October 2, 2012

Цагаан дэнжийн Улаан үзүүрийн буган чулуу

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс чанх баруун хойш 6,5 км-т Цагаан голын хойд дэнж дээр хоёр буган хөшөө бий. Эдгээрийг 12 м голчтой, дүгрэг хиригсүүрийн төвд/ яльгүй баруун хэсэгт/ хооронд нь бараг шүргүүлэн босгожээ.GPS солибцол: N 49°00'0.16", E 089°05' 06.2"
1-р буган хөшөө. Ногоовтор туяатай хөх саарал өнгийн нимгэн хавтгай урт чулуугаар хийсэн. Өргөн хоёр талын оройн хэсэгт тус бүр нижгээд цагираг сийлсний голч нь 18 см. Түүнээс доош газарт зоогдсон хэсгийг хүртэл нэлэнхийдээ бугын дүрс сийлсэн байсан өдгөө бараг мэдэгдэхгүй болтлоо бүдгэрчээ. Газраас цухуйсан өндөр нь 238 см, өргөн нь 54 см, зузаан нь 12-19 см. 
2-р буган хөшөө. Нэг дэх буган хөшөөний баруун талд тун ойрхон зэрэгцэж урт нарийхан, цайвар боржин чулуун энэ хөшөө оршино. Оройн хэсэгт хүний нүүрийг их биеэс нь товойлгон гаргаж урлажээ. Гонзгой урт нүүртэй, шулуун жирэвгэр хөмсөгний уулзвараас доош хамрыг шууд үргэлжлүүлэн товгор шулуунаар гаргасан агаад нүд ам нь элэгдэн бүдгэрчээ. Баруун шанаанд нь 15 см голчтой онгин дүрс үзэгдэх бөгөөд зүүн хажуугаараа нөгөө хөшөөтэй шахаж байрласан тул ямар зураг дүрстэй нь тодорхойгүй. Анх нэлэнхүйдээ бугын дүрстэй байсан болов уу гэлтэй ч тэр нь элэгдэн бүдгэрч энд тэнд алаг цоог дүрслэл үлджээ. Хөшөөний өндөр нь газраас цухуйсан байдлаар 240 см, өргөн нь 22-24 см, зузаан нь 18-24 см. 
Эл хоёр хөшөөний онцлог нь анх байрлуулж тавьсан тэр л байдлаараа байгаа янзтай бөгөөд ингэж хоёр хөшөөг нэг байрлуулдаг заншлыг судлаачид нэг гэр бүлийн эр эм хоёрын дурсгалд зориулагдсан гэж үздэг. Тэгэхдээ булш оршуулгыг нь өөр газарт мөн адил хосоор нь үйлддэг байсан бололтой. Хийц дүрслэлийн хувьд эдгээр хөшөө, бугыг хийсвэрлэн дүрслэх аргаар үйлдсэн бөгөөд нэг онцлог нь хөшөөний доод хэсэгт бүс болон бүснээс зүүсэн эд хэрэглэл, зэр зэвсгийн зүйлс дүрслээгүй байна. Бугыг ийнхүү хийсвэрлэсэн байдлаар дүрсэлсэн хөшөөг ихэнх судлаачид буган хөшөөний хөгжлийн эхэн Х.Т.Ө II мянган жилийн үе буюу хүрэл зэвсгийн үед холбон үздэг. Цагаан голын эдгээр буган хөшөөдийг дөрвөн хиригсүүр, 10 дүгрэг булш тойрон байрлажээ.

Холбогдох ном зохиол: 
  • Н.Сэр-Оджав. Баян-Өлгий аймгийн археологийн дурсгалыг судалсан нь. Түүхийн судлал. SH. Т. VIII, f.1. УБ, 1969. 17-26-р тал.
  • Д.Баяр, Д.Эрдэнэбаатар. 1989 онд Баян-Өлгий аймгийн нутагт явуулсан эртний судлалын хайгуулын ажлын тайлан. ТХГБС. 
  • Д.Баяр. Монгол Алтайд шинээр олдсон зарим буган хөшөөний тухай. Археологийн судлал. SA. T. XV, f.5.53-64-р тал.

0 сэтгэгдэл:

Post a Comment