Агуйн адарт жоншны талст маш ихээр ажиглагдана. Агуй маш урт, явахад чөлөөтэй, адрын өндөр дунджаар 1-9 метр өндөр, агуйн зарим хэсэгт 10 метр хүртэл өндөр хүрнэ. Агуй нь хоёр амтай. Агуйн зарим хэсэгт жижиг хэмжээний тогтоол устай байв. Мөн агуйн хананы зарим хэсгээс усны шүүрэл гарч буй нь тод ажиглагдаж байв. Агуй руу орох аманд нутгийн хүмүүс жонш олборлож агуйн амыг маш ихээр сүйтгэсэн байна. Агуйн талаар Дэртийн худагт зусах Бор-Өвгөн, Дондогдулам гуай нар сайн мэддэг бөгөөд тэд бидэнд анх Цагаан Дэлийн агуйг олсон үүх түүхийг ярьж өгсөн юм. 1960-аад онд хэсэг хоригдлууд Цагаан дэлийн ууланд жонш олборлож байжээ. Нэг өдөр тэд машинаа нэг газар тавиад цайндаа оржээ. Тэднийг цайнд ороод ирэхэд машин тавьсан газар нь цөмөрч суусан байв. Ийнхүү Цагаан дэлийн агуйг олжээ. Цагаан дэлийн агуйг улсын хамгаалалтанд нэн яаралтай авч агуйн орчныг цэвэрлэн агуйн унаган төрхийг хадгалах хэрэгтэй санагдсан. Биднийг агуйд явж байхад агуйн орчимд жонш олборлогчид тэсэлгээ хийж байгаа нь бидэнд маш тод мэдрэгдэж, агуйн хана адар доргиж байлаа. Тэсэлгээ хийх үед агуйд нуралт үүсвэл яанаа гэж гэсэн бодол тархинд зурсхийж байв. Уг агуйг нутгийн хүмүүс зундаа сүү сааль, өвөлдөө идэш хадгалах газар болгон ашиглаж байжээ. Гадаа 36 хэмийн халуун байхад агуйд маш сэрүүхэн бүр нимгэн хувцастай орсон хүмүүс даарч байлаа.

Хэцүү тээгийн агуй.

Хэцүү Тээгийн өрх агуй нь Дорноговь аймгийн Хар-Айраг сумын нутаг Хэцүү Тээгийн ууланд агуй оршино. Хэцүү Тээгийн өрх агуйн солибцол. N45°20'21", E108°45'6.9", д.т.дээш 1160 метр. Агуйн ам холоос харагдахгүй. Агуй байгааг тэмдэглэсэн ямар нэгэн тэмдэг болох овоо байхгүй. Агуйн ам нь нэг метр өргөн, хүн албаар зассан юм шиг дөрвөлжин амтай. Эгц доошоо 20 орчим метр гүн, босоо болон хэвтээ тогтоц хосолсон агуй. Хэцүү тээгийн агуй нь хөх өнгийн шохой чулуунд үүссэн хөндийлжийн гаралтай агуй юм. Агуйгаас 17-р зууны үеийн эмээл олдссон бөгөөд уг эмээл нь Дорноговь аймгийн Сайншанд хотын музейн үзмэрт хадгалагдаж байна. Уг агуйд ороход мал амьтны сэг нилээд тааралдлаа. Энэ нь агуйн амсар хүн, малд харагддаггүйн улмаас гэнэт доош унаж үхсэн малын сэг бололтой. Агуйн аманд анхааруулах тэмдэг тавих хэрэгтэй юм билээ. Бид агуйд орохдоо пургон машинаас олсоо бэхэлж, уулын багаж хэрэгсэл ашиглан олсоор доош бууж орсон. Агуйн амны цооногоор 10 орчим метр буухад агуй 8 орчим метр урт хэвтээ тогтоцоор үргэлжилж байв. Агуйн нийт урт нь 20 метр орчим. Энэ агуйд ганц нэгээрээ явж буй тохиолдолд орох хэрэггүй. Агуй хавийн газар нутагт айл амьтан гэхээр юм байсангүй.

November 15, 2010

Хэцүү уулын агуйнаас олон хүний хатмал шарил олджээ.

Хэцүү уулын агуй. 
Хэцүү уулын агуйн ерөнхий зураглал
Энэ агуйд эртний хүмүүсийн археологи, анторпологи, этнографийн чухал олдвор хэрэглэгдэхүүн болох хатмал шарилууд хадгалагдаж байсныг 1974 онд анх хилийн цэргийнхэн олжээ. Энэ агуй нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс урагш 118 км зайтай, Сулинхээрийн хилийн цэргийн отрядын Хэцүүгийн буюу 1-р заставын ойролцоо орших Хэцүү уулын арын нэгэн толгойн ар шил дээр байдаг, эгц доошоо ордог 80 см орчим голчтой орц амсар бүхий хөндийлжийн агуй юм. Энэ агуй Монгол улс, БНХАУ-ын хилийн ойролцоо Дорноговь, Өмнөговь аймгийн хилийн зааг дээр оршино. Хэцүү уулын агуй нь бараан саарал өнгийн шохойн чулуунд үүссэн хөндийлжийн босоо хэлбэрийн агуй юм. Агуй нь бараг эгц доош орж баруун хойшоо, зүүн урагшаа салаалсан хэд хэдэн хонгилтой, тэр нь баруун хойш эргэн том хонгилын баруун доороос эргэж гол хонгилтойгоо нийлдэг. Мөн эндээ салбарласан нилээд том талбайтай ба агуйн нийт гүн нь 1б.5м гүн боловч босоо, хэвтээ хөндий хосолсон олон салаа салбартай хосолмол хэв шинжийн агуй юм. Агуйд ганц нэгээрээ, хамгаалалтгүй орох боломжгүй.  Агуй нь гүехэн учраас өвлийн улиралд агаарын солилцоо эрчимтэй явагддаг.

Сэндэртийн агуй.

Сэндэртийн агуйн ам - 2006 оны агуйн аялал
Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Хөх Хайрхан ууланд Сэндэртийн агуй гэж 70 орчим метр урт, шохой чулуун тогтоцтой, хөндийлжийн гаралтай агуй бий. Агуйд салаа салбар байхгүй. Агуйн мухарт сэндэр шороо байдаг. Нутгийн хүмүүс агуйгаас уг шороог авч эмчилгээнд ашигладаг. Сэндэр шороог түлэнхий болон яр шарханд түрхэж хэрэглэхээс гадна, цусны даралт ихэссэн үед ууж хэрэглэдэг гэж нутгийн хүмүүс ярьж байлаа. Сэндэртийн агуйгаас холгүй Халиутын рашаан гэж гидро карбонатын найрлагатай хүйтэн рашаан байдаг. Халиутын рашаан ойр орчимд Ламын агуй, Чихний рашаантай агуй, Далан тэмээ ачаа багтаадаг агуй гэж хэд хэдэн томоохон агуйнууд бий. Сэндэртийн агуйн солибцол: N46°37'19.8",E99°12'11.6", Далан тэмээ ачаа багтаадаг агуй: N46°44' 56.6", E99°19'27 ", Чихний рашаантай агуй: N46°45'19.3", E99°19' 20.1 " солибцолд тус тус оршино. Чихний рашаантай агуйн адраас ус дуслан жижиг тогтоол ус бий болгожээ. Энэ усыг чихэнд дусааж чихний өвчин эмгэгт ашигладаг. Энэ агуйн усыг судлаж үзэх хэрэгтэй санагдсан. Монгол оронд жижиг болон том хэмжээний тогтоол ус, бичил нууртай агуй нилээд хэд байдаг боловч агуйн усыг судлах тал дээр дорвитой судалгааны ажил хийгдээггүй байна. Даяндээрхи, Эхийн агуй, Хүнхэрийн агуй, Цагаан дэлийн агуй зэрэг нь өөртөө эмчилгээний чанартай усыг агуулж байдаг. Далан тэмээ ачаа багтаадаг агуйн уулын орой дээр шахуу байдаг. Хүрэх зам нилээд хэцүү, асга нуранги ихтэй. Далан тэмээ ачаа багтаадаг агуйд янгир ямааны хоргол энд тэндгүй байна. Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэнд янгир ямаа энэ агуйд сүүдэрлэн хоргоддог бололтой.

November 11, 2010

Ловон Чомбын агуй

Агуйн ам - 2006 оны агуйн экспедици
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Агуйт уулын баруун урд бэлд Ловон Чомбын агуй д.т.дээш 1206 метр өндөрт, N42°35'18.3" E107°49'31.7" оршино. Агуйт уулын хийдийн тууриас Ловон Чомбын хийдийн тууриас агуй хүртэл явган хүний зассан замтай. Ловон Чомбын агуйн орох амны урд тавцан дээр хийдийн туурь байдаг. Энэ агуйг тус хийдтэй холбосон байжээ гэж үзэж болно. Агуйг хийдийн лам нар эмчилгээ болон бясалгал хийх зориулалтаар ашиглаж байсан байж болох талтай. Нутгийнхан ч энэ агуйн шаврыг эмчилгээнд ашиглаж байсан гэж ярьж байлаа. Агуй дотроо дотроо хоёр салаална. Агуйн нийт урт 50 орчим метр. Агуйн хонгилийн дундаж өргөн 8 метр орчим, өндөр нь дунджаар 4-5 метр. Гол танхимийн урт нь 30 орчим метр, салааны урт 20 орчим метр байна. Агуйн адарт жоншны талст элбэг ажиглагдана. Адар руу гэрэл тусгахад талстууд нь өнгө өнгөөр солонгорон харагдаж байлаа. Говийн их аагим халуунд агуй дотор сэрүүхэн сайхан байлаа. Агуйн орох аманд могой үүрлэсэн байв. Ловон Чомбын агуйн аманд Агуйт уулын хийдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс. Ямартай ч томооохон суурин, эргэл мөргөлийн газар байсныг гэрчлэх томоохон хэмжээний суурингийн туурь үлджээ. Ловон Чомбын агуй нь Монгол улс, БНХАУ-ын хилтэй ойр учир агуй хүрэх замдаа хилийн цэргийн газраас хил орчмын бүсэд нэвтрэх зөвшөөрөл авах хэрэгтэй.

Гурван Зээрдийн агуй

Агуйн ам
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын говийн баруун урд хязгаарт Гурван зээрд ууланд Гурван зээрдийн агуй гэж шохой чулуун, хэвтээ, босоо тогтоц хосолсон агуй бий. Энэ агуйгаас 1930-аад оны үед оросын нэрт судлаач судлаач Симуков хүний араг яс олсон нь Байгалийн Түүхийн музейд тавигдаж байсан гэсэн яриа бий. Агуй нь Монгол улс, БНХАУ-ын хилтэй ойр учир агуй хүрэх замдаа хилийн цэргийн газраас хил орчмын бүсэд нэвтрэх зөвшөөрөл авах хэрэгтэй. Гашуун сухайтын хилийн заставаас Гурван зээрдийн агуйн ам хүртэл машин зам хөтөлнө. Агуйн ам, агуйн амны овооны хадаг яндар холоос харагдана. Агуйн солибцол N42°30'19.5" E107°26'51.4" д.т.дээш 1035 метр. Агуйд олон жилийн өмнө түймэр гарснаас уг агуйн унаган тогтоц алдагджээ. Нутгийн хүмүүсийн ярих нь агуйн амаар олон хоногийн турш утаа олгойдож байсан аж. Агуйд орохдоо аюулгүй байдлыг сайтар хангаж олсоор дамжиж орох хэрэгтэй. Агуйн нийт гүн нь 21 метр. Агуйн амаар ороход 5 метр хиртэй эгц доошоо буухад эхний хүнхэрт хүрнэ.

October 26, 2010

Хойд Цэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг. Хойд Цэнхэрийн агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуйг олоход хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ. Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай. Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино. Агуйн амсарын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай. Их агуйн аман дээр овоо босгосон байна. Овооны ойролцоо хадан ширээ сандлыг хийж тавьжээ. Агуйн амны хананд агуйд ирсэн хүмүүс будгаар нэр усаа нилээдгүй бичиж үлдээдэг бололтой, агуйн ам орчмын ханыг халтартуулсан байна. Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөгөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 метр өндөр.