September 23, 2025

4-р Далай Ламын дүрийг хайсан нь.

Дөрөвдүгээр Далай лам Ёндонжамц (1589–1617) бол Монгол гаралтай цорын ганц Далай лам юм. Тэрээр Түмэдийн Алтан хааны дүүгийн хүү бөгөөд 1601 онд Далай ламын хувилгаан хэмээн тодорч Лхасын Дрепүн хийдэд заларчээ. Ёндонжамц багаасаа хурц ухаантай, зорилготой байсан тул богино хугацаанд 1 жилийн дотор Төвөд хэлийг сурч, Гэлүгпагийн томоохон хийдүүдэд шавилан сууж, бие даан ном үзэн, эрдэмт лам нартай ном хаялцаж ялдаг байсан гэдэг. 
Тэрээр Гэлүгпагийн урсгалыг Төвөд даяар хүчтэй дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн бөгөөд зарим үед Монгол цэргийн сүр хүчийг түшиглэн улааны урсгалын хийдүүдийг өөртөө нэгтгэж байлаа. Ийнхүү нэр хүнд нь өсөн нэмэгдэхийн хэрээр Төвөдийн нөлөө бүхий зарим язгууртны дургүйцлийг төрүүлж байв. Тэдний дундаас “Замба хаан” хэмээн түүхэнд үлдсэн ноён онцгой байр суурьтай байлаа. Замба хаан бол тухайн үед улааны урсгалын талд зогсож, Гэлүгпагийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлж байсан язгууртан бөгөөд албан ёсны хаан бус, Төвөдийн улс төр, шашны тэмцлийн томоохон удирдагч байв.  
4-р Далай лам Ёндонжамц 20 наснаасаа эхлэн зөвхөн шашны ажил төдийгүй төрийн хэрэгт идэвхтэй оролцож эхэлжээ. Тэрээр “Алтан ганжуур”-ыг Монгол хэлнээ орчуулах санаачилга гаргасан нь түүний нэр хүндийг зөвхөн Төвөд бус Монгол даяар түгээжээ. Гэвч 1617 онд ердөө 28-хан насандаа Бэрээвэн хийдэд гэнэт нас барсан нь өнөөг хүртэл маргаантай хэвээр үлдсэн бөгөөд түүнийг Замба хаанд хорлогдсон гэсэн таамаг хамгийн их тархжээ.