July 27, 2011

“Mongolia Bike Challenge 2011” болно .

“Mongolia Bike Challenge” нэртэй Монголоор овоглосон олон улсын дугуйн анхдугаар уралдаан өнгөрсөн жилийн наймдугаар сард Монгол улсын нутгаар болж байсан. Говь, Хангай хосолсон энэ уралдаан нийт 10 гараагаар үргэлжилж, тамирчид Дундговь, Өмнөговь, Өвөрхөнгай, Баянхонгор, Архангай аймгуудын нутгаар нийт 1400 км замыг туулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэзуу хийдийн үүдэнд бариагнд орж байсан билээ. “Mongolia Bike Challenge 2010” уралдаанд 12 орны 92 тамирчин оролцож, Италийн алдарт тамирчин, Италийн уулын дугуйн улсын аварга Марзио Дехо түрүүлснээр уралдааны алтан цом хүртсэн бол Монголын тамирчин, ОУХМ Т.Төгөлдөр, Испанийн тамирчин Карлос Оссенбах нар мөнгө, хүрэл медалийн эзэд болж байв.

Тэгвэл, “Mongolia Bike Challenge 2011” уралдааныг “Монголиа Экспедишнс” компани, Италийн аялал жуулчлалын “Прогетта Авентура” компанитай хамтран долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 12-ны хооронд зохион байгуулах гэж байна. Хоёр дахь жилдээ зохиогдох гэж буй энэ удаагийн уралдаанд 14 орны 70 тамирчин оролцох юм. Оролцогчид Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар говь, хангай хосолсон 1200 км замыг есөн гараанд туулахаар бэлэн болоод байна. Энэ жилийн уралдаанд дугуйн спорт өндөр хөгжсөн Итали, Испани, Франц, Канад, АНУ, Герман, Австрийн чансаа өндөртэй тамирчид оролцох юм.

Уралдаан ХААН, Спортсмен, Мастер 1, Мастер 2, Ахмад, Эмэгтэйчүүд, Тандем гэсэн долоон ангиллаар зохиогдох бөгөөд мэргэжлийн тамирчдад зориулсан ХААН хэмээх ангилалд Итали, Канад, Шинэ Зеланд, Малайз болон Монголын 10 гаруй тамирчин өрсөлдөнө. Тэдгээр тамирчдын дунд өнгөрсөн жилийн уралдааны аварга, Италийн алдарт тамирчин Марзио Дехо багтаж буй. Зохион байгуулагчдын зүгээс Дехогийн гол өрсөлдөгчдөөр Канад, Шинэ Зеланд болон Монголын тамирчдыг байх болов уу хэмээн таамаглаж байна. Харин уралдааны эмэгтэйчүүдийн төрөлд Тайванийн шилдэг триатлончдын нэг тамирчин Сьяо Ю Ли оролцох юм.

“Mongolia Bike Challenge 2011” уралдааны хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Өмнөговь, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын Засаг даргын Тамгын газар оролцож байна. Монголын талаас С1, NTV, Боловсрол суваг телевиз уралдааныг газар дээрээс нь дамжуулах бол Итали, Испани, Тайвань, Хятад, Герман, Австрали, Бельгийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд мөн сурвалжлан, дэлхий нийтийн сонорт хүргэх ажээ.

Энэ жилийн уралдааныг Испанийн алдарт дугуйн брэнд “ORBEA” ивээн тэтгэж, эрэгтэй, эмэгтэй төрөлд нийлбэр дүнгээр түрүүлсэн тамирчдад “ORBEA” брэндийн унадаг дугуй гардуулах юм.

Уралдаанд оролцох тамирчид энэ сарын 30-нд Монголд ирэх бөгөөд 31-ний өглөө 9.30 цагт уралдааны нээлтийн ажиллагаа Сүхбаатарын талбайд болно. Улмаар наймдугаар сарын 1-нд тамирчид Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу нисч, 2-ны өглөө Даланзадгад хотын төвөөс гараагаа хийж, наймдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн өмнө барианд орно. 

July 3, 2011

Цана хадны сүг зурагт.

Цана хөлөглөн ан хийж буй хүн.
МОНГОЛЫН ЭРТНИЙ ЦАНЫН ТУХАИ. Монголчууд бидний өвөг дээдэс нэн эртнээс ангийн аж ахуй эрхлэн аж төрж байгаад дэлхийн бусад ард түмнүүдтэй нэгэн үед Мезолит буюу Дундад чулуун зэвсгийн үед 15000-7000 жилийн тэртээгээс малыг гаршуулж гэршүүлсэн ба монгол орон бол дэлхийн мал аж ахуй үүссэн гурван том голомтын нэг юм. Хүрэл зэвсгийн үед буюу 4000 гаруй жилийн орчимд бидний өвөг дээдэс нүүдлийн мал аж ахуйтай болжээ. Хүн төрөлхтөний нэн эрт ба эртний түүхийг өөрөөр хэлбэл бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн түүхийг судлахад археологийн дурсгал хосгүй их ач холбогдолтой байдаг. Тэдгээрийн нэг том төрлийн дурсгал болох Хадны сийлмэл (хонхойлон цоолборлосон) дурсгалаар Монгол дэлхийд хамгийн баялаг - орон болох нь Монголын болон гадаадын археологчдын хийсэн судалгаагаар батлагдаж байна. Бидний археологчид Монгол Улсын нутгаас хадны зургийн хэдэн зуун дурсгалыг нээн судлаж энэ чиглэлээр 30 орчим эрдэм шинжилгээний суурь бүтээлийг туурвиж Монгол, Орос, Солонгос, Франц, Итали зэрэг оронд нийтлээд байна. Монгол орон тэр дотроос Монгол Алтай, Говь-Алтайн нуруу болон тэдний салбар уулс хадны зургийн дурсгалаар нэн баялаг билээ. Энэ удаа бид Монгол Алтайн зүүн сугаас эх авч урсах Бага Ойгор голын саваас олдсон цанатай анчны зургийн тухай товч өгүүлье.