November 28, 2010

Шивээт Хайрхан уул, Цагаан голын хадны сүг зураг дурсгал.

Шивээт Хайрхан уул.
Шивээт уулын дурсгалт газрын зураглал
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таван Богд ууланд Шивээт хайрхан уул - д.т.дээш 3349 м. / N49°5.46', E88°10.663'/ гэж бий. Уулын ар бэлээр Цагаан гол, зүүн өмнө талаар Налиа буюу Хар салаагийн гол урсна. Уулын орой дээрээс Алтай Таван Богд уул маш сайхан харагддаг. Шивээт хайрхан уул руу баруун бэл дэх Янгирт нуурын талаас авирвал амархан гарна. Уулын оройгоор янгир ямаа бэлчээрлэн явах нь олонтаа тохиолддог. Уулыг тойрч явганаар аялаарай. Уулын өвөр бэлд айлын өвөлжөө дөрөв бий. Өвөлжөөнүүдийн арын гялгар хүрэн хадан дээр хадны сүг зураг / N49°07.400', E 88°11.703'/. дүрслэл элбэг. Тахилгат Шивээт хайрхан уулнаа шинээр олдсон хадны зургийн цогцолборыг эрдэмтэн судлаачид (1996, 1998, 2000, 2001, 2003, 2004 онуудад) судалсан. Уул тахих заншил нь мянга мянган жилийн тэртээ үүсэж бидний энэ үеийг хүртэл хадгалагдаж ирсний нэг илрэл бол зарим уулыг амьд бүхний амьдрал болон үхлийг эзэгнэгч "хайрхан" хэмээн хүндэтгэн биширдэгт оршино. Шивээт хайрхан уулын зүүн талд байрлах том овоо ч бас үүний нэг илрэл юм. Уг уул нь Хар салаа, Цагаан салаа хэмээх хоёр гол Монгол Алтайн хамгийн том Ховд голын зүүн салаа болох Цагаан гол болон нийлдэг бэлчирээс холгүй байдаг.
Шивээт хайрханы хадны зураг.
Шивээт хайрханы хадны сүг зураг дүрслэлд дайн байлдаан дүрсэлсэн сонирхолтой олон зураг байдаг. Энд хуягласан морьтой хоёр цэрэг өөд өөдөөсөө жад барин тулж байгаа болон тэдний дунд нэг нум сум барьсан харваачийг дүрсэлсэн зураг байдаг. Иймэрхүү зураг дүрслэлийн монголоос олдсон хамгийн эртний ч зураг энэ байж болох юм. Энэ зураг дүрслэлтэй адил агууламжтай нэгэн зураг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын Харганатын хаднаа хөө хуягласан морьтой цэргүүдийг дүрсэлсэн байдаг. Энэ зураг нилээд хожуу үе буюу Нирун улсын үед холбогдох зураг юм. Энэ мэт сонирхолтой агууламж бүхий зураг энд олон бий. Цагаан гол, Шивээт хайрханы хадны сүг дүрслэлд 10.000 сүг зураг бий гэдэг. Хүрлийн үед холбогдох буган чулуу /N49°67.406', E 88°12.783'/ бий. Шивээт хайрхан уулын баруун хойд бэл, Цагаан голын урд талын дэвсэг дээр /N49°7.393', E88°15.118'/ түрэгийн хүн чулууны /VI-VIII зуунд холбогдох/ цогцолбор бий.

Түрэгийн хүн чулуу


0 сэтгэгдэл:

Post a Comment