November 28, 2010

Хэвтээ Босоогийн агуй.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан Суварга гэж нэг үзэсгэлэнт газар бий. Түүний ойролцоо нэгэн агуй байдаг. Уг агуйг Хэвтээ Босоогийн агуй гэж нэрлэх бөгөөд Монгол оронд мэдэгдээд буй элэгдэл эвдрэлийн гаралтай агуйнуудаас хамгийн том юм. Уг агуй нь наанги шаварт уруйн усны элэгдлээр үүссэнээрээ агуй судлаачдын сонирхолыг татдаг бөгөөд Э. Авирмэд докторын тодорхойлсноор 102 метр урт, 204 м/кв талбайтай томоохон агуй юм. Хэвтээ Босоогийн агуйг Цагаан Суварга руу явж байгаа хүмүүс их очиж үздэг бөгөөд Цагаан Суварга гэр баазын чанх ард байрлана, агуй хүрсэн машин замтай. Агуй нь хоёр амтай. Хойд амаар нь орвол явган сууж явах боломжтой бөгөөд цааш явсаар их танхимд орно. Их танхимд хүн босоороо чөлөөтэй явах боломжтой. Агуйд сарьсан багваахай олон тоогоор байлаа. Агуй нь үндсэн ганц хонгилтой бөгөөд салаа салбар байхгүй. Наанги шаварт усны элэгдлээр үүссэн тул тоосжилт ихтэй байдаг.GPS солибцол: N44.5943°, E 105.7921° д.т.дээш 1191 метрт оршино.

0 сэтгэгдэл:

Post a Comment