November 13, 2017

Зүчи хайрханы авиралт - Асгат Түргэний уул

Алдараа, Рой, Гангаа, Дэвид нарын хамт Зүчи хайрханы
 орой дээр
2016 оны 6-р сарын 7-ноос 18-ны хооронд Сийлхэмийн нурууны Асгат Түргэний уулын Нарийны голын эхэнд орших нэгэн цаст оргилд Монгол, Шинэ Зеланд, Грек, Английн уулчидтай авирсан. Энэ ууланд бид анх 2011 оны 5-р сард МУГТ, ОУХМ Г.Өсөхбаярын хамт тавуулаа авирч байсан боловч цаг агаарын байдлаас болж авиралтаа зогсоож байсан. Тухайн үед энэ уулын нөхцөл байдлыг нилээн судлаж байсан юм. Бидний өмнөх авиралтын тухай энэ линкээр орж үзээрэй. Зүчи Хайрхан уул. Дараа нэг сайхан авиралт хийнэ гэсэн бодол тээж үлдсэн юм.
Асгат Түргэний ууланд аялагчид, жуулчид маш цөөн ирдэг тул нутгийнхан аялал жуулчлалын талаархи ойлголт бараг байхгүй.  2010 оны намар энэ нутгаар явж байхдаа Тогтомыс гэдэг хүнтэй замд тааралдаж танилцаж байсан юм. 2015 оны өвөл 12-р сард Английн Secret Compass гэдэг компаниас Хархираа Түргэний ууланд хүн авираагүй оргилд авирах аялал асууж, биднийг зохион байгуулж өгөөч гэдэг санал ирсэн. Бид ч тэр саналыг хүлээж аваад шууд л Асгатын ууланд авирахыг санал болгож аяллын маршрут, газрын зургийг явуулсан юм. Харилцагч компани ч бидний саналыг хүлээн зөвшөөрлөө. Ингээд тавьсан саналаа ажил хэрэг болгох ажилдаа орлоо. 2011 онд Асгатын ууланд авирч байхдаа Өмерхан гэдэг айлд бид хонож байсан юм. Тухайн үед энэ ууланд хүн авирч байсан эсэхийг энэ нутагт насаараа амьдарч байсан хүнээс асуухад тэрээр: Хүн ер авирч байгаагүй. Ер нь дөрвөн хөлтэй янгир л гарч чаддаггүй юм билээ, хоёр хөлтэй та хэд чадах уу гэж бассан байдалтай байсан юм. Тэр үед бид ч чадаагүй тул өвгөн дотроо маадгар байсан биз.