Орхон голын хөндий Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх газрын нэр дэлхийн түрэг судлаач эрдэмтдийн зүрх сэтгэлийг соронздон татах болсоор даруй зуу гаруй жилийн нүүрийг үзжээ. Одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголын уудам талаас Хар тэнгис хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд чухам энэ нутгаас илрэн олдсоны учир болой. Хөшөө Цайдамд буй VI-VII зууны үед холбогдох Дорнод Түрэг улсын хаадын нэг Билгэ, түүний дүү Кули-Тегин нарт зориулан босгосон тахилын онгон нь дэлхийн түрэг судлал, Төв Азиин археологийн судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг түүх, шинжлэх ухааны үнэ цэнэтэй дурсгал юм. | Алтан титэм |
Эртний Түрэгийн хоёрдугаар хаант улсыг үндэслэн байгуулагч Эльтерес хааны хүү Могилян, түүний хаан цол нь "Билгэ" бөгөөд тэрээр 683 оны сүүлчээр төрж, 710 онд хаан ширээнд суун олон овог аймгийг нэгтгэж, хөрш ээргэлдээ орнуудтай найрамдалт харилцаа тогтоон, хилийн худалдааг хөгжүүлж, Түрэг улсын төрийг бэхжүүлэн эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан байна. Түүний дүү Кули-Тегин нь 684 онд төрөн 16 настайгаасаа төрийн үйл хэрэгт оролцсон ба 716 онд ах Билгэ-г хаан суухад хүчин зүтгэж, улс төр, эдийн засаг, гадаад бодлогьг хэрэгжүүлэх, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд хүч авьяасаа зориулсан цэргийн нэрт жанжин, улс төрийн зүтгэлтэн байжээ. 731-734 онд тэднийг нас барахад Орхон голын хөндий Цайдам нуурын баруун бие газарт тахилын онгон сүм бүхий тахилын цогцолборыг байгуулсан байна. Эдүгээ энэ цогцолбор дурсгалд тэдний гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөд болон хүн, хонь, арслангиин дүрс бүхий чулуун дурсгалууд, шувуу, хээ угалзны дүрстэй тахилын чулуун хавтан хашлага зэрэг тахил үйлдэх чулуун дурсгалууд үлджээ.










