Дөргөн нуур - Жанжин овоо |
Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн зааг нутаг, Их нууруудын хотгорт Дөргөн гэж нэг сайхан нуур бий. Дөргөн нуур нь гадагш урсгалгүй шорвог нуур, Хомын хоолойгоор Хар нууртай холбогдоно. Нуурын урд эрэгт Жанжин овоо гэж домог түүх ихтэй нэгэн овоо бий. Жанжин овооны домог: Урьд эрт цагт энэ нуурын хавийн газар нутаг догшроод улс амьтан хэцүүджээ. Хэдэн жилээр мал хуй нь барагдаж, өвс ургамал гундаад хүн зон зовжээ. Тэгээд нэгэн зун нутаг усаа аргадаж тайж наадам хийсэн гэнэ. Гэтэл нэг мэргэн хүн хэлжээ. Энэ наадамд жаахан охин унасан шарга морь тасархай хол түрүүлж ирнэ. Тэр бол хүн биш,тиймээс түүнийг барьж авч үгүй хийвээс ард олон, ахуй мал амаржина гэжээ. Энэ ёсоор мөнөөх охиныг түрүүлэн ирэнгүүт хүмүүс барьж аван, морьтой нь хамт чулуугаар дарж овоо босгосон нь энэхүү Жанжин овоо болжээ. Үнэхээр тэр хүүхдийн эх эцэг, морины эзэн гэж хэн ч гарч ирээгүй ажээ. Төдөлгүй нутаг орон өвс цэцгээр бүрхэгдэж, хүн зоны сэтгэл тэнийж амар сайхандаа жаргаж гэнээ. Энэ бол домог юм. Өдгөө энэхүү Жанжин овоонд сүлд хийморио даатган ирж мөргөдөг хүмүүс олон. Алдартай бөх болох гэсэн хүмүүс ирж зодог шуудагтайгаа тойрч дэвээд, цол гуншинтай болсон түүх ч буй гэнэ.
0 сэтгэгдэл:
Post a Comment