July 8, 2013

ДЭГЛИЙ ЦАГААН ОРГИЛД амжилттай авирлаа.

Дэглий Цагаан оргил дээр
Аялал жуулчлалын “Монголиа Экспедишнс” компани, Уулын хөтөчдийн холбоотой хамтран Хархираа, Түргэний уулсын Дэглий Цагаан оргилд амжилттай авирч, 2013 оны 6-р сарын 18-ны 8.40 минутанд оргилд хүрлээ. Энэ авиралтанд Улаанбаатар, Эрдэнэт, Увс аймгаас экстрим аялал сонирхогч 40 орчим хүн оролцлоо. Энэ удаагийн авиралтын онцлог нь оргилд хүрэх шинэ зам гаргаж авирсанд оршино. Бид энэ замаар 2012 оны 5 болон 6-р саруудад авиралт хийж байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж оргилд хүрч чадалгүй буцаж байсан. Энэ удаагийн авиралтын үеэр цаг агаар тааламжтай сайхан байсан тул авиралт амжилттай болсон. Биднийг очихоос 2 хоногийн өмнө Олон нуурын хөндийгөөр цас их орсон тул газар их норж аяллын эхлэх цэг хүртэл машинаар явахад их хүндрэл гарч машин тэрэгнүүд ээлжлэн шаварт сууж байсан ч бид зорьсон газраа хүрч хоноглосон. Орон нутгийн хүмүүсттэй урьдчилан холбогдсон байсан тул нутгийн хүмүүс тэмээ малаа тогтоосон хугацаанд авч ирж, бид авиралтын бааз кэмп рүү нийт 12 км замыг туулан хүрсэн.

Асгатай зам
Бааз кэмпийг Хөх Салааны нуурын аманд байгууллаа.Бид авиралтын бэлтгэл ажлаа хангаад 6-р сарын 17-ны өглөө эртлэн хөдөлж Дэглий Цагаан оргилын зүүн урд талын мөсөн голыг өгч явсаар мөсөн гол дээр дундын кэмпээ байгууллаа. Дундын кэмп дээр хоёр хонох төлөвлөгөөтэй байсан тул хоол хүнс, майхан сав, цана, боард зэрэг нилээдгүй хүнд ачааг үүрч авч явах хэрэгтэй байв. Бааз кэмпээс дундын кэмп хүртэлх 9 км замыг үндсэндээ 6-7 цаг явлаа. Хэдийгээр хүнд ачаатай бартаа ихтэй замаар явах хэцүү байсан ч энэ хөндийн байгалийн үзэсгэлэнг үгээр хэлэхийн аргагүй. Мөнх цаст уулууд, гурав, дөрвөн зуун метрээс унах хүрхрээнүүдтэй. Өндрөөс чулуу, цас их дуу гарган нурах нь сүртэй. Бааз кэмпээс хөдлөөд эхний 5 км замыг их хад асган дундуур явна. 
Дөнгөж ургаж буй нялх вансэмбэрүү
Энэ асган дунд Вансэмбэрүү цэцэг их ургадаг юм байна. 6-р сарын дунд үе байсан тул вансэмбэрүү цэцэг дөнгөж л соёолж, нялхаараа байлаа. Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн 3000 метрээс дээш өндөрт уулын таг царманд, хад асганы дунд ургадаг. Ван­сэм­бэрүү цэцгийг монголчууд эртнээс тэнгэрийн цэцэг хэмээн хүндэтгэн үздэг билээ. Дэлбэгэр том том цагаан дэлбээт цоморлиг дундаа хүүхдийн зулай мэт зөөлөн бүлээн хүрэн толгой­той. Атганд багтахгүй бүдүүн но­гоон иштэй. Үн­дэс­нээс эхлээд ишээ дагаж уртсан ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй, навч нь шүүслэг нойтон байдаг. Эрт цагаас оточ маарамбууд эмийн цэцгийн сор болгон тунгаар хэмжин өвчин зовлонтой хүн ардыг тэтгэн тэнхрүүлж ирсэн. Вансэмбэрүүг эрт үеэс эм тан хийх зорилгоор нилээд түүдэг байснаас ховордсон юм. 
Мөсөн голын төгсгөлийн мөсөн унжлага
Вансэмбэрүүг байгалиас авахдаа вансэмбэрүү цэцгэн дээрээ майхан бариад газар лусыг аргадан идээ будаа өргөж эх газ­рынх нь хүйснээс тэнгэрт үзүүлэлгүй тасалж авдаг ёстой. Ингэж авсан ургамлаа хатааж, хорт хавдар, уушгины өвчин, ханиадны эм бэлтгэхэд хэрэглэдэг байна. Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн өндөр уулсаар маш ховор тархан ургадаг. Вансэмбэрүү / Saussurea Involucrata./ нь банздоогийн ангилалд багтана. Баг цэцгийнх нь голч 10-15 см. Нэлээд том хэмжээний ягаан өнгийн цэцэгтэй. Хос бэлэгтэй, нэг гэртэй ургамал. Энэ нь нэг ургамал дээр эр, эм бэлэг эрхтэн хамт байрладаг байна.  Монгол улсын улаан номонд орсон цэцэг. Нутгийнхан Вансэмбэрүү цэцгийг 7-р сарын эхний долоо хоногт цэцэглэдэг. Энэ үедээ хамгийн гоё харагддаг гэж байв.

Дундын бааз кэмп - Хоног толгой дээр.
Бид асгатай замыг туулж мөсөн голын ёроол дахь нууранд хүрч уулаа өгсөн явсаар мөсөн голын төгсгөл, морений захад тулж очлоо.Биднийг авиралтын төлөвлөгөө гарган замаа газрын зурагнаас судалж байхад мөсөн гол энэ нуурт хүрч байснаар зурсан байсан боловч газар орон дээрээ өөр байлаа. Гэвч бидний судалгаа хийсэн зураг нь 1984 оны зураг тул мөсөн гол нь сүүлд тасарч унан хайлсан байх магадлалтай. Мөсөн голын захын моренийг өгсч явсаар мөсөн голын дунд орших нэгэн жижиг толгойд хүрч дундын баазаа байгууллаа. Бааз байгуулах газар нилээд хазгай тул цас ухан тэгшилж майхнуудаа барилаа. Хүмүүс маань хүнд ачаа үүрч ирсэн тул нилээн ядарсан байв. Аяллын ядаргаагаа тайлж хоол ундаа хийж идээд, маргаашийн авиралтаа төлөвлөж, багаж хэрэгслээ бэлтгээд эрт амарцгаалаа. 6-р сарын 18-ны өглөө үүрээр 4 цагт босч, авиралтаа эхлэв. Дундын баазаас хөдөлж цаст оргилуудын дундах тэгш тавцан хүртэл 2 цаг шахам явж тавцан дээр гарч ирэв. Энэ тавцангаас оргилоо харав. 
Дэглий Цагаан оргил зүүн урд талаасаа
Өглөө эрт хөдөлсөн тул цас хатуу, хөлдүү тул явахад амар байлаа. Тавцан дээр гараад олсондоо орж оргил өөд авирлаа. Оргилын зүүн захын хадтай хэсгийг барьж явсаар оргил хүрэх хяр дээр гарав. Энэ хяраа барьж явсаар Түргэний уулсын ноён оргил Дэглий Цагаанд өглөөний 8 цаг 40 минутанд амжилттай хүрлээ. Оргилд хүрсэн баяраа тэмдэглэж зургаа хөргөө татуулж туг далбаагаа мандуулан хэсэг цагийг өнгөрөөгөөд манай залуус хаа байсан Улаанбаатараас авчран, энэ хүртэл үүрч ирсэн цана, боардоо углан доош гулгахаар болж,  цанаар гулгахгүй хүмүүсээ авч доош буулаа. Цана, боардтой хүмүүс ч бараг нүд ирмэхийн зуур л уулын ёроол хүртэл гулгаад алга боллоо. Бид уруудаж явсаар цанаар буусан групптэйгээ тавцан дээр уулзлаа. Манай цаначин залуус Дэглий Цагаан уулын урд оргил руу мөн авирч цанаар буув. 
Уулын спортын мастер Г. Жангар
Ингэж авиралтаа амжилттай дуусгаад дундын бааз руу буцлаа. Нэгэнт оргилд амжилттай авирч чадсан тул дундын бааз илүү нэг хоног хонох шаардлагйгүй гэж үзээд бүгд ачаа бараагаа баглаж бааз кэмп рүү буцлаа.
Дэглий Цагаан оргилд Монголын уулчид 1960-аад оноос эхлэн авиралт хийж эхэлсэн бөгөөд оргилд хүрэх замдаа осолдож байсан эмгэнэлт түүх ч байдаг юм билээ.  Дэглий Цагаан оргилд 1975 онд Жунко Табей /японы уулчин Дэлхийн ноён оргилд Эверест ууланд анх гарсан эмэгтэй / тухайн үеийн Хөдөлмөр нийгэмлэгийн уулчидтай хамтран авиралт хийж оргилд амжилттай гарсан гэдэг. Сүүлийн жилүүдэд энэ оргилд гарах гэсэн оролдлогууд нилээд хэдэн хийсэн боловч оргилд хүрч чадаагүй. Дэглий Цагаан оргил уулчдаас уулын техник ур чадварыг шалгасан хэцүү оргилуудын нэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Оргилд хүрэх уулчид Дэглий Цагаан оргил руу голдуу хойд талаас нь буюу Түргэний голыг өгсч ирдэг бөгөөд Гоожуур мөс гэдэг талаас авиралтууд хийж байна. Сүүлийн үед дэлхийн дулаарлаас шалтгаалж Гоожуурын мөсөн хана хайлаад тасарч унасан байгаа тул авиралт хийхэд нилээн хүндрэл учруулж байгаа нь оргилд хүрч чадахгүй байгаа шалтгаануудын нэг юм. Энэ оны 3-р сард Эрдэнэтийн уулын холбооны уулчин Р.Түвшинтөр дүү Р.Түвшинбаярын хамт Дэглийн Цагаан оргилд Гоожуурын мөс талаас авиралт хийн амжилттай авирч оргилд хүрсэн. Бидний авиралт хийсэн энэ замаар олон олон уулчид оргилд хүрэхийг хүсэн ерөөе. Энэ авиралтанд оролцсон Монголиа Экспедишнс ХХК, Уулын Хөтөчдийн холбоо, Эрдэнэтийн уулын холбоо, Увс аймгийн уулчид, Монголын сноубоардын холбооны уулчидад баяр хүргэж, олон олон оргилд авирахыг хүсэн ерөөе.

Олон нуурын хөндийд

Дундын кэмп хүрэх замд

Хоног Толгой дээр

Хоног толгойд

Оргилын өмнөх тавцан

Оргил өөд





"Эрдэнэт үйлдвэрт" ХХК-ын Авто Тээврийн Байгууллагын Белазын жолооч Р. Түвшинтөр - See more at: http://www.erdenetinfo.mn/content/%D0%B0%D1%85-%D0%B4%D2%AF%D2%AF-%D1%85%D0%BE%D1%91%D1%80-%D0%B4%D1%8D%D0%B3%D0%BB%D0%B8%D0%B9-%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D0%BE%D1%80%D0%B3%D0%B8%D0%BB-%D0%B4%D1%8D%D1%8D%D1%80#sthash.6NTIfZrC.dpuf

0 сэтгэгдэл:

Post a Comment