April 23, 2018

Сарны байрлалаар зүг чиг олох


Шөнийн цагт сарыг ажиглан баруун зүүн зүгийг олж болно. Сар нь дэлхийг 28 хоногт нэг удаа тойрдог бөгөөд сарны хэдийд, хаана байрлаж байгаагаас хамааран харагдах байдал нь өөр өөр байна. Хэрэв сар нь нар жаргахаас өмнө гарвал түүний гэрэлтэж буй тал нь баруун зүгийг заана. Сар шөнө дундаас хойш гарвал гэрэлтэж буй тал нь зүүн зүгийг заана. Мөн хавирган сартай үед хавирган сарны дээд талаас доод тал хүртэл шулуун шугам татаж өмнө зүгийг олж болно.  Бүтэн харагдах сар буюу билгийн тооллын шинийн 15-ны сар үргэлж зүүн зүгээс гардаг.

April 9, 2018

Алтай Таван Богд уулын авиралтын замууд

Алтай Таван Богд уулын авиралтын замууд.
Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун захад нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумдыг заагт оршдог. Монгол Улсад «Богд» гэсэн үг орсон 280 гаруй уул байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374/ юм. Түүнчлэн монголын түүх уран зохиолын хосгүй дурсгал болох "Монголын нууц товчоо" номонд "Улуг таг" /Их уул/ хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Наран зэрэг олон мөнх цаст оргилуудтай. Потанины мөсөн гол, Александрагийн мөсөн гол, Гранегийн мөсөн гол зэрэг 10 гаруй мөсөн голтой. Эдгээрийн хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 20 км урт. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана Алтай Таван Богд уулын Малчин оргилын зүүн бэлд оршино.
Г.Н.Потанин, М.В.Певцов зэрэг оросын судлаачид ХІХ зууны сүүлчээр хэд хэдэн удаа тус нутгаар аялж судалгааны ажлуудыг эхлүүлжээ. Мөн 1905, 1906, 1908, 1909 онуудад Томскийн Их Сургуулийн профессор В.В.Сапожниковын экспедиц Алтай Таван Богд уул болон мөсөн голуудыг судалжээ. Түүний "Эрчис, Ховд голын эхэн дэх Алтай" номонд Алтай таван богд уулын оргилуудыг өндөр, өнөөдөр устаж үгүй болсон мөсөн голууд, тэдгээрийн хэмжээг дурдсан байдаг юм. Мөн Москвагийн Их сургуулийн сонсогчид болох ах дүү Борис Тронов, Михайл Тронов нар 1915 онд Хүйтний оргилд түүхэнд анх удаа амжилттай авирсан байна. Монголын уулчдын хувьд 1956 онд ЗХУ-ын мэргэжилтэн Пескаревийн удирдлага дор Алтай Таван Богд ууланд авиралт хийж эхэлсэн түүхтэй.

1:100000 байрзүйн зураг
Жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 сард цаг агаар хамгийн тогтвортой байдаг тул илүү тохиромжтой юм. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлыг үзэж болдог. Уулын эргэн тойронд жуулчны бааз, зочид буудал байхгүй. Зөвхөн майханд, эсвэл нутгийн иргэдийн гэрт /өдөрт нэг хүн 20000-30000 төгрөг/ хонож болно.
Алтай таван богдод яаж очих вэ? Тус уул нь Монгол Улсын хилийн бүсэд хамаарах тул Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас /Улаанбаатар хотоос ирэх хүмүүс Хил хамгаалах ерөнхий газраас/ хилийн бүс нэвтрэх зөвшөөрөл /үнэгүй/, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар /3000 төгрөг/ авсан байх шаардлагатай.
Алтай Таван богд уул нь Өлгий хотоос ойролцоогоор 200 км зайд оршдог. Тус газарт очихын тулд Өлгий хот-Улаанхус сум-Согог баг-Хөх хөтөл баг-Ойгорын гол-Алтай Таван богд, эсвэл Өлгий хот-Улаанхус сум-Цэнгэл сум-Загаст нуур баг-Шивээт хайрхан-Цагаан гол-Алтай Таван богд гэсэн үндсэн 2 маршрутаар машинаар явах боломжтой.

April 3, 2018

Аялал жуулчлал ба фургон

Надад нэг ийм бодол төрөөд... Сүүлийн үед салбарын сайдын амнаас фургон машиныг аялалд тохирохгүй, хоцрогдсон, ийм машинаар жуулчин тээвэр хийж байхад бид аяллын чанарын талаар ярихад хэцүү гэх мэт үгс урсах боллоо. Асуудал яагаад фургон машин руу чиглэх болов...сайдын чихэнд, бодолд хэн тэгж шивнэсэн юм бол...эсвэл өөрөө тэгж бодоод байгаа юм болов уу.  Хэрэв ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол бодит байдалтай сайн танилцаасай, гаргах шийдвэртээ тусгаасай гэж хүсэж байна. Хариуцлагатай албан тушаалтны үг, шийдвэр гаргахад нөлөөлдөг тул янз бүрийн сөрөг шийдвэр гарчих вий гэж болгоомжлох үүднээс өөрийн саналаа хуваалцаж байгаа юм

Аялал жуулчлалын салбарт орсон цагаасаа л фургон гэдэг машинтай ханилж, энэ машиныг замын итгэлт анд, найдвартай түнш гэж боддог хүний нэг л дээ. Яахав дуу шуу ихтэй , тоос шороо ордог, эйр кондишн байхгүй гээд гоочлох хүн мэр сэр таардаг л юм.

Аялал жуулчлалынхан фургоныг яагаад сонгох болов. Энд мэдээж Монгол орны зам харгуй, дэд бүтцийн хөгжил сул байгаатай холбоотой. 1990-ээд оны сүүлээр Монголд аялж байсан жуулчид танай улс дайны байдалтай байгаа юмуу, яагаад дандаа байлдааны машинууд аялалд явдаг юм бэ гэж асуусан тохиолдолууд олон бий. Тайлбар нь зам муутай, тэгээд ч фургоноос өөр сонголт байдаггүй байлаа. Аялал жуулчлалын зорьж очих газрууд, байрлах гэр бааз, амралт сувилалын газрууд нь төв замаасаа хол, хүрч очиход бартаа саад ихтэй байдгаас шалтгаалж туулах чадвар сайтай машин техник хэрэглэхэд хүрдэг. Хэрвээ зам харгуй сайжирчихвал заавал дуу шуу ихтэй, битүүмж муутай гэгдэг машин хэрэглэх шаардлага ч үгүй болно.