Төвөдийн Лхас хотын төв Потала ордоныг үзэж сонирхож явахдаа, тус ордны өнгө будгийн талаар сонирхолтой нэг зүйл олж мэдсэнээ хуваалцаж байна. Потала ордон нь зөвхөн архитектурын гайхамшиг бус, Төвөдийн бурхан шашны гүн утга, сүсэг бишрэлийн илэрхийлэл болдог ариун шүтээний төв билээ. Энэхүү ордон нь “дэлхийн хамгийн амтлаг ордон” хэмээн алдаршсан нь түүний сүр жавхлант төрхийг хадгалахын тулд жил бүр хүнсний гаралтай, байгалийн орц бүхий тусгай шохойгоор ханыг нь будаж шинэчилдэг эртний уламжлалтай холбоотой. XVII зуунаас эхтэй энэхүү ёслол маягийн үйл ажиллагаа нь 300 гаруй жилийн түүхтэй, зүгээр нэг засварын ажил биш, харин ордны ариун оршихуйг сэргэн мандуулах, сэтгэл ба бодит ертөнцийн цэвэр ариуныг бэлгэдсэн шашны зан үйл юм. Шохойг хийхэд сүү, зөгийн бал, цагаан болон бор элсэн чихэр, сафран зэрэг “цэвэр” буюу тэнгэрлэг чанартай хүнсний зүйлсийг өнгөт шохойн чулуугаар хольж, цагаан, улаан, шар өнгийн давхаргаар бүрдэг нь Төвөдийн шашныг илэрхийлдэг гэрэл, нигүүлсэл, ухаарлын өнгөнүүд юм. Энэ будгийн цаад утга нь бурхдын лагшин, үнэн номын чанар, сэтгэлийн гэрэлт төлөвийг бэлгэддэг бөгөөд ордныг будах явц нь зөвхөн будах,өнгө сэргээх ажил биш харин ариун дадлага, буяны жил гэж ард түмэн итгэдэгт оршино. Ордныг будахдаа ном уншиж, маань тарни тоолж, эрдэмтэй лам хуврагууд үйл ажиллагаанд оролцдог нь үүнийг гүн сүсэглэл бүхий зан үйлийн хэлбэр болгож өгдөг.
June 15, 2025
June 13, 2025
ТӨВӨДИЙН ЧАНГ БУЮУ БАРАШКА
Төвөд орноор аялж явахдаа нэгэн хийдийн гадаа нутгийн мөргөлчидтэй уулзаж барашкатай адил амттай ундаа уусан нь ЧАНГ (ཆང་) байлаа.
Чанг нь Төвөд, Балба, Ладакийн уулын ард түмний дунд өргөн хэрэглэгддэг уламжлалт исгэж гаргасан согтууруулах ундаа юм. Арвай, буудай, бор будаагаар хийдэг. Нутгийн хүмүүс хүйтэн өдрүүдэд халааж хэрэглэдэг, уулын хүйтэн цаг уурыг даван туулахад тустай гэж үздэг ундаа юм. Спиртийн төрлийн ундаа ч хүйтэн лаг л даа. Нутаг нутагт өөр өөрөөр нэрлэнэ: Лимбу нар тонгба, Лепча нар чи, Балбад жаар эсвэл жанд гэж нэрлэдэг. Хулсан саванд хийж гуурсаар уудаг энэ ундаа нь зөвхөн согтууруулах төдийгүй соёл, ёс заншлын бэлгэ тэмдэг болдог. Чанг нь ханиад, ядаргаа тайлах, сэтгэл ариусгах үйлчилгээтэй гэж үздэг ба ардын домогт алмас хүртэл чанг уухаар тосгон руу ирдэг хэмээн өгүүлдэг. Төвөдүүд чанг уухдаа хүндэт зочиндоо гурав дараалан өгдөг нь таалагдсан. Гуулин саванд хийсэн чангаа мөгөн аяганд аягалж шар тос нэмээд өгнө. Зарим нь бүр арвайн гурил нэмж өгдгийн билээ. Мөн уух бүрдээ ерөөл тавьж, сэржим өргөж уудаг нь Монголчуудтай адил санагдсан. Ер нь сэржим өргөх заншил нь Монголынх юм уу Төвөдийнх юм уу бүү мэд.
Төвөд айлд зочлоход сайхан хоол ундаар дайлж, чангаа өргөн барьдаг юм билээ. Чангаа өгөхдөө зочиндоо дуу дуулж өгдөг нь сайхан санагдсан. Төвөд нутгаар аялж ЧАНГ уух сайхан юм билээ.Чанг уусан хүмүүс инээж хөгжилдөн аяллын уур амьсгал_ нутгийн иргэдийн хоорондын харилцааг ойртуулж дулаан сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. та төв суурин газруудаас лаазласан, савласан ЧАНГ аваад ууж болно 3-5 юань үнэтэй. Мөн айл айлын чанг өөр өөр амттай байдаг тул айлаар зочилж ориг чанг олж уусан дээр гэж зөвлөх байна.
Та уулын оронд очихдоо халуун чанг амсаж үзэхийг мартуузай — энэ бол зөвхөн уух зүйл бус, түүх, уламжлал, итгэл үнэмшлийн салшгүй нэгэн хэсэг юм.
Subscribe to:
Posts (Atom)