November 19, 2010

Өлгий хийд.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт эртний түүхт, тухайн үедээ Монголын говь нутагт эрдэм номыг түгээн дэлгэрүүлж байсан соёлын нэгэн төв бий.  Эл төв нь Өлгий хийд буюу сөнөсөн хот юм.   Монголын нутагт сөнөж мөхөж устсан олон арван хот суурингууд байдаг ч тэдгээрийг сөнөсөн хот гэж нэрлэдэггүй бөгөөд гагцхүү энэ хийдийг сөнөсөн хот гэж нэрлэдэг байна. Сөнөсөн хотын талаар хүмүүс их сонирхож асуудаг боловч энэ талаархи материал маш хомс байдаг. Энэ хийд нь 1745 онд байгуулагдаж 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан байдаг. Өлгий хийд нь ид хөгжилийнхөө үед 1000 гаруй ламтай, таван дацантай говийн томоохон хийдүүдийн нэг байжээ.  Өлгий хийд нь Өлгий уулын бэлд уул руугаа шахаж баригдсан,  баруун хойд талд нь Баян-Улаан хайрхан уул, зүүн хойд талд нь Хорго хайрхан уул , урд талд нь Эргэлийн зоо, баруун хойд талд нь Баян -Улааны рашаан Халзан булагаар хүрээлэгдсэн.  Хийдийн гол цогчин дуганы ард Даяанчийн агуй гэж нэг жижиг агуй бий.  1920-иод оны эхээр Монгол нутгаар аялж байсан америкийн судлаач Рой Эндрюс Чэпманы Төв Азийн 3-р экспедицийн авсан фото зургийн хальсанд энэ хийдийн зураг үлдсэн байдаг.
 1936 онд Өлгий хийдийн лам нартай холбоотой нэгэн зохиомол хилс хэргийг Дотоодыг Явдлын яам зохион байгуулсан байдаг. ДЯЯ-ны мөрдөн байцаах ажлын 1792 тоот хавтаст хэргийн материалд тус хийдийн дээд 20 ламтай холбогдох хэргийг байцаан шүүж, тухайн үедээ баримтаар баталж ялын дээд хэмжээг өгсөн байдаг.  1792 тоот Хавтаст хэрэгт Өлгий хийдийн лам нар БНМАУ-ын үндэсний тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бүрмөсөн алдагдуулж, олон түмэн ардыг газар шорооны хамтаар гадаадын эзэрхэг түрэмгий улсад боол болгон барьж өгөөд өөрсдийнхөө хэмжээгүй эрхийг эргүүлэн олж авах зорилготой байсан бөгөөд энэ үйл хэргээ  Банчин богд болон оргодол хулгай Дилав хутагт нарын дэмжлэгтэйгээр гүйцэлдүүлэх санаатай байсныг баримтаар нотолж илрүүлсэн байдаг.  Гэвч тухайн үед энэ хэрэгт холбогдож ял авсан лам хуврагууд одоо бүгд цагаатгагджээ.
Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс хойш Өлгий хийд мартагдаж эзэнгүй орхигдсон балгас болсон бөгөөд 1990 оноос хойш дахин сэргээж тус хийдийн Аръяабалын сүмийн туурин дээр Аръяабалын сүмийг хуучин байсан бодит хэмжээг нь арай багасган барьсан байна.  Одоогоор хийдийн үйл ажиллагааг сэргээж лам хуврагууд ном хурж буян ном айлдаж байна.
Хийдийн хуучин дүр төрхөөс үлдсэн зүйл нь Чойр дацангийн хойд талын туурга мөн лам нарын сууцын байшингийн балгас болон хана туурга, мөн сүм бусад дуган дацангийн буурь л байгаа.  Хийдийн ерөнхий дүр төрх 1930-аад онд ийм байжээ.
 Өлгий хийдийн GPS N 43° 36. 108" E 108° 12. 658" солибцол.

0 сэтгэгдэл:

Post a Comment