October 13, 2012

Хархираа Түргэний уулс - Дэглий Цагаан оргил

Зүүн гар талаас харагдах эхний оргил нь Дэглий Цагаан
Увс нуур, Ачит нуурын хооронд улсын хилээс нааш Ховд гол хүртэл үргэлжилдэг уулархаг нутгийг Хархираа, Түргэний уулс хэмээн нэрлэдэг. Алтайн нурууны салбар уулс Хархираа Түргэний уулсад олон сүрлэг сайхан оргилуудтай ихэр хоёр уулс юм. Хархираагийн уулсын ноён оргил нь Мөст уул 4037 метр /д.т.дээш/ , Түргэний уулсын ноён оргил нь Дэглий Цагаан уул 3965 метр /д.т.дээш/ юм. Хархираа Түргэний уулс нь Хархираагийн даваа гэсэн хөтлөөр хоорондоо тусгаарлагдана. Хархираа Түргэний уулсад мөнх цаст арав гаруй оргил, мөсөн голууд байдаг бөгөөд Монгол орны уулсын мөнх цас, мөсдлийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг гэсэн газарзүйчдийн тодорхойлолт бий. Энэ бол тодорхойлолт байлаа.
Энэ оны 5-р сарын эхээр бид МУГТ Г.Өсөхбаярын хамт Түргэний уулсын ноён оргил Дэглий Цагаан ууланд авирч, уулын шинэ зам, чиглэл гаргах зорилгоор энэ бүс нутагт аяллаа. Энэ аяллын үеэр хийсэн бичлэгийг дороос үзээрэй. Бидний энэ удаагийн сонгож авсан чиглэл нь Олон нуурын хөндий талаас оргилд хүрэх байлаа. Өлгий хотоос 130 км замыг туулж Олон хөндийд ирээд маргааш нь Хөх нуурыг чиглэн 12к м явган явж Түргэний уулын бэлд очиж бааз кэмп байгуулав. Авиралтынхаа бэлтгэлийг хангаж, багаж, хэрэгсэл, хоол хүнсээ базааж, үүрээр уулынхаа авиралтыг эхлүүлэхээр тохироод амарлаа. Шөнө 3 цагт босч авиралтаа эхлэв.

October 8, 2012

Баянзүрхийн буган чулуун цогцолбор

Баянзүрхийн буган чулуу нь Монгол баруун хэсэгт буй хамгийн томд тооцогдох цогцолбор дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг бугат хөшөө, олон тооны булш хиргисүүр байдаг.
Баянзүрхийн буган чулуун хөшөөдийн ихэнхид нь бугыг гоёмсог байдлаар дүрсэлнээс гадна 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга болон бусад зэр зэвсгийн зүйлсийг дүрсэлсэн байдаг.
Эдгээрийн дотроос хамгийн сонирхолтой дүрслэл нь 5 өнцөгтийн дүрс болно. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг. Баянзүрхийн буган чулуун цогцолбор нь Ховд хотоос 185 км, Мөст сумаас 50 орчим км-т, Бага Улаан даваагаар давж Бодончийн хавцал руу уруудах зам дээр байна. Үенч, Бодончийн хавцлаар явж буй зорчин явагсад буугаад үдлэхэд тохиромжтой газар. GPS солибцол. 46° 36' 48.5" N  92° 16' 31.9" E

October 6, 2012

Потаниний мөсөн гол - 2090 он гэхэд хайлж дуусна.

Потаниний мөсөн гол
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, хамгийн урт Потаниний мөсөн гол юм.. Мөсөн голын урт нь 20 км, өргөн нь 5 км, эзлэх талбай нь 53.5 ам/км гэж гэсэн газарзүйн тодорхойлолт байдаг ч үнэн хэрэгтээ Потанин мөсөн гол бидний үед урт нь 10.4км, талбай нь 24.3 ам/км болсон байна. Урсах явц нь 4365 метрээс 2873 метрт явагдагдана. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедици зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потаниний нэрээр нэрлэсэн. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас, хуримтлагдан нягтарснаас болж бий болдог, мөсөн голууд ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байна. Мөсөн гол нь өндөр уулын бүст хүндийн хүч, тал газарт мөсний зузаан буюу өндрөөс хамаарах даралтаас шалтгаалан урсдаг, аварга том мөсний бөөгнөрөл гэж ойлгож болно.
Дэлхийн температур, мөсөн гол хоёр нягт холбоотой бөгөөд өдгөө дэлхийн мөсөн бүрхүүл 16,330км2 буюу хуурай газрын 11 орчим хувийг эзлэн оршино. Ихэнх мөстөл, мөсөн гол нь уулын ар хажууг даган зүүн хойт, хойт, баруун хойт чиглэлд тархсан байна. Харин уулсын энгэрт байрласан мөсөн гол дөнгөж гурваас илүүгүй хувийг эзэлнэ. Монгол орны мөстөл, мөсөн голууд хэв шинжийн дараах үндсэн гурван ангилалд багтана. 
  • Хөндийн мөсөн гол  
  • Уулын хажуугийн мөсөн гол  
  • Элэгдлийн гадаргын мөсөн гол /хавтгай оройтой/
Ерөнхийдөө мөсөн голыг байршлаар нь 2 ангилдаг:
  • Уулын мөсөн гол (Мөнх цаст уулын бүст орших)
  • Эх газрын мөсөн гол (Антарктид, Гренланд хучсан мөсөн бүрхүүл)
Монгол орны мөстөл, мөсөн голын тухай Оросын эрдэмтэн С.В.Колесников 1963 онд 270 ам км талбайтай 130 мөсөн гол Монгол Алтайд тархсан хэмээн тэмдэглэсэн байхад Н.Т.Кузнецов мөсөн голын талбайг 350 ам км гэжээ. Монголын газарзүйч эрдэмтэн Ж.Цэрэнсодном Орос-Монгол-Хятадын хил дагуу судалгаа хийж, Монгол Алтай нурууны мөсөн голын тоог 240 хүргэж, талбайг 702.7 ам км хэмээн тодорхойлсон байдаг.
Алтай Таван БогдПотаниний мөсөн голыг  Ус Цаг Уурын хүрээлэн, Япон улсын Далайн шинжлэх ухаан, технологийн агентлагийн Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан судлах хүрээлэн хамтран 2003 оноос Таванбогд уулын Потанины мөсөн гол, Цамбагарав уулын арын хажуугийн мөстөлд хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх уур амьсгалын хүчин зүйлсийн судалгааг хийж байна. Тэдний тодорхойлсноор Потаниний мөсөн голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр байна. Мөсөн гол өндөрлөг налуу хэсэгтээ 30 метр/жил, тэгш талдаа 15 метр/жил гэж тодрхойлсон байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн гадаргын талбай эрс багасч, олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаагийн нэг Потаниний мөсөн гол болж байна. Потаниний мөсөн голын хайлах үйл явц нь 20 зууны эхээр эхэлсэн бөгөөд мөстлийн хайлах хэмжээ нь 2005 онд мөсөн голын хайлах бүсэд дороос дээшлэх тутам багасаж 378-242 см болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан монголын болон гадны судлаач эрдэмтэд монголын мөсөн голууд энэ хурдаараа хайлбал 2090 он гэхэд хайлж дуусах байхаа гэж тооцоолж байна.


October 2, 2012

Цагаан дэнжийн Улаан үзүүрийн буган чулуу

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс чанх баруун хойш 6,5 км-т Цагаан голын хойд дэнж дээр хоёр буган хөшөө бий. Эдгээрийг 12 м голчтой, дүгрэг хиригсүүрийн төвд/ яльгүй баруун хэсэгт/ хооронд нь бараг шүргүүлэн босгожээ.GPS солибцол: N 49°00'0.16", E 089°05' 06.2"
1-р буган хөшөө. Ногоовтор туяатай хөх саарал өнгийн нимгэн хавтгай урт чулуугаар хийсэн. Өргөн хоёр талын оройн хэсэгт тус бүр нижгээд цагираг сийлсний голч нь 18 см. Түүнээс доош газарт зоогдсон хэсгийг хүртэл нэлэнхийдээ бугын дүрс сийлсэн байсан өдгөө бараг мэдэгдэхгүй болтлоо бүдгэрчээ. Газраас цухуйсан өндөр нь 238 см, өргөн нь 54 см, зузаан нь 12-19 см. 

Цагаан Хөшөөтийн хүн чулуу

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвөөс зүүн урагш 13 км-т Ховд голын баруун талын тэгш сайхан дэнж дээр сүрлэг том нэгэн хүн чулуу бий. Уг хүн чулуун хөшөөг нүүрээр нь зүүн урагш хандуулан газарт зоосон байх ба цайвар өнгийн боржин чулуугаар нэлээд ур чадвартай цоолборлон дүрсэлсэн нь он цагийг элээн одоо хүртэл харьцангуй сайнаар хадгалагдан үлджээ. Чихэвчийг нь дээш сөхсөн дүгрэг малгай өмссөн агаад дугуйрсан хөмсөг, шулуун урт хамрыг нэгэн үргэлж гүвгэр зураасаар төвийлгөн дүрсэлжээ. Нүд нь зууван уртавтар гонзгой хэлбэртэй, баруун нүд нь гэмтэж бүдгэрсэн боловч зүүнийг харахад тойруулан давхар хүрээ гаргаж голд нь аньсагыг тодруулсан зураастай. Хоёр үзүүр нь ялгүй дээш эргэсэн нум хэлбэрийн живэр сахал гаргаж доор нь уруул амны зураасыг нэлээд бодитой хонхойлгон дүрсэлжээ. Чихийг тал цагираг хэлбэрээр гаргасан бөгөөд ээмэггүй.  Хоёр гараа тохойгоор нугалан хэвлийн өмнө дэрэвгэр амсартай, урт хүзүүтэй, тэгш ёроолтой цүлхэгэр ваарыг хоёр талаас шахан барьсан бөгөөд гарын хурууг тун тодорхой дүрсэлжээ. Дээлийн энгэр заам, ханцуй огт мэдэгдэхгүй боловч элдэв товруу чимэггүй нарийн цулгуй бүс бүсэлж хоёр ташаандаа нижгээд дүгрэг хавтага унжуулсан нь доороо мөн нарийн унжлагатай. Зүүн талын хавтаганы араар махир үзүүртэй нэгэн уртавтар зүйл унжина. Бүсний дороос баруун талд гурав, зүүн талд хоёр шулуун унжлага унжжээ. Хүн чулууны газрын хөрснөөс цухуйх өндөр 180 см, мөрний өргөн 83 см, зузаан 38 см.

Хар Ямаатын голын хүн чулуу

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Ойгорын голын зүүн талаас цутгах Хар Ямаатын голд сонирхолтой зураг дүрслэлийг өөртөө хадгалсан нэгэн хүн чулуу бий. Хүн чулууг зүүн урагш хандуулан зоосон байх бөгөөд толгойн хэсэг нь нилээд гэмтсэн байна. Гэмтлээс улбаалан толгойн дээд хэсэг, баруун нүд, хөмсөг нь гэмтсэн тул ямар байсныг тодорхойлох аргагүй болсон бол хамрын үзүүр, эрүү нь бүтэн үлдсэн байна.
Бүтэн байгаа хэсгээс ажиглахад том нүдтэй, өргөн дугариг цайрайтай, шувтан урт эрүүтэй, үзүүр нь тахирлан эргэсэн живэр сахал, амны хэлбэрийг хонхойлгон гаргаж дор нь ооч сахлыг дүрсэлсэн бололтой доош хандсан гурвалжин дүрс сийлж өгсөн байна. Зүүн гараа тохойгоороо нугалан цээжний өмнө махир чинжаал хутгыг үзүүрийг нь дээш харуулан барьсан.

Зүйлийн буган чулуу

Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан сумын зааг Зүйлийн бригадаас хойш 5 км-т нэгэн сонирхолтой хүн чулууг үзэж сонирхон зургийг нь авснаа толилуулж байна. Ягаан боржин чулуугаар хийсэн уг чулуунд буган чулуунд дүрслэгддэг зүйлсийг нилээд тодорхой дүрсэлснээс гадна хүний нүүрийн хэлбэрийг тодорхой дүрсэлж өгсөн нь сонирхол татсан. Хүний нүүрний хэлбэрийг дүрсэлсэн буган чулуу Монголд хэд хэд бүртгэгдсэн байдаг ба судлаачид үүнийг Түрэгийн үед буган чулууг хүн чулуу болгон засаж янзалж байсан болох талтай гэж үздэг. Ерөнхийдөө буган чулуун хөшөөг тахил тайлгын зан үйлд хүнийг төлөөлүүлэн бүтээсэн нь хожим түрэгийн үед уламжлагдан хүнийг илүү бодитойгоор дүрслэн хүн чулуу босгох болсон гэж судлаачид үздэг.   GPS солибцол. N48°02'34.0", E096°15'53.3".  Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас Яруу сум, Яруугийн Хаг нуур орох төв замаас холгүй уг буган чулуу байрлана.