February 15, 2011

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ЭРЧ НЭМСЭН УРАЛДААН

МОНЦАМЭ - ний сурвалжлагч Х. Эрдэмбилэг.
Аялал жуулчлал манай улсад хөгжиж байна. Тэр тусмаа адал явдалт аялал жуучлал түлхүү хөгжих янзтай. Онгон зэлүүд газар нутгаар аялж, нүүдэлчдийн өвөрмөц соёлыг бодиттойгоор үзэх гэсэн хөгжингүй орны жуулчид эх орныг маань зорин олноороо ирэх боллоо. Монголын аялал жуулчлалын байгууллага, тур операторууд ч энэ хандлагыг анзаарч үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв хүсвэл хэнбугайн ч жинхэнэ нүүдэлчдийн ёс заншлыг биеэрээ мэдрэх боломжтой болжээ. Харин 2010 оноос эхэлж зохион байгуулагдаж байгаа “Моngolian Bike Challenge” олон улсын уулын дугуйн уралдаан бол энэ нийтлэг хандлагыг дагаагүй.  Гадаадын жуулчид манайд ирж морь уралдахыг харах биш харин бид тэднийг уралдуулж хэн нь “шандастайг” харж баясах болно. Монгол зөвхөн эсгий гэртэй талын нүүдэлчдийн эх орон биш харин газар нутгийнхаа өвөрмөц тогтолцоог ашиглаж 21 дүгээр зууны спортыг ч хөгжүүлэх чадалтай улс орон гэдгийг дэлхийд сурталчилж чадсан нь энэ уралдааны гол онцлог. “Монголд дугуйн аялал хөгжөөд нэлээн хэдэн жил байгаа боловч яг энэ цар хүрээнд хийгдэж байгаагүй. Энэ тэмцээнийг зохион байгуулснаар гадаадын жуулчид, тамирчид манай орныг арай өөр нүдээр хараад Монгол гэдэг зөвхөн эсгий гэртэй, морь унасан хүмүүс биш харин орчин үеийн спорт хөгжсөн, хөгжих боломжттой улс юм байнаа гэдгийг мэдэх болно” гэж “Mongolia Expeditions”-ийн захирал С.Алдархишиг уралдаанаа танилцуулахдаа итгэлтэй хэлсэн юм.
Марзио Дехо барианд орж байна
Уг уралдааныг 2010 онд Монголын адал явдалт аялал жуулчлалын тур оператор “Mongolia Еxpeditions” Италийн “Progetto Avventura Eventi” байгууллагатай хамтран анх зохион байгуулсан бөгөөд анхны тэмцээнд нийт 12 орны 92 тамирчин оролцсон байна. Харин энэ жил 108 тамирчин оролцох аж. 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 13-ны хооронд уралдаан болно.

“Манай уралдаан Монгол орныг дугуйн спортоор дэлхийд таниулах зорилготой. Жил бүр зохиогдоно. Өндөр мэргэжлийн болон өндөр түвшинд бэлтгэгдсэн сонирхогч тамирчдын дунд зохион байгуулдаг” гэж Алдархишиг уралдаанаа цааш танилцуулав. Тус уралдаан нь дугуйн спортоор дамжуулж Монголыг дэлхийд танилцуулахаас гадна чансаа өндөр уралдаан зохион байгуулах далимандаа аялал жуулчлалын шинэ зах зээл бий болгох, олон нийтэд эрүүл амьдрах, байгальд ээлтэй байхыг сурталчлах, дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлыг эерэгээр шийдэхэд хүн төрөлхтнийг уриалан идэвхжүүлэх гэх мэт олон зорилго агуулжээ.
Чиглүүлэх тэмдэг тавьж байна.
“Бид уралдаанд оролцогчдынхоо тоог энэ жил 108-аар хязгаарлаж байгаа. Одоогийн байдлаар энэ нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бага байлгахад тохиромжтой тоо” гэж Алдархишиг хэлэв.Оролцогчид тусгай заасан газар л хог хаягдлаа хаяж болдог нь уг уралдааны бас нэг онцлог. Энэ талаар Алдархишиг “Дэлхий нийтээрээ байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байхад ихээхэн анхаарч байгаа. Бид ч гэсэн үүнд анхаарч уралдааныхаа дүрэмд тамирчид хогоо хаяхгүй, хэрвээ хог хаясан тохиолдолд эхний удаа шийтгүүлнэ. 40 минутын торгууль авна. Хэрвээ хоёр дахь удааагаа хог хаявал шууд тэмцээнээс хасна гэсэн заалт оруулсан” гэв. Өнгөрсөн оны уралдаанд хог хамаагүй хаяснаас болж хасагдсан тамирчин байгаагүй, харин торгуульсан тамирчид байсан агаад хог хаясан тамирчдыг торгосноос хойш бүгд хаяхаа больсон ажээ. “Ер нь бол нийтдээ 1200 км зам туулж байгаа учраас бидэнд замын турш хогын сав байрлуулах ямар ч боломж байхгүй. Тийм учраас тамирчид идэж уусан зүйлсийнхээ бүх хог, сав суулгыг зөвхөн бариан дээр эсвэл бидний тогтоож өгсөн ус цэнэглэх, хоол хүнс сэлбэх цэгүүд дээр хаяж болно” гэж Алдархишиг учрыг тайлбарлав.
Тамчийн гол
Уралдааны замд
Энэ жилийн уралдаан 9 гараатай, нийт 1200 км зам туулах аж. Уулын дугуйн уралдаан дотроо засмалын болон бартаат замын гэж хоёр хуваагддаг. Харин “Моngolian bike challenge” бол бартаат замын уралдаан гэнэ. Уралдаан Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн газар нутгаар дайрна. Дунджаар 100 км урттай 9 гараатай. Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос гараад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн үүдэнд эцсийн бариагаа барина. Энэ замыг зохион байгууллагчид сонгосон нь монголын говь хангайг гадаадын жуулчдад танилцуулж, дэлхийд танигдсан үзмэрүүдээ үзүүлэх давхар, давхар зорилго өвөрлөсөн аж.
Бариан дээр
“Моngolian Bike Challenge” бол Ази тивд анх удаа болж байгаа уулын дугуйн бартаат замын уралдаан гэнэ. “Энэ төрлийн уралдаан Австриал, Өмнөд Америк, Хойд Америк, Африкийн улсуудад болж байсан болохоос Ази тивд огт болж байгаагүй” гэж Алдархишиг хэлэв.

Энэ уралдааныг монголын талаас зохион байгуулж байгаа хүмүүс уралдаанаа жилийн жилд боловсронгуй болгож Дэлхийн дугуйн холбооны жилийн хөтөлбөрт багтаах бас нэг зорилготой байгаа юм байна. Энэ талаар Алдархишиг “Дэлхийн дугуйн холбоо гэж бий. Энэ холбоонд бартаат замын төрөл хараахан бүртгэгдээгүй байдаг. Харин яваандаа энэ төрөл бүртгэгдээд, манай уралдаан ДДХ-ны жилийн төлөвлөгөөнд орвол бид өөрсдөө маркетингаа хийх биш харин ДДХ хийх болно. Тиймээс бид одооноос уралдаанаа өндөр түвшинд хийх учиртай” гэж ярив. Түүний хэлснээр бол дэлхийд дугуйн спортын 9 төрлийн уралдаан болдог юм байна.

Ус сэлбэх цэг дээр
Одоогийн байдлаар 2011 оны тэмцээнд 15 улсын 65 тамирчин бүртгүүлсэн байгаа гэнэ. Бүртгүүлсэн тамирчдын 30 хувь нь эмэгтэй тамирчин байгаагаас харахад эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байгаа ажээ. “Моngolian Bike Challenge”-ийн гол зах зээл нь Европын холбооны улсууд учраас гадаадын тамирчид тэмцээнд бүртгүүлэхдээ еврогоор төлбөр тооцоогоо хийдэг аж. Хэрэв 2011 оны 2 дугаар сарын 28-наас өмнө бүртгүүлвэл 1590 евро, харин хожуу бүртгүүлвэл 1890 евро гэх мэт хэлбэлзэлтэй байдаг юм байна.

“Моngolian Bike Challenge 2011” уралдаан хаан, тамирчин, мастер 1, мастер 2, ахмад, эмэгтэйчүүд, тандем (хоёр дугуй) гэсэн 7 ангиллаар зохиогдоно. Бүхий л насны хүмүүс оролцох боломжтой ажээ. Нэг ангилалд таваас дээш хүн уралдах ёстой юм байна.

Мориноос хурдан хүн
 
Мориноос хурдан хүн  - Marzio Deho
 Өнгөрсөн жил манай улсаас 11 тамирчин орсон байна. Мөн дэлхийд алдартай испанийн тамирчин Роберт Херас, италийн аварга тамирчин Марзио Дехо хоёр ирж өрсөлджээ. Марзио Дехо өнгөрсөн жилийн аварга болж монголын тамирчин Т.Төгөлдөр 2 дугаар байранд орчээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд италийн тамирчин Степани Валсечи түрүүлжээ. Орон нутгийн оршин суугчид 2010 оны уралдаанд түрүүлсэн Марзио Дехог “машинаас хурдан хүн”, “мориноос хурдан хүн” гэж нэрлэж байжээ. Хээрийн нөхцөлд хоол унд бэлдэнэ гэдэг бэрхшээлтэй асуудал. Тэр тусмаа тамирчид, бүр 200 гаруй хүнийг 10 өдөр хооллож ундлана гэдэг тоглоом биш. 2010 оны уралдаанд оролцогчид 16 мянган литр цэвэр ус ууж, 6 мянган ширхэг лаазтай кока-кола уусан байх юм.

“Хоол ундыг нь яаж бэлдэж байсан бэ?” гэдэг асуултанд Алдархишиг их бахархалтай хариулсан юм. “Анхны уралдаанд оролцсон тамирчид биднийг их магтсан. Манай тэмцээнд түрүүлж алтан цом авсан Марзио Дехо манай хоолыг ‘Би олон тэмцээн уралдаанд оролцож, 5 одтой зочид буудлуудад байрлаж байсан. Танай хоол гологдох юм алга. Танайх үнэхээр 5 одтой зочид буудал шиг хоол хийж байна’ гэж магтаж байсан. 225 хүний хоол унд бэлдэх асар их хариуцлага. Бид хоёр баазаар ажилладаг байсан. Нэг бааз нь гараанаас гаргахад нөгөө бааз нь хүлээж аваад солбидог байсан. Бааз болгон дээр 9 тогооч ажиллаж байлаа. Одоо бид монголын хоол хүнс гадаадын тамирчдад гологдохгүй юм байна гэсэн итгэлтэй болсоон.”

Тэд хоол хүнсэнд их уян хатан бодлого баримталж байсан гэнэ. “Ямар ч хоол хүнс хэрэглэдэг хүнийг бид хооллож чадна. Ялангуяа цагаан хоолтонгуудыг их анхаарсан. Бүр “gluten free” буюу цардуултай гурил бас бус зүйлсийг иддэггүй хүмүүсийг ч гэсэн хээрийн нөхцөлд хүсэлтийг нь хангаж чадсан” гэж Алдархишиг ярьж байлаа.

Mongolia Bike Challenge уралдааны Алтан цом
Энэ уралдаан 15 мянган еврогийн шагналын сантай юм байна. Энэ шагналын санд нь нэр хүндтэй дугуйны фермүүдийн раам, хувцас хэрэгсэл бас тодорхой хэмжээний мөнгөн шагналууд багтдаг юм байна. Мөн тэмцээнийг зохион байгууллагчид тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд SOS Medica байгууллагатай хамтран ажилладаг ажээ. “Мөн бид бүх тамирчдыг Бодь даатгалаар даатгуулсан. Спортын том арга хэмжээ учраас аюулгүй байдлыг нь маш сайн анхаарч, хангаж ажиллахыг бид зорьж байгаа” гэж Алдархишиг бас ярьсан юм. Тэрбээр мөн аймгийн төвүүд, орон нутгийн удирдлагууд, засаг даргын тамгын газрууд ялангуяа цагдаагийн байгууллагууд, замын цагдаагийнхан өнгөрсөн оны уралдааныг дэмжиж туслаж байсанд талархаж байдгаа хэлсэн юм. Энэ жилнйн уралдаан ч мөн олны дэмжлэгээр сайхан болно гэдэгт Алдархишиг итгэлтэй байна лээ.

Ер нь аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэхэд “Моngolian Bike Challenge” шиг уралдаан олон байвал их тустай гэдэг нь тодорхой байна.
МОНЦАМЭ
Сурвалжлагч Х. Эрдэмбилэг
Mongolia Bike Challenge 2011 Танилцуулга

2 сэтгэгдэл:

Unknown said...

Ene jiliin Dugui uraldaan ih taalagdsan shu Aldraa ahaa! Tand bolon tanai hamt olond ireh jiliin uraldanaas ni amjilt husie!

Daka said...

Сайхан тэмцээн зохион байгуулсан байна.

Post a Comment