Showing posts with label Аяллын тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Аяллын тэмдэглэл. Show all posts

June 15, 2025

ПОТАЛА ДЭЛХИЙН ХАМГИЙН АМТЛАГ ОРДОН

Төвөдийн Лхас хотын төв Потала ордоныг үзэж сонирхож явахдаа, тус ордны өнгө будгийн талаар сонирхолтой нэг зүйл олж мэдсэнээ хуваалцаж байна. Потала ордон нь зөвхөн архитектурын гайхамшиг бус, Төвөдийн бурхан шашны гүн утга, сүсэг бишрэлийн илэрхийлэл болдог ариун шүтээний төв билээ. Энэхүү ордон нь “дэлхийн хамгийн амтлаг ордон” хэмээн алдаршсан нь түүний сүр жавхлант төрхийг хадгалахын тулд жил бүр хүнсний гаралтай, байгалийн орц бүхий тусгай шохойгоор ханыг нь будаж шинэчилдэг эртний уламжлалтай холбоотой. XVII зуунаас эхтэй энэхүү ёслол маягийн үйл ажиллагаа нь 300 гаруй жилийн түүхтэй, зүгээр нэг засварын ажил биш, харин ордны ариун оршихуйг сэргэн мандуулах, сэтгэл ба бодит ертөнцийн цэвэр ариуныг бэлгэдсэн шашны зан үйл юм. Шохойг хийхэд сүү, зөгийн бал, цагаан болон бор элсэн чихэр, сафран зэрэг “цэвэр” буюу тэнгэрлэг чанартай хүнсний зүйлсийг өнгөт шохойн чулуугаар хольж, цагаан, улаан, шар өнгийн давхаргаар бүрдэг нь Төвөдийн шашныг илэрхийлдэг гэрэл, нигүүлсэл, ухаарлын өнгөнүүд юм. Энэ будгийн цаад утга нь бурхдын лагшин, үнэн номын чанар, сэтгэлийн гэрэлт төлөвийг бэлгэддэг бөгөөд ордныг будах явц нь зөвхөн будах,өнгө сэргээх ажил биш харин ариун дадлага, буяны жил гэж ард түмэн итгэдэгт оршино. Ордныг будахдаа ном уншиж, маань тарни тоолж, эрдэмтэй лам хуврагууд үйл ажиллагаанд оролцдог нь үүнийг гүн сүсэглэл бүхий зан үйлийн хэлбэр болгож өгдөг.

August 22, 2022

Хонгорын Элснээс дугуйгаар буусан нь.

Бидний хэдэн нөхөд Монгол , Израиль жуулчид нийлсэн 8 хүнтэй баг Алтай нуруу, Говийг туулсан 1000 орчим км дугуйн аялал хийсэн юм.

Аяллын үеэр Хонгорын элснээс дугуйгаар буух боломж бидэнд олдсон юм. 2022 оны 7-р сар 28-ны өдөр бид Хонгорын элсэнд дугуйгаар аялж очив. Элсний доор жуулчидтайгаа хамт байх үед манай багийнхан Хонгорын элс рүү дугуйгаа үүрч гараад бууж үзье гэлээ. Өмнө нь 2019 онд бид Говийн дугуйн аялал хийж явах даа Хонгорын элсэнд авирч гараад дугуйгаар бууж үзэж байсан юм. Тэр үед дугуйгаар бууж байгаа бичлэгээ хийсэн боловч манай багийн гишүүн Энхтөр бичлэг хийх үедээ timelapse тохиргоон дээр бичлэг хийгээд бүтэлгүйтэж байсан юм. Тэр үед дахиж гарахаас залхуураад орхиж билээ. Энэ удаа бид найдвартай нь дээр гэж үзээд Gopro ашиглаж бичихээр болов. Ингээд манай багийн гишүүн Энхтөр, Бамбар бид гурав Хонгорын элсний Дуут манхан өөд авирлаа. Өдөр 13 цагийн үед элсний өөд өгсөхөд элсний гадаргуу шатам халуун байгаа нь хөлд мэдрэгдэж байлаа. Элс рүү өгсөх хоёр алхам өгсөөд нэг алхам ухарч явсаар байгаад бараг цаг гучин минут зарцуулж орой дээр гарлаа. Ингээд дугуйгаа унаад уруудлаа. Үдийн наранд халсан элсний уруу уруудахад дугуй маань элс рүү гүн шигдээд хурд авахгүй байлаа. Гэхдээ цаг гучин минут зарцуулж гарсан элсэн манханаас буухад ердөө нэг минут гаруй хугацааг л зарцууллаа. Гэхдээ авсан мэдрэмжийг үгээр илэрхийлэх аргагүй юм. 

November 13, 2017

Зүчи хайрханы авиралт - Асгат Түргэний уул

Алдараа, Рой, Гангаа, Дэвид нарын хамт Зүчи хайрханы
 орой дээр
2016 оны 6-р сарын 7-ноос 18-ны хооронд Сийлхэмийн нурууны Асгат Түргэний уулын Нарийны голын эхэнд орших нэгэн цаст оргилд Монгол, Шинэ Зеланд, Грек, Английн уулчидтай авирсан. Энэ ууланд бид анх 2011 оны 5-р сард МУГТ, ОУХМ Г.Өсөхбаярын хамт тавуулаа авирч байсан боловч цаг агаарын байдлаас болж авиралтаа зогсоож байсан. Тухайн үед энэ уулын нөхцөл байдлыг нилээн судлаж байсан юм. Бидний өмнөх авиралтын тухай энэ линкээр орж үзээрэй. Зүчи Хайрхан уул. Дараа нэг сайхан авиралт хийнэ гэсэн бодол тээж үлдсэн юм.
Асгат Түргэний ууланд аялагчид, жуулчид маш цөөн ирдэг тул нутгийнхан аялал жуулчлалын талаархи ойлголт бараг байхгүй.  2010 оны намар энэ нутгаар явж байхдаа Тогтомыс гэдэг хүнтэй замд тааралдаж танилцаж байсан юм. 2015 оны өвөл 12-р сард Английн Secret Compass гэдэг компаниас Хархираа Түргэний ууланд хүн авираагүй оргилд авирах аялал асууж, биднийг зохион байгуулж өгөөч гэдэг санал ирсэн. Бид ч тэр саналыг хүлээж аваад шууд л Асгатын ууланд авирахыг санал болгож аяллын маршрут, газрын зургийг явуулсан юм. Харилцагч компани ч бидний саналыг хүлээн зөвшөөрлөө. Ингээд тавьсан саналаа ажил хэрэг болгох ажилдаа орлоо. 2011 онд Асгатын ууланд авирч байхдаа Өмерхан гэдэг айлд бид хонож байсан юм. Тухайн үед энэ ууланд хүн авирч байсан эсэхийг энэ нутагт насаараа амьдарч байсан хүнээс асуухад тэрээр: Хүн ер авирч байгаагүй. Ер нь дөрвөн хөлтэй янгир л гарч чаддаггүй юм билээ, хоёр хөлтэй та хэд чадах уу гэж бассан байдалтай байсан юм. Тэр үед бид ч чадаагүй тул өвгөн дотроо маадгар байсан биз.

October 17, 2017

Байгаль нуурын аялал - Ольхон арлыг тойрсон дугуйн аяллын тэмдэглэл.


2013 онд Хөвсгөл нуурыг Ханх тосгоноос Хатгал тосгон хүртэл мөсөн замаар туулж явахдаа Байгаль нууран дээгүүр нэг ингэж дугуйгаар аялнаа гэж бодож байсан юм.  Тэр хүслээ биелүүлж энэ жил буюу 2017 оны 3-р сард Mongolia Expeditions компаний менежерүүд Батсүрэн, Энхнарангийн хамтаар Байгаль нуурын Ольхон арлыг мөсөн замаар дугуйгаар тойрлоо.  Байгаль нуурын 27 том жижиг аралтай байдгаас Ольхон арал хамгийн том нь юм.  Арлын урт нь 72 км, өргөн нь 12 км, арлын нийт 730км/кв. Арлын нийт оршин суугчид 1600 гаруй. Ольхон гэдэг нь Ойхон гэдэг буриад үг.  1937 онд буриадын автономит тойргоос тасалж Эрхүү мужид нэгтгэсэн. Бөөгийн ариун газар гэдгээрээ алдаршсан арал юм.  Бурхан хад Бөөгийн хад гэж нэрлэдэг өвөрмөц тогтоцтой хад нь арал дээр орших Хужир тосгоны дэргэд далай түрж орж өвөрмөц тогтоцыг үүсгэдэг.  Байгаль нуур нь манай гаригийн хамгийн цэнгэг, хамгийн урт настай нуур, нуурын насжилт нь 25-35сая жил. Мөн хамгийн гүн нуур юм. Нуурын хамгийн гүн хэсэг Ольхон арлын Жима уулын дэргэд 1632метрт хүрнэ.

January 24, 2016

Тайваний аялал - Тайваньд аялсан тэмдэглэл

Бээжин такси
Тайвань гэдэг улсад аялахаар 12-р сарын 23-нд миний бие найз Батаа, манай компанийн дугуйн механик Чукагийн хамт Бээжинг зорилоо. Тайваний тухай миний мэдэх юм гэвэл маш бага маруухан, 2015 оноос эхлэн Тайванаас манай компани жуулчин авах болсон. Азийн дөрвөн барын нэг, нийслэл хот нь Тайпей, Чан Кайшигийн улс гэхээс өөр юм бараг мэдэхгүй байлаа. Ер нь бол Тайвань гэдэг чинь гамингийн үлдэгдэл ш дээ. Чан Кайши чинь гамин намын дарга байсан, 1947-1948 онд Монголын баруун хилээр гамингийнхан хасагийн дээрэмчидтэй нийлж  үймээн тарьж байсныг л мдэх билээ. Тайвань одоог болтол Монголыг өөрийн зах хязгаар муж гэж үздэг үэл баримтлалтай. Засгийн газарт Монгол Төвдийн хороо гэж хүртэл байдаг. Тайваньд хийгдсэн газрын зурагт Монголыг хятадын харъяанд оруулж зурдаг байсан нь саяхан. Ямар мөнгө хэрэглэдгийг нь  ч мэдэхгүй байв. Явахаасаа өмнө нет ухаж ямар ч байсан Тайвань доллар хэрэглэдгийг нь мэдэж авав.
Тайваний мөнгөн тэмдэгт
Монголд бол Тайван долларын гүйлгээ хийдэггүй юм байна. Ханнш нь 1 тайвань доллар нь 60 төгрөгтэй тэнцэх дундаж ханштай байдаг. Мөн Тайваний визийг 90000 төг төлөөөд авдагюм байна. Тайваний Төлөөлөгчийн газар нь 2002 оны 9-р сарын 1-ний өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо “Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар” нэртэйгээр байгуулагдсан. Энэ газраас та визээ авч болно. Ингээд Тайванд очоод нутгийн доллар болгохоор хэдэн доллар солиж авлаа. Тайпей хүрэхийн тулд бид Бээжинд нэг хонох ёстой боллоо. Билет нь үнэтэй юм. Хямдхан явах нислэг нь Эйр Чайна, Тайван руу Гонгконгоор, Сөүлээр, Бээжингээр дамжиж нисэх боломжтой юм байна лээ.
Буудлын оройн хоол
Үдэш Бээжинд ирээд онгоцны буудал дээр байрлах Эйр Чайнагийн мэдээллийн ажилтантай уулзаж, бүртгүүлээд буудал хувиарт орлоо. Энд дамжин нислэгээр явах зорчигчид олон байлаа. Биднийг нэг эйр Чайнагийн нэг ажилтан дагуулж явсаар авто зогсоолд зогсох салж унах шахсан ямбий автобусанд суулгаж хотын захад, газрын мухарт байрлах нэг буудалд авч ирлээ. Капитал нисэх буудлаас нэг их холгүй газар. Бээжингийн агаарын бохирдол ч бүр гамшгийн хэмжээнд хүрчээ, автобусанд явахад л ам хамраар тоос орж байгаа мэдрэмж төр байлаа. Сониноос нэг нөхөр Бээжингийн агаарыг нэг сарын турш жирийн тоос сорогчоор соруулж орсон тоосонцороор нь тоосго хийсэн гэж фэйсбүкээс уншсан санаанд орлоо. Тэгэхээр хир гамшигт хүрсэн нь тодорхой. Хүний бие ч бас бөх юмаа. Бээжин рүү явж байгаа бол амны хаалт аваад явахад гэмгүй юм байна лээ шүү, агаарын бохирдол нь юун Улаанбаатар, үнэндээ аймаар юм байна лээ. Бид гурав Бээжинд оройтож ирсэн болохоор хүнсний дэлгүүрээс идэж уух юм авна гэж бодож болохоор автобусны цонхоор дэлгүүр хайж л явлаа. Бидний буусан буудлаас бараг 1 км зайтай нэг жижиг хүнсний мухлаг байхыг тогтоож авлаа. Буудалдаа буугаад буудлын ресторанд орж оройн хоол идлээ.

January 3, 2016

Мөнх Сарьдаг - Бүрэнхаан оргилд /3,491 м/ авирсан тэмдэглэл

Бид гурав
Аугаа их Ялалтын 70 жилийн ойд зориулсан Мөнх Сарьдаг уулын авиралтанд оролцохоор миний бие найз Өсөхөө, Кадр нарын хамт 5-р сарын 1 буюу Майн баярын өглөө ОХУ-ын Улаан-Үд хотыг зорилоо.
Мөнх Сарьдаг — Соёны ноён оргил (3,491 м). Их Соёны нуруунд Орос, Монгол хоёр улсын хилд байрладаг. Буриад болон Хөвсгөл нутгийн хамгийн өндөр цэг гэдэг.  Драгон автовокзалаас өглөө автобус 7 цагт хөдөлж явсаар 12 цагийн үед Алтанбулаг боомтод ирлээ. Алтанбулаг боомтод өдрийн хоол идээд шууд хилийн боомтоор гарч Хиагт хот орлоо. Улаан-Үд рүү автозамаар болон вагоноор очих хоёр зам бий. Автозамаар явахдаа автобусаар нь явах нь түргэн шуурхай, хямд юм билээ. Үнэ нь УБ-Улаан-Үд 65000 төг. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж хил дээр удаан хугацаагаар саатах, хонон өнжин хүлээх явдал нэмэгдсэн гэж нутгийнхан ярьж байв.

July 8, 2013

ДЭГЛИЙ ЦАГААН ОРГИЛД амжилттай авирлаа.

Дэглий Цагаан оргил дээр
Аялал жуулчлалын “Монголиа Экспедишнс” компани, Уулын хөтөчдийн холбоотой хамтран Хархираа, Түргэний уулсын Дэглий Цагаан оргилд амжилттай авирч, 2013 оны 6-р сарын 18-ны 8.40 минутанд оргилд хүрлээ. Энэ авиралтанд Улаанбаатар, Эрдэнэт, Увс аймгаас экстрим аялал сонирхогч 40 орчим хүн оролцлоо. Энэ удаагийн авиралтын онцлог нь оргилд хүрэх шинэ зам гаргаж авирсанд оршино. Бид энэ замаар 2012 оны 5 болон 6-р саруудад авиралт хийж байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж оргилд хүрч чадалгүй буцаж байсан. Энэ удаагийн авиралтын үеэр цаг агаар тааламжтай сайхан байсан тул авиралт амжилттай болсон. Биднийг очихоос 2 хоногийн өмнө Олон нуурын хөндийгөөр цас их орсон тул газар их норж аяллын эхлэх цэг хүртэл машинаар явахад их хүндрэл гарч машин тэрэгнүүд ээлжлэн шаварт сууж байсан ч бид зорьсон газраа хүрч хоноглосон. Орон нутгийн хүмүүсттэй урьдчилан холбогдсон байсан тул нутгийн хүмүүс тэмээ малаа тогтоосон хугацаанд авч ирж, бид авиралтын бааз кэмп рүү нийт 12 км замыг туулан хүрсэн.

April 16, 2013

Аглагийн хийд - “Бурхны авшиг оршсон Бүтээлийн хийд”

Бүтээлийн хийд
Төв аймгийн Борнуур сумын нутаг Далын хавцал ууланд Бурханч лам Г. Пүрэвбатын барьж байгуулсан “Бурхны авшиг оршсон Бүтээлийн хийд” буюу Аглагийн хийд оршино. Далын хавцал гэх энэхүү газар нь үнэхээр уул ус тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрлажээ. Хийдийн эргэн тойронд өндөр уулс, янз бүрийн хэлбэр дүрстэй боржин чулуун тогтоцтой. Бүтээлийн хийдийг барьсан газар орон нь бясгалгал хийх, ном эрдэмд шамдах, бүтээл туурвихад нэн таатай орчинг бүрдүүлжээ. Уулын энгэрт нь Бүтээлийн хийдийг барьсан байна. Хийдийн урд сарнай цэцэгс тарьдаг бөгөөд эргэн тойронд нь олон төрлийн мод бут суулгажээ. Г. Пүрэвбат лам Төв аймгийн Бор нуур сумын хүн бөгөөд төрсөн нутагтаа энэ бүтээлийн хийдээ барьж байгуулсан юм байна.
Хийдийг барьсан Далын ам хэмээх энэ газар нь урьд далан хар булаг байсан гэдэг. Мөн ойд нь далий ягаан цэцэг битүү ургадаг. Тийм ч учраас энэ газрын нэрийг Далын гэж нэрлэсэн аж. Бүтээлийн хийдийн үүдийг хэвлий дороо найман өндөг дарсан хангарьдын толгойтой арслангаар мануулжээ. Харин баруун талдаа загасан толгойтой минжээр харуул тавьсан байна. Ийнхүү хүчтэнүүдийг болон эсрэг тэсрэг зан чанартай амьтдыг нэгэн цул болгон урласнаар тус хийдэд гадны аюул осол халдахгүй гэсэн санааг илэрхийлж байгаа юм байна.

March 7, 2013

Хөвсгөл нуурын мөсөн замыг туулсан анхны дугуйн аялал 2013

Бид Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр дугуйгаар аялж үзэхээр шийдэн 2013 оны 2-р сарын 27-ны өглөө Багийн 9 гишүүний хамт аялалд гарлаа. Манай багт МУГТ, уулын спортын ОУХМ Г. Өсөхбаяр, Эверестийн оргилд гарсан уулчин Б. Цэвээндаш, уулын спортын мастер Б. Элбэгжаргал, Уулчин Монгол нийгэмлэгийн Ш. Сэргэлэн, аялагч Д. Өнөр, MONGOLIA EXPEDITIONS -ээс С. Алдархишиг, НТВ-ийн зураглаач, сэтгүүлч, манай багийн жолооч БАЛУ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хөдөллөө.
Бид Улаанбаатар - Эрдэнэт - Мөрөн - Хатгал - Ханх гэсэн маршрутаар явж дугуйн аялал эхлэх Ханх тосгонд ирж Замын буудалд хоноглов. Ханх бол Монгол орны хамгийн хойд захад орших суурин газар. 2000 гаруй хүн амтай.  аймгийн төв Мөрөн хотоос хойш 280 км, нийслэл Улаанбаатар хотоос1020 км, ОХУ-тай хиллэх Ханх-Мондийн хилийн боомтоос 22 км зайд оршино. Хойд талаар нь Саяаны их уулсын шовх оргилууд  харагдана. Ханх тосгоноос бидний Хөвсгөл нуурыг мөсөн замаар туулах анхны аялал эхэллээ. Өглөө бид дугуйгаа буулгаж угсаран, тохиргоо хийгээд, аяллын өмнөх бие халаалтын дасгал хийж биеэ дасгаад аяллаа эхэллээ.

Манай багийнхан
Хөвсгөл нуур нь манай орны хамгийн хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур. Нуур нь эзлэхүүнээрээ улсын хамгийн том нууруудын нэг бөгөөд хамгийн гүн нь юм. Нуурын хамгийн гvн хэсэг Далайн хvйс аралын баруун өмнө 238,3 метр. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан замын тээвэр хийгддэг. Эргэн тойрон сvрлэг өндөр уулсаар хvрээлэгдсэн нэн vзэсгэлэнт энэ нуурын урт нь хойноос урагш 133,4 км, өргөн 39,5 км гонзгой зууван хэлбэртэй нуур юм.

March 4, 2012

Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээнд мөсний авиралт зохион байгууллаа.

Монголд анх удаа  Адал явдалт аялал жуулчлалын MONGOLIA EXPEDITIONS компани, Монголын Уулын хөтөчдийн холбоо хамтран мөсөн хананд авирах уулчдын цугларалт, авиралтыг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын Улаан-Цутгалангийн хүрхрээнд 2012 оны 02-р сарын 11-12 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа‎.  Уг авиралтанд Монгол улсын гавъяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй Улаанбаатар, Эрдэнэт хотын нийт 18 уулчин залуус оролцож мөсөн хананд авирах техник, туршлагаасаа хуваалцлаа. Хэдийгээр Монголын уулчид ганц нэгээрээ мөсөн хананд авирч байсан ч энэ удаагийнх уулчид хооронд туршлага солилцох анхны нэгдсэн цугларалт байснаараа онцлогтой. Энэ удаагийн цугларалтанд Улаанбаатар, Эрдэнэт хотын залуус оролцсон ч дараа дараагийн авиралтанд өөр олон газраас залуус ирж оролцох байх гэж бодож байна. Мөсний авиралтыг өндөр уулын мөсөнд авирах, голын хүрхрээний мөсөнд авирах гэж ерөнхийд нь хоёр ангилдаг.  Авиралтын үеэр бид Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээний мөсөн авиралтын зэрэг ангилалыг тогтоолоо. Улаан Цутгалангийн мөсөн хананы өндөр 24 метр, 85-90 градус эгц тул мөсөн авиралтын WI5 /water ice/ ангилалд хамааруулж үзлээ. Мөсөн авиралтын ангилал, зэрэглэлийг тогтоосон олон аргууд байдаг бөгөөд Канадын систем нь Монголын нөхцөлд нилээд ойр юм шиг санагдсан. Бид авиралтаа оройн хамгаалалт буюу top rope тавьж  хийлээ. Монголын өвөл их хүйтэн тул мөс маш хатуу, ice axe буюу мөсний сүх цохиход сайн зоогдож өгөхгүй, мөн мөс их бутарамтгай байлаа. Дороос шрупп ашиглан хамгаалалт тавин авирч үзсэн боловч мөсний хөлдөлт их сийрэг, унжиж хөлдсөн тул шрупп сайн тогтож өгөхгүй байсан тул үндсэндээ авиралтыг top rope /орой дээр нь хамгаалалт тавих/ тавьж авирахаар шийдэж авиралтыг хийсэн. Хүрхрээнд авирах авиралтын салхийг Эрдэнэтийн уулчин ОУХМ С. Бат-Эрдэнэ эхлүүлж дараагаар нь залуу уулчид авиралтыг хийсэн. Мөн Эрдэнэт хотоос ирсэн залуу уулчин Отгоо гэх бүсгүй Улаан Цутгалангийн мөсөнд авирсан анхны эмэгтэй болсон. Авиралтын үеэр мөн мөсөнд авирах тэмцээн зохион байгуулж аваргаа шалгарууллаа. Тэмцээнд нийт баг оролцсоноос Улаанбаатар хотын Г. Жангар ахлагчтай баг түрүүлж шилжин явах цомыг гардан авлаа.  Сүүлийн жилүүдэд Монгол улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нилээдгүй олон санаачлага гаргаж буй бөгөөд бид энэ авиралтыг хийснээр Монголын аялал жуулчлалд нэн шинэ болох нэгэн бүтээгдэхүүнийг бий болгох нэгэн санаачлагыг гаргалаа. Энэ тал дээр Mongolia Expeditions компани гадаад дотоодын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна.  Монгол улсад мөсний авиралтыг Улаан Цутгалангийн, Рашаантын, Бага Түргэний, Гоожуурын хүрхрээнд зохион байгуулах боломжтойгоос гадна Говь Гурван Сайхан уулын Мухар Шивэртийн амны мөсөнд авиралт хийж болох юм. хэрэв та бүхэн өөр мөсөн хана тогтдог газар орон байвал бидэнд газар орны мэдээллийг хуваалцаарай. Монголын өндөр уулын бүсэд Алтай Таван Богд, Хархираа Түргэний уулс, Асгат Түргэний уулсад хавар 3-5 сарын хооронд авиралт хийхэд салхины нөлөөгөөр маш их мөстөлт тогтсон байдаг. Иймд оргилыг эзлэхэд уулчнаас  мөсөнд авирах техник ур чадварыг шаардана. Ялангуяа Алтай Таван Богд уулын Цагаан Суварга оргил, Хархираа Түргэний уулын Цагаан Дэглий оргил нь уулчдаас мөсөнд авирах техник чадварыг шалгасан оргилууд болно. Монголд мөсний авиралтыг хөгжүүлэх боломж өндөртэй үүнд Монголын урт өвөл  хамгийн чухал нөлөөг үзүүлнэ. Нэг санаа хэлэхэд Монголд 10-р сарын сүүлээс 4-р сарын эхэн хүртэлх хугацаанд хиймэл мөсөн ханыг Улаанбаатар хотын төвд Хүүхдийн паркад эсвэл SKY RESORT цанын баазад  байгуулаад, түүндээ мөсний авиралтыг зохион байгуулбал хүүхэд залуус олноор сонирхож, чөлөөт цагаа өнгөрүүлэх өвөрмөц шинэ стил бий болгон хөгжүүлж болох юм. АНУ, АНГЛИ, КАНАД зэрэг улс орнуудад ийм жишээ бэлхэн байдаг. Эхний цугларалт авиралтын үеэр ажиглаж байхад Монголд энэ авиралтыг зохион байгуулах, зааж сургах багш, дасгалжуулагч гэх мэт хүний нөөц нь бэлэн байгаа нь харагдсан. Авиралтын багаж хэрэгсэлээр бага зэрэг дутмаг байсан ч энэ бол шийдэж болох асуудал. Хамгийн гол нь мөсөн хана барих, гэхдээ энэ нь тийм ч их хөрөнгө шаардагдах зүйл биш. Хэдийгээр дээр өгүүлсэн газар орнуудад очоод авирч болох ч Улаанбаатараас их хол тул хөрөнгө мөнгө их орно, тэгээд ч олныг хамарсан ажил болж чадахгүй. Мөсөнд авирах спортыг Монголд хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор MONGOLIA EXPEDITIONS компани, Монголын Уулын хөтөчдийн холбоо хамтран мөсөн авиралтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо. Бидний энэ удаагийн авиралтыг ивээн тэтгэж оролцсон MCS COCA COLA-гийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ авиралтын  санал бодлоо солилцох, цаашид зохион байгуулагдах аялалд оролцохыг хүсвэл бидэнд хандаарай. Info@mongolia-expeditions.com

January 9, 2012

2012 оны анхны дугуйн аялал амжилттай болж өнгөрлөө.

Winter biking in Mongolia
Мөнгөн Өвөл - III дугуйн аялал 1-р сарын 7-ны өдөр болж дугуйчид маань цас мөстэй зам дээр 20 км замыг амжилттай тууллаа. Туул голын мөсөн дээгүүр халиа гүйж замын ихэнхи хэсгийг мөсөн дээгүүр явж тууллаа. Дугуйчдын олонхи нь анх удаа мөсөн дээгүүр дугуйгаар явж үзсэн бөгөөд энэ нь тэдэнд нилээн туршлага суулгасан дугуйн аялал боллоо. Энэ өдрийн аялал эхлэх өглөө -29 хэмийн хүйтэн байсан боловч биднийг дугуйн аялал эхлэх цэг дээр ирэхэд хүйтний эрч суларч -20 хэм болсон бөгөөд дугуйн аялал эхлээд цаг гаран болсны дараа -16 хэм болсон нь дугуй унахад их таатай байлаа. Эхний 7 км замыг туулаад цайны амралт авч халуун аарц ууж амраад цааш явлаа. Өдрийн хоолны цэг хүртэл 9 км замын ихэнхи хэсгийг голын мөсөн дээгүүр явлаа. Замд харзны усанд орж буй хүмүүс, голын мөс цоолон загас барьж буй хүмүүстэй тааралдав. Өдрийн хоол идэж, түүдэг гал асаан амрав. Хоолны дараагаар замын үлдсэн хэсэг болох 4 км замыг дугуйгаар туулж дуусгаад машиндаа сууж Улаанбаатар хотын зүг хөдөлснөөр энэ өдрийн аялал дууслаа.
Зурагчин Ганбаярын авсан зурагнуудыг энэ линкээр орж татаж аваарай, Залуусаа. Цаг заваа гарган хүйтнийг ажралгүй дугуйн аялалд оролцсон та бүхэнд БАЯРЛАЛАА.
http://share.gogo.mn/TGBNrGzE8A47581325954778/Duguin Ayalal.zip

November 8, 2011

Алтай Таван Богд - Хүйтэний оргил 4374 метр

Mongolia Expeditions LLC, Монголын Уулын Хөтөчийн холбоотой хамтран 2011 оны 7-р сард Алтай Таван Богд уулын Хүйтэний оргилд авиралт амжилттай зохион байгууллаа. Бидний энэ удаагийн авиралт Монголд уулын спорт үүсч хөгжсөний 60 жил, Азийн уулчдын цугларалттай давхцсан бөгөөд Алтай Таван Богд ууланд Монголын өнцөг булан бүрээс ирсэн уулчид, Алс холын Балба улсаас ирсэн гадаад уулчид байв. Балбын уулчид дотор Дэлхийн дээвэр Эверестийн оргилд /8848 метр/ 16 удаа гарсан Нямаа Гомбо шерпа ирсэн байв. Ингээд Алтай Таван Богд уулын Хүйтэний оргилд авирсан бичлэгийг үзүүлье.

November 2, 2011

Асгат Түргэний уулын авиралт - Аяллын тэмдэглэл.

Асгат Түргэний ууланд
2011 оны 5-р сарын 6нд. Өлгий хот - Бидний хэсэг нөхөд МУГТ Г.Өсөхбаярын хамт 2011 оны 5-р сарын 7-ноос 12-ны хооронд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгат Түргэний уулсын ноён оргилуудын нэг Нарийний Эхэн уул /4029 метр/-нд авирахаар төлөвлөж, 5-р сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгийд хотод АероМонголиа компанийн Фокер-50 онгоцоор хүрч очсон. Өлгийн онгоцны буудал дээр Б. Бекболат, Агваанданзан, Жаргалсайхан тэргүүтэй Өлгийн уулчид тосч авав. Өлгий хотод очсон даруйдаа Цамбагарав гэж өнгөрсөн жил шинээр нээгдсэн зочид буудалд буулаа. Шинэ байгуулагдсан зочид буудал тул үйлчилгээ сайтай, цэвэрхэн, тун дажгүй байв. Цамбагарав рестораны 2-р давхарт байрлах ресторанд өдрийн хоол идээд аяллын бэлтгэлээ ханган Өлгий хотын дэлгүүр, хүнсний захаар явж хоол хүнсээ цуглуулав. Өлгий хотын орон нутгийн музейг үзэв. Орон нутгийн музей нь төв талбайнхаа зүүн хойд талд, талбайгаасаа ойрхон, 3 давхар саарал байшинд байдаг. Музейн хаалганы урд Баян-Өлгийгөөс төрж төр нийгмийн зүтгэлтэн байна Шымшырын Ногай, аймгийн анхны дарга Б.Хаби нарын 2 хүний хөшөө байна. Музейн үүдний хайсанд түрэгийн хүн чулуу, руни бичигтэй хад байрлуулж тавьсан байна. Орон нутгийн музей нь байгалийн танхим, Баян-Өлгий аймгаас төрж гарсан алдартнуудын танхим, угсаатны зүйн танхим гэсэн гурван танхимтай. Биднийг очиход музейн тайлбарлагч жирэмсэний амралтаа авсан байсан тул музейн зохион байгуулагч Айшагуль тайлбар хийж өгөв. Байгалийн түүхийн танхимд Баян-Өлгий аймагт байдаг ховор амьтан ургамлын чихмэл болон хатаамлыг тавьсан байсан бөгөөд энэ танхимын нэг сонирхолтой үзмэр бол 1990 онд Баян-Өлгий аймагт унасан солир байв. Баян-Өлгий аймгаас төрж гарсан алдартнуудын танхимд Монголын үндсэн хуулийн казах хэл дээрхи эх шилэн хоргонд үзмэр болон хадгалагдаж байдаг юм байна. Энэ үндсэн хуулийн казах хэл дээрхи эхийг Н.Энхбаяр ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт очихдоо казах түмэнд гардуулан өгсөн гэж тайлбарлагч Айша хэлж байв.