Баруун гараа тохойгоороо бага зэрэг нугалан зүүн гарын доогуур зөрүүлж дэрэвгэрдүү амсартай, цүлхэн бөөртэй, бөөрөнхий ёроолтой жижиг ваар барьжээ. Барьсан байдлыг харахад уг бөөрөндөө бариултай бололтой. Хоёр гарт тус бүрд нь дөрвөн хурууг дүрсэлсэн баруун гарын ханцуйн хязгаар мэдэгдэнэ. Хоёр гарын бугалгын дотор талын зураасыг цээжний өмнө гурвалжин өнцөг гарган нийллүүлжээ. Дээлийн зах мэдэгдэхгүй бөгөөд хоёр мөрөнд тус бүр дугуйрсан ороомог хэлбэрийн зураасаар хээ гаргажээ. Тохойн зураасын хоёр үзүүрийг яг тохой дээр нь мөн дугуйруулан дүрсэлсэн байна.
Хонхор нарийн зураасаар бүс гаргаж, бүснээс доош чанх өмнө нь гарын чагтан балтаг бүхий шулуун сэлмийг хоёр оосроор, бариулыг нь зүүн тийш хандуулан зүүжээ. Зүүн ташаанд нь саадаг зүүжээ. Тэдгээрийн дор эмээлтэй хоёр морь хөтлөн, сөхрөн суусан хоёр хүний дүрсийг сийлжээ. Нэг морийг хамгийн доод талд толгойгоо баруун тийш хандуулан зогсож байгаагаар, морь хөтлөж буй хүний өөдөөс харан сөхөрч суусан ба цулбуур нь доош дугуйран унжжээ. Нөгөө морины хойд хөл энэхүү морины толгойн орчимд байх ба толгой нь сэлэмний доохно талд байна.
Морь хөтөлсөн хүн мөн морины өөдөөс харж сөхрөн суусан ба морь, хүн хоёрын дунд хөвчлөөгүй нум мэт махир зүйл өөр нэг шулуун зүйлтэйгээр огтолцон зөрж байгаагаар сийлжээ. Энэ бүх зураг дүрслэл нь хөшөөний нүүрэн талд сийлсэн агаад ар болон хажуу талд нь ямар нэгэн дүрслэл үгүй болно. Газраас дээш цухуйж буй чулууны өндөр нь 1.32 м, мөрний өргөн 0.46 м, Зузаан нь 0.15 м байна. Хүн чулуунаас зүүн урагшаа азимутын 119 хэмд 21 зэл чулууг 150 орчим метр зайд цувруулан зоосон ба чулуунууд нь баруун гар тийшээ яльгүй дугуйрч төгсгөл нь зүүн гар тийш даялан эргэжээ. GPS солибцол. N 49°23'56.6", E088°38'40.6"
Ашигласан материал: Монгол Алтайн Археологийн дурсгалууд - I
0 сэтгэгдэл:
Post a Comment