September 25, 2013

Монгол улс ОХУ-ын хилийн 1 тоот багана.

Монгол ОХУ-ын хилийн 1 тоот баганы дэргэд
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын "хил" гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна. Улсын хил халдашгүй дархан байна гэж тодорхойлсон. Агаар мандалын дээд хязгаарыг газрын хөрснөөс дээш 60-150 км гэж үздэг. Газрын хэвлий нь түүний өнгөн хөрсний мандал буюу халуун лав, цааш нь цөм буюу төв хүртэл үргэлжлэнэ. Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1962 онд "БНМАУ ба БНХАУ-ын Хилийн гэрээ"-г байгуулж өмнөд хилээ албан ёсоор баталгаажуулсан, 1962-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн. Энэхүү Хилийн гэрээг 1975 онд Нэгдсэн Үндэстний байгуулагад албан ёсоор бүртгүүлсэн. Монгол Улс ОХУ-тай 1958 болон 1976 оны БНМАУ-ЗХУ-ын хоорондын Хилийн гэрээг байгуулж хойд хилээ баталгаажуулсан.
Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын хооронд байгуулсан 1958, 1976 оны хилийн гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоосон бөгөөд хилийн шугамыг бодит газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондхи монгол-зөвлөлтийн улсын хилийн тухай 1958 оны Гэрээ ба 1959-1960 онд хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн дагуу 1977-1979 онд явагдаж, улсын хилийн анх удаагийн хамтарсан шалгалтыг 1987-1996 онд хийж дуусгасан байна.
Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан 1958,1976 оны хилийн гэрээгээр баталгаажин тогтоогдсон юм. Тус улсын баруун хойд зүгийн хилийг Асгатын давааны хяраас Тэнгис голын эх хүртлэх хэсэг (Туватай хиллэж буй хэсэг) 1958 оны 3-р сарын 26-ны гэрээгээр 1305 км газар хил тогтоож, 332 баганаар тэмдэглэжээ. БНМАУ, ЗХУ-ын хооронд 1976 оны 10-р сарын19-нд хилийн гэрээ байгуулагдаж, Алтай таван богдоос, Асгатын давааны хяр хүртэл 280 км, Их Саяаны нурууны 2855.8 км тоот өндөрлөгөөс Тарваган дахын овоо хүртэл 1900 км, бүгд 2180 км хил тогтоож, 1128 багана, тэмдгээр тэмдэглэсэн. Монгол Зөвлөлтийн хилийн гэрээг тус хоёр орны төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар 1976 оны 10-р сарын 19-нд Москва хотноо гарын үсэг зурж, 1977 оны 1-р сарын 26-нд батламж бичиг солилцсоноор хүчин төгөлдөр болсон юм.
Монгол Улсын хилийн нийт урт - 8252,658 км 
үүнээс:
  • хуурай газраар - 7351,6 км
  • усаар - 901,0 км
Монгол-Хятадын хилийн урт - 4709,658 км 
үүнээс:
  • хуурай газраар - 4488,6 км,
  • усаар - 221,058 км
Монгол-Оросын хилийн урт - 3543.0 км 
үүнээс:
  • хуурай газраар - 2863,0 км,
  • усаар - 680,0 км
Улсын хилийн нийт уртын 57,0 хувийг өмнөд хил, 43,0 хувийг хойд хил эзэлдэг. 
Монгол Улсын хилийн боомт - Монгол Улсын хилд агаарын, авто, төмөр замын нийт 46 хилийн шалган нэвтрүүллэх боомт ажиллаж байна. Эдгээр боомтуудаар жилд дунджаар 3 сая гаруй зорчигч, 1,5 сая тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Боомтуудыг зориулалт, үйл ажиллагаагаар нь дөрөв ангилдаг. Үүнд:
  • Олон Улсын боомт - 14
  • Хоёр талын байнгын ажиллагаатай боомт - 10
  • Хоёр талын түр ажиллагаатай боомт - 15
  • Дамжин өнгөрөх боомт - 7
Монгол Улсын хилийн дөрвөн захын цэг
  • Баруун захын цэг - Баян Өлгий аймгийн нутагт Монгол Алтайн нурууны 3252.0 тоот өндөрлөгөөс 3371.0 тоот өндөрлөг хүрэх хэсгийн ус хагалбарын шугам баруун тийш цүлхийсэн хэсэг дээр,
  • Хойд захын цэг - Хөвсгөл аймгийн нутагт Монгол Шарын давааны 2091,6 тоот өндөрлөг дээр, 
  • Зүүн захын цэг - Дорнод аймгийн нутагт Модтой хамар уулын зүүн талд уулын хажуугийн 1305 тоот өндөрлөгөөс баруун өмнө зүгт 190.0 метр зайд 1292.5 тоот өндөрлөг дээр, 
  • Өмнөд захын цэг - Өмнөговь аймгийн нутагт Орвог Гашууны Бор толгойн 799.9 тоот өндөрлөг дээр тус тус байрлана.

0 сэтгэгдэл:

Post a Comment