August 27, 2012

Төв Азийн усны хүйс - Хөндлөн уул

Ус хагалбарын цэг дээрхи багана
Монгол Улс газар нутгийн байршлаараа усны гурван том хагалбарын заагт,  харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог. Төв Азийн усны хүйс цэг буюу Хойт мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав, Төв Азийн буюу гадагш урсгалгүй ай савыг огтлол цэг нь Улаанбаатар хотоос холгүй 60 гаруйхан км-т Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Хөндлөн хэмээх ууланд бий. Хойт өргөрөгийн 47°39'07, дорнод уртрагийн 107° 31'28-ийн газарзүйн солбицолд Хөндлөн уулын орой дээр далайн түвшнээс дээш 1854 метрт гурван талт баганан тэмдэглэгээ байх бөгөөд баганын гурван тал нь Хойт мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав, Төв Азийн буюу гадагш урсгалгүй ай савыг төлөөлүүлэн хийсэн аж. Хан Хэнтийн нуруунаас эх авсан гурван голын нэг Онон гол Амар мөрөнд цутган урсч Номхон далайд цутгадаг, Хэрлэн гол нь Далай нуурт цутгадаг тул Төв азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг, Туул гол нь Сэлэнгэ мөрөнд цутган Байгал нуурт хүрээд Хойд мөсөн далайд цутгадаг. Хэнтийн нуруунаас эх авсан эдгээр голууд бие биедээ цутгадаггүй Төв азийн цэнгэг усны хагалбарыг үүсгэдэг байна. 

Энэхүү цэгийг анх БНМАУ-ын Усны аж ахуйн яамны харъяа Усны хайгуул төсөл, Эрдэм шинжилгээний хүрээлэн Бүгд найрамдах Унгар ард улсын усны институттэй хамтран хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд 1971-1975 оны хооронд нээн тогтоосон болно.  

Монгол орны ашиглах боломжтой усны нөөцөөс 17.7 тэрбум шоо метр буюу 51.5 хувь нь хойт мөсөн далайн ай савд, дөрвөн тэрбум шоо метр буюу 11.8 хувь нь Номхон далайн ай савд, 12.6 тэрбум буюу 36.7 хувь нь Төв азийн гадагш урсгалгүй ай савд ноогддог гэсэн сонирхолтой мэдээлэл байдаг юм байна. Монгол Улсын усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь ихэнхидээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.


Гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь гадагш хил даван урсаж үлдэх хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорхи усыг тэжээх буюу говийн нууруудад цутгана. Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус тус тус эзэлнэ. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус, түүний 93.6 хувийг Хөвсгөл нуурын ус эзэлнэ. Газрын доорхи усны нөөц баялаг асар их хэмжээтэй боловч удаан хугацаанд нөхөн сэлбэгддэг учраас ашиглаж болох нөөцийн хэмжээ тун бага байдаг бол гадаргын ус буюу голын ус богино хугацаанд / 20 хоногт / буюу жилдээ 18 удаа солигддог ажээ. Манай улс ус хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг байна.
  •  Хойд мөсөн далайн ай сав 
  • Номхон далайн ай сав
  • Төв Азийн гадагш урсгалгүй ай сав гэсэн үндсэн 3 ай савд хуваадаг.
Номхон далайн ай савд багтах гол мөрөн:
  • Онон гол
  • Бархын гол
  • Хурхын гол 
  • Шуурсын гол 
  • Хэрлэн гол 
  • Улз гол 
  • Халхын гол 
  • Нөмөргийн гол 
  • Дэгээ гол 
Хойд мөсөн далайн ай сав:
  • Сэлэнгэ мөрөн
  • Идэрийн гол
  • Чулуут гол
  • Дэлгэрмөрөн 
  • Бүгсэйн гол 
  • Хануйн гол 
  • Орхон гол 
  • Тамирын гол 
  • Туул гол 
  • Хараа гол 
  • Ерөө гол 
  • Эгийн гол 
  • Шишхид гол 298 18300
Төв Азийн гадагш урсгалгүй ай сав:
  • Ховд гол 
  • Тэсийн гол 
  • Хүнгүйн гол 
  • Байдраг гол 
  • Түйн гол 
  • Таацын гол 
  • Онги гол 
  • Булган гол 
 Ашигласан материал:  Монгол орны усны нөөц 




1 сэтгэгдэл:

Anonymous said...

Thankѕ for finallу tаlκing abоut > "Төв Азийн усны хүйс - Хөндлөн уул" < Loved it!

Here is my web site: payday
loаns

Post a Comment