January 25, 2012

ХЭРЛЭН БАР ХОТ

Улаанбаатараас Чойбалсан орох замд (Чойбалсан хотоос баруун тийш 12 орчим км газар) машин замын урд зах дээр тоосгоор барьсан өндөр суврага алсаас сүндэрлэн харагдана. Суврагын дэргэд явж очиход хэрэм бүхий хотын ор байна. Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700м, урд хана нь 1530м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м, зузуаан нь 3-3,5м байна. Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ. Хэрлэн бар хотыг 1955 онд бага зэрэг малтаж шинжилсэн байна. Шинжилгээний ажлыг их хэрмийн дотор байгаа чулуун хэрэм бүхий дөрвөн барилгад зориулсан байв. Бас нэг суврагын орыг мөн малтаж шинжилжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь чулуун хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ. Сүмүүдийн дотроос олон төрлийн хээ угалзаас гадна хүн мал болон луу, зээбад зэрэг юмсын дүрс олон гарчээ. Хэрлэн Бар хот нь 10-11 дүгээр зууны үед байсан Кидан улсаас тус улсын нутагт байгуулсан олон хотын нэг бөгөөд Кидан улсад Бүддийн шашин их дэлгэрч олон лам нар бүхий сүм хийдүүдтэй байсан гэж түүхийн тулгар бичгүүдэд гардгийг батлаж байна. Дээр дуррдсан хот ба сүмийг 1731 онд монголоор явсан хятад жуулчин Гүн-чжи-яо (Хоу-чу-сай-лу) үзэж тэмдэглэсэн байна. Түүний суврага, сүмийн тухай үгүүлсэн зүйлийг малтлагаас гарсан дурсгалууд баталж байна. Киданы энэ хотын суурь түүхчдийн сонирхолыг ихээхэн татах чухал нэг дурсгал тул улсаас эрхэмлэн хамгаалж байдаг болно. гэсэн энэ баримтыг 1959 онд бичиж үлдээсэн нь Шинжлэх Ухааны Академийн хөмрөгт хадгалагдаж байна. GPS солибцол. N 48°3'17.2" E113°21'51.6"

0 сэтгэгдэл:

Post a Comment