November 11, 2010

Ишгэн толгойн хуучин чулуун зэвсгийн дурсгал.

Монгол алтайн нурууны ар биеэс эх авсан Урд, Цэнхэр, Дунд, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хойд талынхныг Ишгэн толгой гэнэ. Энэ орчмоос эрдэмтэд хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хучидас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор олж судалсаар байна. Цэнхэрийн голын хөндийд хүн эрт цагаас нутаглан ан гөрөө хийж амьдарч өөрсдийн хийж хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй урлан бүтээсэн урлаг соёлын гайхамшигт дурсгалаа үлдээжээ. Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толио дээр энд тэнд гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан бөгөөд зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий буйгаас үзэхэд эдгээр зураг нь нэлээд эртний болох нь тодорхой. Аль ч үед зургийг хаднаа сийлэхдээ гол төлөв нөмөр талыг сонгон авдаг бол Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойд талд, өөрөөр хэлбэл салхин талд зонхилж буй нь санамсаргүй мэт боловч цаашид сонирхон үзүүштэй баримт юм.

Цагаан Агуй - Эртний хүмүүс амьдарч байсан ул мөр олджээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их Богдын нурууны Цагаан ууланд эртний чулуун зэвсгийн үед хүмүүс амьдарч байсан ул мөрийг агуулсан нэгэн сонирхолтой агуй бий. Цагаан агуй нь Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай, N44°42'43.3", E101°10'13.8" газарзүйн солибцолд оршино. Агуйн үүд нь баруун урд зүгт харсан байрлалтай, агуй нь хоорондоо холбоотой гурван үндсэн том тасалгаатай. Нэг дэх тасалгаа нь 12 метр урт 9 метр өргөн адрын өндөр 10 метр хүрч байна. Адрын баруун хэсэгт гэрийн тоононы чинээ дугуй нүхтэй. Хоёрдугаар тасалгаа нь 7 метр урт, 8 метр өргөн, 9 метр орчим өндөртэй. Энэ тасалгааны адарт дурангийн жоншны том талстат үе тодорхой ажиглагдаж байгаа нь гэрэл тусгахад маш гоёмсог харагдана. Гуравдугаар тасалгаа нь 5 метр урт , 4 метр өргөн, адрын өндөр 4 орчим метр, баруун дээд хэсэгт 10 гаруй метр урт 2 метр орчим өргөнтэй хонгил салаална. Агуйн нийт урт нь 32 метр байна. Агуй байрлах ам хүртэл машинаар хүрэх боломжтой. Агуй байрлах уулын амыг өгсөж 70 орчим метр яваад уулын амны зүүн талын бэлд агуйн амыг олж харна. Цагаан агуй нь шохой чулуун тогтоцтой хөндийлжийн гаралтай агуй юм. Агуйн адарт дурангийн жоншны болор талстууд ургасан байх нь элбэг ажиглагддаг. Цагаан агуйд манай тооллын өмнөх 700000 мянган жилийн тэртээд хүн амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онуудад хийсэн малталга судалгааны үр дүнд тогтоожээ.

Ловон Чомбын агуй

Агуйн ам - 2006 оны агуйн экспедици
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Агуйт уулын баруун урд бэлд Ловон Чомбын агуй д.т.дээш 1206 метр өндөрт, N42°35'18.3" E107°49'31.7" оршино. Агуйт уулын хийдийн тууриас Ловон Чомбын хийдийн тууриас агуй хүртэл явган хүний зассан замтай. Ловон Чомбын агуйн орох амны урд тавцан дээр хийдийн туурь байдаг. Энэ агуйг тус хийдтэй холбосон байжээ гэж үзэж болно. Агуйг хийдийн лам нар эмчилгээ болон бясалгал хийх зориулалтаар ашиглаж байсан байж болох талтай. Нутгийнхан ч энэ агуйн шаврыг эмчилгээнд ашиглаж байсан гэж ярьж байлаа. Агуй дотроо дотроо хоёр салаална. Агуйн нийт урт 50 орчим метр. Агуйн хонгилийн дундаж өргөн 8 метр орчим, өндөр нь дунджаар 4-5 метр. Гол танхимийн урт нь 30 орчим метр, салааны урт 20 орчим метр байна. Агуйн адарт жоншны талст элбэг ажиглагдана. Адар руу гэрэл тусгахад талстууд нь өнгө өнгөөр солонгорон харагдаж байлаа. Говийн их аагим халуунд агуй дотор сэрүүхэн сайхан байлаа. Агуйн орох аманд могой үүрлэсэн байв. Ловон Чомбын агуйн аманд Агуйт уулын хийдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс. Ямартай ч томооохон суурин, эргэл мөргөлийн газар байсныг гэрчлэх томоохон хэмжээний суурингийн туурь үлджээ. Ловон Чомбын агуй нь Монгол улс, БНХАУ-ын хилтэй ойр учир агуй хүрэх замдаа хилийн цэргийн газраас хил орчмын бүсэд нэвтрэх зөвшөөрөл авах хэрэгтэй.

Гурван Зээрдийн агуй

Агуйн ам
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын говийн баруун урд хязгаарт Гурван зээрд ууланд Гурван зээрдийн агуй гэж шохой чулуун, хэвтээ, босоо тогтоц хосолсон агуй бий. Энэ агуйгаас 1930-аад оны үед оросын нэрт судлаач судлаач Симуков хүний араг яс олсон нь Байгалийн Түүхийн музейд тавигдаж байсан гэсэн яриа бий. Агуй нь Монгол улс, БНХАУ-ын хилтэй ойр учир агуй хүрэх замдаа хилийн цэргийн газраас хил орчмын бүсэд нэвтрэх зөвшөөрөл авах хэрэгтэй. Гашуун сухайтын хилийн заставаас Гурван зээрдийн агуйн ам хүртэл машин зам хөтөлнө. Агуйн ам, агуйн амны овооны хадаг яндар холоос харагдана. Агуйн солибцол N42°30'19.5" E107°26'51.4" д.т.дээш 1035 метр. Агуйд олон жилийн өмнө түймэр гарснаас уг агуйн унаган тогтоц алдагджээ. Нутгийн хүмүүсийн ярих нь агуйн амаар олон хоногийн турш утаа олгойдож байсан аж. Агуйд орохдоо аюулгүй байдлыг сайтар хангаж олсоор дамжиж орох хэрэгтэй. Агуйн нийт гүн нь 21 метр. Агуйн амаар ороход 5 метр хиртэй эгц доошоо буухад эхний хүнхэрт хүрнэ.

November 10, 2010

Асгатын мөнгөний орд – Асгат тосгон.

Асгат тосгоны уурын зуух - одоогоор ашиглаагүй байгаа.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг ОХУ, Монгол улсын хил дээр Асгатын суурин гэж нэг жижиг тосгон бий.  Энэ тосгон нь Асгатын мөнгөний ордыг ашиглах зорилгоор оросууд байгуулсан. 1970-аад оны сүүл 1980-аад оны эхээр оросууд энэ бүс нутагт хайгуул судалгааны ажил явуулж Асгатын мөнгөний ордыг олсон бөгөөд анхандаа маш том мөнгөний орд оллоо, Монгол талдаа их нөөцтэй, орсын талд ч багагүй нөөцтэй хэмээн шуугиж байв. Дараа нь 1980-аад оны дундуур Монголын тал оросуудтай хамтран хоёр ч удаа хайгуул судалгаа хийж, далд уурхайн хонгилуудыг үүсгэж нилээдгүй зардал гаргасан ч ашиглаж чадаагүй. Тухайн үед дэлхийн зах зээл дээр мөнгөний ханш бага байсан учир уг ордыг ашиглах нь эдийн засгийн хувьд алдагдалтай байсан.  Зах зээл эхэлснээс хойш АНУ, Изриалын компаниуд ордыг сонирхож байгаад хаясан. Энэ нь мөн л одыг ашиглах ашиггүй гэж үзсэнтэй холбоотой. Асгатын мөнгөний ордын талаар монголын сонин хэвлэлүүдэд олон шуугиантай мэдээ мэдээлэл гарч л байдаг. Ялангуяа С. Баярын засгийн газрыг хэл аманд өртүүлэх нэг гол улс төрийн хөзөр болж байсан. 

Цамбагарав уул - Харганатын хадны зураг.

Цамбагарав уул
Хэдэн жилийн өмнө Цамбагарав ууланд аялж байсан нэгэн жуулчин хөтөчөөсөө: энэ уулыг яагаад Цамбагарав гэдэг юм бэ? гэж асуухад нөгөөх сэргэлэн хөтөч нь Цамба гэдэг хүн анх оргилд гарсан юм гэнэ лээ гэж хариулсан гэдэг. 
Эрт цагт өөлдүүд Цамбагарав уулыг ЦАСТ гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ ЦАМБАГАРАВ хэмээн нэрлэж Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбгарав хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн нь Цамбагарав уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Тахилгат энэ уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан бөгөөд, гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг хүртэл хадгалагдаж байжээ. Цамбагарав уул нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баян нуур сумдын нутагт оршино. Уулын ноён оргилыг ЦАСТ гэнэ.  Цаст нь далайн түвшинээс дээш 4208 метр өндөр. Домогт өгүүлснээр: Эрт дээр үеэс Өөлд, Мянгадууд Цамбагарав, Алтан-Хөхий хоёр уулаа Ховд голтойгоо шүтэж, хайрлан биширч, хүндлэн тахиж ирсэн уламжлалтай билээ. Цамбагарав уулыг хоймроо завилан сууж цай идээ, архи дарсаар дайлуулж байгаа эр хүний шинжтэй уул гэдэг учир Цамбагарав уулыг эр савдагтай. Түүний яг элгэн урдаас харж ханаран цэнхэртэх Алтан-Хөхий уулыг эр нөхрөө цайлж, дайлж байгаа эхнэр хүний дүрстэй учир эм савдагтай гэдэг домогтой ажээ. Хар ус нуурыг тогоотой цай нь, Ховд голыг тогоотой цайгаа самран сэлбэж байгаа шанага нь, баруун гар талд нь байгаа Майхан уулыг  тавагтай идээ нь өмнө нь байгаа шорвог давстай Баян нуурыг лонхтой архи нь зүүн талд нь байгаа Алтанцөгц нуурыг хундагатай архи нь гэдэг домогтой. Ийм учраас энэ хоёр уулын өвөрт нутагладаг Өөлд, Мянгадууд: Цагаан сарын шинийн нэгний өглөө Хотынхоо урд өндөрлөгт тусгай тавцан засаж эр савдагтай гадаг Цамбагаравдаа өндөр хавирга, Хонтшагай чөмөг, эм савдагтай гэх Алтан-Хөхийдөө өвчүү шатааж өргөж арван гурван сангаа тавьж мөргөдөг домогтой ажээ.
Сүүлийн үеийн аялал жуулчлалын guidebook/ ном товхимлуудад Монголын заавал очиж үзэх газруудын жагсаалтанд орсон байдаг.  Энэ ууланд жуулчдын хамгийн их очдог газар нь Намаржааны хөндий хэмээх зуслангийн газар байдаг.  Энд 6-р сарын 15 наас - 8-р сарын сүүлч хүртэл Эрдэнэбүрэн сумын өөлдүүд, Алтанцөгцийн казахууд хаяа дэрлэн буусан байдаг. Түймэр толгой хэмээх жижиг толгой хилийн зааг нь болж өгнө. Намаржааны хөндий нь Ховдоос Өлгий орох төв замын дагууд байна. Энэ хавьдаа Хаг нуур, Олон нуур, Хонгор өлөн, Сайр Сухайтын уулс гээд олон сайхан газрууд байна.
Цамбагарав уулыг 2000 онд ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилгоор улсын хамгаалалтанд авсан.

Алдарт туульч Мандиханы Парчин

Алдарт туульч М. Парчин
Алдарт туульч Мандиханы Парчин бол Баруун Монголын ард түмний олон туулийг залгамжлан хөгжүүлж, туульчийн уран чадварыг төгс эзэмшин, хойч үедээ уламжлуулан, орчлон дахинаа алдаршуулж манай ард түмний дунд төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн дунд нэрд гарсан туульч билээ.  
Алдарт туульч М.Парчин XVIIII жарны хөхөгчин туулай жил буюу 1855 онд хуучин дөрвөд Сайн Заяатын Зүүнгар Чуулганы Төгс хүлэг Далай ханы аймгийн арван баядын Саруул жанжин гүний хошуу, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутагт Мандиханы 2-р хүү болон төрж 1926 онд далан нэгэн насандаа өөд болжээ.
М.Парчин угтаа Цорос овогтон тайж "цагаан ястан" гаралтай гэх боловч амьдралын хувьд ядуу, жирийн нэг хохь тайж байжээ.  Боловсролын хувьд тод монгол бичиг сайн мэдэх учир шүүх харуулын алба хаших зэргээр төрийн хэрэгт оролцож явсан байна.
М.Парчин бага ахуй цагаасаа ардын аман зохиолын баялаг дээжис ялангуяа Баруун Монголын туулийн сонгодог уламжлалтай танилцсан нь түүний туульч болоход чухал нөлөө үзүүлсэн билээ.  Анх 9 настайдаа "Эргэл Түргэл" туулийг нутгийн нэрт туульч Сүгсүүгээр заалган сурчээ.  Өөрийн авга ах Санжаагийнд очиж үсэг бичиг, үлгэр заалгахдаа, "Бүргэд хар" туулийг сурч улмаар Баядын туульч Буурал Сэсрэнгээс "Бум-Эрдэнэ", Шийраваас "Дайны хүрэл", баядын Жалцан тайжаас "Хийгийн хүйтэн хөх төмөр зэв", Урианхайн туульчдаас "Догшин Чингэл", "Хаан Чинке", тод үсгийн бичмэлүүдээс "Эрийн сайн Хан Харангуй" зэрэг арав шахам туулийг сурч, жирийн айл өрхөөс эхлэн арван Баяд, Дөрвөд Далай ханы Лу жанжин гүний хошуу болон урианхайн зах залгаа нутгаар уригдан туулиа хайлж "туульч тайж", "Туульч Парчин" хэмээн нэр алдар нь олонд түгжээ.  

October 29, 2010

Юм бэйсийн хүрээ - Амарбуянтын хийд.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт N44°37.745' E 98°42.214'  GPS солибцолд Шинэжинст сумаас баруун тийш 47 км орчим зайд Амарбуянтын хийд оршино. Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд нь 250 жилийн тvvхтэй. Тус хийдийг Манжийн Тэнгэрт тэтгэсэн хааны 15-р он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх хүрээг үүсгэн, Цогчин дуган байгуулжээ. Энэ хийд Монгол орны баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв. 1904 онд 13 дугаар ДАЛАЙ лам Лхасаас Өргөө орох замдаа Амарбуянтын хийдэд 10 өдөр тухлан саатаж байсан тухай мэдээ бий. Далай лам энд байх хугацаандаа лам нарт хичээл зааж байсан бөгөөд Бор хайрхан уулын өвөрт шинэ цогчин дугана барихыг зөвлөж, хийд барих газрыг зааж шав тавьсан байдаг. Уг шавын чулууг энэ хийдэд очвол үзээрэй.
Хийдээс холгүй Шар хулсны баянбүрдэд Далай ламын овоо гэж нэгэн овоо бий бөгөөд овоонд нутгийн олон, хол ойроос ирсэн зочин гийчид зориуд очиж мөргөн сүсэглэж байдаг. Үүнээс гадна нэг сонирхолтой баримт дэлгэхэд, нэрт зураач Николай Рерих 1927 оны 4-р сард эхнэр Еленагийн хамт энд ирж байсан байдаг.  2001 оны євєл МУ-ын ерєнхийлєгч асан Н. Багабанди Амарбуянтын хийдэд зочилж, Энэтхэгийн Будгаяд бvтээлгэсэн Дарь- Эхийг залсан байдаг.