March 7, 2013

Хөвсгөл нуурын мөсөн замыг туулсан анхны дугуйн аялал 2013

Бид Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр дугуйгаар аялж үзэхээр шийдэн 2013 оны 2-р сарын 27-ны өглөө Багийн 9 гишүүний хамт аялалд гарлаа. Манай багт МУГТ, уулын спортын ОУХМ Г. Өсөхбаяр, Эверестийн оргилд гарсан уулчин Б. Цэвээндаш, уулын спортын мастер Б. Элбэгжаргал, Уулчин Монгол нийгэмлэгийн Ш. Сэргэлэн, аялагч Д. Өнөр, MONGOLIA EXPEDITIONS -ээс С. Алдархишиг, НТВ-ийн зураглаач, сэтгүүлч, манай багийн жолооч БАЛУ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хөдөллөө.
Бид Улаанбаатар - Эрдэнэт - Мөрөн - Хатгал - Ханх гэсэн маршрутаар явж дугуйн аялал эхлэх Ханх тосгонд ирж Замын буудалд хоноглов. Ханх бол Монгол орны хамгийн хойд захад орших суурин газар. 2000 гаруй хүн амтай.  аймгийн төв Мөрөн хотоос хойш 280 км, нийслэл Улаанбаатар хотоос1020 км, ОХУ-тай хиллэх Ханх-Мондийн хилийн боомтоос 22 км зайд оршино. Хойд талаар нь Саяаны их уулсын шовх оргилууд  харагдана. Ханх тосгоноос бидний Хөвсгөл нуурыг мөсөн замаар туулах анхны аялал эхэллээ. Өглөө бид дугуйгаа буулгаж угсаран, тохиргоо хийгээд, аяллын өмнөх бие халаалтын дасгал хийж биеэ дасгаад аяллаа эхэллээ.

Манай багийнхан
Хөвсгөл нуур нь манай орны хамгийн хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур. Нуур нь эзлэхүүнээрээ улсын хамгийн том нууруудын нэг бөгөөд хамгийн гүн нь юм. Нуурын хамгийн гvн хэсэг Далайн хvйс аралын баруун өмнө 238,3 метр. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан замын тээвэр хийгддэг. Эргэн тойрон сvрлэг өндөр уулсаар хvрээлэгдсэн нэн vзэсгэлэнт энэ нуурын урт нь хойноос урагш 133,4 км, өргөн 39,5 км гонзгой зууван хэлбэртэй нуур юм.

Аяллын замын ерөнхий төлөвлөгөө
Бидний аяллын эхний өдрийн гол зорилго бол нуурын мөсөн дээгүүр 60 км замыг туулж Далан Модон хүй аралд хүрч хонох байлаа. Ханх сумын төрийн сангийн дарга Уянга гэдэг бүсгүйтэй уулзаад аяллаа эхэлж нуурын мөсөн дээгүүр дугуйгаар явлаа. Уг нь бид Монгол улсын хамгийн хойд захын боомт дээр очсон тул хилийн багана үзээд явъяа гэж бодсон ч энэ өдөр их хурлын гишүүн Энх-Амгалан ирнэ гээд хилийн цэргийнхэн албаны ажилтай байсан тул зөвшөөрөл авч чадсангүй. Нуурын мандал дээгүүр их хэмжээний цасан бүрхүүл тогтсон тул автозам тодорхой гарсан тул замыг дагаж явлаа. Ерөнхийдөө нуурын мандал гилгэр мөстэй байдаг энэ жил нууран дээр их хэмжээний цас тогтсон гэж нутгийн хүмүүс хэлж байсан. Цас тогтсон замаар дугуйгаар аялахад таатай ч тэгш тал газар учир амралтгүйгээр ажиллах шаардлагатай байв. Нэг талаар дандаа тэгш талаар явах нь уйтгартай юм байна лээ. Нуурын мандал дээгүүр дугуйгаар явж байхад мөс нь түн тан гэсэн сүртэй дуу чимээтэй дугарах нь цөмрөх вий гэсэн битүүхэн түгшүүр төрүүлж байсныг нуух юун.

Спортын мастер Б. Элбэгжаргал нуурын цагаан хил дээр
Нууран дээгүүр явахад хар хил, цагаан хил гээч зүйлтэй таарлаа. Нуурын мөс харзны халиа шиг их хүйтэнд туушаараа хагарч хар, цагаан хилийг үүсгэдэг. Хилийн урт нь арван км үргэлжилэх бөгөөд овоорч тогтсон хилийг нь цагаан хил,  зай гарч хагарсаныг хар хил гэдэг юм байна.  Нутгийнхан бол хаана хэ­дийд хил үүсдэгийг анд­даггүй бөгөөд хоорондоо мэдээллээ солилцдог юм байна. Соц-ын үед мөсөн замын тээвэр ид хийж байх үед хил үүссэн газарт туг хатгаж тэмдэг тавьдаг байсан гэж нутгийн хүмүүс ярьж байсан. Цагаан хил холоос тодорхой харагддаг бол хар хил нь харагддаггүй тул аюултай гэж байсан. Мөсөн замын тээвэр хийдэг болсноос хойш Хөвгөл нууранд 40 гаруй машин живсэн гэсэн тоо баримт байдаг юм байна. Энэ судалгаа, живсэн машин техникийг татан гаргах төслийг хэрэгжүүлж байгаа гэж Улаан Тайгын дархан газарын дарга Ж. Төмөрсүх бидэнд ярьсан.

Аялагч Д. Өнөр - Багийн ганц эмэгтэй
Төмөрсүх Хөвсгөл нуурын баруун эргийн дагуу олон машин живсэн гэж байсан. ер нь нуурын мөсөн дээгүүр явахдаа аль төвийг барьж явах хэрэгтэй. Мэдэхгүй хүмүүс захыг нь барьж яваад осолддог гэсэн зааварчилгааг бидэнд өгсөн. Бид  13 цагийн үед замдаа зогсч нуурын мөс хагалан гал түлж цай чанаж ууж түр амрав. Үдийн цайны дараа аяллаа үргэлжлүүлж явсаар үдээс хойш 17 цагийн үед Модон Хүй аралд 5 км дөхөж ирлээ. Нар тонгойж орой болсон тул дугуйн аяллыг зогсоож 5 км замыг машинаар туулж аралд ирлээ. Арал дээр ирээд майхан саваа барьж хоолоо ундаа хийж идээд амрав. Түлээ мод цуглуулан түүдэг гал асаав. Арал дээр цас ихээр унасан тул түлээ цуглуулахаар явахад цасны зузаан өвдөг давж байлаа.
Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь Далайн Модон хүй арал. Нуурын мандлаас 126 м өндөр нилдээ хушин ой модоор хучигдсан энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хvрнэ.
Арлын зүүн эрэгт бөөгийн тахилга шүтээн бололтой модон хүмүүс, модон овоо байна. Арал дээгүүр хэсэг явган явахад цасан дээр чоно, үнэгний мөр тод харагдаж байв.
Өглөө эртлэн бос ч өглөөний цайгаа уугаад аяллаа үргэлжлүүлж Хатгал тосгоныг зорилоо. Энэ өдрийн аялал нилээн хүнд байсан урдаас салхитай, нуурын мандалын зарим хэсэгт гилгэр мөстэй тул явахад халтирч унаад, дугуй унахад хүнд байлаа. Бид зарим хэсэг газарт нь дугуйгаа түрж, дугуйтай явган хослуулсаар Хөвсгөл нуурын Хүслийн хад гэдэг газарт болж буй Мөсний баярт хүрч очлоо. Хотоос гарахын тулд дугуйндаа шрупп зоон бэлтгэсэн ч гилгэр мөсөн дээр тогтоход хэцүү юм байна лээ.
Далайн Модон Хүй арал
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2000 оноос эхлэн  Хөвсгөл нууран дээр зохиогддог Хөвсгөл Нуураа Хамгаалъя уриатай мөсний баяр 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн мөсний баярт ч гадна дотны олон хүмүүс ирсэн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Сүүлийн 20 орчим км-т манай багийнханаас их хүч шаардсан тул нилээн ядарч ирсэн бид аян замын ядаргаагаа тайлж, мөсний баярыг үзэж сонирхон, Хүслийн хаданд хүслээ шивнэлээ.  Хүслийн хадан дээр дугуйн аяллаа дуусгаж унадаг дугуйнуудаа машиндаа ачиж Хөвсгөл нуурын эрэгт байрлах Ашихай гэдэг тохиолог жуулчны баазыг зорилоо. Ашихай баазад очиж аяллын алжаал ядаргаагаа тайлж сайхан амарсан шүү. Танай хамт олонд баярлалаа. Ингэж бидний ХӨВСГӨЛ далай ээжийн мөсөн дээгүүр хийсэн бидний аялал амжилттай дууслаа. Баярлалаа. 


Хатгал тосгонд - Ш. Сэргэлэн, Б.Цэвээндаш, С. Алдархишиг

Анд найз С. Жамрандоржийн /БАЛУ/ хамт

Ханх тосгоны Хилийн цэргийн дугаар анги

Ханх тосгоны захиргааны байр

Хөвсгөл нуурын мөсөн дээр

Нуурын мөсөн дээр гал түлж цай чанаж уунаа.

Өдрийн цайны цаг

Мөсөн замд

Цагаан хил дээр

Модон хүй арал дээр

Манай гал тогоо.

Спортын мастер Б. Элбэгжаргал ах

Зам нэг иймэрхүү байлаа. Гэхдээ зарим хэсэгт үүнээс илүү гилгэр мөстэй

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан монгол уулчин - Б. Цэвээндаш

Ашихай гэр баазын хамт олонд баярлалаа.

Эверестийн оргилд анх гарсан Монгол уулчин Г.Өсөхбаяр

Монгол аялагч С. Алдархишиг



Мөс хагалж цай чананаа. - Манайхан цангаж байгаа

Б.Цэвээндаш мөсөн замд

6 сэтгэгдэл:

Anonymous said...

сайхан аялал болжээ ах нараа, амжилт хүсье та бүхэндээ.

MONREVE TOURS said...

Unuruu maanichmundag baina shuu

Unknown said...

Goyo yumaa. Bichseniig unshaad l baimaar yum bna

Badmaa said...

Хөвсгөлийг тойрсон дугуйн аялал болж байсан уу?

Anonymous said...

First of all I would like to say awesome blog! I had a quick question which I'd like to ask if you don't mind.
I was curious to know how you center yourself and clear your head
prior to writing. I've had a difficult time clearing my mind in getting my thoughts out there. I truly do take pleasure in writing however it just seems like the first 10 to 15 minutes are usually lost just trying to figure out how to begin. Any ideas or hints? Kudos!

Here is my blog http://www.genersys-ireland.com/index.php/member/34393/

Монгол дугуйчин said...

Хөвсгөл нуурыг тойрсон дугуйн аялал болж байгаагүй. Тэгж явах санаанууд гарч байсан.

Post a Comment