|
Тэргийг дүрсэлсэн байдал |
Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүг салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон тооны хадны сүг зураг байхаас гадна булш хиргисүүрүүд ч олон байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын элс элсийг зорих аялагч жуулчид Тэвш ууланд саатан хадны сүг зураг дүрслэлийг үзэж сонирхох нь их болсон. Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан зургууд голлоно. Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрсэлсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургуудад үхэрт нуруу ачсан, ямар нэгэн зүйлсийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, Морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрсэлсэн байна. Үүнээс харахад хүмүүс мал амьтныг гаршуулж уналга эдэлгээнд ашигладаг болсон үеийг харуулж байна. Мөн амьтдыг хашаа хорионд оруулж буй, Морьтой хүмүүсийг гартаа сүх шийдэм барьсанаар, Янгирыг нум сумаар харваж байгаа зураг олонтааг үзэж болно. Тэвш уулын зураг дүрслэлээс судлаачидын анхаарлыг татдаг зураг нь дөрвөн дугуйтай,ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн зураг байна. Эдгээр зургийг А.П. Окладников, П.И. Кожин, Д. Дорж, Э.А. Новгородова, Д. Цэвээндорж нар судалсан байдаг. Эдгээр тэрэгний дугуйн хигээс нь янз бүрийн тоотой байгаа нь тэрэгний хувьсал хөгжлийн түүхийг харуулж байгаа бөгөөд А.П. Окладников скифийн үе буюу Х.Т.Ө VII-III зуунд, Д.Дорж Х.Т.Ө III-I зуунд хамруулан үзсэн байна. Д. Дорж нь уг дөрвөн дугуйтай тэргийг "гэр тэрэг" гэж үзсэнтэй олон судлаачид санал нийлдэг. Өнөөгийн байдлаар Монгол орны нутгаас 100 гаруй эртний морин тэрэгний зураг олдоод байгаа бөгөөд гол төлөв хоёр дугуйтай дугуй тавцан бухий ганц гуятай тэргийг эгц дээрээс нь харж дүрсэлсэн байдаг. Чулуут гол, Ямаан ус, Цагаан гол, Тэвш уул, Цагаан салаа, Бага Ойгор, Модтой толгойн тэргийг 4, 6, 8, 9 хигээстэй дугуйтай дүрсэлсэн нь тэрэгний дугуйн хувьсал хөгжлийг харуулж буй баримт юм. Эдгээр тэргүүд МЭӨ 2000 жилийн сүүлч МЭӨ 1000 жилийн эхний хагаст холбогдох бөгөөд энгийн уналга, тээврийн хэрэгслийн зориулалттай. Мөн ихэнх тохиолдолд энгийн тэрэг дүрсэлсэн байхад, Ямаан усны хаданд бүхээгтэй сүйх тэрэг, Тэвш уулын хаднаа дөрвөн дугуйтай тэрэгний дунд дээрээс нь харсан гэр мэт зүйлийг дүрсэлсэн байна. Хөвсгөл аймгийн Модтой толгойн нэгэн хавтгай хадны голоор зам мэт урт зураас хонхойлон цохиж гаргаад түүний баруун талаар цуварч яваа хос морь хөллөсөн хоёр тэрэг, хүний мөр, адуу, нөгөө талд хос морьтой нэгэн тэрэг, морь, туурай тамга, хүний мөр зэргийг дүрсэлжээ. «Модтой толгой»-н морин тэрэг нь сийлбэр ба дүрслэлийн хувьд дээрхи тэрэгнүүдээс их эртний шинжтэй бөгөөд МЭӨ 3000-2000 жилд холбогдоно.Тэвш уулын тэрэгний болон тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилж буй бөгөөд 1997 онд Г. Гонгоржав уг уулын Ар Элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээст тэргэн дээр зогсож буй хоёр хүнийг дүрсэлсэн зургийг олсон байна. Энэ зургийн тэргийг дайн байлдааны зориулалтай байж болох юм гэж үзсэн байна.