September 14, 2011

Дугуй, дугуйн аяллын тухай.

Леонардо Да Винчигийн модон дугуй.
Хүн төрөлхтөний бий болгосон гайхамшигт бүтээлийн нэг бол унадаг дугуй. Унадаг дугуй нь хүн төрөлхтөний амьдрал ахуйдаа хэрэглэж буй хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл. 2005 онд Их Британи улсад явуулсан нэгэн асуулгаар унадаг дугуй бол 1800 оноос хойш хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн аугаа техник гэж үзсэн байдаг. Унадаг дугуй хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болж чадсаны нууц нь хямд төсөр, хөнгөн, зай бага эзэлдэг, түлш шатахуун хэрэглэдэггүйд оршино. Дугуй бол хөлийн булчингийн хүчээр хөдөлдөг тээврийн хэрэгсэл. Ихэнхи унадаг дугуй хоёр дугуйтай, Гэхдээ гурав, дөрөв тэрч бүү хэл ганц дугуйтай ч бий. Унадаг дугуйг зориулалтаар нь олон ангилж болно. Жишээ нь зөвхөн хотын цардмал зам дээр явахад тохиромжтой ХОТЫН, бартаат замд унаж явах УУЛЫН, аялалд зориулсан ЖУУЛЧНЫ, бага зай эзэлдэг ЭВХЭГДДЭГ, уралдааны зориулалттай СПОРТЫН гэх мэтээр ангилдаг. Уулын дугуй бартаат замд найдвартай бол жуулчины дугуй ачааны даац сайтай байдаг. Хоёр ба түүнээс дээш тооны хүн суудаг дугуйг ТАНДЕМ гэж нэрлэдэг.
Ефим Артамановын дугуй.

1800 оноос өмнөх үед хамаарах түүхийн сурвалжид унадаг дугуйны тухай бичигдсэн зүйл алга. Сэргэн мандлын үеийн суут эрдэмтэн Леонардо Да Винчи өөрийн сурагч Жакомо Капроттид илгээсэн захидалдаа унадаг дугуйг дүрсэлсэн зургийг хавсарган илгээж байжээ. Унадаг дугуйг 1800 оны үед Ефим Артаманов гэдэг тариачин эр зохион бүтээж Уралын нурууны Верхотурье гэдэг тосгоноос Москва руу аялсан гэдэг. Энэ нь хүн төрөлхтөний анхны дугуйн аялал гэж үзэж болно. Оросын эзэн хаан Ефим Артамановыг дугуй зохион бүтээн аялсан эр зоригийг нь үнэлж хамжлагаас халсан гэдэг. Түүний бүтээсэн энэ дугуй одоо ОХУ-ын Нижный Тагил хотын музейн үзмэрт хадгалагдаж байна. Нижный Тагил хотын гудамжинд түүний энэ аяллыг олонд түгээх зорилгоор хүрэл хөшөө бүтээн байрлуулсан байдаг. Түүнээс хойш дугуйг улам боловсронгуй болгох олон оролдлогууд хийгджээ. Өнөөгийн бидний унаж буй дугуйг Rover гэж нэрлэдэг бөгөөд түүнийг 1884 онд английн зохион бүтээгч Жон Кэмп Старли зохион бүтээж 1887 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлжээ. Rover дугуйны урд, хойд дугуйн хэмжээ яг ижил, хойд дугуйндаа хөтлөх арааг байрлуулсан байдаг. Жон Кэмп Старлигийн зохион бүтээсэн дугуйг хамгийн аюулгүй гэж хүлээн зөвшөөрөгджээ. Унадаг дугуй 1898 он гэхэд гар тоормозтой болсон бол 20-р зууны эхээр л хурдыг нэмэгдүүлэх зорилгоор араа солидог механизмтай болсон байдаг.
Монголд анхны дугуй 1900-гаад оны эхээр орж ирсэн бөгөөд анхны дугуйг нэрт эрдэмтэн С.Шагж гэх мэт хүмүүс унаж байсан бөгөөд тухайн үеийн нийгмийн элит давхаргын хэрэглээ болж байсан. Нийгмийн боловсролтой хэсгийн хэрэглээ болж байсан дугуйг яваандаа жирийн иргэд ч унах болсон. Монголчууд бидний дугуй хэрэглэж ирсэн түүхийг гурав хуваан үечилж болох юм. Тухайлбал 1930-аад он хүртэлх үеийг дугуйн соёлтой танилцсан үе, 1930-аас 1970-аад он хүртэл оргил үе, түүнээс хойших үеийг зогсонги байдалтай үе гэж үзэж болно. Үнэхээр 1950,60,70-аад оны үед унадаг дугуй Монголчууд бидний гол унаа болж байв. Энэ нь тухайн үед автомашин цөөн, нийтийн тээврийн тогтолцоо сул, хүн амд хүрэлцээгүй байсан зэрэг тодорхой хэдэн шалтгаанаас болж байсан. 1980-аад оноос хойш нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, хүн амын амжиргааны түвшин дээшилж насанд хүрсэн хүмүүс моторт дугуй, машин унаж эхэлсэн. Унадаг дугуй нь хүүхэд, залуусын хэрэглээ болсон. Улаанбаатар хотын автозамын ачаалал их болсноор унадаг дугуйгаар явах нь аюултай болж дугуй хэрэглээнээс гарсан гэж үзэж болно. Тухайн үеийн хот төлөвлөгчид автозамын хажуугаар дугуйн зам тавихаа мартсан нь унадаг дугуйг Монголчууд мартахад нөлөөлсөн гэж хэлж болно. 21-р зуун гараад дугуйг сонирхогчдын тоо өсч дугуйгаар аялах сонирхолтой хүмүүсийн тоо Монголчуудын дунд нэмэгдэх болсон ч дугуй унах зам талбай байхгүй, хотоос гараад явах гэхээр зам харгуйгаа сайн мэдэхгүйгээс болоод олны хүртээл болж чадахгүй байна. Сүхбаатарын талбай дээр сүүлийн үед дугуй түрээсийн үйлчилгээ явагдаж байсан. Олон хүүхэд залуус талбай тойроод дугуйгаар явж байна. Эндээс харахад Улаанбаатар хот орчимд дугуй аяллын бүтээгдэхүүнүүдийг бий болгон хүүхэд залууст сурталчлаад өгвөл дугуй сонирхогчид хамрагдах нь дамжиггүй. Тийм учраас энэ сул тал дээр аялал жуулчлалын байгууллагууд анхаарал тавьж ажиллавал нэг том зах зээлийг нээх боломж байгаа юм. Гэхдээ 1990-ээд оны үетэй харьцуулбал дугуйг сурталчилах олон ажлууд хийгдэж байна. Монголчууд бид дэлхийг дугуйгаар тойрсон цөөхөн ард түмний нэг. Та бүхэн санаж байгаа байх 1980-аад оны сүүл, 90-ээд оны эхээр “Таван хуруу” багийн таван залуу Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлэн дэлхийг тойрох аялалд гарч монголын дугуйчдыг дэлхийд таниулж байлаа. Монголчууд бид дугуйтай холбогдсон үеэс л дугуй бидний амьдралын салшгүй нэгэн түүх болсон. Монгол улс дугуй унаж замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөдөлгөөний байдлын дүрмэндээ доорхи заалтуудыг оруулж өгсөн байдаг.

Дугуйгаар явах журмын тухай

124. Унадаг дугуй хэрэглэгчид орон нутгийн захиргаанд дугуйгаа бүртгүүлэн, пайз авах үүрэгтэй.

125. 14-өөс дээш насны хүмүүст хотын гудамж, замаар дугуй унаж, цагт 10 км-ээс илүүгүй хурдаар замын баруун гар талыг барьж явахыг зөвшөөрнө. 10 наснаас доошхи насны хүүхдийг аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр сундалж болно.

126. Унадаг дугуйд дор заасан хэрэгсэл байвал зохино.

· дохионы хонх буюу тусгай бүрээ;

· тормоз;

· шөнийн цагт өмнөө цагаан гэрэлтэй, хойноо гэрэл цацаргагч улаан шилтэй;

· орон нутгийн захиргаанаас олгосон пайзны хэмжээ нь 10 х 7 см байх ба түүнийг эмээлийн доод талын савхан рамын хойно багаж хэрэгслийн савны ар талд бэхэлсэн байх ёстой.

127. Дугуйгаар явагчдад дор дурдсан зүйлийг хориглох, үүнд:

· насны байдалд тохироогүй дугуй унаж явах;

· явган хүний зам, цэцэрлэг, ногооруулсан газар, хөдөлмөрчдийн соёл, амралтын газарт байгаа явган хүний замаар дугуйтай явах;

· явган хүний зам (замын зах)-д 0,5 метрээс ойрхон явах;

· 1-ээс дээш эгнээгээр явах, гүйцэж түрүүлэх;

· тусгай гаргасан газраас өөр гудамж, талбай, зам дээр дугуй унаж, сургууль хийх;

· дугуйн жолоог барихгүй явах;

· явж байгаа хөсгийн хойноос чиргүүлж явах;

· 1 хүний суудалтай дугуйд хүн сундалж явах;

· унадаг дугуйг жолоодон залахад саад болох буюу орчин тойронд аюул учруулж болзошгүй ямар нэг зүйлийг тээвэрлэж явах;

· явган хүмүүс, тээврийн хөсгийн олноор цугларсан газар, замын уулзвар, хашаанаас хөдөлгөөн ихтэй гудамж, зам руу гарахдаа дугуйг унаж гарахыг тус тус хориглоно.

Дугуйтай хүмүүсийн зохион байгуулалттай жагсаал, цуваанд явагчид хөдөлгөөний бүх дүрмийг дагаж баримтлан явбал зохино гэж заасан байдаг. Үүнийг дугуйтай замын хөдөлгөөнд оролцогч хэн бүхэн мэдэж байх хэрэгтэй.

Монголд дугуйгаар аялагчдын тоо жил ирэх тутамд нэмэгдэж буй тул дугуйн аяллын тухай Монгол аялал жуулчлал компаниуд энэ төрлийн аяллын онцлогийн тухай ойлголттой болох шаардлага урган гарч ирж байна. Дугуйн аялал нь Монгол аялал жуулчлалын нэн шинэ бүтээгдэхүүнүүдийн нэг.

Уулын дугуйн аяллын төрөл Монголд нилээд хөгжиж байна. 1990-ээд оны сүүл үеэс эхэлж дугуйгаар аялагч гадаадын жуулчид Монгол орныг сонирхож эхэлсэн. Монголоор аялагч анхны дугуйчид бие даан аялагчид голдуу байлаа. Тэд ачаа бараа, майхан саваа дугуйны жижиг чиргүүл тэргэнцэрт ачаалж, аймаг хоорондын төв замаар аялдаг байсан. Тэд голдуу Хөвсгөл нуур, Говийн чиглэлд, мөн МУ-ын хойд хилээс өмнөд хил рүү явдаг байв. Аяллын компаниуд энэ төрлийн аяллыг тэр бүр зохион байгуулдаггүй байсан тул тэд аяллын хөтөчгүй, газрын зураг, луужин бариад аялдаг байсан. Ингэж аялж буй ганцаарчилсан болон групп жуулчидтай замд олонтаа таарч байсан. Тэд голдуу монголын зам дэржигнүүр ихтэй, бас их элстэй хүнд замууд байна гэж хэлдэг байсан. 1995 онд шведийн дугуйчид Лас, Мортон нар Улаанбаатараас Ховд хүртэл 1420 км замыг уулын дугуйгаар туулж байв. Иймд дугуйн аяллыг болох төв замаас холдуулж орон нутгийн хээрийн замуудыг сонгож аяллаа зохион байгуулах нь хэрэгтэй. Монгол орноор дугуйгаар аялсан хэн бүхэн Монгол орныг уулын дугуйн орон юмаа. Энд өндөр уул, өргөн тал, элстэй, шавартай, дэржигнүүртэй, дардан замууд нь бүгд байна. Энэ улс уулын дугуйчдын диваажин байна гэж шагшин хэлдэг. Сүүлийн жилүүдэд хямдаар аялах сонирхолтой бие даан аялагчид ч Монгол орныг хэвтээ босоо тэнхлэгээр хөндлөн гулд дугуйгаар туулах сонирхолтой болсон.

Аялагч жуулчид гол төлөв дугуйгаар хотод, хөдөө хээр, уулаар аялдаг. Иймд дугуйн аяллыг хотын, уулын гэж хоёр ангилж болох юм. Хотын дугуйн аялал Монголд бараг байхгүй гэж хэлж болно. Улаанбаатар хотын замын нөхцөл байдал маш хүнд, дугуйн зам байхгүй тул дугуйн энэ төрлийн аялал хөгжих боломжгүй байна. Хэрэв Улаанбаатар хотод дугуйн замууд бий болбол Улаанбаатар хотоор дугуйгаар аялах боломж бий болно. Ганцаарчилан аялж жуулчилж буй хүмүүс томоохон хот суурин газарт очоод хамгийн хямд, өөрийн тааваараа явж болох тээврийн хэрэгслийг хайдаг. Үүнд хамгийн тохирох тээврийн хэрэгсэл бол унадаг дугуй. Улаанбаатарт Seven Summit, Karakorum Expeditions, Mongolia Expeditions гэсэн цөөхөн хэдхэн компани дугуй түрээсийн үйлчилгээг үзүүлдэг. Гадаадын улс орнуудын томоохон хот дахь зочид буудлуудын нэг үйлчилгээ бол дугуй түрээсийн үйлчилгээ байдаг. Харин манайд ийм үйлчилгээ байдаггүй. Нэгэнт Улаанбаатар хотод ийм үйлчилгээ явуулах боломж сул байгаа тул хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гэр баазууд маань хэдэн дугуй аваад гэр баазынхаа орчимд дугуй унуулах, улмаар нэгээс хоёр хоногтой сонирхолтой маршрутыг бий болгоод аялуулбал зүгээр санагдаж байна. Ингэж чадвал бас нэг өөр төрлийн үйлчилгээтэй болж жуулчдыг татах болно. Гэхдээ дугуйгаа зөв сонгож авах хэрэгтэй. Аяллын шаардлага хангасан сайн дугуйг Монголоос олж авахад хэцүү. Нарантуул зах сайн чанартай дугуй бий, үнэ нь 650000-1000000 төгрөгийн хооронд байна. Энд зарагдаж буй дугуй нь голдуу хулгайн замаар монголд орж ирсэн дугуйнууд байдаг тул сэтгэлд цөвтэй, тэгээд ч олон тоогоор байхгүй сайндаа л ганц хоёроор цуглуулж авах шаардлага гардаг. Дугуй авахын тулд мэдээж урд хөршийг зорино. Хятад улс нь дэлхийд дугуй үйлдвэрлэлээрээ толгой цохидог. Дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа унадаг дугуйн 95%-ийг нийлүүлдэг. Хятадаас дугуй авахдаа сайн сонгож авах хэрэгтэй. Хамгийн алдартай нь Тайваны брэнд нь GIANT гэж бий. GIANT брэнд зардаг дэлгүүрүүд хятадад газар сайгүй бий. Үнэ нь чанар, зориулалтаасаа хамаарч 3000-12000 юань байдаг. Гол нь дугуйг авахдаа жин, дугуйнд тавигдсан систем, ямар материалаар хийгдснийг анхаарах хэрэгтэй. Дугуйн рам нь төмөр, хөнгөн цагаан, карбон, титан байж болно. Матераилын шинж чанраас хамаарч дугуйн жин өөр өөр байна. Өөр нэг анхаарах зүйл бол тоормозны систем, дугуйнд суурилуулж өгсөн амортизатор байдаг. Тоормозны систем V хэлбэр буюу хавчдаг, дискэн систем гэж бий. Сүүлийн үед жуулчид дискэн тоормозыг илүүд үздэг болж байна. Дискэн систем нь дотроо хоёр янз - тросон, шингэн гэж бий. Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай учир аль болох тросон системийг сонгож авах зүйтэй. Дугуйн хурдны системийг анхаарах хэрэгтэй. Дугуй нь 21,24,27,30 гэсэн хурдтай байна. Өөр хэлбэл урдаа 3 хөтлөгчтэй, хойд кассетан арааны тоо нь 7,8,9,10 гэсэн тоотой байна. Хойд кассетан арааны тоог тоолж авах хэрэгтэй. Эдгээр хурдны системийн арааны хэмжээ нь уулын дугуйнх урд хөтлөгч жижиг, хойд кассет нь том байдаг бол засмал замын дугуйны урд хөтлөгч том, хйд кассет араа жижиг хэмжээтэй байдаг. Монголд саяхан Атилла хэмээх дугуйн дэлгүүр нээгдсэн. Хан-Уул дүүргийн Оддын хотхонд байрлалтай энэ дэлгүүрийг дугуйн спортын ОУХМ З.Наран ажиллуулж байна. Тэнд дугуйг хэрхэн, засвар үйлчилгээг хийх аргыг зааж өгнө.

Монголын аялал жуулчлалын маш цөөн тур оператор дугуйн аяллын зах зээл дээр багц бүтээгдэхүүн нийлүүлж байна. Монголын аялал жуулчлалын компаниудын дугуйн аялал хийж байгаа гол бүс нутаг нь Хангай нурууны бүс нутаг. Хангай нуруунд урд, хойд гэсэн хоёр тойргоор голчлон энэ төрлийн аяллыг хийж байна. Хойд тойрогт Эрдэнэт – Булган – Уран Тогоо – Хүнүйн гол – Цэцэрлэг – Хархорины газар нутгийг хамран аялалыг зохион байгуулдаг бол Урд тойрогт Баянхонгороос эхлээд Түйн гол – Урд Тамирын гол – Цэцэрлэг – Орхон гол – Хархорин гэсэн чиглэлээр аяллаа хийж байна. Уулын дугуйн энэ төрлийн аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын компаниуд дээрх хоёр тойргоос илүү сонирхолтой чиглэлийг зах зээлд гаргаж ирж чадахгүй байна. Энэ нь уулын дугуйн аяллын зах зээлд шинээр гарч ирж буй компаниуд өөрсдөө ямар нэгэн судалгаа хийхгүй 1990-ээд оны сүүлээр бий болгосон энэ бэлэн бүтээгдэхүүнийг хуулж зарж буйтай холбоотой байх. Уг нь Монгол орны бүх бүс нутагт дугуйн аялал жигд хөгжих боломжтой байдаг. Миний хувьд Монголд уулын дугуйн аяллын чиглэлүүдийг доорхи байдлаар бүсчилэн хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

· Улаанбаатар хотын орчим Хан Хэнтийн нурууны чиглэл

· Хөвсгөл нуурын орчим

· Говийн чиглэл

· Алтайн нурууны

· Хангай нурууны чиглэл гэсэн үндсэн таван бүс нутагт зам замналыг бий болгож хөгжүүлж байна.

Одооноос эхлэн тодорхой бодлого зорилго тавин энэ төрлийн зах зээлийг хөгжүүлэх нь уулын дугуйн аяллын зах зээлд шинээр компаниудыг гаргахад нилээд тус төхөм болно. Манай Mongolia Expeditions компанийн хувьд дээрхи таван чиглэлд тус бүрийн онцлогтой дугуйн аяллуудыг бий болгон ажиллаж байна. Дугуйгаар аялагчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Дугуйн аяллыг Монгол улсад жилийн дөрвөн улирлын турш зохион байгуулж болох боломжтой. Улирлаасаа хамаараад аяллууд маань өөрийн гэсэн онцлогтой, сонирхолтой болж байдаг. Гэхдээ дугуйгаар аялах хамгийн тохиромжтой цаг үе нь Монголд 4-р сарын дунд үеэс 11 сар гэж миний бие үздэг. Энэ хугацаанд мөн аяллын бүс нутгуудаа зөв сонгон, байгалийн бүс бүслүүрийнхээ цаг агаарын онцлогийг мэдэж аяллаа төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь: Говийн бүсэд хавар хавсарга салхи ихтэй, зуны 7,8-р сард аялахад аагим халуун байдаг учир аль болох намар 9, 10-р сард аялал зохион байгуулбал зүгээр, Хангайн бүсэд хавар эрт уулын цас ханзараагүй, хүйтэн, намар улирал солигдох цагаар цасорж даваанууд хаагдах магадлал их бий.

Дугуйн аяллыг дотор нь мэргэжлийн түвшнийх, сонирхогчийн түвшнийх гэж ангилж болно. Энэ түвшингээр ангилж маршрутаа хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар Монгол дахь дугуйн аяллууд нь газар орны бартаанаас хамаарч өдөрт явах зай нь 43 -110 км байна. Өндөр уулын бүсэд 43-65 км, дунд зэргийн бартаатай уулархаг газар оронд 60-80 км, тэгш тал газарт 60-110 км байна. Энэ зай хэмжээ нь дэлхийн бусад улс орнуудад хийгдэж буй дугуйн аяллын зай хэмжээтэй адил байна. Гэхдээ энэ зайг дугуйгаар аялагчдын дугуй унах чадвараас шалтгаалж өөрчилж болно. Мэргэжилийн түвшиний болон дугуй сайн унадаг сонирхогч дугуйчдыг Алтай, Хангайн уулархаг бүс нутаг, Говийн бүс нутгуудаар аяллыг зохион байгуулбал тохиромжтой. Харин эхлэн сурагч болон дугуй унах чадвар сул сонирхогчдыг аль болох тэгш тал, даваа гүвээ багатай газар оронд аяллыг нь зохион байгуулж өгвөл зүгээр. Дугуйн аяллын дундаж хурдыг 15км/цагаар тооцож хийвэл бодит байдалд хамгийн сайн тохирно. Дугуйгаар явахад өдрийн үргэлжлэх хугацаа нь 6-8 цаг байвал зүгээр. Мэдээж энэ хугацаанд цайны завсарлага, өдрийн хоолны хугацаа орно. Зуны улиралд аяллыг өглөө эрт эхлэж нар шатаж эхлэхээс өмнө дуусгаж байвал зүгээр. Дугуйн аялал маань өдөрт олон арван километр замыг туулдаг, дугуйчдын хоорондын зай дугуй унах чадвараасаа хамаараад олон километрээр сунадаг. Үүнийг зохицуулж өгөхийн тулд өндөр уул давааны орой дээр зогсч цайны завсарлага хийж группыг цуглуулж байх хэрэгтэй. Дугуйн аялалд нэг онцлог байдаг. Хүн дугуй жийж явахдаа хөлөрч маш их шингэн алдаж байдаг. Үүнийг нөхөхийн тулд аяллын үеийн усны хангалтыг сайн тооцоолох хэрэгтэй болдог. Усны хэрэглээ нь байгалийн бүс бүслүүрээс хамаарч өөр гарна. Жишээ нь: Говь цөлийн аагим халуун бүсэд өдөрт нэг хүн дунджаар 8 литр, өндөр уул, уулархаг бүсэд дунджаар 5 литр ус хэрэглэдэг нь туршлагаас харагдсан. Дугуйн аяллын гол холбоо бол радио холбоо. Холбоо харилцаа сайн байх нь аяллыг амжилтай, осол эндэлгүй явуулах гол түлхүүр болж өгнө. Монголд голдуу дугуйчдын өмнө нэг чиглүүлэгч машин, дугуйчдын ард хамагч машин явдаг. Монгол орны хувьд замын тэмдэг, тэмдэглэгээ орон нутагт байхгүй тул салаа замууд дээр тэмдэг тэмдэглэгээг сайн хийж өгөхгүй бол дугуйчид төөрөх асуудал гарах нь энүүхэнд байдаг. Мэдээж чиглүүлэгч машин хамгийн чухал үүрэгтэй тул зам сайн мэддэг жолооч явах хэрэгттэй. Хамагч машины хувьд замдаа ядарч сульдсан, аяллаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон аялагчдыг машиндаа суулгаж явах хэрэгтэй болдог. Дугуйгаар аялагчдад зарим нэг зүйлийг онцгой анхааруулах хэрэгтэй. Дээр өгүүлснээр аяллын үед хоорондын зай их сунадаг. Айл гэрийн хажуугаар гарах явцад дугуйчин руу нохой дайрах асуудал их байдаг. Нохой дайрсан үед хурд нэмэн зугатах биш харин дугуйнаасаа бууж өөрийгөө хамгаалах, суух гэх мэт зүйлсийг хэлж өгөх хэрэгтэй. Дугуйчидын асуудаг хамгийн түгээмэл асуулт замын мэдээлэл байдаг. Ялангуяа өдөрт тууулах зай хэмжээ, гол горхи гатлах эсэх, уул давааны өндөр, хичнээн метрийн өндөр авах гэх туулах замтай холбогдолтой мэдээллээр хангах хэрэгтэй. Дугуйн замын мэдээллийг зохион байгуулагч компани нь гаргаж өгнө. Ихэнхи дугуйн аялал зохион байгуулдаг тур операторууд замын профайл, замын гайдбүкээр хангадаг. Замын профайлаас дугуйчин замын өгсөлт уруудалт,хичнээн даваа гүвээ дэвэх, хичнээн метрийн өндөрт аялахаа мэдэж авдаг бол замын гайдбүкээс хичнээн километр яваад хаашаа эргэх зүг чиг болон замын туршид таарах онцлог суурин, хашаа байшин, гол ус, нуур цөөрөм зэргийг мэдэж авна. Дугуйн аяллын хамгийн гол үүрэгтэй хүн бол аяллын хөтөч. Монголд үндсэндээ дугуйгаар мэргэшсэн хөтөч бараг байхгүй гэж хэлж болно. Гадаад хэл, хөтчийн техник ур чадварыг сайн эзэмшсэн хөтөч олон байдаг ч адал явдалт аяллын хөтөч монголд цөөн байдаг нь аялал зохион байгуулагчдын хувьд тулгарч буй гол бэрхшээлийн нэг болоод байна. Иймд хөтчийн сургалт явуулдаг сургалтын байгуулгууд энэ тал дээр анхаарч ажиллавал адал явдалт аяллын төрлүүд Монголд хөгжихөд томоохон тус нэмэр болно.

Уулын дугуйн тоног төхөөрөмж: уулын дугуйн аяллын гол хэрэгсэл мэдээж дугуй. Дугуй нь их үнэтэй брэнд байх албагүй ч мэдээж аяллын шаардлага хангасан сайн чанартай дугуй байх хэрэгтэй. Гол нь дугуй нь хөнгөн чанарын титан, хөнгөн цагаан болон карбонон рамтай байх нь чухал. Дугуй хөгжлийнхөө явцад улам боловсронгуй болж буй тул аль болох дэвшилтэт технологитой дугуйг аялалдаа ашиглах нь жуулчдын хүсэл сонирхолд нийцэхийн зэрэгцээ жуулчдыг татах гол хүчин зүйл болж өгнө. Аяллын дугуйн өмнө өгүүлсэн шаардлагыг хангаж байх хэрэгтэй. Аяллын дугуй нь аялагч жуулчинд хэмжээний хувьд таарч тохирсон байх хэрэгтэй. Энэ нь тухайн жуулчны дугуй том биш, жижиг биш яг таарсан хэмжээтэй байхыг хэлнэ. Дугуйны хэмжээ нь дугуйны рамны том жижгээр тодорхойлогдох бөгөөд small, medium, large, extra large гэсэн хэмжээнүүд бий. Доорхи хүснэгтээс харьцуулан өөрт тохирох хэмжээгээ мэдэж болно. Засмал замын дугуйн рамны хэмжээг сантиметрээр тавьдаг бол уулын дугуйн рамны хэмжээг инчээр өгсөн байна. Энэ хэмжээсүүдийг дугуйн дээр бичиж өгсөн байна.
Inside leg measurement Хөлийн тавхайнаас салтаа хүртэлх хэмжээс
Road bike буюу Засмал замын дугуйн
рамны хэмжээ
Mountain bike  буюу Уулын дугуйн рамны хэмжээ
 Category
S, M, L, XL
75-78 cm
48 - 51 cm
14 - 16 in
S
79-82 cm
50 - 54 cm
16 - 17 in
M
83-86 cm
53 - 57 cm 
17 - 18 in
L
87-90 cm
56 - 60 cm 
19 - 21 in
XL

Дугуйн аялал зохион байгуулж буй компаниудад дараахь тулгамдсан асуудлууд байдаг. Үүнд дээр өгүүлсэн уулын дугуйн хөтчийн асуудал, дугуйг тээвэрлэх асуудал, дугуйг хил гаалиар нэвтрүүлэх асуудлууд орж байна. Бид дугуйн аялал зохион байгуулж эхэлснээсээ хойш дугуйг тээвэрлэх зориулалтын ачааг хийж ашиглаж ирсэн. Гэвч энэ нь МУ-ын зарим холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр дугуй тээвэрлэж буй машины жолооч нар торгуулах асуудал нилээдгүй байдаг. Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбоо Авто тээврийн газартай тохиролцож дугуй тээвэрлэх асуудлыг шийдээд өгвөл дугуйн аялал зохион байгуулагчдад маш том тус дэм болж өгнө. Гадаадын орнуудад дугуйг ингэж тээвэрлэхийг зөвшөөрдөг. Дугуйг дотоодын нислэгээр тээвэрлэх тохиолдолд дотоодын нисэх онгоцны ачаа ачих зай хэмжээ нь хангалттай том биш тул тээвэрлэхээс цааргалах талтай. 10 гаруй хүнтэй дугуйн группын дугуйг дотоодын агаарын нислэгийн компаниуд бараг тээвэрлэх боломжгүй. Ийм учраас баруун аймгууд руу дугуйн аялал хийхэд энэ тал дээр дэд бүтцийн хүндрэл гардаг. За ингээд тоочоод байвал асуудал их гарна.
Дугуйн аяллыг хөгжүүлэхэд нилээд том нөлөө үзүүлдэг зүйл бол уралдаан байдаг. Уулын дугуйчдыг улс орон руугаа татахын тулд олон төрлийн дугуйн уралдааныг улс орнууд зохион байгуулдаг. Хэн бүхний мэдэх Тур Де Франс уралдаан анх 1903 онд зохиогдсноос хойш 97 удаа болж дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан болж хөгжсөн. Уулын дугуйн аялал өндөр хөгжсөн улс орон бүрт л уулын дугуйн олон өдрийн уралдаан болдог. Жишээ нь: Австрали улсад Crocodile trophy, Өмнөд африкт Cape Epic, Канадын олон өдрийн Trans Canada гэх мэт уулын дугуйн олон уралдаанууд таван тивийн өнцөг булан бүрт л болж байна. Улс орон бүр л дугуйгаар аялагч жуулчлагч хэн бүхнийг янз бүрийн уралдаан тэмцээн зохиож улс орон руугаа татахыг хүсч байна. Дугуйн төрлийн тэмцээн уралдаан улс орондоо зохиох нь дугуй сонирхогч сая сая хүмүүсийн анхааралыг татаж байдгаараа ач холбоглдолтой.
Монголчууд бид ч 2010 оноос эхлэн Монгол улсад анх удаа уулын дугуйн уралдааныг зохион байгуулж байна. MONGOLIA BIKE CHALLENGE нэртэй уулын дугуйн олон өдрийн уралдааныг Монгол улсад анх удаа Монголиа Экспедишнс ХХК, Италийн Прогетто Авентура ХХК-тай хамтран зохион байгуулсан нь энэ төрлийн аяллыг Монгол улсад хөгжих хөгжлийн шинэ шатанд гаргаж өгсөн. Энэ уралдааныг зохион байгуулсны дүнд дэлхийн олон орны дугуйчид болон дугуйгаар аялах сонирхолтой хүмүүс Монголыг сонирхох болсон. Монгол орныг уулын дугуйн орон гэдгийг дэлхийд таниулах нь бидний өмнөө тавьсан томоохон ажил юм. 2010 оны уралдаанд 11 улс орны нийт 94 тамирчин оролцсон бол, 2011 оны 4-р сарын байдлаар 15 улс орны 70 гаруй тамирчид уралдаанд оролцох мэдүүлгээ өгөөд байна. Зохион байгуулагчдийн зүгээс жил бүр зохиох энэ уралдаанд оролцогч тамирчдын тоог 108-д барих бодлоготой байна. Тухайн жилийн уралдаанд оролцохоор мэдүүлсэн ч 109 дэх болж бүртгүүлсэн тамирчин дараа жилийн энэ уралдааныг хүлээхээс өөр аргагүй болж хүлээлгийн жагсаалтын эхэнд бүртгүүлнэ гэсэн үг. Тамирчдын тоог ингэж хязгаарлах нь уралдааны зохион байгуулалтын ложистикийн байгальд нөлөөлөх сөрөг, эерэг талуудыг тооцож үзсэнийн үндсэн дээр хүрсэн шийдэл юм. MONGOLIA BIKE CHALLENGE уралдаан нь Монгол орны онгон байгальд, байгалийн олон бүс бүслүүрийг туулдагаараа онцлогтой. Жишээ нь: Австрали, Сахарын цөлийн уралдаанууд цөлийн бүсэд уралддаг бол Монголд говь цөлийн, уул хээрийн, өндөр уулын бүсүүдийг туулдаг. Монголд байгалийн бүс бүслүүр, замын нөхцөл маш хурдан өөрчлөгдөж байдаг нь оролцогч тамирчинаас бүхий л талын ур чадвар, тэсвэр тэвчээрийг шаардаж байдаг. MONGOLIA BIKE CHALLENGE уралдаан хүнээс асар их тэвчээр шаардах А зэрэглэлийн уралдаан юм.

3 сэтгэгдэл:

Х.Ариунболд said...

saihan medeelel baina. Neg duguitai bolj avaad yavaad baina daa.

Н,Ган-Эрдэнэ МУБИС-ТНУС- ТАЖ said...

маш хэрэгтэй мэдээлэл байна. амжилт

Anonymous said...

та бүхний ажилд өндөр амжилт хүсье

Post a Comment