November 27, 2010

Байрзүйн зургаас газрын гадаргууг судлах.

Гадаргууг хаяалбараар дүрслэх нь: 
Газар орон дээрхи байдал
Зураг дээр газар орны харагдах байдал
Байр зүйн зургийн үндсэн шаардлагуудын нэг нь газрын гадаргуугын элемент болох хотгор гүдгэр, тэгш тал, гуу жалга, байшин барилга гэх мэт зүйлсийн дэвсэл байдлыг зургийн хэмжээсийн хувьд зөвшөөрөгдөх дээд зэргийн нарийвчлалтайгаар дүрслэн үзүүлэхэд оршино. Байр зүйн зураг нь зевхөн хэвтээ хавтгайд хэмжилт хийх төдийхнөөр хязгаарлагдахгүй, газар орон дээрхи ямар ч цэгийн байрлалын өндрийг тодорхойлох боломжийг олгож буй гурван хэмжээст хэмжилтийн ойлголт юм.  Зургаас газар орны тухай бүрэн дүүрэн ойлголт авахын тулд юун түрүүнд газрын гадаргууг зурагт хэрхэн дүрслэгддэг талаар ойлголттой байх хэрэггэй. Хамгийн гол нь: 
  • газрын гадаргуугын тэгш бус байдлын төрлүүд, тэдгээрийн харилцан байршилт, хоорондын уялдаа; 
  • газар орон дээрхи цэгүүдийн харилцан өндөршилт, үнэмлэхүй өндөр; 
  • налуугийн хэлбэр байдлыг зураг дээрээс богино хугацаанд зөв тодорхойлж сурахад оршино.

November 22, 2010

Д. Нацагдорж - Миний нутаг

Гүн Галуутайд буй дурсгалын хөшөө












Хэнтий Хангай Саяаны єндєр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хєвчин уулнууд
Мэнэн Шарга Номины єргєн их говиуд
Ємнє зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун мєрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хєвсгєл Увс Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Орхон Сэлэнгэ Хєхvйн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замуудЭнэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон

November 21, 2010

Дундад зууны үеийн хатмал шарил олджээ.

Дундад зууны үеийн хатмал шарил оллоо.
Хаднаас олдсон шарил
Монгол Алтай Судлалын хүрээлэнгийнхэн Ховд аймгийн Үенч сумын Улиастайн амаас олдсон эрэгтэй хүний хатмал шарил юм. Уг шарил нь хадны агуйд байсан тул маш сайн хадгалагдаж үлдсэн байна. Энэ нь Монгол төрхийн эрэгтэй хүн бөгөөд он цагийн хувьд дундат зууны үед хамаарагдах магадлалтай байгаа аж. Нарийвчилсан судалгааг Франц улсад Цацраг идэвхит нүүрстөрөгчийн болон орчин үеийн бусад аргыг хослуулан хийж байна. Энэ шарил археологийн ховор олдворуудын нэгэнд тооцогдож байгаа    бөгөөд    шинжлэх   ухаанд   үнэтэй    хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.   

November 20, 2010

Байр зүйн зургийн томъёолсон тэмдэг, түүний төрөл, ангилал.

Зургаас томъёолсон тэмдгүүдийг үзээрэй.
Байр зүйн зургаар газар орныг судлахдаа хаяалбаруудын тусламжтайгаар газрын гадаргуугийн хэлбэр, дүрс, онцлог байдлыг ойлгож авдаг бол орон нутгийн бодит зүйлсийн талаархи мэдээллийг томъёолсон тэмдгээс ойлгож авна. Байр зүйн зургийн томъёолсон тэмдгүүд нь газар орны янз бүрийн элементүүдийг дүрслэн үзүүлж, хаяалбаруудтай хоршин газар орны жинхэнэ байдлыг хуулбарлан үзүүлэх нэгдмэл цогц юм. Гэвч хамгийн том хэмжээсийн зураг дээр ч газар орны бүхий л элементүүд болон тэдгээрийн онцлогыг тусган үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Иймд зураг зохиох болон зураглал хийхдээ зургийн хэмжээс, түүний зориулалтыг харгалзан газар орны хамгийн гол чухал элементүүд сонгон авч зурагт оруулах, хоёрдугаар зэргийн ач холбогдол бүхий элементүүдийг ерөнхийлөн нэгтгэх буюу орхигдуулсан байдаг. Зургийн хэмжээс хэдий бага болно түүн дээр дүрслэгдэх юмсын тоо төдий цөөн болж газар орны төстэй байдал нь улам багасах талтай.  Зургийн томъёолсон тэмдэг нь тусгайлан хийгдсэн байдаг ба үүнийг заавал мөрдөх ёстой. Эдгээр тэмдгүүдийг заавал цээжилж тогтоох хэрэгтэй. Томъёолсон тэмдгийг дотор нь зориулалт ба шинж байдлаас нь хамаарч хэмжээсийн, хэмжээсийн бус, тайлбарлах гэсэн гурван төрөлд ангилна.  

Хэмжээсийн болон хэмжээсийн бус томъёолсон тэмдэг
Зургийн хэмжээсээр дүрслэн үзүүлж байгаа зүйлүүдийг дүрслэн үзүүлсэн тэмдгийг хэмжээсийн томъёолсон тэмдэг гэнэ. Өөреөр хэлбэл, хэмжээсийи томъёолсон тэмдгүүд нь зурагт дүрслэгдэж байгаа зүйлсийн талбайг хил, хязгаараар нь оруулан тэмдэглэдэг тул эдгээр хэмжээсүүдийг (урт, өргөн, талбай) зургаас шууд тодорхойлж болдог. Талбайн хил хязгаарыг зам, суваг, хашаа зэрэг шугаман обьектуудтай давхцаагүй бол цэгээр тэмдэглэнэ.  Хэмжээсийн бус томъёолсон тэмдгүүд гэдэг нь зурагт уг зургийн хэмжээсээр дүрслэгдэж чадахгүй боловч, зураг дзэр зайлшгүй дүрслэгдсэн байх шаардлагатай газар орны элементүүдийг дүрслэн үзүүлсэн тэмдгийг хэлнэ. Жишээ нь: Ганц мод, хүн чулуу, худаг гэх мэт газар орны тодорхой элементүүд багтана.
Хэрвээ эдгээр элементийг хэмжээсийн томъёолсон тэмдгээр зурагт оруулбал цэгээр тэмдэглэгдэх бөгөөд энэ цэгийг тухайн зүйлийн байршилтийн цэг гэнэ. Хэмжээсийн бус томъёолсон тэмдгээр обьектийг дүрслэн үзүүлэхдээ түүний байршилтийн цэг дээр нь зурна. Байр зүйн зурагт хэмжээсийн биш томъёолсон тэмдгээр газар орны цөөнгүй элементүүдийг зурдаг.

November 19, 2010

Цагаан Дэлийн агуй

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Цагаан дэл ууланд N45°37'31.9", E 109°06'25.4" солибцолд, д.т.дээш 1133 метрийн өндөрт оршино. Цагаан дэлийн агуйн Монгол нутагт одоогоор мэдэгдэж буй хөндийлжийн гаралтай агуйнуудаас хамгийн том нь юм. Агуйн нийт урт 607 метр, эзэлхүүн нь 53007 метр квадрат. Цагаан дэлийн агуй нь үндсэн 4 хонгил, 2 танхимаас бүрдэнэ. Агуйн адарт жоншны талст маш ихээр ажиглагдана. Агуй маш урт, явахад чөлөөтэй, адрын өндөр дунджаар 1-9 метр өндөр, агуйн зарим хэсэгт 10 метр хүртэл өндөр хүрнэ. Агуй нь хоёр амтай. Агуйн зарим хэсэгт жижиг хэмжээний тогтоол устай байв. Мөн агуйн хананы зарим хэсгээс усны шүүрэл гарч буй нь тод ажиглагдаж байв. Агуй руу орох аманд нутгийн хүмүүс жонш олборлож агуйн амыг маш ихээр сүйтгэсэн байна. Агуйн талаар Дэртийн худагт зусах Бор-Өвгөн, Дондогдулам гуай нар сайн мэддэг бөгөөд тэд бидэнд анх Цагаан Дэлийн агуйг олсон үүх түүхийг ярьж өгсөн юм. 1960-аад онд хэсэг хоригдлууд Цагаан дэлийн ууланд жонш олборлож байжээ. Нэг өдөр тэд машинаа нэг газар тавиад цайндаа оржээ. Тэднийг цайнд ороод ирэхэд машин тавьсан газар нь цөмөрч суусан байв. Ийнхүү Цагаан дэлийн агуйг олжээ. Цагаан дэлийн агуйг улсын хамгаалалтанд нэн яаралтай авч агуйн орчныг цэвэрлэн агуйн унаган төрхийг хадгалах хэрэгтэй санагдсан. Биднийг агуйд явж байхад агуйн орчимд жонш олборлогчид тэсэлгээ хийж байгаа нь бидэнд маш тод мэдрэгдэж, агуйн хана адар доргиж байлаа. Тэсэлгээ хийх үед агуйд нуралт үүсвэл яанаа гэж гэсэн бодол тархинд зурсхийж байв. Уг агуйг нутгийн хүмүүс зундаа сүү сааль, өвөлдөө идэш хадгалах газар болгон ашиглаж байжээ. Гадаа 36 хэмийн халуун байхад агуйд маш сэрүүхэн бүр нимгэн хувцастай орсон хүмүүс даарч байлаа.

Хэцүү тээгийн агуй.

Хэцүү Тээгийн өрх агуй нь Дорноговь аймгийн Хар-Айраг сумын нутаг Хэцүү Тээгийн ууланд агуй оршино. Хэцүү Тээгийн өрх агуйн солибцол. N45°20'21", E108°45'6.9", д.т.дээш 1160 метр. Агуйн ам холоос харагдахгүй. Агуй байгааг тэмдэглэсэн ямар нэгэн тэмдэг болох овоо байхгүй. Агуйн ам нь нэг метр өргөн, хүн албаар зассан юм шиг дөрвөлжин амтай. Эгц доошоо 20 орчим метр гүн, босоо болон хэвтээ тогтоц хосолсон агуй. Хэцүү тээгийн агуй нь хөх өнгийн шохой чулуунд үүссэн хөндийлжийн гаралтай агуй юм. Агуйгаас 17-р зууны үеийн эмээл олдссон бөгөөд уг эмээл нь Дорноговь аймгийн Сайншанд хотын музейн үзмэрт хадгалагдаж байна. Уг агуйд ороход мал амьтны сэг нилээд тааралдлаа. Энэ нь агуйн амсар хүн, малд харагддаггүйн улмаас гэнэт доош унаж үхсэн малын сэг бололтой. Агуйн аманд анхааруулах тэмдэг тавих хэрэгтэй юм билээ. Бид агуйд орохдоо пургон машинаас олсоо бэхэлж, уулын багаж хэрэгсэл ашиглан олсоор доош бууж орсон. Агуйн амны цооногоор 10 орчим метр буухад агуй 8 орчим метр урт хэвтээ тогтоцоор үргэлжилж байв. Агуйн нийт урт нь 20 метр орчим. Энэ агуйд ганц нэгээрээ явж буй тохиолдолд орох хэрэггүй. Агуй хавийн газар нутагт айл амьтан гэхээр юм байсангүй.

Өлгий хийд.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт эртний түүхт, тухайн үедээ Монголын говь нутагт эрдэм номыг түгээн дэлгэрүүлж байсан соёлын нэгэн төв бий.  Эл төв нь Өлгий хийд буюу сөнөсөн хот юм.   Монголын нутагт сөнөж мөхөж устсан олон арван хот суурингууд байдаг ч тэдгээрийг сөнөсөн хот гэж нэрлэдэггүй бөгөөд гагцхүү энэ хийдийг сөнөсөн хот гэж нэрлэдэг байна. Сөнөсөн хотын талаар хүмүүс их сонирхож асуудаг боловч энэ талаархи материал маш хомс байдаг. Энэ хийд нь 1745 онд байгуулагдаж 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан байдаг. Өлгий хийд нь ид хөгжилийнхөө үед 1000 гаруй ламтай, таван дацантай говийн томоохон хийдүүдийн нэг байжээ.  Өлгий хийд нь Өлгий уулын бэлд уул руугаа шахаж баригдсан,  баруун хойд талд нь Баян-Улаан хайрхан уул, зүүн хойд талд нь Хорго хайрхан уул , урд талд нь Эргэлийн зоо, баруун хойд талд нь Баян -Улааны рашаан Халзан булагаар хүрээлэгдсэн.  Хийдийн гол цогчин дуганы ард Даяанчийн агуй гэж нэг жижиг агуй бий. 

Байрзүйн зураг - зургийн өнгө.

Зургийн будгийн өнгө.
1:100000 масштабтай байрзүйн зураг.
Байрзүйн зургийг улам тодорхой болгохын тулд хэд хэдэн өнгийг ашиглана. Байрзүйн зурагт ашиглаж байгаа өнгө бүр нь томъёолсон тэмдгийн нэгэн адил үүрэг гүйцэтгэнэ. Үүгээрээ зургийг уншихад хялбар болгож түүний агуулгыг нь баяжуулж өгнө. Өнгө нь объектуудыг дүрслэн үзүүлсэн байдалтай тодорхой хэмжээгээр зохицсон байдаг. Зурагт дараах өнгийг голчлон хэрэглэнэ. Үүнд:
•    ХӨХ өнгө - Далай, тэнгис, гол, мөрөн, худаг, булаг, намаг, хужирхаг газар, мөнх цас, мөсөн гол, хүрхрээ, боргио, хөлөг онгоц зогсох газар, зогсоол, давалгаанаас   хамгаалах  даланг  хөх   өнгөөр   зурна.      Мөн   усан зогсоолын гүн, урсгал усны чиг, голын өргөн, урсгалын хурд, ёроолын хөрс зэргийг тайлбарлах бичиглэлийг хөх өнгөөр тэмдэглэнэ.
•    Ногоон өнгө - Ой хөвч, ойн зурвас, бут, бургасан шугуй зэргийг ногоон өнгөөр;
•    Бор өнгө - Газрын гадаргуу, түүний элементүүд (гуу жалга, эрэг, ганга) болон хуурай сайр, бутархай чулуу, чулуун болон элсэн гадаргыг бор өнгөөр;
•    Улбар шар өнгө - Засмал зам ба сайжруулсан замыг улбар шар өнгөөр;
•    Шар өнгө - Сайжруулсан хөрсөн замыг шар өнгөөр;
•   Хар өнгө - Хээрийн   болон   зөрөг,   жим   замууд,   хүний   гараар   бий   болсон зүйлсүүдийг хар өнгөөр;
•    Улаан шаргал өнгө - Галд тэсвэртэй материалаар баригдсан орон сууцны хороолол болон авто замыг (сайжруулсан засмал зам) улаан шар өнгөөр;
•    Цайвар шар өнгө - Галд  тэсвэргүй   материалаар   баригдсан   барилга   байшин,   замыг цайвар шараар тус тус дүрслэн үзүүлнэ.