Монголд
анх удаа Адал явдалт аялал
жуулчлалын MONGOLIA EXPEDITIONS компани, Монголын
Уулын хөтөчдийн холбоо хамтран
мөсөн хананд авирах уулчдын цугларалт, авиралтыг
Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын Улаан-Цутгалангийн
хүрхрээнд 2012 оны 02-р сарын 11-12 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг
авиралтанд Монгол улсын гавъяат
тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй Улаанбаатар, Эрдэнэт хотын нийт 18 уулчин залуус
оролцож мөсөн хананд авирах техник, туршлагаасаа хуваалцлаа. Хэдийгээр Монголын уулчид ганц нэгээрээ мөсөн хананд авирч байсан ч энэ удаагийнх уулчид хооронд туршлага солилцох анхны нэгдсэн цугларалт байснаараа онцлогтой. Энэ удаагийн цугларалтанд Улаанбаатар, Эрдэнэт хотын залуус оролцсон ч дараа дараагийн авиралтанд өөр олон газраас залуус ирж оролцох байх гэж бодож байна. Мөсний авиралтыг
өндөр уулын мөсөнд авирах, голын хүрхрээний мөсөнд авирах гэж ерөнхийд
нь хоёр ангилдаг. Авиралтын үеэр бид Орхон голын Улаан Цутгалангийн
хүрхрээний мөсөн авиралтын зэрэг ангилалыг тогтоолоо. Улаан Цутгалангийн
мөсөн хананы өндөр 24 метр, 85-90 градус эгц тул мөсөн авиралтын WI5 /water ice/
ангилалд хамааруулж үзлээ. Мөсөн авиралтын ангилал, зэрэглэлийг тогтоосон олон аргууд байдаг бөгөөд Канадын систем нь Монголын нөхцөлд нилээд ойр юм шиг санагдсан. Бид авиралтаа оройн хамгаалалт буюу top rope
тавьж хийлээ. Монголын өвөл их хүйтэн тул мөс маш хатуу, ice axe буюу
мөсний сүх цохиход сайн зоогдож өгөхгүй, мөн мөс их бутарамтгай байлаа.
Дороос шрупп ашиглан хамгаалалт тавин авирч үзсэн боловч мөсний хөлдөлт их
сийрэг, унжиж хөлдсөн тул шрупп сайн тогтож өгөхгүй байсан тул үндсэндээ
авиралтыг top rope /орой дээр нь хамгаалалт тавих/ тавьж авирахаар шийдэж авиралтыг хийсэн. Хүрхрээнд
авирах авиралтын салхийг Эрдэнэтийн уулчин ОУХМ С. Бат-Эрдэнэ эхлүүлж
дараагаар нь залуу уулчид авиралтыг хийсэн. Мөн Эрдэнэт хотоос ирсэн залуу уулчин Отгоо гэх бүсгүй Улаан Цутгалангийн мөсөнд авирсан анхны эмэгтэй болсон. Авиралтын үеэр мөн мөсөнд авирах тэмцээн зохион байгуулж аваргаа шалгарууллаа. Тэмцээнд нийт баг оролцсоноос Улаанбаатар хотын Г. Жангар ахлагчтай баг түрүүлж шилжин явах цомыг гардан авлаа. Сүүлийн жилүүдэд Монгол улс
өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нилээдгүй олон санаачлага
гаргаж буй бөгөөд бид энэ авиралтыг хийснээр Монголын аялал жуулчлалд
нэн шинэ болох нэгэн бүтээгдэхүүнийг бий болгох нэгэн санаачлагыг
гаргалаа. Энэ тал дээр Mongolia Expeditions компани гадаад дотоодын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна. Монгол улсад мөсний авиралтыг Улаан Цутгалангийн, Рашаантын,
Бага Түргэний, Гоожуурын хүрхрээнд зохион байгуулах боломжтойгоос гадна
Говь Гурван Сайхан уулын Мухар Шивэртийн амны мөсөнд авиралт хийж болох
юм. хэрэв та бүхэн өөр мөсөн хана тогтдог газар орон байвал бидэнд газар орны мэдээллийг хуваалцаарай. Монголын өндөр уулын бүсэд Алтай Таван Богд, Хархираа Түргэний уулс,
Асгат Түргэний уулсад хавар 3-5 сарын хооронд авиралт хийхэд салхины
нөлөөгөөр маш их мөстөлт тогтсон байдаг. Иймд оргилыг эзлэхэд уулчнаас мөсөнд авирах техник ур чадварыг шаардана. Ялангуяа Алтай Таван Богд уулын Цагаан Суварга оргил, Хархираа Түргэний уулын Цагаан Дэглий оргил нь уулчдаас мөсөнд авирах техник чадварыг шалгасан оргилууд болно. Монголд мөсний авиралтыг хөгжүүлэх боломж өндөртэй үүнд Монголын урт өвөл хамгийн чухал нөлөөг үзүүлнэ. Нэг санаа хэлэхэд Монголд 10-р сарын сүүлээс 4-р сарын эхэн хүртэлх хугацаанд хиймэл мөсөн ханыг Улаанбаатар хотын төвд Хүүхдийн паркад эсвэл SKY RESORT цанын баазад байгуулаад, түүндээ мөсний авиралтыг зохион байгуулбал хүүхэд залуус олноор сонирхож, чөлөөт цагаа өнгөрүүлэх өвөрмөц шинэ стил бий болгон хөгжүүлж болох юм. АНУ, АНГЛИ, КАНАД зэрэг улс орнуудад ийм жишээ бэлхэн байдаг. Эхний цугларалт авиралтын үеэр ажиглаж байхад Монголд энэ авиралтыг зохион байгуулах, зааж сургах багш, дасгалжуулагч гэх мэт хүний нөөц нь бэлэн байгаа нь харагдсан. Авиралтын багаж хэрэгсэлээр бага зэрэг дутмаг байсан ч энэ бол шийдэж болох асуудал. Хамгийн гол нь мөсөн хана барих, гэхдээ энэ нь тийм ч их хөрөнгө шаардагдах зүйл биш. Хэдийгээр дээр өгүүлсэн газар орнуудад очоод авирч болох ч Улаанбаатараас их хол тул хөрөнгө мөнгө их орно, тэгээд ч олныг хамарсан ажил болж чадахгүй. Мөсөнд авирах спортыг Монголд хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор MONGOLIA EXPEDITIONS компани, Монголын
Уулын хөтөчдийн холбоо хамтран мөсөн авиралтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо. Бидний энэ удаагийн авиралтыг ивээн тэтгэж оролцсон MCS COCA COLA-гийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ авиралтын санал бодлоо солилцох, цаашид зохион байгуулагдах аялалд оролцохыг хүсвэл бидэнд хандаарай. Info@mongolia-expeditions.com
Авиралтын үеэр хийсэн богино хэмжээний бичлэг болон зургийг дороос үзнэ үү.
0 сэтгэгдэл:
Post a Comment