April 9, 2018

Алтай Таван Богд уулын авиралтын замууд

Алтай Таван Богд уулын авиралтын замууд.
Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун захад нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумдыг заагт оршдог. Монгол Улсад «Богд» гэсэн үг орсон 280 гаруй уул байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374/ юм. Түүнчлэн монголын түүх уран зохиолын хосгүй дурсгал болох "Монголын нууц товчоо" номонд "Улуг таг" /Их уул/ хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Наран зэрэг олон мөнх цаст оргилуудтай. Потанины мөсөн гол, Александрагийн мөсөн гол, Гранегийн мөсөн гол зэрэг 10 гаруй мөсөн голтой. Эдгээрийн хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 20 км урт. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана Алтай Таван Богд уулын Малчин оргилын зүүн бэлд оршино.
Г.Н.Потанин, М.В.Певцов зэрэг оросын судлаачид ХІХ зууны сүүлчээр хэд хэдэн удаа тус нутгаар аялж судалгааны ажлуудыг эхлүүлжээ. Мөн 1905, 1906, 1908, 1909 онуудад Томскийн Их Сургуулийн профессор В.В.Сапожниковын экспедиц Алтай Таван Богд уул болон мөсөн голуудыг судалжээ. Түүний "Эрчис, Ховд голын эхэн дэх Алтай" номонд Алтай таван богд уулын оргилуудыг өндөр, өнөөдөр устаж үгүй болсон мөсөн голууд, тэдгээрийн хэмжээг дурдсан байдаг юм. Мөн Москвагийн Их сургуулийн сонсогчид болох ах дүү Борис Тронов, Михайл Тронов нар 1915 онд Хүйтний оргилд түүхэнд анх удаа амжилттай авирсан байна. Монголын уулчдын хувьд 1956 онд ЗХУ-ын мэргэжилтэн Пескаревийн удирдлага дор Алтай Таван Богд ууланд авиралт хийж эхэлсэн түүхтэй.

1:100000 байрзүйн зураг
Жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 сард цаг агаар хамгийн тогтвортой байдаг тул илүү тохиромжтой юм. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлыг үзэж болдог. Уулын эргэн тойронд жуулчны бааз, зочид буудал байхгүй. Зөвхөн майханд, эсвэл нутгийн иргэдийн гэрт /өдөрт нэг хүн 20000-30000 төгрөг/ хонож болно.
Алтай таван богдод яаж очих вэ? Тус уул нь Монгол Улсын хилийн бүсэд хамаарах тул Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас /Улаанбаатар хотоос ирэх хүмүүс Хил хамгаалах ерөнхий газраас/ хилийн бүс нэвтрэх зөвшөөрөл /үнэгүй/, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар /3000 төгрөг/ авсан байх шаардлагатай.
Алтай Таван богд уул нь Өлгий хотоос ойролцоогоор 200 км зайд оршдог. Тус газарт очихын тулд Өлгий хот-Улаанхус сум-Согог баг-Хөх хөтөл баг-Ойгорын гол-Алтай Таван богд, эсвэл Өлгий хот-Улаанхус сум-Цэнгэл сум-Загаст нуур баг-Шивээт хайрхан-Цагаан гол-Алтай Таван богд гэсэн үндсэн 2 маршрутаар машинаар явах боломжтой.
Малчин оргил – 4034м
Малчин оргил – 4034м нь Монгол улс, ОХУ-ын хилийн зааг дээр оршино.
Замын ангилал нь 1Б. 
Оргилын газарзүйн солибцол: N49°10'18"E87°52'30"
Авиралтын бааз лагериас Малчин оргил хүртэл 5,8 км. Оргил хүртэл жим замтай. Оргилын бэлд хүрээд цастай хэсэг, чулуутай хэсгийн заагаар нуруулдаж авирна. Авиралтын замыг жижиг чулуун овоо босгож тэмдэглэсэн байдаг. Замын чулуутай хэсэг нь сул учир хальтирч гулгах аюул үүсдэг тул болгоомжтой авирах шаардлагатай. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 37 градус, хамгийн эгц хэсэгтээ 50 градус хүрнэ.
Авиралтанд дундаж хурдтай групп 6-7 цаг зарцуулдаг. 3500 метрээс эхлэн цаг агаарын эрс өөрчлөлтүүд үүсдэг. Салхины хүч 9м/с-ээс их тохиолдолд, цаг агаар муу үед авирахыг хориглоно. Авиралтын эхлэх цаг 6-9-ийн үед байвал тохиромжтой. Авиралт 9 цагаас оройтож эхэлсэн тохиолдолд авиралт хийх шаардлагагүй. 2014 онд Малчин оргилоос бууж явсан уулчин цагийн тооцоолол буруу хийснээс болж харанхуйд буух үедээ чулуун дээрээс хальтирч унан амь эрсдэж байсан. 
Авиралтанд тусгай тоноглол шаардлагагүй. Авирагч нь явган аяллын таяг, трекийн гутал, тухайн цаг агаарт тохирсон хувцас хэрэглэл, цаг агаар муудсан үед өмсөх хувцас, өдрийн хоол, өөрт хангалттай хэмжээний ус, толгойн гэрэл, малгай, GPS, багийн радио холбоотой байх шаардлагатай. 
Оргилоос хүмүүс уулын цастай хэсгийг даган гулгаж, бөгсдөж буух тохиолдол нилээдгүй байдаг ба ийм үйл хийж болохгүй гэдгийг анхааруулж байна.
Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана.

Наран оргил – 3884м
Замын ангилал: 2А
Оргилын газарзүйн солибцол: N49°8'28" E87°53'5"
Бааз лагериас N49°8'59" E87°56'36" аялал эхэлж Потаниний мөсөн голыг гаталж Наран оргилын бэлд хүрнэ. Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Хадтай талаа барьж авирна. Бааз лагериас Наран оргил хүртэл 4.5км
Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд муурын хумс, хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна.
Авиралт үргэлжлэх хугацаа 8-9 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 45 градус, хамгийн эгц хэсэгтээ 65 градус хүрнэ. Халтирч гулсах аюул авиралт үргэлжлэх бүх үеийн туршид байна гэдгийг анхааруулж байна. Оргилд хүрэх эгц хэсэгт ангалтай гэдгийг анхааруулж байна. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана. Хөтөч группын ур чадвар туршлагаас хамаарч авиралтын үед хамгаалалт, мөн олс тавьж авирах шаардлагатай. Авиралтанд зарцуулах цагийг богиносгож дундын кэмп байгуулж авирч болно.

Бүргэд оргил – 4068м
Замын ангилал: 2А
Оргилын газарзүйн солибцол: N49°6'54" E87°53'44"
Бааз лагериас N49°8'59" E87°56'36" аялал эхэлж Потаниний мөсөн гол, Александрагийн мөсөн голыг гаталж Бүргэд оргилын бэлд хүрнэ. Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Бааз лагериас Бүргэд оргил хүртэл 5,8км
Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд муурын хумс, хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна.
Авиралт үргэлжлэх хугацаа 8-9 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 50 градус, хамгийн эгц хэсэгтээ 70 градус хүрнэ. Халтирч гулсах аюул авиралт үргэлжлэх бүх үеийн туршид байна гэдгийг анхааруулж байна. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана. Хөтөч группын ур чадвар туршлагаас хамаарч авиралтын үед хамгаалалт, мөн олс тавьж авирах шаардлагатай. Авиралтанд зарцуулах цагийг богиносгож дундын кэмп байгуулж авирч болно.

Найрамдал оргил – 4180м
Замын ангилал: 2А
Оргилын газарзүйн солибцол: N49°10'11" E87°48'43"
Бааз лагериас аялал эхэлж Потаниний мөсөн голоор явж хойд Хоног Толгой N49° 9'53" E87°50'7" хүрч буудална. 8км замыг туулж ирнэ. 6 -7 цаг явна. Мөсөн гол дээгүүр явж байхад зурагт үзүүлсэн ангалтай бүсүүдийг туулна. Мөсөн гол дээгүүр олсонд орж явна. Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Дундын баазаас Найрамдал оргил хүртэл 2,1км. Хоногт Толгойн хойд талаар зурагдсан замаар 8-р сараас эхэлж явах хэрэгтэй. Энэ үеэс эхэлж мөсөн гол дээрхи цас хайлж ангалууд ил гарсан үед явах хэрэгтэй. Энэ замын ангалтай хэсгийн ангалууд нь маш өргөн, гүнзгий тул цасанд дарагдсан үед явах нь аюултай. Ангалууд цасанд дарагдаж битүүрсэн үед Хоног Толгойн урд талаар зурагдсан замыг дагаж явах нь эрсдэл багатай.
Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна.
Авиралт үргэлжлэх хугацаа дундын баазаас 3-4 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Энэ үед цас хөлдүү хатуу байдаг тул ангалд унах эрсдэл хамгийн бага, авиралтанд зарцуулах цаг багасдаг. Үдээс хойш 15 цагаас өндөр уулын бүсдээ шуурах, салхилах нь их байдаг. Мөн агаарын теператур өсч дулаардаг тул мөсөн гол хайлмагтаж ус их болно. Ангалтай бүсийг туулах үед цас даахгүй цөмрөх нь ихэснэ. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 15 градус, хамгийн эгц хэсэгтээ 20 градус хүрнэ. Халтирч гулсах аюул авиралтын үед оргил руу өгсөх үед хэвгий хэсгийг даган өгсөх үед хамгийн их байдаг. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана.

Хүйтэн оргил – 4374м / хойд зам/
Замын ангилал: 2Б / зурагт улаанаар дүрслэгдсэн авиралтын зам/ 
Оргилын газарзүйн солибцол: N49°8'55" E87°49'24"
Бааз лагериас аялал эхэлж Потаниний мөсөн голоор явж хойд Хоног Толгой N49°9'53" E87°50'7" хүрч буудална. 8км замыг туулж ирнэ. 6 -7 цаг явна. Мөсөн гол дээгүүр явж байхад зурагт үзүүлсэн ангалтай бүсүүдийг туулна. Мөсөн гол дээгүүр олсонд орж явна. Хоногт Толгойн хойд талаар зурагдсан замаар 8-р сараас эхэлж явах хэрэгтэй. Энэ үеэс эхэлж мөсөн гол дээрхи цас хайлж ангалууд ил гарсан үед явах хэрэгтэй. Энэ замын ангалтай хэсгийн ангалууд нь маш өргөн, гүнзгий тул цасанд дарагдсан үед явах нь аюултай. Ангалууд цасанд дарагдаж битүүрсэн үед Хоног Толгойн урд талаар зурагдсан замыг дагаж явах нь эрсдэл багатай. 
Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Дундын баазаас Хүйтэний оргил хүртэл 2,5км. Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна. Авиралт Хоног Толгойгоос эхэлж оргилын хадтай хэсэг буюу 1,2,3,4 хадыг даган авирч оргилд хүрнэ. Авиралтын хамгийн эгц хэсэг нь 3-4 хад руу шилжих хэсэг, энэ хэсэгт налуугийн эгц нь 65 градуст хүрнэ. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 30-40 градус, хамгийн эгц хэсэгтээ 65 градус хүрнэ. Энэ хэсэгт групп гишүүдийн ур чадвараас шалтгаалж хамгаалалтын олс тавьж авирах шаардлагатай. 
Авиралт үргэлжлэх хугацаа дундын баазаас 5-6 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Энэ үед цас хөлдүү хатуу байдаг тул ангалд унах эрсдэл хамгийн бага, авиралтанд зарцуулах цаг багасдаг. Үдээс хойш 15 цагаас өндөр уулын бүсдээ шуурах, салхилах нь их байдаг. Мөн агаарын теператур өсч дулаардаг тул мөсөн гол хайлмагтаж ус их болно. Ангалтай бүсийг туулах үед цас даахгүй цөмрөх нь ихэснэ. Халтирч гулсах аюул авиралтын бүхий л үед байна. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана. 
Замын ангилал: 2А / зурагт цэнхэрээр дүрслэгдсэн авиралтын зам/ 
Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Дундын баазаас Хүйтэний оргил хүртэл 3 км. Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна. Авиралт Хоног Толгойгоос эхэлж зурагт дүрслэсний дагуу явж оргилд хүрнэ. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 20-30 градус, хамгийн эгц хэсэгтээ 50 градус хүрнэ. Авиралтын үед зурагт дүрслэгдсэн ангалтай хэсгийг туулах тул цасний хатууд эрт явах шаардлагатай, мөн энэ замаар 8-р сарын 2-р хагасаас хойш авиралт хийнэ. 
Авиралт үргэлжлэх хугацаа дундын баазаас 5-6 цаг. Эхлэх цаг 3-4 цагийн хооронд 

Хүйтэн оргил -4374м /урд зам/
Бааз лагериас хөдөлж Потаниний мөсөн голоор явж зурагт дүрслэгдсэн урд Хоног толгойд / N49°8'52" E 87°51'51"/ ирж байрлана. Замын 6 км. Мөсөн гол дээр олсонд орж явна. Нийт 5-6 цаг явна. Авиралт эхлэх цаг 4-6 цагт. Урд Хоног Толгойгоос хөдөлж Хүйтэн уулын зүүн урд талын хамар, нуруу дээгүүр явах үндсэн замыг дагана. Бусад дүрслэгдсэн хоёр зам нь шилжилтүүд болно. Ойрын жилүүдэд урд талын замаар авиралтууд хийгдээгүй болно. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 25-30 градус, хамгийн эгц хэсэгтээ 55 градус хүрнэ. Авиралтын үргэлжлэх хугацаа 5-6 цаг. 

2 сэтгэгдэл:

tamira said...

very nice

Anonymous said...

👍👍👍

Post a Comment