February 12, 2011

Хүн нар.

Хүннүчүүд нь МЭӨ IV зууны үеэс түүхэнд нэр нь тодоор дурдагдаж, МЭӨ III зууны төгсгөл буюу МЭӨ 209 онд Модун шаньюйн үед нэгдмэл төрт улс болж, улмаар хөрш зэргэлдээ оршиж байсан аймгуудыг ээлж дараалан өвдөг сөхрүүлсээр нүүдэлчдийн дотроос анх түрүүнд эзэнт гүрнийг цогцлоожээ. Тэд өмнөд хөршийн Хан улсаас татвар авч, Дундад Азийн хот улсуудад ч нөлөөлж байсан бөгөөд Хүннүгийн нэр цуу Өрнөдөд ч хүрч байжээ.  МЭ I зууны төгсгөлд Хүннү улс бие дааж оршин тогтнохоо больсон хэдий ч Хүннү угсааныхан V зууны үед Атиллаар толгойлуулсан Хүн гүрнийг байгуулж, Хятадын 5 төр, 16 улсын үед ч тэд улс байгуулж нөлөөтэй хэвээр оршин байсаар Евроазийн мянган жилийн түүхийг бичилцсэн юм. Тэдний үлдээсэн соёлын өв болох булш оршуулга, хот суурин, хадны зургийн дурсгалууд Евроазийн өргөн уудам нутгаас илэрсэн хэдий ч гол цөм нь Хүннүгийн голомт болох өнөөгийн Монгол улсын нутагт тархжээ. Ялангуяа Хүннүгийн язгууртан дээдсийн оршуулга болох 600 гаруй булшны 95 хувь нь манай улсын нутгаас илэрч мэдэгдээд байна. 
НОЁН УУЛЫН ДУРСГАЛ
Ноён уул нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, хуучин Борнуурын сангийн аж ахуйн төвөөс зүүн хойд зүгт 30 орчим км зайд оршино. Уулын баруун хойд талын Сүжигт, өмнө талын Журамт, зүүн талын Хужирт гэсэн 3 аманд нийт 230 орчим Хүннү булш бий. Дурсгалт газрын ихэнхи булш газрын өнгөн хөрсөн дээр ил цухуйх дөрвөлжин хэлбэрийн гол байгууламж, түүний өмнө талд залгуулан байгуулсан урт гонзгой үүдэвчтэй юм. Булшны том нь 40 гаруй метр хэмжээтэй бол жижиг нь 10 гаруй метр, дундаж нь 20 гаруй метр хэмжээтэй байна.
Ноён уулын дурсгалт газрыг 1912 онд алтны судал хайж явсан “Монголор” нийгэмлэгийн техникч Е.Баллод санамсаргүй илрүүлсэн бөгөөд Оросын ШУА-иас томилсон “Монгол-Түвдийн экспедиц” 1924-1925 онд булшнаас сонгон малтаж Хүннүгийн үед холбогдохыг тогтоосон байна. Дараа нь 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан А.Д.Симуков, 1954-1955 онд Ц.Доржсүрэн, 1961 онд Монгол-Унгарын хамтарсан шинжилгээний ангиуд ажиллаж судалгаа хийжээ. Харин түүний дараа 40 гаруй жил судалгаа завсарласны хойно 2000 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хээрийн шинжилгээний анги хайгуул хийж булшийг нарийвчлан бүртгэсэн бөгөөд 2006 оноос Монгол-Оросын хамтарсан шинжилгээний анги ажиллаж томоохон хэмжээний 2 булшийг малтан судлаад байна.
Ноён уулын дурсгалт газарт хийсэн судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны булш оршуулга Монгол нутагт бодитоор оршин буйг анх тогтоосон бөгөөд тэдний соёл, аж ахуй, гадаад харилцааны төвшинг илтгэн харуулах ноцолдон буй хос амьтны дүрст эсгий ширмэл ширдэг, сарлагийн дүрст хөөмөл мөнгөн чимэг, ёроолдоо бичээс бүхий чий маажинтай аяга, Грек-Ромын домгийн бурханы дүрсийг товойлгон гаргасан мөнгөн эдлэл, хүнийг бодитоор дүрслэсэн хатгамал бүхий торго нэхмэл эдлэлүүд, шавар ваар сав, хүрэл эдлэл зэрэг ховор сонин олдвор хэрэглэгдэхүүнийг илрүүлэн олжээ.

ГОЛ МОДНЫ ДУРСГАЛ
Энэхүү дурсгалт газар Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс зүүн өмнө зүгт 35 км зайд, Хангайн нурууны салбар болох Бөхөн шар уулын ар бэлийн шинэсэн ой бүхий элсэрхэг хөрстэй тэгшивтэр дэвсэгт байрлана. Оршуулгын газраас баруун тийш 4 км орчимд Хүнүй гол урсах ба булшнуудын зүүн хойд талд Гол мод, баруун өмнө талд Нарийн гол хэмээх жижиг горхитой ажээ. Энд нийт 418 булш илэрч мэдэгдсэн бөгөөд тэдгээр нь зүүн хойноос баруун өмнө тийш ташуулдан байрлах хоорондоо 400-500 м зайтай хойд, дунд, өмнөд 3 бүлэгт хуваагдана. Өмнө талдаа үүдэвчтэй, дөрвөлжин хэлбэрийн чулуун хүрээт гадаад байгууламж бүхий том хэмжээтэй булшнууд оршуулгын газарт дийлэнхи болох хэдий ч өнгөн хөрсөн дээр үл мэдэг цухуйх цагираг хэлбэрийн жижиг булшнууд ч цөөнгүй байна.
Гол модны дурсгалт газрыг Ц.Доржсүрэн 1956 онд хайгуулын явцад илрүүлж, тэр жилдээ дагуул жижиг булш 26-г малтан шинжилжээ. Харин үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн 1 том булшийг 1956-1957 оны хооронд малтсан боловч хөрсний нуралтаас болоод дуусгаж чадаагүй юм. Хожим энэ булшийг Монгол-Францын хамтарсан шинжилгээний анги 2000-2001 оны хооронд малтжээ. Үүнээс гадна тус хамтарсан шинжилгээний анги 2000-2005 оны хооронд үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн булш 2, үүдэвчгүй дөрвөлжин хэлбэрийн булш 2, цагираг хэлбэрийн жижиг дагуул булш 11-ыг тус тус малтан судалсан байна.
Гол модны дурсгалт газарт хийгдсэн археологийн малтлага судалгааны үр дүнд газрын өнгөн хөрснөөс 18 метр гүнд байрлах модон бунхан дотроос толгой дээрээ ганц эвэртэй “бэлгэт гөрөөс” хэмээх домгийн амьтны дүрс бүхий адууны хударга хөмөлдрөгний мөнгөн чимгүүд, үрэл хэлхэх аргаар хийсэн нуухтай оюу шигтгээтэй цэцгэн болон саран хэлбэрийн алтан чимгүүд, Хүннүгийн язгууртнуудын сүр хүчийг илтгэн харуулах гоёмсог хийцийн сүйх тэрэг, хуягны хүрэл ялтас, хүрэл завъяа, хүрэл тогоо зэрэг ур хийц сайтай олдвор хэрэглэгдэхүүн илрүүлэн олжээ.
 ГОЛ МОД-2 ДУРСГАЛ
Монгол орны төв хэсэгт Хангайн нурууны бүсэд Улаанбаатарын Их Сургуулийн НУФ-ын Археологийн тэнхэм, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, АНУ-ын Питтсбургийн Их Сургуулийн Археологийн тэнхим хамтран, 2000 оноос эхлэн ажилласан Монгол-Америкийн хамтарсан археологийн хээрийн шинжилгээний анги Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал гэдэг газраас Гол мод-2 хэмээн нэрлэгдсэн  Хүннүгийн язгууртны 150 гаруй том жижиг булштай газрыг 2001 онд анх илрүүлэн олж, дэвсгэр зураг үйлдэн анхны малтлага судалгаа хийсэн юм.

Энэхүү Хүннүгийн язгууртны булш бүхий дурсгалт газарт 2002-2005 оныг хүртэл Монгол-Америкийн хамтарсан археологийн шинжилгээний анги, 2006-2009 оныг хүртэл Улаанбаатарын Их Сургуулийн НУФ-ын Археологийн тэнхэм бие даан малтлага судалгааны ажлыг хийж байна.

Дурсгалт газрын хамгийн том 1-р язгууртны булш 30 дагуул булштай бөгөөд тэдгээрээс 29 булш нь 1-р булштай холбоотой бол баруун талд буй нэг булш хожим хийсэн дундад зууны үеийн булш, чанх хойт талд буй нэг дагуул нь хүннүгийн үед адуу хойлголсон тахилын байгууламж болох нь тогтоогджээ.
1-р булшны дагуулаас Ромын Эзэнт гүрний үед хийсэн шилэн аяга, хүрэл толь, адуу малын тоног хэрэгсэл, тамгатай шагай, ваар сав зэрэг онц сонирхолтой эд өлгийн зүйлүүд илрэн олдсон юм.

ДУУРЛИГ НАРСНЫ ДУРСГАЛ
Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвийн өмнөх дугуйран ургасан “Баян Дуурлиг” хэмээх нарсан ой дотор Хүннүгийн язгууртан дээдсийн оршуулга болох 280 гаруй булш тархжээ. Эндэхийн булшнууд ихэвчлэн 10-20 метр хэмжээтэй хэдий ч оршуулгын газрын хойд захад дөрвөлжин хэлбэрт гол байгууламж 40х40 метр хэмжээтэй, 50 метр хүрэх урт үүдэвчтэй том булшнууд ч хэд хэд бий. 
Дурсгалт газрыг анх 1974 онд Х.Пэрлээ, Д.Цэвээндорж нар илрүүлсэн ба 1991 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд булшнуудыг тоолж, тархацын дэвсгэр зургийг үйлдсэн байна. 2006 оноос Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Солонгосын Үндэсний музейн хамтран хэрэгжүүлж буй “Мон-Сол” төслийн хүрээнд малтлага судалгааны ажлыг эхлүүлж, 5 жилийн хугацаанд үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн язгууртны 2 булш, үүдэвчгүй дөрвөлжин хэлбэрийн 2 булш, мөн дугуй хэлбэрийн 9 булшийг малтсан бөгөөд үүдэвчний хамт 50 метр хүрэх нэгэн том булшийг малтан судлаж байна.
Археологийн малтлага судалгааны үр дүнд Дуурлиг нарсны дурсгалт газрыг Хүннүгийн үед холбогдохыг баттай тогтоосны зэрэгцээ булшийг байгуулахад ашигласан арга барилыг тодруулж, булшийг тоносон тонуулчдын ул мөрийг илрүүлжээ. Мөн Хүннүгийн язгууртны булшнаас тэр бүрий олдоод байдаггүй бүтэн хадгалалттай авсны алтан чимэг, тостойгоо дэнгийн хүрэл цөгц, хатирч яваа морины дүрст алт шармал хүрэл чимэг, хаш эдлэлүүд, гоёмсог хийцтэй шувууны дүрст зүүлтний хэсэг, чий будагтай эдлэл, шавар ваар сав, хүрэл эдлэлүүд, хар чий будагтай сүйх тэрэгний үлдэгдэл зэргийг илрүүлэн олсон байна.

ТАХИЛТЫН ХОТГОР
Энэхүү Хүннүгийн оршуулгын дурсгалт газар Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун өмнө зүгт 20 км орчим зайд, Цэнхэрийн голын хөндийд орших өндөр уулын арын тэгш дэвсэгт байрлана. Уг дурсгалт газарт нийт  125 булш байгаагаас 34 язгууртны буюу үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн булш, 36 дагуул булш,  55 дугуй буюу жирийн иргэдийн булш болно.
Дурсгалт газрыг 1960 онд Манхан сумын төвд эвдэгдсэн булшинд авран хамгаалах малтлага хийхээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс томилогдон очсон В.В.Волков, Ц.Доржсүрэн нар анх илрүүлж, тэр жилдээ оршуулгын газрын хойд захад байрлах том булшны дагуул 2 жижиг булшийг малтан шинжилжээ. Хожим 1987-1990 оны хооронд мөн хүрээлэнгээс томиллон ажиллуулсан “Ховдын шинжилгээний анги” үүдэвчтэй дөрөлжин хэлбэрийн 2 том, цөөн тооны цагираг хэлбэрийн жижиг булш малтсан байна.
2007 онд Монголын Үндэсний Музей, АНУ-ын Пенсилваний их сргуулийн хамтарсан “Ховд” судалгааны төслийн баг тус дурсгалт газарт үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн булш нэг,  дагуул булш долоог малтан судалжээ.
Дээр дурдсан удаа дараагийн судалгааны үр дүнд Баруун Монгол дахь Хүннүгийн язгууртнуудын булш түүний бүтэц зохион байгуулалтыг тодруулсны сацуу  хүрэл завьяа, хүрэл цар, алтан нар, сарны дүрс, төрөл бүрийн ясан эдлэлүүд зэрэг сонирхолтой олдворуудыг нээн олжээ.  Түүнээс гадна анх удаа Хүннүгийн язгууртны булшны хойд талд хэд хэдэн эгнээгээр байх тахилгын хос чулуун байгууламжийг малтан судалж, түүнийг зан үйлийг тодруулан судалсан юм.  

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Ηi, Neat post. There is an issue tοgethег with your website in
internet eхplorеr, might test thіs? IE still is the mаrketρlасe chiеf and a big element of
people ωill omіt your wonderful wгiting due to this problem.


Mу wеb-site ... payday loans

Post a Comment