November 13, 2017

Зүчи хайрханы авиралт - Асгат Түргэний уул

Алдараа, Рой, Гангаа, Дэвид нарын хамт Зүчи хайрханы
 орой дээр
2016 оны 6-р сарын 7-ноос 18-ны хооронд Сийлхэмийн нурууны Асгат Түргэний уулын Нарийны голын эхэнд орших нэгэн цаст оргилд Монгол, Шинэ Зеланд, Грек, Английн уулчидтай авирсан. Энэ ууланд бид анх 2011 оны 5-р сард МУГТ, ОУХМ Г.Өсөхбаярын хамт тавуулаа авирч байсан боловч цаг агаарын байдлаас болж авиралтаа зогсоож байсан. Тухайн үед энэ уулын нөхцөл байдлыг нилээн судлаж байсан юм. Бидний өмнөх авиралтын тухай энэ линкээр орж үзээрэй. Зүчи Хайрхан уул. Дараа нэг сайхан авиралт хийнэ гэсэн бодол тээж үлдсэн юм.
Асгат Түргэний ууланд аялагчид, жуулчид маш цөөн ирдэг тул нутгийнхан аялал жуулчлалын талаархи ойлголт бараг байхгүй.  2010 оны намар энэ нутгаар явж байхдаа Тогтомыс гэдэг хүнтэй замд тааралдаж танилцаж байсан юм. 2015 оны өвөл 12-р сард Английн Secret Compass гэдэг компаниас Хархираа Түргэний ууланд хүн авираагүй оргилд авирах аялал асууж, биднийг зохион байгуулж өгөөч гэдэг санал ирсэн. Бид ч тэр саналыг хүлээж аваад шууд л Асгатын ууланд авирахыг санал болгож аяллын маршрут, газрын зургийг явуулсан юм. Харилцагч компани ч бидний саналыг хүлээн зөвшөөрлөө. Ингээд тавьсан саналаа ажил хэрэг болгох ажилдаа орлоо. 2011 онд Асгатын ууланд авирч байхдаа Өмерхан гэдэг айлд бид хонож байсан юм. Тухайн үед энэ ууланд хүн авирч байсан эсэхийг энэ нутагт насаараа амьдарч байсан хүнээс асуухад тэрээр: Хүн ер авирч байгаагүй. Ер нь дөрвөн хөлтэй янгир л гарч чаддаггүй юм билээ, хоёр хөлтэй та хэд чадах уу гэж бассан байдалтай байсан юм. Тэр үед бид ч чадаагүй тул өвгөн дотроо маадгар байсан биз.

Манай багийнхан
Хуучин танил Тогтомыс, Өмерхан хоёртойгоо холбогдож дахиж уулчид очсон эсэхийг баталгаажуулж асуулаа. Мөн аялал зохион байгуулах гэж байгаагаа дурдаад, тэмээ байгаа юу гэж асуулаа. Ногооннуур сумын хэмжээнд долоон тэмээ бий гэж тэд хэллээ. Би бүх тэмээгээ цуглуулж бай гэж үүрэгдлээ. Энэ хооронд уулаа судлаж авиралт хийх замаа тодорхойллоо.
Бидний авиралт хийх уул Асгат Түргэний уулын Нарийн голын эхэнд, далайн түвшнээс дээш 3952м, GPS: N 49° 50' 16.4 E 89° 45' 59.4 солибцолд оршино. Энэ уул руу авирч болох үндсэн хоёр замыг тодорхойллоо. Ингээд 5 жилийн өмнө авирч байсан өөрсдийн замыг сонгохоор шийдлээ. Учир нь нөгөө зам нь хүрэхэд бартаа ихтэй тул орхисон юм. 
2016 оны 6-р сарын 7-нд бид МУГТ, ОУХМ Б. Гангаамаа, миний бие гадаадын 6 уулчны хамт Өлгий хот руу нислээ. Өлгийд хотод очоод аяллын ахлагч Дэвид Люкийн хамт Өлгий хотын эмнэлэгээр орлоо. Хэрэв ямар нэгэн үед осол эндэгдэл болбол ажиллах төлөвлөгөө гаргалаа. Энэ төлөвлөгөө маань энэ аялал дээр хэрэгжсэн юм, муу ёртой ч юм шиг.
Группээ аваад Асгатын уулын Нарийны амыг зорилоо. Нарийны аманд бид үдээс хойш нилээд эрт ирэв. Замаараа Тогтомыстай уулзаж Өмерханыг тэмээгээ аваад маргааш өглөө эрт ирээрэй гэж хэлэв. Нарийны аманд кэмпээ буулгаад аяллын жолооч Аръяагийн хамтаар хилийн зөвшөөрлөө бүртгүүлэх санаатай Асгатын застав руу хөдөлсөн боловч Нарийны голын усанд сууж цааш явах боломжгүй болоод буцаж кэмп дээрээ ирж хоноглов. Маргааш бид эртлэн босч тэмээндээ ачаагаа ачаад Нарийны голыг өгсч бааз лагераа байгуулахаар хөдөллөө. Нарийн гол гэж Асгат Түргэний уулнаас эх аван урсч Бөхмөрөнгийн голд цутгадаг уулын ширүүн урсгалт гол. Өглөөдөө ус нь татуу байх ч өдөр нарны илчинд уулын цас хайлж үерлэнэ. Усны өнгө мөсөн голын хурдасаас шалтгаалж цагаан цайвар өнгөтэй ч ёроолын чулуу харагдана. Үдээс өмнө голын усыг явган гаталж болох ч үдээс хойш үерлэсэн үед нь мориор, эсвэл машинаар гарна. Нарийны ам Асгатын цаст уулуудад дөхөж очиж болох үнэндээ нарийхан хавчиг ам. Голын адагт эгч цавчим хясаан дундуур гол урсдаг тул машинаар орох боломжгүй. Тэмээгээр, мориор орох жим замтай. Амны урд талын уулс араараа модтой бол хойд талын уулс нь эгц цавчим хясаа бүхий нүцгэн уултай. 
Голын хөндийд зундаа хоёр гурван айл зусна. Голын адагт хоёр айлын байшин байна дээшлэх тусам эзгүй нутаг. Бид Нарийны гол руу эгц налуу уулын бэлийг дагаж орлоо. Голын урд талын эргийг дагаж явсаар мод, модны холтосоор жижигэвтэр амбаар барьсан нэг айлд түр буудаллаж цай, цагаан идээ амслаа. Ислам гэдэг залуугийнх. Мань эр энэ жил гэрээт цэргийн алба хаагаад нутагтаа саяхан ирсэн гэнэ. Ээж, дүү нарын хамт амьдардаг. Гэрийн гадаа хэд хоногийн уулнаас барьсан гэсэн 2 чонын бэлтрэг уяатай байв.
Бэлтрэгнүүдээр айлын жаахан охин тоглох нь өхөөрдөм ч, аюултай санагдаж байлаа. Тэднийхээс хөдөлж уулын бааз лагерь байгуулах газартаа ирж кэмпээ байгуулллаа. Манай аяллын тогооч, Монгол улсын мастер Т. Одонтөгс,  туслах тогоочоор Баянаа гэх дөрвөд залуу хоёр хоол унд бэлтгэж, бидний дундын кэмп рүү авч явах хүнсийг бэлтгэх ажилдаа орлоо. Манай Төгсөө надтай 10 жил хамт ажиллаж байгаа, амт чанартай хоолоор үйлчилж байдаг шилдэг ажилчин байгаа юм. Баярладаг шүү бас. Бид авиралтаа дундын кэмп байгуулж авирахаар шийдсэн учир бид ч аяллын майхан, авч явах зүйлсээ дор бүрнээ бэлтгэлээ. Цаг агаар ирэх өдрүүдэд сайн байх учир энэ завшааныг ашиглах хэрэгтэй байв. 
6-р сарын 9-ний өглөө Зүчи хайрхан уул руу дундын кэмп байгуулахаар өгслөө. Эхний 1 км замыг хад чулуутай огцом өгсүүр хэсгээр явж мөсөн голын захад хүрэх ёстой байлаа. Үүргэвчтэй ачаа жигтэйхэн хүнд учир дааж ядан явсаар мөсөн голын захад ирэв. 1 км замыг 3 цаг өгсч туулав. Мөсөн голын захад ирээд өдрийн хоолоо идэв. Гангаа бид хоёр шууд мөсөн гол руу оролгүйгээр моренаа дагаж хэсэг яваад мөсөн гол руу оръё гэж ярилцаад хөдлөв. Мөсөн гол дээр цас их орсон тул бас туулахад хэцүү байх гэж бодсон хэрэг.  Моренаа дагаад явж байтал урд талд явсан хүмүүс чулуу нураав. Миний нүдний үзүүрт Холи гэх эмэгтэй том чулуунаас татаж саадыг тойрсон нь ард явах Бриджет гэдэг эмэгтэйг чиглэж оноод хөл дээгүүр гараад явчихав. Аяллын ахлагч Дэвид бид хоёр үүргэвчээ орхиод тэр эмэгтэй дээр очиход царай нь цонхийгээд, их өвдсөн бололтой ёолж байв. Гадуур үзлэг хийв, ямарч гэсэн яс бүтэн юм шиг байв. Дэвидийг тэр эмэгтэйтэй үлдээж бид цааш уул руугаа авирч мөсөн гол дээр ачаа бараагаа кэмп барих газарт хүргэв. Гангаа бусад группын гишүүдтэй кэмп барихаар үлдэж би доошоо гэмтсэн хүнийг авахаар явлаа. Кэмпээ бид 3300 м байгуулав.
Дэвид бид хоёр гэмтсэн хүнийг кэмп дээр авч ирж майхан оруулж, халуун цай, өвчин намдаах эм өгөөд үзлэг хийлээ. Том чулуу хөл дээгүүр нь гарсан учраас хөхрөлт, цус шүүрэлт ихтэй, дунд чөмөгний яс гулзайсан юм шиг харагдаж байв. Би бааз лагерь дээр байх тогооч Төгсөөтэй станцаар холбогдож болсон явдлыг тайлбарлаад, оройтсон учир доош буулггах боломж байхгүй харин та хоёр маргааш өглөө дээш өгсөөд мөсөн голын зах дээр хүрч ирэхийг үүрэгдэв. Өөрийн контор руу сансарын холбоогоор холбогдож учир байдлыг тайлбарлаад Өлгий хотоос түргэний тэрэг эмчийн хамт маргааш өглөө гэхэд Нарийны аманд бэлэн байлга. Тогтомыс, Өмерхан нартай холбогдож хүн ачих тэмээ, морь авч ирэхийг хэллээ. 
Гэмтсэн хүн нилээн зовиуртай  байв. Дэвид түүнтэй чанга чанга хашгирч ярих, байсхийгээд нэрийг нь асуух бага зэрэг төвөгтэй ч энэ бол уулын гидүүдийн заавал хийх анхны тусламж тул яалтай ч билээ. Гангаа бид хоёр группийнхээ хоолыг бэлтгэж өгөөд амарлаа. Маргааш энэ хүнийг хэрхэн доош буулгах вэ гэдэг бодол л байлаа. Цастай хэсэг гайгүй ч, хадтай хэсгээр яаж буулгах вэ, асуудал шүү.
Дэвид, Гангаа бид гурав  нөхцөл байдлыг дүгнээд группыг бүхэлд нь буулгахаар шийдлээ. Группын гишүүдийг аврах ажиллагаанд оруулж хүчийг ашиглах, мөн тэдэнд нэг доошоо бууж ирэх нь өндрийн бэлтгэл тул, ашигтай. Майхан сав хоол хүнсээ үлдээв. Бриджетийг буулгаад маргааш Гангаа, Дэвид хоёр групптэйгээ буцаж ирэх төлөвлөгөөтэй байлаа. 
Бид эрвийх дэрвийхээр хөдөлж Бриджетийг дамжилж явсаар хадтай хэсэг дээр ирлээ. Төгсөө, Баянаа, Ислам гурав ирсэн байв. Гангаа, Дэвид хоёр Бриджетийн хөлийг чиг барин боож, мешоконд хийж баглав. Азаар энэ хадтай хэсэг цасаар хучигдсан судгууд байв. Судгуудыг ашиглаж цасан дээгүүр гулсуулж буулгах шийд гаргав. Мешокны дээд, доод талаас олсоороо бэхэлж доод талынхыг татаж гулсуулах, дээд талаас татаж хамгаалж буулгав. Зарим хадтай хэсэгт нь гар дээрээ дамжуулж явсаар буулгав. Буулгах ажил бараг 6 цаг үргэлжлэв. Энэ аврах ажиллагааны талаар дор бичлэг дээр тодорхой үзүүлнэ. Сонирхвол үзээрэй. Бууж ирэхэд Өмерхан ирсэн байв. Бид бааз дээрээ цай уугаад Бриджетийг моринд мордуулаад дахин 20 км замыг туулж Нарийны амны адагт ирэхэд Өлгийгөөс түргэний машин ирсэн байлаа. Түргэний машиндаа хүнээ аваад дахиад  км замыг туулж Өлгий хотод ирэв. Замдаа Тогтомысийнхаар орж цай уув.
Тогтомысийн эхнэр Бриджетийг өрвдөж духан дээр үнсээд, ааруул өгсөнд түүний сэтгэл нилээн хөдөлсөн бололтой тэр тухай байн байн л надад ярина. 
Өлгий хотод нэгдсэн эмнэлэгийн коридорт хөөрхий Бриджетийг хэвтүүлээд эмчийг хүлээв. 2 цаг гаруйн дараа эмч ирээд үзлэг хийв. Энэ хооронд манайхан түргэн шуурхай ажиллаж Улаанбаатар орох онгоцны нислэгийг зохицуулсан байв. Маргааш өглөө нь түүнийг АероМонголын нислэгт суулгаад миний ажил дуусав. Цааш манай офисийн ажил. Энэ бүхнийг зохицуулахад  Бриджетийн даатгалын компани бидэнтэй хамтарч ажилласан юм. Авиралт дууссаны дараа Secret Compass компаний захиралаас талархалын захидал ирсэн юм.
Би буцаад уул руугаа замаа давтаж машинаар, мориор явсаар кэмп дээрээ ирж дундын кэмп байгаа газар руугаа явав. Дундын кэмп дээр намайг ирэхэд хэдийн харанхуй болсон байв. Дэвид , Гангаа хоёр дундын кэмп байрлах хэсгийн дээд талын огцом налуу хэсэг дээр олс тавьснаас гадна маргаашийн авиралтын замыг харсан гэж надад хэлэв.
6-р сарын 13-ны өглөө нар ургахтай зэрэгцэн авиралт эхэллээ. Хоёр олсонд тав таваараа хуваагдаж, нэг олсыг нь Гангаа, нөгөө олсыг Дэвид ахаллаа. Би Дэвид олсны хамгийн ард оров. Миний хийх ажил хамгаалалт хийхээс гадна, энэ оргилд авирч буй үеийг дүрсжүүлэх байлаа. Бид мөсөн голыг голлон өгсч хоёр өндөр оргилын дунд талын онийг чиглэн авирлаа. Онь дээр гарч ирээд түр амсхийж амраад зүүн тийш эргэж оргил руу чиглэн авирч оргил дээр гарлаа. Онь хөтөл дээрээс Түргэний оргил, бусад нэртэй нэргүй олон оргилууд сайхан харагддаг юм байна лээ. Авиралт амжилтай боллоо. Бид Асгат Түргэний уулын 3952м өндөр нэгэн оргил дээр гарч чадлаа. Бид өглөө эрт хөдөлсөн тул час нилээн хатуу байхад авирсан ч буух цас нилээн хайлмагтсан байв. Ер нь энэ ууланд 5-р сарын сүүл 6-р сарын эхний долоо хоногт эсвэл намар 9-р сард авирбал тохиромжтой санагдсан. хажуугийн оргилууд эгц налуутай тул дулаахан үед нилээн цас нурах аюултай. Авиралтын замыг ерөнхийдөө 2А ангилалд оруулж тооцсон.
Бид дундын кэмп дээрээ ирээд гялс хоол хийж идээд шууд доошилж бааз лагер руугаа бууж энэ удаагийн авиралт маань амжилттай өндөрлөсөн юм.
Эхэндээ бид 3 оргилд авирахаар төлөвлөж байсан ба үүний хоёрыг нь хүн авираагүй оргилд авирахаар төлөвлөсөн боловч тодорхой шалтгаануудаас болоод нэг оргилд авирсан юм.

Зүчи хайрханы авиралтанд оролцсон багийн бүрэлдэхүүн:
First/Last name - Nationality - Role
Aldarkhishig Sukhee - Mongolia - team leader
Gangaamaa Badamgarav - Mongolia - lead guide
David Luke - British - team leader
David Woods - New Zealand - team member
Joel Hungate - United States - team member
Roy Partington - British - team member
Holly Budge - British - team member
Tina Papadopoulou - Greek/British- team member
Odontugs - Mongolia - Chef
Bayan Dalai - Mongolia - Assistant chef
Ariya, Serit, Sanat - Mongolia  - drivers
Togtamas, Omirkhan - Mongolia - camel men

Авиралт хийсэн замнал:
5th June,2016 Ulaanbaatar
6th June -> Tsetsee Gun peak at Bogdkhan mountain
7th June -> Ulgii - Nogoon Nuur - Siilkhem NP
8th June -> Asgat mountain - Nariin valley
9th June -> Advanced Base Camp
10th June -> down from base camp
11th June -> Rest day
12th June -> Advanced base camp
13th June -> Summit
14th June -> Rest day at base camp

Авиралт дууссанаас хойш манай авиралтын талаар Английн "Trail" гэдэг аяллын томоохон сэтгүүл дээр гарсан юм байна лээ.
Мөн авиралт дууссаны энэ оргил дээр гарсан учир оргилд нэр өгөх яриа манай групп дотор өрнөсөн юм. Манай группын Холи чиний нэрээр нэрлэе гэсэн ч миний хувьд хүнддэх тул татгалзав. Хоорондоо ярилцаад Чингис хааны ууган хүү Зүчи нэрийг өгөхөөр тохиролцов. Ямартаа ч бид энэ оргилоо Зүчи хайрхан нэрлээд явж байна. Газар орны нэрийг Монгол улсын их хурал батладаг учир ямар ч гэсэн хүсэлтээ гаргах хэрэгтэй гэж үзсэн манай группийнхэн хүсэлт ч гэх юм уу, захиа ч гэх юм уу нэг юм бичсэн байгаа дороос эхээр нь танилцаарай.
Сэтгүүл дээр
Энэ авиралтанд явахдаа бид доорхи тоног төхөөрөмжийг хэрэглэсэн:
Багийн хэрэглээнд олс 50 метртэй - 2 ш, олс 60 метртэй - 1 ширхэг, шрупп 10ш, холбоотой карбин 10ш, хүрз 1 ш, радио станц 5ш, сансарын утас 1 ш.
Хувийн хэрэглээнд мэдээж хударга, айс акс, муурын хумс, түгжээтэй карбин 2 ш, түгжээгүй карбин 1 ш.


Ирүүлсэн захидал.

Манай аяллын үеэр миний дүрсжүүлсэн бичлэгийг үзээрэй.



Бидний авиралтын замын зураглал - ерөнхий маршрут
Охин бэлтрэг хоёр
Манай багийн гтшүүн Рой.

Анх экспедицийг ийм өөдрөгөөр төсөөлж байлаа. Гэхдээ начир дээрээ нэг л оргилд авирсан юм даа. Тодорхой шалтгаанууд бас байсан даа.


Исламын гэрт - Айл таарах сайхан шүү, ууланд олон айл таардаггүй болохоор

Хүүхдүүдтэй хамт

Бэлтрэгнүүд

Авиралтын өмнө бааз дээр

Гутал норгохгүй гол гатлах бас чухал

Хөгшин Дэвид Гангаа хоёр - Хөгшин Дэвид Шинэ Зеландын иргэн Монголд 10жилийн өмнө ирж Алтай Таван Богд ууланд авирч байсан. Дараагийн удаа дахиад 10 жилийн дараа Монголд ирж авирна гэсэн.

Ачаагаа үүрээд урагшаа

Манай хамгийн тав тухтай газар - Бааз лагерь
бараг л таван одтой буудал
Авиралтын замд

Гангаа бид хоёр

Дунд байгаа хөтөл онийг чиглэж авирна даа онь дээр гараад зүүн гар тийш эргээд оргил руу өгсөнө.

Хөтөл дээр - Цаана нь Түргэний оргил харагдаж байна.


Бааз лагериас мөсөн гол ингэж харагдана. Мөсөн гол хүртэлх асгатай хэсэг хүнд ачаатай хүнд бол тамын зам

Өндрийн кэмп дээр

Багийн нөхдүүд

БИ

Дараа авирахаар бодож буй оргил

Оргилоос буухдаа

Түргэний уулс


0 сэтгэгдэл:

Post a Comment