November 15, 2010

Хэцүү уулын агуйнаас олон хүний хатмал шарил олджээ.

Хэцүү уулын агуй. 
Хэцүү уулын агуйн ерөнхий зураглал
Энэ агуйд эртний хүмүүсийн археологи, анторпологи, этнографийн чухал олдвор хэрэглэгдэхүүн болох хатмал шарилууд хадгалагдаж байсныг 1974 онд анх хилийн цэргийнхэн олжээ. Энэ агуй нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс урагш 118 км зайтай, Сулинхээрийн хилийн цэргийн отрядын Хэцүүгийн буюу 1-р заставын ойролцоо орших Хэцүү уулын арын нэгэн толгойн ар шил дээр байдаг, эгц доошоо ордог 80 см орчим голчтой орц амсар бүхий хөндийлжийн агуй юм. Энэ агуй Монгол улс, БНХАУ-ын хилийн ойролцоо Дорноговь, Өмнөговь аймгийн хилийн зааг дээр оршино. Хэцүү уулын агуй нь бараан саарал өнгийн шохойн чулуунд үүссэн хөндийлжийн босоо хэлбэрийн агуй юм. Агуй нь бараг эгц доош орж баруун хойшоо, зүүн урагшаа салаалсан хэд хэдэн хонгилтой, тэр нь баруун хойш эргэн том хонгилын баруун доороос эргэж гол хонгилтойгоо нийлдэг. Мөн эндээ салбарласан нилээд том талбайтай ба агуйн нийт гүн нь 1б.5м гүн боловч босоо, хэвтээ хөндий хосолсон олон салаа салбартай хосолмол хэв шинжийн агуй юм. Агуйд ганц нэгээрээ, хамгаалалтгүй орох боломжгүй.  Агуй нь гүехэн учраас өвлийн улиралд агаарын солилцоо эрчимтэй явагддаг.
Ам орчимдоо гаднах агаарын температуртай ойролцоо болтол хүйтэрдэг боловч мухрын хэсэгтээ -1 градусаас доош буудаггүй болох нь харагдаж байна. Зундаа сэрүүн байдаг, 5-р сард гаднах дулаан 24 хэм байхад агуйн гүнд 4 хэм байснаас үзэхэд тодорхой юм. Энд сарьсан багваахай өвөлжөөгүй байсан ба өөр амьтан амьдрах боломжгүй юм. Энэ агуйд эртний хүмүүсийн археологи, анторпологи, этнографийн чухал олдвор хэрэглэгдэхүүн болох хатмал шарилууд хадгалагдаж байсныг 1974 онд анх хилийн цэргийнхэн олжээ. Агуйн нүхээр олсоор дүүжлэгдэн доош 13.2м бууж 2хЗм хэмжээтэй танхимд ороход газрын гадаргын гүнд энд тэндээ олон нүх сүвтэй найман ханатай гэрийн чинээ хөндий орон зай байх ба тэнд 7 хүүхэд, 5 том хүний нийтдээ 12 хатмал шарил хадгалагдаж байжээ. Шарилуудын шүд хумс бүтэн гэзэг үс арьстайгаа хатаж үлдсэний гадна нэг нь арьсан өлгийд боосон хүүхдээ тэвэрсэн байдалтай нас барсан байжээ. Хамгийн жигтэй нь энэ агуйд байсан зарим хүмүүсийг боож алсан шинжтэй бөгөөд хоёр ч хүний хүзүүнд боймолсон дээс уяатай хэвээр байжээ. Тэнд хүний яснаас гадна мод ухаж хийсэн модон тэвш, эсгий гутал, хус модны үйс, идэж мөлжсөн малын / адуу үхэр хонь ямааны /яс, удаан хугацаанд галласан голомтны үлдэгдэл, малын хөрзөн, мөн Киданы үед холбогдох бололтой шавар ваар савны хагархай зэрэг эд зүйлс байв. Түүнчлэн нэг эмэгтэй хүн малын тулмаар эсгэж зүйдэлгүй хийсэн өмдтэй байсан нь ясанд нь хэвээр үлдсэн байжээ. Говь нутгийн энэхүү агуйд дүүжлэгдэн үхсэн хүмүүсийн 10-аад шарил олдсон тухай мэдээг 1980 оны эхээр Хилийн цэргийн анги нэгтгэлүүдээр явж байсан МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Адъяа сонсож мэдээд өгсөн даалгавар ёсоор 1982 оны 9-р сард ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, археологич, доктор Н.Сэр-Оджав, ЕБСБ Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, антропологич Д.Түмэн нар газар дээр нь биечлэн очиж шалгаж үзсэн байна. Судлаачдыг очиход урд нь хилийн цэргийнхэн уг агуйд олон удаа орж тэнд байсан зүйлүүдийг бусниулсан учир анхны төрх байдлаа алдсан байжээ. Энд тэнд тархсан хүний яснуудыг бүртгэж үзэхэд тэнд 0-10-аад насны долоон хүүхэд, 30 гаруй насны 2 эмэгтэй, 2 эрэгтэй, 60 гаруй настай нэг нийт 12 хүний шарил байсан нь тогтоогджээ. Олдворын байдлаас үзэхэд уг агуйд байгаа хүмүүс үл мэдэгдэх шалтгаанаар хангайгаас говь руу шилжин очиж Хэцүү уулын зэлүүд агуй хонгилд хэн нэгнээс нуугдан хоргодож байсан бололтой. Киданы үеийн ваар сав эмэгтэй хүний тулман өмд, ухмал модон таваг, үлдсэн гутлын хэв загвар зэргээс үзэхэд МЭ 10-р зуунаас хойшгүй үед энэ зовлонт явдал тохиолдсон мэт байна хэмээн уг бүрэлдэхүүнийг ахлаж очсон археологич Н.Сэр-Оджав тайландаа дүгнэн бичсэн байдаг

0 сэтгэгдэл:

Post a Comment