Мөсний шагай хэмээх энэ Монголын уламжлалт тоглоом наадмаар наадагсад нилээд олон болж байгаа. Мөсний шагайчид долоо хоногийн Бямба, Ням гарагт Туул голын мөсөн дээр нааддаг юм байна. Мөсөн шагай гэх энэ тоглоомоор Монгол эрчүүд эртнээс тоглож ирсэн байдаг. Энэ тухай хамгийн анхны мэдээ баримт нь "Монголын Нууц Товчоо"-нд өгүүлсэн байдаг - Тэмүүжин арван нэгэн настай байхдаа Онон мөрний мөсөн дээр Жамухатай наадаж байгаад өөрийн гуулиар цутгасан шагай ба арц модон годилоо Жамухын гурын шагай ба бярууны эврийг нааж хийсэн дуут сумтай солилцож анд нөхөр болсон тухай өгүүлдэг. Үүнээс үзэхэд Монгол эрчүүдийн анд нөхөрлөлийн билгэ тэмдэг болсон энэ тоглоом маш эртний үүсэлтэй харагдаж байна. Мөсний шагай хэдийд хэрхэн бий болсон талаар судлагааны зүйлс нилээд хомс бололтой. Бидний мэдэх боулинг, керлинг зэрэг спорт тоглоомуудын өвөг эцэг нь мөсний шагай ч байж болох юм. Эдгээрийн тоглоомын арга барил, техник нь мөсний шагайн наадаанд тод харагддаг. Мөсний шагайн оноот тоглоом. 1,2,3,4,5 гэсэн оноог өгч тоглоно, хамгийн их оноо авсан нь хожно. Мөсөн шагайг тоглохдоо тоглогчид баг болж тоглоно. Мөсөн шагайн харвааны тэмцээн нь цуваа харваа, талын харваа гэсэн хоёр журмаар явагддана. Мөсөн дээр бог болон бод малын шагайг мөсөн тавиад зуу орчим метрийн зайнаас сум тавьж тоглодог. Шагайны оронд модон бай ч тавина. Гэхдээ үүнийг шагай гэж нэрлэдэг. Мөсөн дээр бог малын 8 шагай тэдгээрийн голд бод малын ганц шагайг төвд тавьж өгнө. Шагайны хооронд тодорхой зайтай. Мөсний шагай харваа нь гадна талаасаа төв рүүгээ тэмүүлэх байдлаар оноогоо өгдөг - хамгийн гадна талын шагай болон гадна талаасаа хоёр дахь шагай хоёрын дундуур сум гарвал нэг оноо өгнө. Энэ мэтээр оноог төв рүү тэмүүлүүлж өгнө. Голын том шагайг оновол хамгийн их буюу таван оноог өгдөг журамтай. Мөсний шагайчид сумаа гарын доорхи материал ашиглан өөрсдөө хийдэг. Ер нь өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярьж буй өнөө үед энэ мэт үндэсний уламжлалт тоглоомуудын тухай ч судлах хэрэгтэй юм шиг. Мөсөн шагай нь тийм ч их мөнгө хөрөнгө шаардах тоглоом биш, сайн сурталчилаад өгвөл олон хүн сонирхох нь тодорхой. Мөсний шагайн харвааны хот, аймаг, улсын аваргын тэмцээнүүд ч мөн болдог. Гэвч олон нийтэд бага сурталчилдаг юм шиг санагддаг. Энэ уламжлалт тоглоом Архангай нутагт хамгийн өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд Архангайгаас олон мэргэн харваачид төрсөн байдаг. Мөсний шагай нь хүний биед их тустай, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ, хараа хурц, нарийн мэдрэмжтэй болгодог гэж шагайчид ярьдаг.
0 сэтгэгдэл:
Post a Comment