October 29, 2010

Юм бэйсийн хүрээ - Амарбуянтын хийд.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт N44°37.745' E 98°42.214'  GPS солибцолд Шинэжинст сумаас баруун тийш 47 км орчим зайд Амарбуянтын хийд оршино. Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд нь 250 жилийн тvvхтэй. Тус хийдийг Манжийн Тэнгэрт тэтгэсэн хааны 15-р он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх хүрээг үүсгэн, Цогчин дуган байгуулжээ. Энэ хийд Монгол орны баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв. 1904 онд 13 дугаар ДАЛАЙ лам Лхасаас Өргөө орох замдаа Амарбуянтын хийдэд 10 өдөр тухлан саатаж байсан тухай мэдээ бий. Далай лам энд байх хугацаандаа лам нарт хичээл зааж байсан бөгөөд Бор хайрхан уулын өвөрт шинэ цогчин дугана барихыг зөвлөж, хийд барих газрыг зааж шав тавьсан байдаг. Уг шавын чулууг энэ хийдэд очвол үзээрэй.
Хийдээс холгүй Шар хулсны баянбүрдэд Далай ламын овоо гэж нэгэн овоо бий бөгөөд овоонд нутгийн олон, хол ойроос ирсэн зочин гийчид зориуд очиж мөргөн сүсэглэж байдаг. Үүнээс гадна нэг сонирхолтой баримт дэлгэхэд, нэрт зураач Николай Рерих 1927 оны 4-р сард эхнэр Еленагийн хамт энд ирж байсан байдаг.  2001 оны євєл МУ-ын ерєнхийлєгч асан Н. Багабанди Амарбуянтын хийдэд зочилж, Энэтхэгийн Будгаяд бvтээлгэсэн Дарь- Эхийг залсан байдаг.

October 28, 2010

Монгол тахь - Пржевальскийн адуу

Тахь
Монголын говьд дэлхийд ховор сонин амьтад олныг үзэж чадна. Түүний нэг нь говийн зэрлэг адуу - тахь юм. Тахийг одоогоос зуу гаруй жилийн тэртээ оросын газарзүйч, судлаач Н.М.Пржевальский Төв Азиар судалгаа хийж явахдаа монгол нутгаас зэрлэг адууны арьс, гавлын яс олж олж аваачсаныг Оросын шинжлэх ухааны академийн зоологийн музейн ажилтан И.С.Поляков 22 зүйлийн битүү туурайтан амьтантай харьцуулаад шинэ зүйл гэдгийг 1881 онд тогтоожээ. Ийнхүү тахь шинжлэх ухаанд бүртгэгдэж, Пржевальскийн адуу гэгдэх болжээ. Тахийн төрх байдлын талаар оросын нэрт судлаач Г.Е. Грумм-Гржимайло тодорхойлохдоо: " Зэрлэг адуу тахь нь тэгш тал, цөлийн амьтан бөгөөд шөнийн цагт бэлчээр, ус руугаа зорьж өдөр болохоор цөл говьдоо эргэж ирдэг. Голдуу цувж явах бөгөөд үргэхдээ ч цувж давхилдах учир байршдаг нутагт нь газар сайгүй тод жим гарсан байдаг. Цангинатал янцгаах, хамраа тачигнуулан дуугарах нь монгол адуутай нэн төстэй амьтан" гэжээ. Тахь хэдийгээр монгол адуутай төстэй боловч босоо дэлтэй, шингэн сүүлтэй, согсоо сагаггүй, бараан өнгийн бидэртэй, ухаа хонгор зүстэй зэрэг содон шинжүүдтэй байдаг. Идэш тэжээлийн хувьд говь цөлийн шаваг, бударгана, баглуур, зээргэнэ, тэсэг, хялгана зэрэг өвс ургамал иднэ. Зундаа 3-4 өнжөөд усанд ирдэг. Тахь одоогийн монгол адууны холын өвөг гэж нэг үе ярьдаг, дуулдаг, ойлгодог байлаа. Тахь, монгол адууны генетикийн судалгаар тахь 66 хромсомтой, монгол адуу 64 хромсомтой болох нь батлагдсан байна. Нэгэн үе монголын хээр талд азарга азаргаараа давхилдаж байсан тахь 1960-аад он гэхэд Монгол нутагт бүрмөсөн устаж үгүй болсон байна. Хамгийн сүүлд 1957 онд тахийг Тахийн шар нуруунд харсан гэж яригддаг л байлаа.

Оросын газарзүйч, судлаач Н.М.Пржевальскийг зэрлэг адуу нээлээ гэсэн мэдээ Европ, Америкт тэр дороо л тархлаа. Ховор амьтан цуглуулах хоббитой, чинээлэг газрын эзэд энэ адууг өөрийн болгох сонирхол өндөр байлаа. Ийм нэг хүсэлтэй хүн бол Оросын Аскана Новагийн газрын эзэн Фредрих фон Фалц-Фейн байлаа. Фалц-Фейний хүмүүс Монголын нутагт 1897 онд тахийг барьж авахаар зорин ирсэн боловч барьж чадалгүй хоосон буцжээ. Нас бие гүйцсэн тахь маш сонор соргог, үргэмтгий байсан тул тэд дараа жил нь ирэхдээ тахийн унагыг барих зорилготой ирээд хоёр унага авч явжээ. Гэвч Фалц-Фейн хоёр унагаа хонины сүүгээр тэжээсний улмаас болоод үхчихжээ. Фалц-Фейн 1899 онд Монголд ирж тахийн долоон унага барьж аваад нутаг буцсан боловч дөрөв нь л Аскана Новад хүрч чаджээ. Тэрээр унагануудаа нутгийн адууны гүүнд амлуулжээ. Тэрээр Монгол нутгаас тахийн унага барих төсөлдөө бараг 10000 рубль зарцуулжээ. Тэр үед монголд нэг рубль 300 орчим кг цай худалдан авах үнэ байлаа. Фалц-Фейн тахийн нэг байдасыг / бага настай гүү/ оросын хаан Николай-II -т бэлэглэжээ. Гэвч тэр байдас нь үхчихжээ. Хожим хаан түүнд нэг азарга бэлэглэсэн байдаг. Фалц-Фейн мөн 1900 онд хоёр унага барьж Москвад хүргүүлсэн байдаг.
Бедфордын гүн Лондонгийн амьтдын нийгэмлэгийн дарга Хамбургийн амьтаны наймаачин Карл Хагенбекээс тахь худалдан авахыг хүсчээ. Үүний дараа европ америкийн амьтан сонирхогчдын хүсэлтээр Хагенбек 1901 онд Монголоос 51 унагыг барьж Европ руу авч явсан боловч 28 нь унага л хүрчээ.
Эдгээрийн 12-ыг нь Бедфордын гүн Уобурн дэхь эдлэндээ авчээ. Хоёрыг нь Халле рүү, хоёрыг Берлин рүү, хоёрыг Голланд руу заржээ. Мөн хоёр унага нь Цинцинатти-гаар дамжиж хожим Нью-Йоркт иржээ. Үлдсэн унагануудаас хоёрыг Лондон руу, хоёрыг Манчестр рүү, нэгийг Парис руу зарж гурван унага л Хамбургт үлджээ. Энэхүү том наймааны дараа Карл Хагенбек хоёр жил дараалан нилээд олон тооны унагануудыг барьж европт аваачсан боловч ихэнхи унага хол зам, хүнд хэцүү нөхцлийг даасангүй ээ, ердөө 14 унага л хүрч чадсан юм. Европчууд Монголоос авч явсан унагануудаас ердөө 53 унага Европ тивд хүрсэн байдаг.
Чухам дээрхи наймааны үрээр гадаадын зоопаркуудын тахь 1992 онд Монголд эргэн ирсэн. Өдгөө Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал гээд гурван газар нийт 300 гаруй тахь өсөн үржиж байна. Тахь нутагшуулсан түүхийн талаар дараагийн удаа нийтлэнэ.
Монгол оронд тахь сэргээн нутагшуулах ажилд Голланд улсын иргэн Ян Баумин болоод ХБНГУ-ын иргэн Христан Освальдын сан үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

Ноён уулын булш - Ноён уулын олдворууд.

Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм.  Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг.  Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв.  Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ.  Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ.  Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү, Хан гүрэн хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.
Түүхэнд нэрээ дуурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм.  Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ.  Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон.  Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий.  Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай.  1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ.  Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ.  

Хэрмэн цав

Хэрмэн цав - Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тосон Бумбын нурууны салбар уул Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт Ингэн Хөөвөрийн хоолой руу хандсан 10 гаруй км урт үргэлжилсэн 100-200 метр гүнзгий жалгатай мөргөцөг юм.  Хэрмэн цав нь  нар салхи, усны элэгдлийн үйл ажиллагааны улмаас үүсч бий болжээ. Хэрмэн цав нь Монголын говийн нэгэн гайхамшигт тогтоцын нэг бөгөөд хэрмэн цавыг үзэх хүсэлтэй жуулчдын тоо жил ирэх дутам өсч байна. Хэрмэн цав нь Ингэн хөөвөрийн хоолойн үзэсгэлэнт баянбүрдүүдийн нэг юм.  Хэрмэн цав дунд байх баянбүрдэд хулан, чоно зэрэг амьтдын мөр элбэг таарч байлаа.  Хэрмэн цав руу аялах нь анхандаа Монголын аялал жуулчлалын хэцүү бэрх, айдас төрүүлсэн чиглэлүүдийн нэг байлаа.  Анх 1999 онд бид Хэрмэн цав руу явж байхад зам байхгүй, цул элсэн дундуур явдаг, машин тэрэг эвдэрвэл бараг амь гарахгүй айл амьтан байхгүй мэтээр л нутгийнхан ярьдаг байв.  Анхны аяллын үед бага зэрэг айдас төрж байлаа.  Нутгийнханы ярьсан зүйлс бас ч оргүй хоосон зүйл байгаагүй юм.  Хэрмэн цав руу явсан зам гэхээр юм ч байсангүй, сайр жалга, дов толгодыг даван элсэнд суух үедээ сууж байж хүрсэн. Түүнээс хойш олон удаа очсон. Одоо ч энэ байдал нь хэвээрээ л байна.  Зундаа жуулчид их очдог болсон тул Хэрмэн цав руу тод замтай байдаг.  Харин хавар эрт зам гэхээр юм байдаггүй. Энэ нь салхи шуурганы улмаас замууд нь элсэнд дарагдаж алга болдог.  Хэрмэн цав руу очиход Зулганайн баянбүрдээс Хайчин уулыг чиглэн явж очиж болно.  Нөгөө нэг зам нь Наран даацаас Шаригийн Сондог уул хүрээд ертөнцийн зүгээр баруун хойш чиглэн явж хүрч болно. GPS солибцол N43°27'9.4", E99°51'33" оршино.  Хэрмэн цав руу аялах үедээ  та бүхэн  ус болон хоол хүнсний нөөцөө сайн базаах хэрэгтэй шүү,  Хэрмэн цав орчимд 30-40 км-т ганц айл байхгүй.  Ус байгаа хэдий ч уух аргагүй байдаг.  Эхний айлууд Шаригийн Сондог уулын ар бэлээр, мөн Наран даац орчимд л байгаа.

Алмас - Хүн гөрөөсний тухай баримтууд

Хүний үүсэл хөгжлийн талаар эрдэмтэд өнөөг хүртэл судалсаар ирсэн билээ. Түүний дотор алмас буюу хүн гөрөөсний тухай ам дамжсан яриа хөөрөө дэлхийн олон улс оронд байдаг билээ. Алмасны тухай эрт эдүүгээгийн олон ном сударт дурдагдсан байх юм.  Алмас бол хүн үүссэг цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрхт нэгэн зүйлийн  зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг.  Эртний дорно дахины судар шастирт алмасыг " сан шин" " рийдэг саншин" гэж тэмдэглэсэн байх ба энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна.  Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа.  
Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны талаар мэддэг ард түмэн байжээ.  Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм.  Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд тэрээр гурванч удаа алмасыг харсан гэдэг.  Равжир өөрийн судалгааны ажилын үр дүнгээ нэгтгэн "Алмас сурвалжилсан тэмдэглэл" " Энэ хүн мөн үү" хэмээх ном хэвлүүлсэн байдаг.  Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын ШУА түүн дотор академийн ерөнхийлөгч Б. Ширэндэв, Б. Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ.  Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг.

Олгой хорхой - Олгой хорхойн домог

Монголын их говийн элсэн манхан, тарамцагт амьдардаг олгой хорхойн тухай домог яриа өнө эртнээс ам дамжигдан яригдаж бидний үеийг хүрсэн ч учир битүүлэг хэвээр л байна.  Олгойн хорхой үнэхээр байдаг уу, эсвэл энэ зүгээр нэг хүний санаанаасаа зохиосон зүйл үү гэдгийг шинжлэх ухаан баталж чадаагүй л байна.  Энэ амьтны сонирхон судалж байсан зарим нэгэн мэдээ сэлт, баримтуудын талаар товчхон өгүүлье.
1924 онд оросын судлаач В.А.Казакевич нэгэн тэмдэглэлдээ"Олгой хорхой байдаг нь сургаар мэдэгдэж байна. Би бүр зориуд хайсан боловч амжилт олсонгүй.  Энэ амьтаны талаар нутгийн хүмүүсээс мэдээ сэлт цуглуулсан бөгөөд аман яриагаар газар нүхэлж ордог говийн элсний аварга могой бөгөөд говийнхон энэ могойг маш хортой хэмээдэг бөгөөд ухаангүй айдаг" гэж тэмдэглэжээ.

1930-аад онд Монголд ажиллаж байсан ЗХУ-ын эрдэмтэн судлаач А.Д.Симуков аян замын тэмдэглэлдээ нэгэн сонирхолтой баримт үлдээсэн байх юм: " Олгой хорхой гэдэг нь Заг Сүүжийн говьд байдаг ердийн амьтан.  түүний тухай хүмүүс ч их ярьдаг, мөн их айдаг.  Энэ амьтан нь голдуу борооны дараа, газар нойтон байх үед газрын гадарга дээр гарч ирдэг...гэрт бол голдуу хувин савны доор, чийгтэй газар гарч ирнэ...  өнгө нь хоргой цагаан өнгөтэй", гэж тодорхойлжээ."Олгой хорхойг одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа хэвлээр явагч хоёр нутагтан буюу аварга өт юм.  Загтай халуун хоолойд л тааралдана. Газар дор амьдардаг.  Хамгийн том нь гарын бугуй шиг бүдүүн, урт нь бараг нэг метр хүрнэ. сүүл тийшээ нарийсдаггүй, цавчигдсан мэт мухар. Толгойг нь олох амаргүй" гэж бичиж үлдээжээ.

Гэхдээ дээрхи мэдээ сэлтийг үлдээсэн эрдэмтэн судлаачдын хэн нь ч олгой хорхойг биеэр үзээгүй байдаг.

Бүргэд - Зоригт анч бүргэдийн тухай.

Монголд 19 багийн, 60 овгийн, 200-гаад төрлийн 458 зүйл жигүүртэн байдаг. Эдгээрийн томоохон төлөөлөгчийн нэг нь махчин шувууд. Махчин шувуудыг дотор нь өдрийн ба шөнийн идэвхтэй гэж хоёр хуваана. Өдрийн махчинд шонхор хэлбэртний баг, шөнийн махчинд шар шувуу хэлбэртний баг ордог.  Махчин шувуудыг дотор нь шонхортны, харцагатны, явлагтны гэсэн гурван овог болгоно. Бүргэд нь шонхортны багт багтдаг ажээ. Монгол нутагт Цармын, таравжи, бор, хан гэсэн дөрвөн төрлийн байдаг. Цармын болон таравжи бүргэд нь монгол нутагт байнга байдаг. 
Цармын бүргэд далайн түвшнээс дээш гурваас дөрвөн мянган метрийн өндөрт, ихэвчлэн өндөр, эгц цавчим уул хадтай, хүн хүрч чадахааргүй газарт үүрээ засдаг.  Харин таравжи буюу талын бүргэд 1500-2300 метрт багавтар асга хадтай газар заримдаа тал дээр ч үүрээ зассан байдаг. Yүрээ барихдаа энэ хоёр бүргэд өөр өөр зүйлийн материал ашиглана. Цармын бүргэд голдуу модний мөчир ашигладаг бол талын бүргэд үс ноос, өвсөөр үүрээ засдаг. Шувуудын дотор хамгийн цэвэрч нь цармын бүргэд, үүрээ тойруулаад байнга цэвэрлэгээ хийж байдаг.  Таравжи буюу талын бүргэд насан туршдаа нэг л үүртэй байдаг бол цармын бүргэд доод тал нь хоёр үүртэй байна.  Цармын бүргэд нь 1,5 км орчим зайтайгаар хэд хэдэн үүр барина. Эм бүргэд эдгээр үүрнүүдээс сонгож өндөглөнө. Хэрэв ангаахай нь ямар нэгэн шалтгаанаар эндэж, үхвэл тэр үүрэндээ дахиж хэзээ ч өндөглөдөггүй.  Үүрийг нь ашиглан бүргэдийн насыг тодорхойлж болдог ажээ. Бүргэд жил бүр үүрээ нэг давхар модон үеэр давхарладаг тул үүгээр нь  мэдэх боломжтой.  Бүргэдийн үүр болгон хоол идэх тавцантай.

Алтай Таван Богд - Алтай Таван Богд ын аялал

Алтай Таван Богд - Монгол нутгийн алс баруун хязгаар Алтай нуруунд орших мөнх цаст сүрлэг оргилыг Алтайн Таван Богд гэж Монголчууд эрт үеэс нэрлэн тахин шүтэж иржээ. Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилууд байдаг.  Хүйтэний оргил нь Монгол нутгийн  хамгийн өндөр цэг - 4374 метр.  Алтай Таван Богд ууланд авирахаар жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс уулчид зорин ирдэг.  Монгол улсын уулын аяллын гол чиглэлүүдийн нэг юм.  Алтай Таван Богд уланд жилийн дөрвөн улирлын туршид авирах боломжтой ч хамгийн тохиромжтой үе нь 7-р сарын 15-наас - 9 сар хүртэлх хугацаа юм.  Энэ хугацаанд уул хамгийн тайван, цаг агаар тогтуун, мөсөн гол дээрхи ангалуудыг хараад тодорхойлж болохоор байдаг.  Энэ үед хамгийн олон уулчид авиралт хийхээр ирдэг.   Таван Богдын цаг агаар  нэг өдрийн дотор жилийн дөрвөн улирлыг ч үзүүлж чаддаг өвөрмөц цаг агаартай.  Нар шарж байгаад цас, бороо орно дахиад л нар шарна.  Бид аялал жуулчлалын Монголиа Экспедишнс компаниас зохион байгуулдаг уулын аяллаар Хүйтэний оргилд авирахаар явсан.  Та линк дээр дарж бидний аяллын маршруттай танилцаж болно.  Алтай Таван Богд ууланд МУ-ын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр тэргүүтэй төрийн удирдлагууд авирснаас хойш Монголчууд энэ ууланд авирахаар зорин ирэх тоо ихэссэн.

Дэмчигийн хийд - Дэлхийн Энергийн Төв.

Дэмчигийн хийд
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт  Галбын байц хадан ууланд Дэмчигийн хийдийн туурь оршино.  GPS солибцол - N 43°07.664'  E 107°07.690'.  Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч, их яруу найрагч Данзанравжаа 1820-1830 оны хооронд говийн догшин ноён хутагт Равжаа улааны урсгалын Галбын гурван хийдийг Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд байгуулахдаа "Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай  уул" хэмээн магтан бичиж үлдээсэн байна.  Энэ гурав нь Дэмчигийн, Ритийн, Цагаан тол­гойн хийдүүд юм.  Ханбогд сумын нутагт 30 км диаметрт, зөв эргэлтийн соронзон туйлтай, түүгээрээ энерги ялгаруулдаг тойрог газар байх бөгөөд гол цэг нь Дэмчигийн хийдийг үздэг. Үүнийг шинжлэх ухаан хараахан батлаагүй ч энэ цэг дэлхийн энерги авдаг төв байж болох баримтыг судлаач, эрдэмтэд  үгүйсгэдэггүй.   Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, шинжлэх ухаанаар  яг батлагдаагүй ч гэсэн нутгийн хүмүүс, энэ тухай сонссон хүмүүс  эерэг энерги  хуримтлуулахаар Дэмчигийн хийд рүү очсоор байна.Дэмчигийн хийдийн хажуу хадыг нутгийнхан дэлхийн энергийн төв цэг, энерги авдаг цэг  гэж итгэдэг.  

Монгол орны зарим томоохон нуурууд.

Монгол оронд 67000 км урттай 3811 гол горхи, 500 м 3 эзэлхvvнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м2 талбай бvхий 190 гаруй мєсєн гол 300 шахам рашаантай бєгєєд газрын доорхи усны 139 орд газар байдаг байна.
Хамгийн том нуур Увс нуур 3350 км квадрат талбайтай. 
Хамгийн гvнзгий нуур Хєвсгєл нуур 262.4 м.
Хар-Ус нуур 
Хар Ус нуур
Энэ нуур говийн нуурууд дотроос талбайн хувьд Увс нуурын дараа орох бєгєєд усны мандлын vнэмлэхvй єндєр 1157 м тул Их нууруудын хотгорын бvлэг нуурууд дотроо нилээд єндєрт орших цэнгэг устай, урсгал нуур болно. Нуурын талбай бvх нууруудын хамтаар 1859,2 хавт.дєр.км, хамгийн их єргєн 26,2 км, дундаж єргєн 25,8 км, хамгийн их урт шулуунаар 72,2 км болно. Хар ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш гvехэн нуур юм. Нуурын хамгийн гvн нь 4,4 м, дундаж гvн нь 2,0 м байна. Хар ус нуурын хотгор тектоникийн гарал vvсэлтэй.

Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 хавт.дєр.км талбайтай 30 орчим км урт усны мандлаас 272 м єндєр Агваш хэмээх арал бєгєєд тэрээр Хар ус нуурыг хойт урд тэнцvv биш хоёр хэсэгт хуваана. Хойт урд далайг 1,2-2,0 м гvн, 50-100 м єргєн, 20 гаруй километр урт Лvн, Юм гэдэг нэртэй хоёр хоолой холбоно. Хойт далай нуур 400 шахам хавт.дєр.км талбайтай боловч нэлдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргvй бага устай болсон. Далай нуурын гvн 1,8 м-ээс хэтрэхгvй. Хар ус нуур 70450 хавт.дєр.км талбайгаас усжина. Vvний 70 хувь нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайгаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2,2 шоо км ус нийлvvлэх бєгєєд илvvдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км єргєн Чоно-Харайхын голоор Хар ус нуурт єгнє. Хар ус нуур ионы бvрэлдэхvvнээр гидрокарбонатын ус бvхий нуурын ангилалд багтана.
Айраг нуур 
Айраг нуур
Эрт цагт Хяргас нууртай нэг савд байсан боловч одоо тусдаа нуур болон vлджээ. Тvvний талбай 143,3 хавт.дєр.км. Хамгийн урт 16,0 км, хамгийн их єргєн 13,0 км, дундаж єргєн 8,9 км болох бєгєєд 1030 м vнэмлэхvйн єндєрт оршино. Айраг нуурт Завхан, Хvнгvйн голууд цутгах бєгєєд цутгал голуудын их багаас тvвшний хэлбэлзэл хамаардаг байна. Айраг нуурын хамгийн их гvн 10,5 м, дундаж гvн 5,7 м, усны нєєц 819,6 сая шоо м байна. Айраг нуур илvvдэл усаа 5 км урт 200-300 м єргєн хоолойгоор Хяргас нуурт єгнє. Энэ хоолой зарим газраа 5-7 м гvн намуун урсгалтай бєгєєд євєл огт хєлддєггvй байна. Нуурын ус зундаа бараг ёроолоо хvртэл халах ба урсгал учраас усны температур жигд байна. Євєл ч гэсэн усны температурт зєрvv бараг байхгvй аль ч хэсэгтээ 1-2,5 градус бvлээн байна. Бусад нууруудыг бодвол усны тунгалагшил бага булингар их юм.

Монгол орны Улаан ном - Монгол Улсын Улаан номонд орсон зарим амьтад..

Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ - Цөөвөр чоно нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Биеийн урт 100 орчим см, сүүл 50см, Африк, Азийн өмнөд хэсэгт байдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Саарал чоноос биеэр бага, тод улаан, шаргал зүстэй, сагсгар сүүлтэй, сүрэглэн явж гөрөөс барьж иддэг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачигийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах Олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. МУ-ын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрах орчин зүйг нь судалж, хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.
Умардын халиу /Lutra lutra Linnaeus/ - Умардын халиу нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусарын овогт багтдаг. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг. Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлээс олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтанд орсон. Халх гол, Доод Шишгэдийн голыг халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан.
Голын халиу /Lutra lutra/ - Махчдын баг, суусарын овог бөгөөд монголд нэг зүйл байдаг. Ус, хуурай газар амьдрах зохилдолгоотой махчин амьтан. Биеийн урт 55-95 см мөч богинохон хурууны салаа арьсаар холбогдсон угаараа бүдүүн хөлтэй. Хүрэн халиун бор зүсмийн өтгөн ноолууртай, тачир үслэг, мөн махилзаж суналзсан өвөрмөц хөдөлгөөнтэй амьтан юм.
Монгол бөхөн /Saiga tatarica mongolica/ - Монгол бөхөн нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийд нэн ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана. 

Соргог бөхөн /Saiga tatarica tatarica/ - Монгол улсад байгаа нэн ховор амьтан бөгөөд зүүн гарын говьд, Монгол-Алтай нурууны бэлээс урагш, Булган голын хооронд өндөр уул, говиор хэсэгхэн нутагт ХХ зуунаас өмнө олноороо нутагшиж байжээ. Харин түүнээс хойш тоо толгой эрс хорогдон иржээ. 1950-иад онд зөвхөн Хавта, Байтаг уул хавь, Бор цонжийн говьд цөөхөн үзэгдэж байснаа тавиад оны дундаас үзэгдэхгүй болж, 1970-аад оны сүүлчээр Аргалант уулын орчим дөрөвхөн бөхөн байсан бол одоо үзэгдэхээ больжээ.
Хавтгай /Camelus ferus, Przewalskii/ - Хавтгай нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Бие 250-360 орчим см урт, сэрвээгээрэ 180-210 см өндөр. Хоёр бөхт зэрлэг тэмээ. Хавтгай зэгзгэр бие, жижиг бөх, нарийн урт цац, тачир шингэн үс-зогдортой, цайвар зүстэй. Анатоми, амьдралын олон шинжээрээ гэрийн тэмээнээс ялгаатай.
Зэгсний гахай /Sus Scorfa nigripes blanford/ - Зэгсний гахай нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтдаг. Говь цөлийн баянбүрд, талын татам, нуурын эргийн зэгс шагшуурга, бутан ширэнгэ шугуйд байршдаг. Манайд Хар-Ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэнлд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав, Зэрэгийн хөндий,Шаргын говьд тархсан. Зэгсний гахайг улсын бүртгэлд агнадаггүй. Нутгийнхан хувьдаа агнуурын хугацаанд агнахыг зөвшөөрдөг.



Уссурийн Хандгай /Alces alces cameloides milne-Edwards/ - Уссурийн хандгай нь хөхтөн амьтны хос туурайтны баг бугын овогт багтана. Халх, Нөмрөг голуудын савын бургас, монос зэрэг бутан шугуйтай өндөр өтгөн өвс, зэгс бүхий татамд, өвөл хэсэг хэсэг нарс ургасан элсэн довцог, намхан уулс, гүвээ толгод, эдгээрийн хоорондох намаг, нуга бүхий хонхор хөндийд нутагладаг. Халх голын дээд хэсэг Нөмрөг, Дэгээ голуудын савд байнга нутагладаг. Монголд хандгай ангахыг 1953 оноос эхлэн хуулиар хориглон дархалсан. 
Цоохор ирвэс /Uncia uncial/- Махчдын баг, муурын овог бөгөөд биеийн урт нь 110-130 см, сүүлний урт нь 92-105 см, жин нь 20-40 кг, намхан урт биетэй. Хар толбо бүхий хар саарал өнгөтэй. Хэвлийдээ толбогүй. Дундад Ази, Өмнөд Сибирьт, Монгол Алтай, Говийн алтай нуруу, Алтайн өвөр говь, Өмнөговийн зарим уулс хангайн гол нурууны өвөр бие хэсэг, Хөвсгөл нуураын баруун талын өндөр уулсаар тархжээ. Эмэгчин нь жил өнжиж төллөнө. Монголд амьдардаг араатан амьтдын дундаас хамгийн хүчирхэг нь цоохор ирвэс юм. Дэлхий дээр ердөө 3500 орчим цоохор ирвэс байдгаас 1000-1200 нь манай оронд амьдардаг юм. Иймд уг амьтныг хамгаалж үлдэх нь монголчуудын бидний дэлхий нийтийн өмнө хүлээсэн томоохон хариуцлага юм. ЗГ-ын 2005 оны "Ан амьтны эдийн засгийн үнэлгээ"-гээр цоохор ирвэсийн эрийг дөрөв эмийг 5.2 төл буюу гүенг 6.8 сая төгрөгөөр үнэлжээ. Хэрвээ агнасан тохиолдолд энэ төлбөрийг хоёр дахин нугалж төлнө гэж заажээ. Цоохор ирвэсийг байгаль дээр нь харах хувь тохиол хүн бүрт олддоггүй юм. Цоохор ирвэс байснаар тухайн эко систем тогтвортой, эрүүл болохыг илтгэж буй юм. Мөн уг амьтан олон хүний анхаарал татдаг учир түүнийг судлах, хамгаалах зорилготой хүмүүс их байдаг. Ингэснээр уг амьтныг хамгаалах, судалгаа шинжилгээнд зориулсан мөнгө нилээд орж ирдэг. Үүний тодорхой хувийг орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулж байгаа. Нэг ёсондоо олон улсын донор байгууллагын анхаарлыг цоохор ирвэсээр татах том боломжтой.
Хар сүүлт зээр /Gazella subgutturosa guldenstead/ - Хар сүүлт зээр нь хөхтөн амьтны аймгийн нэг туурайтны баг болох тугайлмайтны овогт багтана. Уулсын бэлийн хялганат, баглуурт сайр, садарга бүхий дагжуур хөрст хэвгий тал загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг хэсэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Манайд их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, Зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон.
Мазаалай /Ursus pruinosus Blyth/ - Мазаалай нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтдаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд баянбүрд, задгай усны ойролцоо нутаглана. Хадны агуй хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичнэ. Монгол нутагт баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан. Монголд 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн бол одоогийн айдлаар 26 ширхэг байгаа гэсэн мэдээ бий.
Тахь /Equus przewalskii Poliakov/ - Тахь нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Элсэрхэг ба хайрган хөрст шаваг, хялганат хээр, бударганалт говь, загт говьд бэлчдэг. Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирдэг. Өвөл уулын бэлийн сайр, садарга, толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны Улаан номонд нэр нь орсон. Монгол улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хатуу хориглон дархалсан. 1960-аад оноос эхлэн Монгол нутагт үзэгдэхээ больсон бөгөөд 1990-ээд оноос сайхан сэтгэлт гадна дотны хүмүүсийн санаачлагаар Монгол нутагт дахин нутагшуулсан. Одоогоор Төв аймгийн Хустайн нуруу БЦГ, Говь-Алтай аймгийн Тахийн талд, Завхан аймгийн Хомын талд тахь нутагшуулж судалгаа шинжилгээ хийж байна.
Азийн минж /Castor fiber birulai Serebrennicov/ - Азийн минж нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох минжийн овогт багтдаг. Биеийн урт нь 100 см, жин 30 кг цайвар бор хүрэн зүстэй, сахлаг өтгөн ноолууртай, хайрсаар хучигдсан хавтгай сүүлтэй. Манай орны мэрэгчдээс хамгийн том нь бөгөөд сүүлээрээ ус балбаж чимээ гарган бусдадаа дохио өгнө. Минж одоо дэлхийд зургаахан улсад үлдсэний нэг нь Монгол орон юм.
Монгол хулан

 Монгол хулан /Equus Hemionus Hemionus pallas/ - Монгол хулан нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Хулан хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хоорондоо бие бялдар өнгө зүсээрээ ялимгүй ялгаатай. Тухайлбал: Монгол хулан, Төвд хулан, Туркмен хулан гэж ангилдаг.
Шивэр хандгай /Alcesalces pfizenmayeri/ - Хандгайн төрлийн зүйл, биеийн урт 3 м, сэрвээгээрээ 2.3 м, жин 570 гаруй кг. Европ, Ази , Умард Америкийн ойн бүсэд нутагладаг. Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн тайга, Хангайн нуруу, Халх голын саваар Сибирийн хандгай, буган хандгай гэх 2 салбар зүйл цөөвтөр байдаг. Эр нь салаассан том хавтгай эвэртэй. Хөл, хэвлийн цайвар зүстэй бөгөөд цөөнөөр сүрэглэдэг амьтан юм.
Мөрний хандгай /Alces cameloides/ - Хар мөрний хандгай нь бугын овогтон, нэн ховордсон амьтан юм. Онцог шинж нь шивэр хандгайгаас арай бага. Биеийн урт нь 276 см, сэрвээний өндөр 165 см, хүндийн жин 400 кг, жигд бараан зүсмийн, мөчнүүд нь арай цайвар бөгөөд эвэр нь бугын эвэртэй төстэй, түүний эрийг сүндэс, эмийг манж, төлийг нь ходол гэнэ.
Цаа буга /Pangifer tarandus valentinae/ - Бугын овгийн хос туурайт хөхтөн. Эмийг согоо, эрийг этэр, төлийг хугаш гэнэ. Цаа бугын биеийн урт 220 см, жин 220 кг, согоо нь багавтар. Өвөл цайвар, зун нь хүрэн буурал, богино үстэй, том эвэртэй, толгой багавтар, чих охорхон, Европ, Ази, Америкийн хойд талаар тархсан, Өмнөд Сибирь, Монголын хойд талаар нутагладаг.

Вансэмбэрүү - Тэнгэрийн цэцэг

Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн 3000 метрээс дээш өндөрт уулын таг царманд, хад асганы дунд ургадаг. Ван­сэм­бэрүү цэцгийг монголчууд эртнээс тэнгэрийн цэцэг хэмээн хүндэтгэн үздэг билээ. Эрсэн, хайсан хүнд тийм ч амархан олдохгүй. Үзэгдэх хүндээ л үзэг­дэнэ. Хосоороо ургадаг цэцэг бүлгээ. Дэлбэгэр том том цагаан дэлбээт цоморлиг дундаа хүүхдийн зулай мэт зөөлөн бүлээн хүрэн толгой­той. Атганд багтахгүй бүдүүн но­гоон иштэй. Үн­дэс­нээс эхлээд ишээ дагаж уртсан ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй, навч нь шүүслэг нойтон байдаг. Эрт цагаас оточ маарамбууд эмийн цэцгийн сор болгон тунгаар хэмжин өвчин зовлонтой хүн ардыг тэтгэн тэнхрүүлж ирсэн. Вансэмбэрүүг эрт үеэс эм тан хийх зорилгоор нилээд түүдэг байжээ.
Вансэмбэрүү - Хархираа Түргэний уулс
Орчин үеийн анагаах ухаан төдийлөн сайн шинжлэн судалаагүй боловч дорнын анагаах ухаанд амьсгалын замын өвчинүүдийг анагаахад өргөн хэрлэдэг. Хүмүүсийн буруутай үйл ажиллагааны үр дагавраас болж энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна. Вансэмбэрүүг байгалиас авахдаа вансэмбэрүү цэцгэн дээрээ майхан бариад газар лусыг аргадан идээ будаа өргөж эх газ­рынх нь хүйснээс тэнгэрт үзүүлэлгүй тасалж авдаг ёстой. Ингэж авсан ургамлаа хатааж, хорт хавдар, уушгины өвчин, ханиадны эм бэлтгэхэд хэрэглэдэг байна. Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн өндөр уулсаар маш ховор тархан ургадаг.

Вансэмбэрүү / Saussurea Involucrata./ нь банздоогийн ангилалд багтана. Баг цэцгийнх нь голч 10-15 см. Нэлээд том хэмжээний ягаан өнгийн цэцэгтэй. Хос бэлэгтэй, нэг гэртэй ургамал. Энэ нь нэг ургамал дээр эр, эм бэлэг эрхтэн хамт байрладаг байна. Үрээр маш муу үрждэг. Хоорондоо 10-20 метрийн зайтай ургадаг бөгөөд энэ нууцыг нь одоо болтол тогтоогоогүй. Үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенцээр хоригложээ. Монгол улсын улаан номонд орсон цэцэг.

Монгол орны хүрхрээнүүд

Мөнх цаст Алтайн сүрлэг уулсын дунд олон томоохон хүрхрээнүүд байдаг.  Алтайн нурууны хүрхрээнүүд хүн хүрэхэд нилээд бэрхшээлтэй газруудад байдаг учир тэр болгон хүмүүс мэддэггүй.  Бидний ойлголтоор Орхоны Улаан цутгалангийн хүрхрээг Монголын хамгийн том, хамгийн ус ихтэй, үзэсгэлэнтэй хүрхрээ гэж үздэг.  Энэ талаар олон ном зохиол, гадаадын аялал жуулчлалын guidebook-т тэмдэглэгдсэн байдаг.  Гэтэл бид олон жил төрөлх Монгол нутгаараа аялах явцад Улаан цутгалангийн хүрхрээнээс өндөр, ус ихтэй хүрхрээнүүд Монгол нутагт, тэр дундаа Алтайн сүрлэг уулсын дунд оршин байдгийг олж үзэж харж, тогтоолоо.  Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын дулаарлаас хамаарч Алтайн уулсын мөнх цас хайлж байгаа учир урьд ном, сонинд тэмдэглэгдээгүй шинэ хүрхрээнүүд үүсч бий болж байна. Монгол Алтайн нурууны зарим томоохон хүрхрээнүүдийн талаар дор дурдъя.

Мазаалай - Говийн баавгай

мазаалайМонголын говьд амьдардаг ховор амьтдын нэг нь говийн баавгай буюу мазаалай. мазаалайн мөрМазаалай /Ursus pruinosus Blyth/  нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтддаг. Говьд ийм амьтан байдаг тухай мэдээ өнгөрсөн зууны эцсээс эхэлж тархжээ.  Мазаалай нь говь цөлийн нөхцөлд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, жижигхэн нүдтэй байдаг байна. Мазаалайн Алтайн говийн Сэгс цагаан Богд, Эхийн гол, Шар хулс, Цагаан бургас, Ламын тооройн шандууд, Захуй Зармангийн говиор нутаглана. Мзаалай нь уулын бэл, сайраар ургадаг бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс идэхээс гадна мэрэгчид болон хэвлээр явагчид, хорхой шавьж мэтхэнээр хооллоно.  Мазаалайд идэш тэжээлээс илүү шаардлагатай зүйл бол ус.  Иймээс голдуу задгай ус, булаг шандын ойролцоо амьдарна.  Мазаалай нь өвлийн эхэн сараас хаврын дунд сар хүртэл хадны ангал, сухай зэгс бүхий шугуйд ухсан нүхэндээ ичнэ.  Эмэгчин нь  ичээндээ байхдаа  1-2 бамбарууш буюу аламцаг төрүүлнэ.  Эмэгчин  бамбаруушаа алс зам даадаг болтол  дагуулж явна.  1969 онд Сэгс Цагаан Богдоос барьсан бамбарууш муурын чинээ биетэй 4.5 кг жинтэй байжээ.  Мазаалайн бамбарууш ихэд сониуч зантай, үе үе хойд хоёр хөл дээрээ босч, алсыг харан хаяахан зүггүйтдэг. Мазаалай жил өнжиж төрдгөөс үржил удаантай амьтан.

Бага Ойгор Цагаан Салаагийн дурсгал.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Монгол Алтайн нурууны ноён оргил Алтай Таван богд уулын Бага Ойгор, Усайн Цагаан салаагийн голын савд уртаашаа 15 км, өргөөшөө 500 метр  үргэлжлэх газар оронд тархсан 10 мянга гаруй  хадны сүг зураг, дүрслэл бүхий эртний уран дархцуулын оюун сэтгэлгээ, уран гараар бүтсэн гайхамшигт нэгэн галлерей бий.   Монгол нутагт хадны сүг зураг, дүрслэл бүхий олон газар байдаг ч Цагаан салаа, Бага ойгорын дурсгал нь цар хэмжээний хувьд Монголдоо төдийгүй, дэлхийд томд орно.  Энэ галерей нь хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой.  Энэхүү хадны сүг зургийг НЕОЛИТ vеэс эхлэн зурсан бөгөөд хvрэл зэвсгийн vед хєгжлийнхєє хамгийн их єргєн дэлгэр цэцэглэлтэд хvрчээ.
Цагаан салаа, Бага ойгорын  хадны зурагт зэрлэг vхэр,  адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон тєрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдралтай холбоотой сэдвээр зохиомжлон зурсан сонирхолтой зургууд олон байна.  Тухайлбал -  морь мал унасан хvн, ан гєрєє хийж буй анчид, байлдаж буй дайчид, морин тэрэгтэй хүн, зэрэг тэр vеийн хvмvvсийн амьдралын олон талыг харуулсан байдаг байна.
1994 оноос Монгол, Америк, Оросын эрдэмтэд Монгол Алтайн Бага Ойгор, Цагаан салаа хадны зургийн томоохон дурсгалыг дэлхий нийтэд нээж Парис хотноо 1999 онд хоёр боть судалгааны бүтээл нийтлvvлжээ.  Д.Цэвээндорж, Э.Якобсон, В.Д.Кубарев нарын хамтарсан судалгааны экспедици Бага Ойгор, Цагаан Салаагийн дурсгалыг жил дараалан судалж энэ талын томоохон судалгааны бүтээлүүдийг хэвлэн гаргасан байдаг. 

Энэхүү судалгаагаар сүг зурагний насыг тогтоох, сүг зургуудыг тоолох, байршилийг тогтоох, сүг зурагний фото зургийг авах зэрэг олон үйл ажиллагаанууд хийгдсэн.  Тэдний судалгааны ажлын үр дүнд энэхүү байгалийн галерей нь дэлхий нийтэд хүрч энэ гайхамшигийг үзэхээр олон олон аялагч, жуулчлагч нар зорин ирэх болсон. 

Цагаан Суварга

Цагаан суварга:  Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи, усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг. Үүнийг Цагаан Суварга хэмээн Монголчууд эртнээс хүндэтгэн нэрлэж ирсэн. Цагаан Суваргын эгц цавчим мөргөцөгийн өндөр нь 30-д м бөгөөд мөргөцөг нь нийтдээ 400-д м үргэлжилнэ. Баруун талаасаа цагаан тал учраас мөргөцөг нь мэдэгдэлгүй явсаар Цагаан Суваргын орой дээр гарч ирнэ. Орой дээр нь овоо босгосон байдаг. Эрэг мөргөцөг сул шороотой  тул унах аюултай. Тийм учир эрэг мөрөгцөгийн зах ирмэгээр явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Эрт цагт хүмүүс зээр гөрөөс гэх мэт амьтдыг мөрөгцөг рүү шахаж агнах явдал нилээд байдаг байжээ. Өлзийт сум талаас буюу гурван төгрөгийн худаг талаас орж ирвэл Цагаан Суваргын байгалийн үзэсгэлэнг холоос тодорхой харах боломжтой. Сүүлийн жилүүдэд Цагаан Суваргыг үзэхээр зорин очих жуулчдын тоо нилээд нэмэгдэж байгаа бөгөөд ойр орчимд нь жуулчны хоёр ч бааз ажиллах болсон. Цагаан Суварга жуулчны бааз Цагаан Суваргаас зүүн тийш 8 км-т байрлана. Утас нь: 99298155. Цагаан Суваргын ойролцоо, зүүн тийш Хэвтээ Босоогийн гэж нэрлэгдэх нэгэн агуй бий. Уг агуй Цагаан Суварга гэр бааз хойхно холгүй оршино.

October 26, 2010

Хойд Цэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг. Хойд Цэнхэрийн агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуйг олоход хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ. Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай. Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино. Агуйн амсарын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай. Их агуйн аман дээр овоо босгосон байна. Овооны ойролцоо хадан ширээ сандлыг хийж тавьжээ. Агуйн амны хананд агуйд ирсэн хүмүүс будгаар нэр усаа нилээдгүй бичиж үлдээдэг бололтой, агуйн ам орчмын ханыг халтартуулсан байна. Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөгөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 метр өндөр. 

October 24, 2010

Сутай Хайрхан - Сүүтэй Хайрхан ууланд авирав.

Бидний хэсэг нөхөд оросын уулчид хамт 2010 оны 9-р сард төрийн тахилгат СУТАЙ хайрхан ууланд авирлаа.  Сутай уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутгийг дамнан орших Монгол Алтай нурууны салбар Дарвийн нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн мөнх цаст сүрлэг уул. Хан буурал Алтайн хамгийг тольдогч арван гурван мөнх цаст оргилын нэг нь Сутай хайрхан уул юм. 2007 онд МУ-ын ерөнхийлөгчийн зарлиг гарч Сутай хайрхан уулыг төрийн тахилгатай уул болгосон. Сутай хайрхан уулыг монголчууд эртнээс тахин шүтэж, сэтгэлдээ тээн ирсэн хайрхан. Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэсэн тайлбар бий. Бид Говь-Алтай аймгийн Тонхил сумаар дайрч Зүйлийн голыг өгсч явсаар Сутай уулын урд бэлд ирсэн. Намрын сар дундаа орсон тул цаг агаар нилээдгүй сэрүүн, зуслангийн айлууд буусан учир Зүйлийн голын хөндий бараг айлгүй, ганц нэг айл сарлагаа оторлон хайрханы урд бэлд байв. Бид авирах замаа тогтоогоод, уулын бэлд буй хоёр гэрээр оров. Болдбаатарынх гэдэг айлд орж гэрийн эзэнтэй нь танилцаж нутаг орны сонин хачиныг хөөрөлдөж, ойрд хайрханд авирахаар ирсэн хүн амьтаны талаар тодруулав. Гэрийн эзэн: Энэ зун "Батхүлэг" авто уралдааныг зохион байгуулдаг Баттөр билүү Батсайхан билүү ... залуу УАЗ-469 машиныг маш сайн тоноглож ирээд хайрханы зүүн урд талын нурууг дамжиж явсаар оройд нь машинтайгаа гарсан тухай ярив. Энэ үйл явдал  ч Монголд мөнх цаст хайрханы оройд машинтай гарсан анхны тохиолдол болов уу. Хайрханы орой руу машинтай гарахдаа уулын ангалтай хэсгүүдэд шат тавьж байж гарсан гэж нутгийнхан ярьж байлаа.