Showing posts with label Монголын түүх. Show all posts
Showing posts with label Монголын түүх. Show all posts

May 3, 2012

Пазырык - Пазырыкчууд гэж хэн бэ?

Пазырыкын шивээст хүний тухай. Төмөр зэвсгийн эхэн үе МЭӨ VII-III зуунд Евразийн тал нутагт бие биетэйгээ адил төстэй нүүдэлчдийн олон соёл оршин байсан Монгол, Байгал нуурын наад бие нутагт дөрвөлжин булштангууд, Тувад уюукчууд, Алтайд Майэмир, пазырыкчууд, Дундад Ази, Казакстанд Сакууд, Минусын хотгорт Тагарчууд, Хар Тэнгис орчимд Скифчууд амьдарч байсан ба эдгээр соёлуудыг багцалж скиф хэлбэрийн соёлууд гэх буюу Скиф-Сибирийн ертөнц гэж нэрлэдэг. Судлаачид Оросын нутаг дэвсгэрт энэ үеийн олон археологийн соёлыг нээн судлаад байгаагаас Минусын хотгорт тагарын соёл, Тувад Аржаны ба уюукийн (саглыний соёл) соёл, Алтайд майэмирийн ба пазырыкийн соёлыг өргөн хүрээтэй судлаж ирлээ. Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох соёлыг пазырыкийн соёл гэж нэрлэнэ.

Пазырыкчууд гэж хэн бэ? - Эртний хятадын түүх сударт нэр нь гардаг юэчжи нар юм гэж судлаачид үздэг. Пазырыкчууд бол хагас нүүдэлчид. Тэд голчлон мал аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд мал аж ахуйгаас гадна газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Мөн гар урлал өндөр хөгжсөн байсан нь пазырык булшнаас гардаг олдворууд, урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европоид төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголоид төрх давамгайлдаг байжээ.

Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь "хаадын булш" ба жирийн иргэдийн булш хэмжээ хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдгаас харагдаж байдаг. "Пазырык" гэдэг үг нь Оросын Алтайд байх нэгэн асар том булшны нэр бөгөөд уг булшийг 1929 онд С.И.Руденко нар малтаж судалсан байна. Үгийн утга нь монголчилбол "булш" гэсэн үг бололтой. Монголын мончок-тува нар булшийг "бажираг" гэж хэлдэг байна. Эрдэмтэд пазырыкийн соёлын он цагийг VII-V, VII-VI, VIII-VI, IX-VI, IX-VII зуун гэхчлэн янз бүрээр тогтоож байгаагаас А.С.Суразаков нарын эрдэмтдийн дэвшүүлсэн санал олонхийн дэмжлэгийг авснаар дараах үеүдэд хуваадаг.

July 3, 2011

Цана хадны сүг зурагт.

Цана хөлөглөн ан хийж буй хүн.
МОНГОЛЫН ЭРТНИЙ ЦАНЫН ТУХАИ. Монголчууд бидний өвөг дээдэс нэн эртнээс ангийн аж ахуй эрхлэн аж төрж байгаад дэлхийн бусад ард түмнүүдтэй нэгэн үед Мезолит буюу Дундад чулуун зэвсгийн үед 15000-7000 жилийн тэртээгээс малыг гаршуулж гэршүүлсэн ба монгол орон бол дэлхийн мал аж ахуй үүссэн гурван том голомтын нэг юм. Хүрэл зэвсгийн үед буюу 4000 гаруй жилийн орчимд бидний өвөг дээдэс нүүдлийн мал аж ахуйтай болжээ. Хүн төрөлхтөний нэн эрт ба эртний түүхийг өөрөөр хэлбэл бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн түүхийг судлахад археологийн дурсгал хосгүй их ач холбогдолтой байдаг. Тэдгээрийн нэг том төрлийн дурсгал болох Хадны сийлмэл (хонхойлон цоолборлосон) дурсгалаар Монгол дэлхийд хамгийн баялаг - орон болох нь Монголын болон гадаадын археологчдын хийсэн судалгаагаар батлагдаж байна. Бидний археологчид Монгол Улсын нутгаас хадны зургийн хэдэн зуун дурсгалыг нээн судлаж энэ чиглэлээр 30 орчим эрдэм шинжилгээний суурь бүтээлийг туурвиж Монгол, Орос, Солонгос, Франц, Итали зэрэг оронд нийтлээд байна. Монгол орон тэр дотроос Монгол Алтай, Говь-Алтайн нуруу болон тэдний салбар уулс хадны зургийн дурсгалаар нэн баялаг билээ. Энэ удаа бид Монгол Алтайн зүүн сугаас эх авч урсах Бага Ойгор голын саваас олдсон цанатай анчны зургийн тухай товч өгүүлье.

March 18, 2011

Адаг Дулааны дайн

Товч агуулга: 
Түүхэнд Адаг Дулааны тулаан гэж нэрлэдэг зэвсэгт мөргөлдөөн 1936 оны 3 дугаар сарын 31-ээс эхлэн гурав хоног үргэлжилсэн бөгөөд энэ нь Монгол ардын хувьсгалт цэрэг бие бүрэлдэхүүнээрээ анх удаа бие даан байлдааны үйл ажиллагаа явуулсан түүхэн явдал юм. Энэ тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан учир Д.Дэмбэрэлд БНМАУ-ын Зоригт баатар нисгэгч, Шагдарсүрэнд Эрхэм нисгэгч цолыг тус тус олгосон байна. Халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй Японы түрэмгийлэгчидтэй эх орноо хамгаалан баатарлаг тулалдсан Д.Дэмбэрэлийг 1938 онд баривчилж хувьсгалын эсэргүү, Япон тагнуулын бүлэг, Гэндэн, Дэмид нарын дуулгавартай нөхөр, Адагдулааны харуулаас дотогш дайсны үлэмж хүч орж ирэхэд цаг тухайд нь мэдэгдэлгүй дайсны халдан довтлох ажилд тус болсон зэрэг огт байгаагүй хүчээр ял тулгаж 1938 оны 3 дугаар сарын 4-ний өдөр буудан алах ял ноогдуулан нийт 14 хүний хамт тогтоолыг гүйцэтгэсэн байдаг. Түүнээс ердөө 1 жил 2 сарын дараахан Халх голын дайн эхэлсэн билээ.