December 1, 2010

Домбор буюу домбыра - Домбор хөгжимийн тухай домог.

Домбор
Домбор буюу домбыра - Дуу хөгжим, хурдан морь бол Казахын ард түмний хос жигүүр билээ. Казах түмнийг домборгүйгээр төсөөлөх аргагүй. Домбор бол Казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг билээ. Казах айл болгонд домбор байдаг бөгөөд хүүхэд хөгшид гэж ялгалгүй домбор хөгжимөөрөө тоглож чаддаг. Домборыг гаднаас нь харахад том модон шанага шиг хэлбэртэй. Домбор нь шанага, нүүр, иш, чих гэсэн үндсэн хэсгүүдтэй. Домборыг урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч утас хийгээд, хоёр утас татаж ишин дээр нь 9 эгшигийн хөг данг тохируулж өгнө. Ингэж домбор хөгжим бий болно.

Эрт цагт хүмүүс домборын чавхдасыг хонь ямааны өлөн гэдсээр хийдэг байсан бол одоо сатурк утас ашиглах нь элбэг болсон. Анхандаа казахчууд домборыг хоёроос гурван утастай хийдэг бөгөөд өнөө үед голдуу хоёр утастайгаар хийдэг. Орчин үед гурван утастай домбор хийх уламжлал Казахстаны Семиплатинскийн бүс нутагт л үлджээ. Домбороор олон хөг аяыг түүн дотроо эх нутгийнхаа уул тал, гол горхи, жигүүртэн шувуудын жиргэн донгодох, хонь ямаа, түмэн агтны төвөргөөнийг аялгуулан тоглодог. Казахууд домбороо маш их хүндэлж хайрлана. Адуу малдаа явсан ч биеэс салгахгүй, орой үдэш орон гэртээ харьж ирсэн ч домбороо хөгжимдэн, дуулан бүжиглэж, айл хотлоороо наргиж цэнгэнэ.
Домбор хөгжмийн тухай домог - Урьд цагт Казахын нэгэн догшин ноёны хүү ан авд яваад сураггүй алга болжээ. Хүүгийн эцэг хүмүүсээ тал тал тийш илгээж хайлгасан ч хүүгийн сураг эс сонсогдоно. Догшин ноён цөхөрч, хүүгийнхээ тухай муу мэдээ дуулгасан хүний хоолойд халуун тугалга цутгана гэсэн зарлиг гаргажээ. Эрлийн хүмүүс хүүг хайж явсаар үхсэн байхыг нь олжээ. Ноёндоо энэ тухай хэлэх зоригтой хүн гарсангүй. Тэдний дунд олондоо авъяас чадлаараа гайхагдсан нэгэн залуу байжээ. Тэрээр гашуудлын мэдээг дуулгахаар эзэн ноёныдоо очиж гэрт нь домбор хөгжмөөр болсон үйл явдлыг аялгуулуулан тогложээ. Түүний тоглосон хөгжмөөс ноён болсон явдлыг ухан ойлгож, энэ мэдээг дуулгасан домбор хөгжмийн хоолойд тугалга цутгасан гэдэг. Одоо ч эл домгоос үүдэн домбор хөгжмийн царанд тугалга цутгадаг уламжлал бий. Сүүлийн үед Казахуудын дунд домбор нь хүндэт зочиндоо өгөх гол бэлэг дурсгалын зүйлийн нэг болсон. Өлгий хотын зах дээр домбор хөгжим зарна. Үнэ нь ур хийцээсээ хамаарч 10 - 25 мянган төгрөгний үнэтэй байдаг. Өлгий хотод очсон хэн боловч домбор хөгжим тоглож сурч болно тэд ч зааж өгөхдөө дуртай байдаг.

3 сэтгэгдэл:

Anonymous said...

Энэ домборын танилцуулга маш гоё байна багш маань домборын тухай бичээд ир гэсэн энэнээс санаа авсан баярлалаа

Anonymous said...

Домборын зураг ч байгаа маш гоё танилцуулга шүү i love you so much

Anonymous said...

Ыжфж

Post a Comment