November 17, 2010

Алтан гадас одоор хойд зүгийг олох.

Алтан гадас одоор хойд зүгийг олох.
Алтан гадас одоор хойд зүг олох.
Шөнийн цагт Алтан Гадас одны тусламжтайгаар зүг чиг олж болно. Алтан гадас одоор зүг чиг олохын тулд эхлээд шанага хэлбэрт Их Долоон Бурхан одыг олж тэдгээрийн хамгийн урд талын /шанагны урд ирмэг талын хоёр одны хоорондох зайг, дээд талын одноос дээш нь тэр хоёр одыг холбох шулууныг 5 дахин авахад тэр орчимд Их Долоон Бурхан одыг бодвол оддын зай нь хоорондоо ойрхон байрлсан гэдгэр иштэй шанагыг санагдуулам Бага Долоон Бурхан од байрлаж байна.   Энэ долоон одны шанаганы иш талаас хамгийн сүүлийн од нь Алтан Гадас од юм. Бусдаасаа арай илүү тод гэрэлтэнэ. Алтан Гадас од нь ямагт хойд зүгийг зааж байна. Энэ аргаар зүг чигийг 1°-2°-ын нарийвчлалтайгаар тодорхойлдог. Алтан гадас одоор зүг чиг тодорхойлох нь шөнийн цагт аялж явахдаа зүг чиг тодорхойлох хамгийн энгийн, найдвартай арга юм.

November 15, 2010

Байр зүйн зургийн нэрэлбэр.

Байрзүйн зургийн нэрлэл буюу нэрэлбэр. 
Байр зүйн зургийн хуваалга
Дэлхийн бөмбөрцөгийн газрын гадаргууг болон газар орон дээрхи обьектийг зурагт буулгахад маш олон тооны хуудас зураг бий болно. Эдгээр олон тооны хуудас зургаас өөрийн хэрэгцээтэй зургийг хялбархан олж авахын тулд зургийн хуудас бүрийг тусгай тогтоосон үсэг ба тоогоор нэрлэдэг. Үүнийг зургийн нэрлэл буюу нэрэлбэр гэдэг. Байрзүйн зургийн нэрэлбэр нь олон улсын стандартаар тогтоож өгсөн олон улсын нэгдсэн систем юм. Зургийн нэрэлбэрийг зургийн хуудас тус бүрийн дээд талын хүрээний баруун буланд нь эсвэл дунд талд нь бичиж өгнө. Мөн тухайн хуудас зурагт багтсан томоохон хот суурин, уул толгод, гол мөрөн, нуур зэрэг онцлог газрын нэрийг хаалтан дотор, нэрэлбэрийн хойд талд тус зургийн нэр болгон бичиж өгнө. Жишээ нь K-42-12 (Оюу Толгой) гэх мэт. Байрзүйн зургийн дээд, доод талууд нь газарзүйн зэргэдээр, баруун, зүүн талууд нь газарзүйн голдчоор тус тус хязгаарлагдсан трапец хэлбэрийн хүрээтэй байдаг. Тусгай хуудсанд хэвлэсэн зургийн тусгай хуваарийг зургийн хуваалга буюу планшет гэнэ.

Цонжийн чулуу.

Hexagonal rock.
Цонжийн чулуу
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой бий. Энэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй. Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно. Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг. Хүрмэн чулуу хайлмаг байх үедээ асар их даралтад орж, олон талт багана хэлбэртэй болдог гэж шинжлэх ухаан тайлбарладаг. Цонжийн чулуу нь Монгол оронд буй байгалийн өвөрмөц сонин тогтоцтой газруудын нэг, байгалийн эхийн бүтээл юм. Монгол оронд ийм хэд хэдэн газар байдаг боловч Цонжийн чулуу шиг зөв зургаан талтай чулуу байхгүй юм. Ийм тогтоцтой чулуу дэлхийд ч элбэг биш. Гэхдээ байгалийн энэхүү өвөрмөц тогтоц цөөнгүй газарт бий, миний мэдэхээр Хойд Ирланд, Солонгосын Чежу аралд байдаг. Олон улсад байгалийн энэхүү тогтоцыг hexagonal rock буюу зургаан талт чулуу гэдэг. Нутгийнханы аман яриагаар Цонжийн чулууны чулууг дээр үед хятадууд урагшаа зөөдөг байсан гэдэг. Цонжийн чулуунаас холгүй Хамбын ширээ гэж нэг жижиг толгой бий. Энэ толгойд үнэрт хамба шарилж ургана. Энэ шарилжийг Хамба Зундуй гэдэг хүн хятадаас захиж авчруулан тарьж ургуулсан гэдэг яриа бий. GPS: N 45° 58' 55.2", E 111°26' 10.6". Дэлгэрэх сумаас Түвшинширээ сум орох замын ойролцоо бий. Дэлгэрэх сумаас 22 орчим километрт бий.

Хэцүү уулын агуйнаас олон хүний хатмал шарил олджээ.

Хэцүү уулын агуй. 
Хэцүү уулын агуйн ерөнхий зураглал
Энэ агуйд эртний хүмүүсийн археологи, анторпологи, этнографийн чухал олдвор хэрэглэгдэхүүн болох хатмал шарилууд хадгалагдаж байсныг 1974 онд анх хилийн цэргийнхэн олжээ. Энэ агуй нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс урагш 118 км зайтай, Сулинхээрийн хилийн цэргийн отрядын Хэцүүгийн буюу 1-р заставын ойролцоо орших Хэцүү уулын арын нэгэн толгойн ар шил дээр байдаг, эгц доошоо ордог 80 см орчим голчтой орц амсар бүхий хөндийлжийн агуй юм. Энэ агуй Монгол улс, БНХАУ-ын хилийн ойролцоо Дорноговь, Өмнөговь аймгийн хилийн зааг дээр оршино. Хэцүү уулын агуй нь бараан саарал өнгийн шохойн чулуунд үүссэн хөндийлжийн босоо хэлбэрийн агуй юм. Агуй нь бараг эгц доош орж баруун хойшоо, зүүн урагшаа салаалсан хэд хэдэн хонгилтой, тэр нь баруун хойш эргэн том хонгилын баруун доороос эргэж гол хонгилтойгоо нийлдэг. Мөн эндээ салбарласан нилээд том талбайтай ба агуйн нийт гүн нь 1б.5м гүн боловч босоо, хэвтээ хөндий хосолсон олон салаа салбартай хосолмол хэв шинжийн агуй юм. Агуйд ганц нэгээрээ, хамгаалалтгүй орох боломжгүй.  Агуй нь гүехэн учраас өвлийн улиралд агаарын солилцоо эрчимтэй явагддаг.

Сэндэртийн агуй.

Сэндэртийн агуйн ам - 2006 оны агуйн аялал
Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Хөх Хайрхан ууланд Сэндэртийн агуй гэж 70 орчим метр урт, шохой чулуун тогтоцтой, хөндийлжийн гаралтай агуй бий. Агуйд салаа салбар байхгүй. Агуйн мухарт сэндэр шороо байдаг. Нутгийн хүмүүс агуйгаас уг шороог авч эмчилгээнд ашигладаг. Сэндэр шороог түлэнхий болон яр шарханд түрхэж хэрэглэхээс гадна, цусны даралт ихэссэн үед ууж хэрэглэдэг гэж нутгийн хүмүүс ярьж байлаа. Сэндэртийн агуйгаас холгүй Халиутын рашаан гэж гидро карбонатын найрлагатай хүйтэн рашаан байдаг. Халиутын рашаан ойр орчимд Ламын агуй, Чихний рашаантай агуй, Далан тэмээ ачаа багтаадаг агуй гэж хэд хэдэн томоохон агуйнууд бий. Сэндэртийн агуйн солибцол: N46°37'19.8",E99°12'11.6", Далан тэмээ ачаа багтаадаг агуй: N46°44' 56.6", E99°19'27 ", Чихний рашаантай агуй: N46°45'19.3", E99°19' 20.1 " солибцолд тус тус оршино. Чихний рашаантай агуйн адраас ус дуслан жижиг тогтоол ус бий болгожээ. Энэ усыг чихэнд дусааж чихний өвчин эмгэгт ашигладаг. Энэ агуйн усыг судлаж үзэх хэрэгтэй санагдсан. Монгол оронд жижиг болон том хэмжээний тогтоол ус, бичил нууртай агуй нилээд хэд байдаг боловч агуйн усыг судлах тал дээр дорвитой судалгааны ажил хийгдээггүй байна. Даяндээрхи, Эхийн агуй, Хүнхэрийн агуй, Цагаан дэлийн агуй зэрэг нь өөртөө эмчилгээний чанартай усыг агуулж байдаг. Далан тэмээ ачаа багтаадаг агуйн уулын орой дээр шахуу байдаг. Хүрэх зам нилээд хэцүү, асга нуранги ихтэй. Далан тэмээ ачаа багтаадаг агуйд янгир ямааны хоргол энд тэндгүй байна. Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэнд янгир ямаа энэ агуйд сүүдэрлэн хоргоддог бололтой.

November 13, 2010

Байр зүйн зургийн тухай ойлголт.

Байр зүйн зургийн тухай.
1:100000 байрзүйн зураг - Алтайн нурууны ноён оргил Белуха уул
Байр зүйн шинжлэх ухаан нь дэлхийн гадаргуугийн тэгш бус бүх хэлбэр дүрс, гадаргуу дээр оршиж буй байгалийн болон орон нутгийн бодит зүйлсийг математикийн тодорхой хуулийн дагуу цаасан дээр хавтгайн байдалд тусгай таних тэмдгээр дүрслэн үзүүлэх бүх аргуудыг судалдаг шинжлэх ухаан юм.  Байр зүй нь шинжлэх ухааны биеэ даасан салбар бөгөөд маш эртний шинжлэх ухаан юм. Байр зүйн буюу топографийн зураг гэдэг нь газрын гадаргуугийн үндсэн элементүүдийг маш нарийвчлалтай тодорхой үзүүлсэн газрын зураг юм.  Топография гэдэг нь газар орныг зурж бичих гэсэн утгатай грек үг юм.
Байр зүйн зургийн агуулгад газрын гадаргуугийн хотгор гүдгэр, ус зүй, хөрс, ургамлын бүрхүүл, хот суурин, зам харилцаа зэрэг үндсэн элементүүд багтана. Байр зүйн зургийг дотор нь хоёр үндсэн хэсэгт хуваана:
  • Байр зүйн ерөнхий зураг.  Энэ зурагт орон нутгийн бүх элементүүдийг ерөнхийлэн хамруулдаг.
  • Байр зүйн тусгай зураг.  Энэ зурагт орон нутгийн зарим нэг элементийг сонгон сэдэвчилж илүү тодорхой үзүүлдэг.  Үүнд: замын сүлжээний тусгай зураг, ус зүйн тусгай зураг, хөрс ургамлын тусгай зураг гэх мэт олон төрлийн зураг багтана. 

Харуул Овоо - Ховд аймгийн Үенч сум.

Харуул овоо.
Харуул овоо
Ховд аймгийн Булган, Үенч сумын зааг нутагт Жаргалан уулын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж бий.  Нутгийнхан эл байгууламжийг Харуул овоо гэж нэрлэнэ. Уг байгууламжийн өндөр нь 10 гаруй метр, овооны суурийн диаметр нь 7 метр орчим юм. Харуул овоо гэсэн нэрнээс нь аваад үзэхэд энэхүү овоо нь нутгийн хил хязгаарын тэмдэг эсвэл ямар нэгэн дохиог тэмдэгийг дамжуулах, мөн ямар нэгэн зүйлд тэмдэг болгон байгуулсан байж болох талтай гэж үздэг. Судлаачид уг байгууламжийг XVII-XVIII зууны үед хамааруулан авч үздэг. Монгол Алтайн нуруунд иймэрхүү бие биеэ харсан чулуун байгууламж 3 бий гэдэг. Эдгээрийн 2 нь Хятадын нутагт, 1 Монголд байдаг. Харуул овоо нь гурван үе бөгөөд доогуураа өргөн цүлхгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон байна. Овоог хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж дунд нь модон шургаагаар бэхэлгээ зангидаж хийсэн болох нь овооноос цухуйсан моднуудаас харагддаг. Харуул овоо ямар нэгэн тайлга тахилын байгууламж биш юм.Эл овооны тухай нутгийн олны дунд олон аман яриа, домог байдаг.

Ямаан усны хадны зураг.

Ямаан усны хадны зураг - Нум сум харваж байгаа хүний араас 
байлдааны сүхээр толгой руу нь цохиж байгаа дүрслэл.
Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал гэж хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцлын зүүн талын ханан хаданд ойролцоогоор хоёр метрээс эхлэн хүний түүхийн нэн эртний ховор дурсгалыг хадгалсан ховор зургийн дурсгал бий. Энэ хавцалд янгир ямаа ихтэй, хавцлын дундуур урсах нарийн горхиноос янгир ямаа ирж ус уух тул Ямаан ус хэмээн нэрийджээ. Ямаан усны хавцлаас судлаачид хадны олон зуун зураг олж илрүүлжээ. Хавцлын хадны зургаас Ханан хадны зураг нилээд сонирхолтой. Энд гол төлөв янгир, буга, зээр, бөхөн, өлөгчин чоно зэрэг амьтдаас гадна анчдыг дүрслэхдээ нум сумтай, хөл дээрээ бага зэрэг суусан байдалтай харуулжээ. Ханан хадны зурагт бас дайн тулааныг дүрсэлсэн зураг гол байр эзэлнэ. Нум сум харваж байгаа хүний араас байлдааны сүхээр толгой руу нь цохиж байгаа сонин дүрслэл бий. Эдгээр хадны зургуудын баруун дээд буланд дөрвөн моринд хөллөсөн, хоёр дугуйтай сүйх тэрэг дүрсэлжээ. Сүйх тэрэгний дугуйг найман хэгээстэйгээр зурсан нь тодорхой харагдана. Сүйх тэргэнд нэгэн хүн сууж яваагийн зөвхөн цээжин хэсгийг, тэрэгний өмнө хойно тус бүр морь унасан хоёр хүн байна. Тэнд бас ганц моринд хөллөсөн найман хэгээстэй дугуйт тэргэнд сууж яваа хүний байдлыг харуулсан зураг бий бөгөөд хүний цээжин хэсгийг тойм байдлаар үзүүлжээ. Энэ тэрэгтний өмнө нэгэн морьтон байх авч зарим хэсэг нь холторч, эмтэрч алга болжээ. Ямаан усны хавцлын өөр нэг хаданд бас морьд хөллөсөн тэрэгний зураг байх бөгөөд тэргийг дээд /талаас нь харсан байдлаар/ дүрсэлж тэрэгний хоёр дугуй,  морьд, холбоос зэргийг нэлээд тодорхой үзүүлжээ.