March 25, 2011

Дэл Хөнжилийн уулын хадны зураг

Дэл уулын хадны зураг
Дундговь аймгийн Өлзийт сумын хуучин Тагт бригадын нутагт 25 км орчим сунаж тогтсон Дэл уул хэмээх жижиг нуруу бий. Эл нурууны зүүн бэлээс өгсүүлэн оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай. Зурагнууд нь билүү чулуут хадны бараа өнгөнөөс бараг ялгагдамгүй. Нурууны олон зуун зурагтай хаднаас харьцангуй баялаг зурагтай гурван уул бий бөгеөд Д.Дорж, Э.А.Новгородова нар эдгээр уулыг Дэлийн зүүн билүү 1,11,111 хэмээн дугаарлаж өөрсдийн бүтээлдээ нийтэлжээ. Зурагнуудын дотор янгир, морь, морь унасан хүн, тэмээний зураг бусдаас харьцангуй олон. Мөн хүн амьтан, шувууд, могойны зураг ч байдаг. Хаданд дүрслэл үйлдэхдээ олон янзын арга хэрэглэсэн агаад голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах аргыг хэрэглэжээ. Энэ цогцолбор дурсгал ерөнхийдөө хэд хэдэн онцлог шинжтэй. Энэ нь нэгдүгээрт, зурагнууд нь он цагийн хувьд харилцан адилгүй, нэг хэв загварын биш. Хоёрдугаарт, хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн нь тод харагдана. Онцолж нэгийг дурдвал гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авахуулан нэгэн урт зүйл унжсан хүний зураг байдаг. Ийм дүрслэлтэй зураг манай орны хадны зураг дотор ер нь тааралддаггүй билээ. Гуравдугаарт, өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүний зураг. Дөрөвдүгээрт, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүний зураг. Тавдугаарт, хүн, мал, янгир, ан амьтдын зураг гэрийн тэжээмэл амьтдыг бодвол харьцангуй их байна. Одоо ч энэ нутагт хулан, зээр гэх мэтийн зэрлэг ан амьтад элбэг билээ. Зургаадугаарт, зарим нэгэн амьтдын хөлийг дээш нь харуулан зурсан байгаа нь магадгүй үхсэн гэсэн санааг агуулсан байж болох. Долдугаарт, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгнүүд сонирхол татдаг. Тухайлбал тэмээний хоёр бөөн дор юмуу янгирын дээр, могойн толгойн дээр, доор гэх мэт. Наймдугаарт, хүрэл зэвсгийн үеийн улаан зосон зурагны дугуй болон дөрвөлжин хүрээний дээр байдаг далавчаа дэлгэсэн бүргэдтэй адил жигүүртний зураг байгаа нь ихээхэн сонирхол татна. Дэлийн зүүн билүүгийн хадны олон зургууд нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үеэс аван төмрийн түрүү үе, цаашилбал Х.Т-ын II зууны үед ч холбогдож болохыг судлаачид тогтоожээ.

Холбогдох ном зохиол: 
Д.Дорж, Э.А.Новгородова. Петроглифы Монголии. УБ., 1975, 30-31-ртал.
 Дэл уулын тухай нэвтрүүлэгийг  доорхи бичлэгээс үзнэ үү.


Үргэлжлэлийг дороос үзнэ үү.
Дэл Хөнжилийн уул1
Дэл Хөнжилийн уул2
Дэл Хөнжилийн уул3
Дэл Хөнжилийн уул4
Дэл Хөнжилийн уул5

0 сэтгэгдэл:

Post a Comment