Ямаан усны хадны зураг - Нум сум харваж байгаа хүний араас байлдааны сүхээр толгой руу нь цохиж байгаа дүрслэл. |
Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал гэж хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцлын зүүн талын ханан хаданд ойролцоогоор хоёр метрээс эхлэн хүний түүхийн нэн эртний ховор дурсгалыг хадгалсан ховор зургийн дурсгал бий. Энэ хавцалд янгир ямаа ихтэй, хавцлын дундуур урсах нарийн горхиноос янгир ямаа ирж ус уух тул Ямаан ус хэмээн нэрийджээ. Ямаан усны хавцлаас судлаачид хадны олон зуун зураг олж илрүүлжээ. Хавцлын хадны зургаас Ханан хадны зураг нилээд сонирхолтой. Энд гол төлөв янгир, буга, зээр, бөхөн, өлөгчин чоно зэрэг амьтдаас гадна анчдыг дүрслэхдээ нум сумтай, хөл дээрээ бага зэрэг суусан байдалтай харуулжээ. Ханан хадны зурагт бас дайн тулааныг дүрсэлсэн зураг гол байр эзэлнэ. Нум сум харваж байгаа хүний араас байлдааны сүхээр толгой руу нь цохиж байгаа сонин дүрслэл бий. Эдгээр хадны зургуудын баруун дээд буланд дөрвөн моринд хөллөсөн, хоёр дугуйтай сүйх тэрэг дүрсэлжээ. Сүйх тэрэгний дугуйг найман хэгээстэйгээр зурсан нь тодорхой харагдана. Сүйх тэргэнд нэгэн хүн сууж яваагийн зөвхөн цээжин хэсгийг, тэрэгний өмнө хойно тус бүр морь унасан хоёр хүн байна. Тэнд бас ганц моринд хөллөсөн найман хэгээстэй дугуйт тэргэнд сууж яваа хүний байдлыг харуулсан зураг бий бөгөөд хүний цээжин хэсгийг тойм байдлаар үзүүлжээ. Энэ тэрэгтний өмнө нэгэн морьтон байх авч зарим хэсэг нь холторч, эмтэрч алга болжээ. Ямаан усны хавцлын өөр нэг хаданд бас морьд хөллөсөн тэрэгний зураг байх бөгөөд тэргийг дээд /талаас нь харсан байдлаар/ дүрсэлж тэрэгний хоёр дугуй, морьд, холбоос зэргийг нэлээд тодорхой үзүүлжээ.
3 хос моринд хөллөсөн сүйх тэрэгний өмнө талд нь зэвсэг бүхий морьтой хүн хамгаалах буюу замчилж, араас нь мөн нэг морьтон дагаж яваа зургийг нилээд нарийн ур гарган зурсан байдаг. |
Ямаан усны хадны зургийг хуулбарлан буулгаж буй байдал |
1 сэтгэгдэл:
Very interesting info...thank you sooooooo much
Post a Comment