December 31, 2011

Шинэ оны мэнд.

Шинэ оны мэнд.

December 21, 2011

Мөнгөн Өвөл-II дугуйн аялал болно.

Монгол Аялагч нь Улаанбаатар иргэдэд хотын хорт утаанаас гарч эрүүл агаарт чөлөөт цагаа хөгжилтэйгээр өнгөрүүлэхэд зориулж “Мөнгөн Өвөл” нэртэй дугуйн аяллыг зохион байгуулж эхэлсэн ба хоёр дахь аялал 12-р сарын 24-нд болно. Та бүхэн өргөнөөр хамрагдаарай.
Аяллын хөтөлбөр:
Өглөө 10.00 -д Баянгол зочид буудлын Б байрны үүдэнд цуглана. Групп хоорондоо танилцана. 10.10 -т хөдөлж дугуйн аяллын эхлэх цэг рүү явна. 20 км яваад Баянзүрх ууланд хүрч дугуйнуудаа угсарч, аяллаа эхэлнэ. Аяллын өмнө та бүхэнд аяллын хөтөч цас, мөстэй газар оронд дугуйг хэрхэн унах талаар зааварчилгаа өгнө. Энэ өдөр бид 20 км замыг цас, мөстэй замаар туулна. Замдаа өдрийн хоол иднэ. Цэнгэг агаарт амарч байгаад 16 цагт Улаанбаатар хотын зүг явна. Баянгол зочид буудалд ирснээр бидний энэ өдрийн аялал дуусна.

Аяллын замын хувьд огцом өгсүүр уруу газар байхгүй, цас дагтаршсан авто замаар явна. Замын зарим хэсэгт Туул голын мөсөн дээгүүр явна. Аяллын бүх замын турш биднийг машин дагаж явах тул та хүссэн газраа амарч болно. Тухайн өдрийн цаг агаарын мэдээллийг эндээс үзнэ үү. http://www.tsag-agaar.mn/index.php?option=com_content&view=article&id=425%3Axot-&catid=40%3A2010-02-10-02-57-44&Itemid=59&lang=mn

Аялал эхлэх/дуусах цаг: 10 – 17 цаг. /12-р сарын 24 –ний өдөр/
Аяллын үнэ: 50000 төгрөг. Нэг хүний /Аяллын баг 9-12 хүнтэй байна./
Аяллын үнэнд орсон зүйлс: GIANT уулын дугуй, аяллын унаа машин, аяллын өдрийн хоол, аяллын хөтөч/ унадаг дугуйн механик.
Аялалд авч ирэх зүйлс: Дулаан хувцаслах, малгай, бээлий, ороолт, нүдний шил, нарны тос, жижиг үүргэвч, хувийн хэрэглээний зүйлс.

Холбоо барих: МОНГОЛ АЯЛАГЧ

Утас: 329279/ 99096911, 99002282

www.mongolayalagch.com

e-mail: info@mongolayalagch.com

Жич: 12-р сарын 24-ний өдрийн дугуйн аяллыг 12-р сарын 23-ны 12 цагаас өмнө утсаар болон е-мэйлээр баталгаажуулж, аяллын төлбөр болох 50000₮-ийг ХААН банкны 5003473149 тоот дансанд шилжүүлснээр таны аялал баталгаажих болно.

December 19, 2011

Мөнгөн Өвөл дугуйн аялал амжилттай болж өнгөрлөө.

Энэ сарын 17-ны өдөр МОНГОЛ АЯЛАГЧ  нь "Мөнгөн Өвөл" дугуйн аяллаа зохион байгууллаа. Энэ удаагийн аяллыг Баянзүрх уул, Туул голын орчимд зохион байгуулж, аялагчид нийт 20 км замыг тууллаа. Энэ өдөр хэдийгээр -20 градусын хүйтэн байсан ч аялагчид энэ аяллаар явсандаа сэтгэл хангалуун байв. Улаанбаатар хотын утаанаас гарч цэвэр агаарт аялсандаа хүн бүр баяртай байлаа. Аялалд нийт 12 аялагч дугуйчин оролцов. Мөнгөн Өвөл нэртэй энэ дугуйн аяллыг өвлийн улиралд амралтын өдрүүдээр зохион байгуулж байх бөгөөд аяллын урьдчилсан товыг фэйсбүүк дээр http://www.facebook.com/groups/mongolayalagch/ зарлаж байх юм байна. Ингээд Мөнгөн Өвөл аяллын  зургийг дороос үзээрэй.

December 5, 2011

Монгол Аялагч Өвлийн дугуйн аяллаа зохион байгуулж эхэллээ.

Өвлийн дугуйн аялал - Туул гол
Монгол Аялагч Өвлийн дугуйн аяллаа долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр зохион байгуулж эхэллээ. Мөн үйлчлүүлэгч хүсвэл ажлын өдрүүдээр ч зохион байгуулах юм байна. Тэд энэ дугуйн аяллаа өнгөрсөн 2 жилийн туршид зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатарын хорт утаанаас жаахан ч гэсэн холдож цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгож байна. Дугуйгаар Туулын голын мөсөн дээгүүр аялах бөгөөд аяллын дунд өдрийн хоолоор хангана. Дугуйгаар аялснаар орчин үед газар авч буй хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл амьдрах хэвшилд бага ч гэсэн хувь нэмэр оруулна. Та бүхэн энэ дугуйн аялалд оролцох хүсэлтэй бол доорхи вэб зочлоорой. МОНГОЛ АЯЛАГЧ: www.mongolayalagch.com / e-mail: info@mongolayalagch.com / Утас: 99096911/ 99002282 утсаар захиалгаа өгч болно. Мөн доорхи бичлэгийг үзээрэй.

November 30, 2011

Монголын Говийн Элсэн Сфинкс

Элсэн сфинкс
Монголын говьд байгаль эхийн бүтээсэн нэгэн элсэн сфинкс байдаг. Энэ нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг  Хэрмэн цав хэмээх газарт бий. Эртний египетийн сфинкстэй төстөй харагддаг тул Хэрмэн цавд очсон аялагч, жуулчид ийнхүү нэрийджээ. Үнэндээ сфинкстэй төстэй харагддаг энэхүү байгалийн бүтээл нь Шамбалын оронд хүргэх таван хаалга байдгийн нэг гэж ертөнцийн тайлагдашгүй нууцыг судлаачид үздэг. Мөн Шамбалын орныг эрэн хайгч Э.Мулдашев ч хэдэнтээ энд ирж байжээ. Сфинкс гэж юу вэ? - энэ бол хүн толгойтой арслан. Сфинксийг арабаар “Абуль-Голь” гэх бөгөөд хөрвүүлбэл “Аймшигийн эцэг” гэдэг утгыг агуулдаг юм байна. Хэрмэн цав гэж хаана байдаг вэ? - Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тосон Бумбын нурууны салбар уул Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт Ингэн Хөөвөрийн хоолой руу хандсан 10 гаруй км урт үргэлжилсэн 100-200 метр гүнзгий жалгатай мөргөцөг юм.  Хэрмэн цав нь  нар салхи, усны элэгдлийн үйл ажиллагааны улмаас үүсч бий болжээ.
Египетийн сфинкс
Хэрмэн цав нь Монголын говийн нэгэн гайхамшигт тогтоцын нэг бөгөөд Ингэн хөөвөрийн хоолойн үзэсгэлэнт баянбүрдүүдийн нэг юм. GPS солибцол N43°27'9.4", E99°51'33" оршино. Хэрмэн Цав бол Монголын говьд амьдарч динозаврын өлгий нутгуудын нэг юм.  Анх 1969 онд академич Р.Барсболд, Л.П. Татаринов, А.Розанов нарын удирдлагаар Монгол-Зөвлөлтийн палеонтологийн хамтарсан экспедици Ингэн хөөврийн хоолой орчимд судалгаа хийж Хэрмийн цав, Хайчин уул зэрэг шинэ олдворт газрууд нээн олж динозавр, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон ургамлын олон шинэ олдворуудыг олж байв.

November 29, 2011

Дэлхийн брэндүүд Монгол гэрт.

Shanghai Tang Mongolian village
Гонгконгод энэ оны 11-р сарын 4-нөөс "Shanghai Tang Mongolian village" гэсэн Монгол хотхоныг тэнгэр баганадам өндөр барилгуудын дунд  байгуулсан нь олны анхааралыг татаж байна. Уг хотхоныг дэлхийн брэнд Shanghai Tang өөрийн бараа бүтээгдэхүүнүүд болон шинэ жилийн бэлэг дурсгалын зүйлсийг худаалах зорилгоор Central’s Pier 4 Waterfront in Hong Kong-т байгуулжээ. Уг хотхонд нүүдэлчдийн амьдралын хэв маягийг тусгасан олон сонирхолтой зүйлсийг байрлуулсан ба хотхоны урд хэсэгт байрлах Хааны гэрт хотхонд зочилсон хэн бүхэн оройн зоог барьж, хотхонд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдэд оролцох боломжийг хангаж өгсөн юм байна. Уг хотхон 12-р сарын З1-нийг хүртэл ажиллах юм байна. The Shanghai Tang брэнд нь 1994 онд байгуулагдсан тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас хийдэг. Энэ брэндийн хувцас нь эртний хятадын уламжлалт хэв маягийг орчин үетэй хослуулж өгснөөрөө онцлогтой. Хэрэв та бүхэнд ГонгКонгийг зорьж буй бол энэ хотхоноор зочлоорой. Хаяг нь:  
Shanghai Tang Mongolian Village
Rooftop, Lamma Island Ferry, Pier 4 ( IFC Mall-аас явган алхаад хүрч болно.)
Central, Hong Kong

November 21, 2011

Алтан Өлгий уулын авиралт.

Алтан Өлгий уул д.т.дээш 2656 метр

Манайхан өнгөрөгч амралтын өдөр буюу 2011 оны 11-р сарын 19-нд Хэнтий нурууны ноён оргилуудын нэг Алтан Өлгий /2656 метр/  ууланд авирлаа. Алтан Өлгий уул нь Хан Хэнтийн ДЦГ Гурван Баянгийн голын эхэнд оршдог. Улаанбаатар хотоос 118 км. Улаанбаатар, Тэрэлжийн амралт, Дунд Баянгийн гол гэсэн маршрутааар явж уг авиралтыг хийлээ.

November 10, 2011

NATIONAL GEOGRAPHIC - Best of the World 2012

Photograph by Hamid Sardar, Corbis
NATIONAL GEOGRAPHIC үндэсний газарзүйн нийгэмлэг 2012 оны жуулчдын зорих газрын шилдэг 20 чиглэлд Монголоос Хөвсгөлийн бүс нутгийг оруулжээ. Үүн дотроо Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэн, Цаатан ардын амьдрал, бөө мөргөлийг онцолжээ. 2011 онд Монголоос Улаанбаатар хот уг 20 чиглэлд багтаж байсан.

Untamed Hovsgol
If you yearn for a connection to the wild, you will find it here. Hovsgol is the northernmost of Mongolia’s 21 provinces, shadowing Russia’s border and sharing the great Siberian taiga (subarctic coniferous forest). Lichens in bright greens and oranges color 10,000-foot passes, while sacred rivers, rumored to never freeze, feed lakes framed by snow-tipped mountains. Hovsgol is just now opening its arms to travelers who come to catch and release taimen, giant salmonid “river wolves” that stalk Hovsgol’s waterways. Others come to ride Mongolian ponies in search of the Tsaatan, small bands of nomadic reindeer herders (above) who live in encampments and follow shamanistic beliefs.

November 8, 2011

Алтай Таван Богд - Хүйтэний оргил 4374 метр

Mongolia Expeditions LLC, Монголын Уулын Хөтөчийн холбоотой хамтран 2011 оны 7-р сард Алтай Таван Богд уулын Хүйтэний оргилд авиралт амжилттай зохион байгууллаа. Бидний энэ удаагийн авиралт Монголд уулын спорт үүсч хөгжсөний 60 жил, Азийн уулчдын цугларалттай давхцсан бөгөөд Алтай Таван Богд ууланд Монголын өнцөг булан бүрээс ирсэн уулчид, Алс холын Балба улсаас ирсэн гадаад уулчид байв. Балбын уулчид дотор Дэлхийн дээвэр Эверестийн оргилд /8848 метр/ 16 удаа гарсан Нямаа Гомбо шерпа ирсэн байв. Ингээд Алтай Таван Богд уулын Хүйтэний оргилд авирсан бичлэгийг үзүүлье.

November 4, 2011

Чехүүд Хомын талд тахь нутагшуулна.



Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийг төрөлх нутагт нь нутагшуулах, тахийн сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор Монголд 4 доошгүй тахь өгөхөөр шийдвэрлэсэн тухайгаа тус амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек CTK Чехийн мэдээлллийн агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.  Эдгээр тахьнаас 4 тахийг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын Талд нутагшуулах юм байна. Эдгээр тахь ирэх оны 6-р сард Монголд ирнэ. Чехүүд энэ онд Хомын талд 1 азарга, 3 гүүг нутагшуулсан. Одоогооор Монголд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хустайн нуруу, Говь Алтай аймгийн Бугат сумын нутаг Тахийн тал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд тахийг амжилттай нутагшуулж байна. Ялангуяа Хустайн нурууны тахь нутагшуулах төсөл нь дэлхий дээр зэрлэг амьтныг дахин нутагшуулж буй хамгийн сайн төсөл болон хэрэгжиж байна.

November 2, 2011

Асгат Түргэний уулын авиралт - Аяллын тэмдэглэл.

Асгат Түргэний ууланд
2011 оны 5-р сарын 6нд. Өлгий хот - Бидний хэсэг нөхөд МУГТ Г.Өсөхбаярын хамт 2011 оны 5-р сарын 7-ноос 12-ны хооронд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгат Түргэний уулсын ноён оргилуудын нэг Нарийний Эхэн уул /4029 метр/-нд авирахаар төлөвлөж, 5-р сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгийд хотод АероМонголиа компанийн Фокер-50 онгоцоор хүрч очсон. Өлгийн онгоцны буудал дээр Б. Бекболат, Агваанданзан, Жаргалсайхан тэргүүтэй Өлгийн уулчид тосч авав. Өлгий хотод очсон даруйдаа Цамбагарав гэж өнгөрсөн жил шинээр нээгдсэн зочид буудалд буулаа. Шинэ байгуулагдсан зочид буудал тул үйлчилгээ сайтай, цэвэрхэн, тун дажгүй байв. Цамбагарав рестораны 2-р давхарт байрлах ресторанд өдрийн хоол идээд аяллын бэлтгэлээ ханган Өлгий хотын дэлгүүр, хүнсний захаар явж хоол хүнсээ цуглуулав. Өлгий хотын орон нутгийн музейг үзэв. Орон нутгийн музей нь төв талбайнхаа зүүн хойд талд, талбайгаасаа ойрхон, 3 давхар саарал байшинд байдаг. Музейн хаалганы урд Баян-Өлгийгөөс төрж төр нийгмийн зүтгэлтэн байна Шымшырын Ногай, аймгийн анхны дарга Б.Хаби нарын 2 хүний хөшөө байна. Музейн үүдний хайсанд түрэгийн хүн чулуу, руни бичигтэй хад байрлуулж тавьсан байна. Орон нутгийн музей нь байгалийн танхим, Баян-Өлгий аймгаас төрж гарсан алдартнуудын танхим, угсаатны зүйн танхим гэсэн гурван танхимтай. Биднийг очиход музейн тайлбарлагч жирэмсэний амралтаа авсан байсан тул музейн зохион байгуулагч Айшагуль тайлбар хийж өгөв. Байгалийн түүхийн танхимд Баян-Өлгий аймагт байдаг ховор амьтан ургамлын чихмэл болон хатаамлыг тавьсан байсан бөгөөд энэ танхимын нэг сонирхолтой үзмэр бол 1990 онд Баян-Өлгий аймагт унасан солир байв. Баян-Өлгий аймгаас төрж гарсан алдартнуудын танхимд Монголын үндсэн хуулийн казах хэл дээрхи эх шилэн хоргонд үзмэр болон хадгалагдаж байдаг юм байна. Энэ үндсэн хуулийн казах хэл дээрхи эхийг Н.Энхбаяр ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт очихдоо казах түмэнд гардуулан өгсөн гэж тайлбарлагч Айша хэлж байв.

September 19, 2011

Цагаан сүмийн туурь балгас.

Архангай аймгийн Хотонт сумын нутаг Цагаан Сүмийн талд орших нэг туурь байдаг.  Уйгарын үед холбоотой гэж эрдэмтэн судлаачид үздэг бөгөөд хэд хэдэн малтлага хийсэн байна. Ер нь нэг их мэдээлэл байхгүй юм байна. Зарим сурвалжаас үзэхэд: Үүнийг Өгөөдэй хааны орд байсан гэх цухас мэдээ байдаг. Өгөөдэй хаан Цагаан сүмийн рашаанд биеэ сувилж амрах зорилгоор юмуу, өөр ямар нэг зорилгоор ийнхүү орд харш бариулж суурьшиж байсан байж болох талтай. Нөгөө талаар эрдэмтэн О. Намнандорж гуай Цагаан сүмийн рашааныг XIII зууны үед тохижуулж ашиглаж байсан тухай бичсэн байдаг. Мөн цагаан сүмийн голын эхэнд нэгэн барилгын үлдэц ором байдгийг “Цагаан сүм” хэмээн нэрлэдэг. Эл сүмийг нэлээд эрт дээр үед магадгүй монгол нутаг дээр байсан эртний улсуудын үед ч хамаарч болох юм хэмээн эрдэмтэд үздэг бололтой юм. Туурийн ерөнхий байдал нь: Байгууламжийг наран ургах зүг хандуулан барьсан бөгөөд 3 давхар хана хэрэмтэй байсан ул мөр тод харагдана. Үүнээс харахад 13-р зууны үеийн монголчуудын хот байгуулах арга хэлбэрээс өөр зохион байгуулалтай тул Уйгар юм уу эсвэл түрэг гаралтай улс аймгийн байгуулсан суурин байж болох талтай.

Mongolia Bike Challenge 2011 - 3-р гараа.

Mongolia Bike Challenge 2011 - 3-р гараа. Хонгорын Элснээс гарч Халтар загийн хоолойг гатлан Арц Богдын нурууны Алтан амаар гарч эртний түүхт Тэвш уулын хажуугаар Тоглоомын тойрог хүртэл нийт 115 км замд уралдав. Өглөө гарааанаас гарахад салхи асар хүчтэй салхилж байсан ч салхины чиг өөрчлөгдөж дугуйчидын араас салхилж байсан тул дугуйчид өндөр хурдыг гаргаж байлаа. зарим газарт цагт 60 км хурдыг үзүүлж байв.  Энэ өдрийн гараанд Германы дугуйчин Gerber Sven түрүүлж, Австралийн дугуйчин Rohin Adams удаалж, италийн тамирчин Daniele Sassaroli гуравт оров. Уралдааныг тэргүүлэгчид замын сүүлийн хэсэг Арц Богдын нурууны Алтан ам буюу Янгиртын хавцлын төгсгөлд тавьсан замын тэмдэг алга болсноос болж 10 орчим км төөрсөн, гэвч тэд энэ гараанд 6, 8-р байруудыг эзэлсэн. Тойм бичлэгийг дороос үзнэ үү.

September 15, 2011

Эва Шүбэрт: Алтайн магтаалыг судалсан нь.

Эва Шүбэрт (Монгол улсын Ховд их сургууль) 
1. Алтайн магтаалыг судлах хэрэгцээ 
Алтайн магтаал гэдэг бол монгол ардын баатарлаг туульс гэсэн ардын аман зохиолын нэгэн төрөлтэй нягт холбоотой, эртний үеэс уламжилж ирсэн, өөрийн гэсэн өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, зорилго ач холбогдол, түүх уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Тууль хайлахын өмнө туульч, сонсогчдын бэлтгэл болж хэлэгддэг энэ магтаалыг судлах нь монгол ардын баатарлаг туульсын судлалд чухал байр эзлэх ёстой. Монгол ардын баатарлаг туульсыг сурвалжлан тэмдэглэх судалгаа одоогоос 200 жилийн өмнө эхэлсэн гэж үзэж болно. Энэ хугацаанд Монгол, Орос болон бусад гадаад эрдэмтэд судлаачид туулийг судлахдаа заримдаа Алтайн магтаалыг онцгойлон дурдаж, улмаар монгол судлаачид үүнд илүү анхаарал тавьж, Алтайн магтаалын байр суурийг тэмдэглэн, хэд хэдэн хувилбар ялгаж гаргасан боловч өнөө хүртэл Алтайн магтаалыг дагнаж судалсан эрдэм шинжилгээний бүтээл бидний судалгаанаас үзвэл нийтлэгдээгүй байна. Монгол тууль судлалын зарим асуудал, 1999, (1) гэсэн номдоо тууль судлаач Б.Катуу “Энэ талаар дагнасан судалгаа өнөө хэр хийгдээгүй...” харин “тууль судлагчдын бүтээлд анхааран тэмдэглэсэн нь мэр сэр тааралдана” гэжээ. Энэ үг одоо хүртэл Алтайн магтаалыг судалсан байдлыг тодорхойлж байдаг. Ном зүйгээс үзсэн ч, эрдэмтэн, судлаач, багш нараас сурагласан ч дээрх дүгнэлт батлаглаж байлаа. Ийм учраас олон судлаачийн бүтээлүүд болон бусад эх сурвалжаас олдож байгаа мэдээллийг цуглуулж, эмхтгэн цэгцэлж, дүгнэлт гаргах болон нийтэд таниулах нь аман зохиол судлалын маш чухал үүрэг гэж үзэж байна.
Алтайн магтаалыг судлах хоёр гол эх сурвалж байдаг: нэгд, туулийн судлал буюу туулийг судалсан ном, эрдэм шинжилгээний бүтээл, туульчдаас авсан бичмэл болон соронзон хальсанд буулгасан тэмдэглэлүүд, хоёрт, монголын ерөөл магтаалыг судалсан эх сурвалжууд. Үүнээс гадна орчин үеийн урлагийн чанартай хувилбаруудыг судалж, уламжилж ирсэн шинжээр нь арай эртнийхийг нь тогтоож, харьцуулан судалж болох юм.
2. Алтайн магтаалын тодорхойлолт

Монгол ардын баатарлаг тууль хайлах явдал тогтсон тодорхой дэг журамтай байдаг. Энэ нь нэг талаас туулийн эртний уламжлал, нөгөө талаас зан үйлийн чанартай нь холбоотой гэж үзэж болно. XIX зууны үеэс XX зууны хоёрдугаар хагас хүртэлх үеийн нэрт туульчдын хувьд тууль зөвхөн урлагийн бүтээл байхаар зогсохгүй тууль хайлах нь хайлуулж байгаа айлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд заримдаа тухайн айлд туссан бэрхшээл зовлон арилгахаар туульчийг дуудан тууль хайлуулдаг байжээ. Тууль хайлах нь үзэгдэшгүй ер бусын ертөнц, дэлхийг бүрдүүлж захирдаг гэж үздэг уул усны эзэд, лус савдагтай холбоотой тул зан үйлийн үүднээс тууль хайлахаас өмнө байгаль орчноо магтсан дээдэлснээрээ эл ер бусын амьтдыг баясган эвлүүлж, тэдний уур хилэнд өртөхгүй хамгаалалттайгаар туулиа гүйцэд хайлж үр дүнд хүргэж болно. Ингэж тууль хайлахаасаа өмнө монгол туульчид оршилд нь Алтай уулсыг, зарим тохиолдолд газар нутгийнхаа бусад уулсыг магтан дуулахыг Алтайн магтаал гэж хэлнэ. Бас туульчийн газар нутгаас шалтгаалан зарим нь Алтайн магтаалыг “Алтай хайлах”, “Туулийн оршл магтаал “, “Алтайг магтах”, “Баян Алтай”, “Алтай уулын магтаал” зэрэг янз янзаар нэрлэж зарим газарт харин “Алтай Хангайн магтаал”, Хангайн магтаал”-ыг хайлдаг. Мөн магтаал гэдгийг “тухайн дүрслэгдэхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг” гэж Ш.Гаадамба, Х.Сампилдэндэв нар Монгол ардын аман зохиол , 1988 (2) гэсэн номдоо тодорхойлсон байдаг. Алтайн магтаалыг туульчид голдуу товшуур хөгжим (Урианхай), морин хуур, „экэл”(Халх) эсвэл зарим туульчийн хувьд – арай ховор тохиолдолд – хөгжимгүйгээр хэлдэг. Хэлэхдээ хөөмийлж эхлээд дараа нь бүдүүн аргил хоолойгоор дуулах нь Алтайн өндөр уулсын байгаль, хүрхрээний усны шуугиан, ууланд цуурайтах дуу чимээг дүрслэн Алтайн сүрлэг бадрангуй байдлыг илэрхийлдэг. Үүнд Алтай хайлах хоёр янзын хоолой байдаг бөгөөд “өндөр хоолой” гэдэг нэг дээр нь дуугаа маш түрэлттэй гаргадаг учир туульчаас хүч их шаарддаг байхад “нам хоолой” гэдэг нь энгийн дуулах байдалд илүү ойролцоо бөгөөд хайлахад биед арай амар байдаг ажээ.

Алтайн магтаал

Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Бyлгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бvрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сvрэгтэй
Хyн цэн шувуу цэнгэлтэй
Хyр цэцгийн шvvсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Yзvvрийг нь бариад гарахад
Yнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилvvс дvvлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сvлждэг
Ариyн тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиy дээрээ намаржаатай
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Өвөр дээрээ өвөлжөөтэй
Өвлийн гурван сар нь өнтэй
Арвин их тал нутаг минь
Алтан тариа халиуран найгасан
Жирийсэн сайхан дардан замаар нь
Жингийн олон тэмээ нь цувсан
Бvх баялгаар чимэгдсэн
Бyyрал өлзийт Алтай минь
Өглөө жингээр униартаж л байдаг
Өдөр дундаа суунаглаж л байдаг гэвэлээ
Үеийн үедээ үнэтэй тарган байдаг
Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ

September 14, 2011

Дугуй, дугуйн аяллын тухай.

Леонардо Да Винчигийн модон дугуй.
Хүн төрөлхтөний бий болгосон гайхамшигт бүтээлийн нэг бол унадаг дугуй. Унадаг дугуй нь хүн төрөлхтөний амьдрал ахуйдаа хэрэглэж буй хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл. 2005 онд Их Британи улсад явуулсан нэгэн асуулгаар унадаг дугуй бол 1800 оноос хойш хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн аугаа техник гэж үзсэн байдаг. Унадаг дугуй хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болж чадсаны нууц нь хямд төсөр, хөнгөн, зай бага эзэлдэг, түлш шатахуун хэрэглэдэггүйд оршино. Дугуй бол хөлийн булчингийн хүчээр хөдөлдөг тээврийн хэрэгсэл. Ихэнхи унадаг дугуй хоёр дугуйтай, Гэхдээ гурав, дөрөв тэрч бүү хэл ганц дугуйтай ч бий. Унадаг дугуйг зориулалтаар нь олон ангилж болно. Жишээ нь зөвхөн хотын цардмал зам дээр явахад тохиромжтой ХОТЫН, бартаат замд унаж явах УУЛЫН, аялалд зориулсан ЖУУЛЧНЫ, бага зай эзэлдэг ЭВХЭГДДЭГ, уралдааны зориулалттай СПОРТЫН гэх мэтээр ангилдаг. Уулын дугуй бартаат замд найдвартай бол жуулчины дугуй ачааны даац сайтай байдаг. Хоёр ба түүнээс дээш тооны хүн суудаг дугуйг ТАНДЕМ гэж нэрлэдэг.
Ефим Артамановын дугуй.

1800 оноос өмнөх үед хамаарах түүхийн сурвалжид унадаг дугуйны тухай бичигдсэн зүйл алга. Сэргэн мандлын үеийн суут эрдэмтэн Леонардо Да Винчи өөрийн сурагч Жакомо Капроттид илгээсэн захидалдаа унадаг дугуйг дүрсэлсэн зургийг хавсарган илгээж байжээ. Унадаг дугуйг 1800 оны үед Ефим Артаманов гэдэг тариачин эр зохион бүтээж Уралын нурууны Верхотурье гэдэг тосгоноос Москва руу аялсан гэдэг. Энэ нь хүн төрөлхтөний анхны дугуйн аялал гэж үзэж болно. Оросын эзэн хаан Ефим Артамановыг дугуй зохион бүтээн аялсан эр зоригийг нь үнэлж хамжлагаас халсан гэдэг. Түүний бүтээсэн энэ дугуй одоо ОХУ-ын Нижный Тагил хотын музейн үзмэрт хадгалагдаж байна. Нижный Тагил хотын гудамжинд түүний энэ аяллыг олонд түгээх зорилгоор хүрэл хөшөө бүтээн байрлуулсан байдаг. Түүнээс хойш дугуйг улам боловсронгуй болгох олон оролдлогууд хийгджээ. Өнөөгийн бидний унаж буй дугуйг Rover гэж нэрлэдэг бөгөөд түүнийг 1884 онд английн зохион бүтээгч Жон Кэмп Старли зохион бүтээж 1887 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлжээ. Rover дугуйны урд, хойд дугуйн хэмжээ яг ижил, хойд дугуйндаа хөтлөх арааг байрлуулсан байдаг. Жон Кэмп Старлигийн зохион бүтээсэн дугуйг хамгийн аюулгүй гэж хүлээн зөвшөөрөгджээ. Унадаг дугуй 1898 он гэхэд гар тоормозтой болсон бол 20-р зууны эхээр л хурдыг нэмэгдүүлэх зорилгоор араа солидог механизмтай болсон байдаг.

September 8, 2011

Mongolia Bike Challenge 2011 уралдааны 2-р гарааны тойм.

Уралдааны замд
Mongolia Bike Challenge 2011 уралдааны 2-р гараа ДундСайхан уулын Шавартайн хуудсаас өглөө 7.30-д гараанаас гарч Хуудсын талаар уралдан Наранбулагийг уруудан Хонгорын Элсний ойролцоо байрлах Говь Дисковери гэр баазад бариагаа барилаа. Нийт 126 км замд 1040 метрийн өндөр авах болно. Энэ өдрийн уралдааны эхний 80 км зам нь тэгш хатуу гадаргуутай тул тамирчид илүү өндөр хурдыг гаргах боломжтой бол сүүлийн 46 км зам нь сул хайргатай, элсэрхэг, дэржигнүүр ихтэй замыг туулах болно. Энэ өдрийн уралдаанд эхний гараагаа Канадын дугуйчдад алдсан Марзио Дехог хэрхэн уралдах бол. Өглөө гараанаас гарахад л Марзио их хүчтэй, хурдан гарсан. Тэрээр 95 дахь км-ээс эхлэн толгойн группээс тасран гарч энэ байдлаа хадгалан уралдсаар энэ гарааны ялагч боллоо. Түүний дараа Канадын дугуйчин Кори Воллос удааллаа. Кори энэ өдрийн уралдааны сүүлийн 10 км замыг ийм хүнд нөхцөлтэй байна гэж бодоогүй бөгөөд өмнө ийм элс хайргатай говь цөлийн газар орон дээр уралдаж байгаагүй юм байна. хэлсэн. Эмэгтэйчүүдийн төрөлд Австралийн Мелинда Жексон түрүүллээ.

September 7, 2011

Mongolia Bike Challenge 2011 уралдааны 1-р гарааны тойм.

Дугуйчид гараанаас...
Монгол Улсад хоёр дах удаагаа зохион байгуулагдаж буй Mongolia Bike Challenge 2011 уралдааны 1-р гараа Өмнөговь хотын Даланзадгад хотоос гарч Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Гурван Сайхан уулыг хаяалан явж Дунд Сайхан уулын Шавартайн хуудас гэдэг газар бариагаа барилаа. Энэ өдөр тамирчид нийт 770 метрийн өндрийг 80 км замд авах болно. Замын нөхцөл хатуу хөрсөн замтай, замын зарим хэсэгт элсэрхэг, дэржигнүүртэй. Өглөөний 10 цагт нийт 59 тамирчин гараанаас гарлаа.  Энэ өдөр бол Mongolia Bike Challenge 2010 уралдааны аварга Марзио Дехогийн төрсөн өдөр байв. Тэрээр энэ өдрийн уралдаанд түрүүлж өөртөө бэлэг барьж чадах болов уу. Уралдааныг зохион байгуулагчид түүнтэй өрсүүлдэхээр мэргэжлийн тамирчдыг урьсан бөгөөд тэд уралдааны шинэ ангилал болох мэргэжлийн тамирчдад зориулсан ХААН ангилалд хамаарагдан түүнээс аваргын цомыг булаахыг зорьж буй билээ. Энэ ангилалд нийт 8 тамирчид өрсөлдөж буй бөгөөд тэдний хооронд гол өрсөлдөөн явагдана гэж зохион байгуулагчид тооцоолж байв.
Уралдаан эхлээд хэдэн км явж байтал толгойн группт нийт 16 хүн тасран гарлаа. Эхний усны цэг/ тамирчид ус болон ойр зуурын идэх юм авч, хүч сэлбэх цэг/  дээр ирэхэд италийн дугуйчин Мауро Канале, Марзио Дехо нар зогсолгүй дайран өнгөрөв. Тэдний араас Канадын тамирчин Кона дугуй хөлөглөсөн Кори Воллос, Грег Ричи нар нэхлээ. Хүчтэй салхины эсрэг ганцаараа тэмцсэн Марзио Дехо тэдэнд төдөлгүй баригдав. Кори Воллос энэ өдрийн уулын гранпри GPM шагналыг /шагналын минут/ авч эхний гараанд 3 цаг 33 минут З4 секунд явж түрүүллээ.

September 5, 2011

Тогоо нэрэх

Тогоо нэрж архи гаргах нь монголчуудын нэгэн өвөрмөц үйлдвэрлэл. Тогоо нэрдэг нээлттэй, хаалттай гэсэн хоёр арга бий. Нээлттэй арга нь архийг бүрхээрээс шууд цоргоор гаргадаг бол хаалттай арга нь бүрхээр дотор хувин зүүж архи тосох арга юм. Хаалттай аргыг илүү ашигтай гэдэг.  Тогоо нэрэхийн тулд гал дээр айраг буцалгах том тогоо тавьж, айргаа бүрхээрийн ирмэгээс арай доогуур хийж, дээр нъ бүрхээр тавина.
  • 1. Бүрхээр 
  • 2. Исгэсэн айраг буцалгадаг тогоо 
  • 3. Ус халаах халаавч 
  • 4. Ороолт 
  • 5. Чигжээ 
  • 6. Цорго
Тогоо бүрхээр хоёрын нийлсэн завсраар гадагш нь хий алдуулахгүйн тулд даавуугаар сайн чигжинэ. Хэрэв хаалттай аргаар нэрж байгаа бол бүрхээр дотроо архины хувин зүүж, бүрхээр дээрээ ус халаах үүрэгтэй жалавч гэгдэх жижиг тогоо тавиад тогоо, бүрхээр хоёрын хоорондох зайг мөн чигжиж, гадуур нь өнгөлсөн нарийн эсгий юм уу хөвөн тавьж хавж хийсэн өргөн ороолтоор орооно. 

Бүрд сумын нутагт орших хүн чулуу.

Би саяхан MONGOLIA BIKE CHALLENGE 2012 уралдааны шинэ замыг үзэж явахдаа Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Жаргалантын бригадын ойролцоо байх энэ хүн чулууг үзээд зургийг нь авсан юм. GPS: N 47° 6 ' 15.3", E 104° 8 ' 27.4"

July 27, 2011

“Mongolia Bike Challenge 2011” болно .

“Mongolia Bike Challenge” нэртэй Монголоор овоглосон олон улсын дугуйн анхдугаар уралдаан өнгөрсөн жилийн наймдугаар сард Монгол улсын нутгаар болж байсан. Говь, Хангай хосолсон энэ уралдаан нийт 10 гараагаар үргэлжилж, тамирчид Дундговь, Өмнөговь, Өвөрхөнгай, Баянхонгор, Архангай аймгуудын нутгаар нийт 1400 км замыг туулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэзуу хийдийн үүдэнд бариагнд орж байсан билээ. “Mongolia Bike Challenge 2010” уралдаанд 12 орны 92 тамирчин оролцож, Италийн алдарт тамирчин, Италийн уулын дугуйн улсын аварга Марзио Дехо түрүүлснээр уралдааны алтан цом хүртсэн бол Монголын тамирчин, ОУХМ Т.Төгөлдөр, Испанийн тамирчин Карлос Оссенбах нар мөнгө, хүрэл медалийн эзэд болж байв.

Тэгвэл, “Mongolia Bike Challenge 2011” уралдааныг “Монголиа Экспедишнс” компани, Италийн аялал жуулчлалын “Прогетта Авентура” компанитай хамтран долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 12-ны хооронд зохион байгуулах гэж байна. Хоёр дахь жилдээ зохиогдох гэж буй энэ удаагийн уралдаанд 14 орны 70 тамирчин оролцох юм. Оролцогчид Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар говь, хангай хосолсон 1200 км замыг есөн гараанд туулахаар бэлэн болоод байна. Энэ жилийн уралдаанд дугуйн спорт өндөр хөгжсөн Итали, Испани, Франц, Канад, АНУ, Герман, Австрийн чансаа өндөртэй тамирчид оролцох юм.

Уралдаан ХААН, Спортсмен, Мастер 1, Мастер 2, Ахмад, Эмэгтэйчүүд, Тандем гэсэн долоон ангиллаар зохиогдох бөгөөд мэргэжлийн тамирчдад зориулсан ХААН хэмээх ангилалд Итали, Канад, Шинэ Зеланд, Малайз болон Монголын 10 гаруй тамирчин өрсөлдөнө. Тэдгээр тамирчдын дунд өнгөрсөн жилийн уралдааны аварга, Италийн алдарт тамирчин Марзио Дехо багтаж буй. Зохион байгуулагчдын зүгээс Дехогийн гол өрсөлдөгчдөөр Канад, Шинэ Зеланд болон Монголын тамирчдыг байх болов уу хэмээн таамаглаж байна. Харин уралдааны эмэгтэйчүүдийн төрөлд Тайванийн шилдэг триатлончдын нэг тамирчин Сьяо Ю Ли оролцох юм.

“Mongolia Bike Challenge 2011” уралдааны хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Өмнөговь, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын Засаг даргын Тамгын газар оролцож байна. Монголын талаас С1, NTV, Боловсрол суваг телевиз уралдааныг газар дээрээс нь дамжуулах бол Итали, Испани, Тайвань, Хятад, Герман, Австрали, Бельгийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд мөн сурвалжлан, дэлхий нийтийн сонорт хүргэх ажээ.

Энэ жилийн уралдааныг Испанийн алдарт дугуйн брэнд “ORBEA” ивээн тэтгэж, эрэгтэй, эмэгтэй төрөлд нийлбэр дүнгээр түрүүлсэн тамирчдад “ORBEA” брэндийн унадаг дугуй гардуулах юм.

Уралдаанд оролцох тамирчид энэ сарын 30-нд Монголд ирэх бөгөөд 31-ний өглөө 9.30 цагт уралдааны нээлтийн ажиллагаа Сүхбаатарын талбайд болно. Улмаар наймдугаар сарын 1-нд тамирчид Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу нисч, 2-ны өглөө Даланзадгад хотын төвөөс гараагаа хийж, наймдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн өмнө барианд орно. 

July 3, 2011

Цана хадны сүг зурагт.

Цана хөлөглөн ан хийж буй хүн.
МОНГОЛЫН ЭРТНИЙ ЦАНЫН ТУХАИ. Монголчууд бидний өвөг дээдэс нэн эртнээс ангийн аж ахуй эрхлэн аж төрж байгаад дэлхийн бусад ард түмнүүдтэй нэгэн үед Мезолит буюу Дундад чулуун зэвсгийн үед 15000-7000 жилийн тэртээгээс малыг гаршуулж гэршүүлсэн ба монгол орон бол дэлхийн мал аж ахуй үүссэн гурван том голомтын нэг юм. Хүрэл зэвсгийн үед буюу 4000 гаруй жилийн орчимд бидний өвөг дээдэс нүүдлийн мал аж ахуйтай болжээ. Хүн төрөлхтөний нэн эрт ба эртний түүхийг өөрөөр хэлбэл бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн түүхийг судлахад археологийн дурсгал хосгүй их ач холбогдолтой байдаг. Тэдгээрийн нэг том төрлийн дурсгал болох Хадны сийлмэл (хонхойлон цоолборлосон) дурсгалаар Монгол дэлхийд хамгийн баялаг - орон болох нь Монголын болон гадаадын археологчдын хийсэн судалгаагаар батлагдаж байна. Бидний археологчид Монгол Улсын нутгаас хадны зургийн хэдэн зуун дурсгалыг нээн судлаж энэ чиглэлээр 30 орчим эрдэм шинжилгээний суурь бүтээлийг туурвиж Монгол, Орос, Солонгос, Франц, Итали зэрэг оронд нийтлээд байна. Монгол орон тэр дотроос Монгол Алтай, Говь-Алтайн нуруу болон тэдний салбар уулс хадны зургийн дурсгалаар нэн баялаг билээ. Энэ удаа бид Монгол Алтайн зүүн сугаас эх авч урсах Бага Ойгор голын саваас олдсон цанатай анчны зургийн тухай товч өгүүлье.

June 29, 2011

June 5, 2011

Алекс Лоугийн сангийн уулчид Монголд.

2011 оны 5-рсарын 12-ноос 19-ний хооронд АНУ-ын Монтана, Боузманаас Райн Минтон, CJ Картер, Аарон тэргүүтэй 3 сургагч багш, уулчид Монголд ирж Монголын уулчидтай туршлага солицож, Горхи Тэрэлж орж хадан авиралтын техник хэрэгсэлийг хэрхэн ашиглах, авиралтын үед хамгаалалт хэрхэн хийх талаар сургалт хийлээ. Эдгээр 3 уулчин Алекс Лоугийн сангийн шугамаар монголд ирсэн бөгөөд Алекс Лоугийн сангаас өгсөн хадан авиралтын зарим тоног хэрэгслийг Монголын спортын авиралтын холбоооны тамирчдад гардуулж өгөв. Алекс Лоугийн сангийн шугамаар Монголд 2000 оноос хойш хэд хэдэн удаа техник хэрэгсэл өгч байснаас гадна МУБИС салбар Биеийн Тамирын дээд сургуулийн зааланд байдаг авиралтын ханыг бэлэглэж байжээ.

Мэлхий хад Тэрэлж.
Райн Минтон тэргүүтэй америкийн уулчид МУГТ Г. Өсөхбаяр, Изнис эйрвэйз компанийн захирал Мөнхсүх  нарын хамт Тэрэлжийн Мэлхий хаданд амжилтай авирлаа. Мэлхий хаданд анх 1996 онд германчууд авирч, оройд нь хүрэх зам тавьсан байдаг бөгөөд түүнээс хойш герман, монгол, америк гэсэн гарын арван хуруунд багтах цөөн авирагчид оройд гарсан байдаг юм байна.  Мөнхсүх хоёр ч удаа гарчээ. Америкийн уулчид одоо Алтай Таван Богдод байгаа бөгөөд Монголын ноён оргил Хүйтэний оргилд 6-р сарын 3-нд амжилттай авирсан байна. Таван Богд ууланд цас ихтэй, салхи хүчтэй байна гэж утсаар мэдээллээ. Тэд Алтай Таван Богдын бүс нутгаар аялал зохион байгуулж уг аяллынхаа талаар сурвалжлага, богино хэмжээний кино бүтээхээр ажиллаж байна. Уг авиралт болон сургалтыг Монголиа Экспедишнс ХХК зохион байгуулж байна.

May 27, 2011

Б.Гангаамаа Эверестэд авирсаныг батлах батламжаа гардаж авлаа.

Дэлхийн зулай гэгдэх Эверестийн ноён оргилд амжилттай авирсан уулын спортын ОУХМ Б.Гангаамаа  утсаар холбогдож,  тавдугаар сарын 25 буюу өчигдөр өглөө Эверестийн бааз кэмпэд байрлах Хятад, Түвдийн уулын холбооны Эверестийн бааз кэмпийг хариуцсан төлөөлөгч Тензин Тинлайгаас дэлхийн ноён оргил Эверест ууланд авирсныг батлах батламж гардан авсан тухайгаа Б.Гангаамаа утсаар дуулгалаа. Тэрбээр өчигдөр 6500 метрийн өндрөөс доошилж, 5200 метрт байрлах үндсэн кэмпэд ирсэн бөгөөд өнөөдөр “Adventure Extreme” багийн бусад гишүүдийн хамт Балбын нийслэл Катманду хотод хүрэх гэнэ. Харин ирэх сарын 1-нд эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
Эверестийн сертификат
ОУХМ Б.Гангаамаа Даваа шерпагийн хамт

May 22, 2011

ОУХМ Б.Гангаамаа Эверестийн оргилд гарлаа.

Өнөө өглөө 10.15 цагийн үед ОУХМ Б.Гангаамаа сансрын холбооны Иридиум утсаар холбогдон, авиралт амжилттай болж, оргилд гарсныг мэдээлсэн юм. Тэрээр өчигдөр буюу 5-р сарын 21-ний өглөөний 6.30-д Эверестийн оргилд амжилттай гарчээ. Тэрээр өнөөдөр өглөө утсаар холбогдох үедээ 7000 метрийн өндөрт байсан бөгөөд өнөөдөр доош бууж 6000 метрийн өндөрт байрлана.

Балбаас ийм e-mail ирлээ.

Dear Bat,
I just got the news from Advance Base Camp of Everest That Gangama
successfully climbed Mt. Everest yesterday with Dawa and now they are
at north col. Please do finger cross and lets make celebration.
I also would like to send my congratulations to you and your whole team
of Mongolia Expeditions as well as Ganga parents and her friends.
Hope you also got a call from Ganga from Everest.

Its a very good news that finally the dream come to true. Thank you
and waiting for your reply.

Thank you.
Best Regards,
Kumar Karki

May 21, 2011

ОУХМ Б.Гангаамаагийн Эверестийн авиралтын мэдээ.

Эверестэд авиралт хийж буй ОХУ-ын Seven Summit компанийн интернетийн мэдээгээр 5-р сарын 19-ний өдрийн байдлаар Түвдийн тал Эверестийн оргил хүртэлх олсоо тавьж дуусгасан байна. Авирагчид одоогоор 7800 метрт байрлаж байна. 5-р сарын 20-нд авирагчид 8300 метрт хүрч байрлаад 20-ноос 21-нд шилжих шөнө оргилд гарахаар төлөвлөж байна. Эверестийн оргилийн цаг агаар харьцангуй тогтуун, салхины хүч зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэжээ.

Эверестэд авиралт хийж буй ОУХМ Б. Гангаамаагийн утсаар явуулсан мэдээллийг дор сийрүүлж тавив.
2011 оны 5 сарын 10
Оросын 7 summits-нхан маш гоё дайлж байна лээ. Гар бариад бугуй барина гээчээр сая эмчээс нь эмнүүд авлаа. Овоо гайгүй болж байснаа дахиад ханиалгаад болдоггүй ээ. Тэгээд орос эмчээс эм авлаа. Төгс төгөлдөр дайлж байна лээ. Тэнгэр өнөөдөр дахиад л муудаад байна. Олс тавьж байгаа баг 3 өдөр Тэнгэр тосгон (4200м) руу бууж амраад өнөөдөр АВС рүү явсан. 12, 13 гэхэд дуусах юм шиг байна лээ.
2011 оны 5 сарын 11
Эвэрэстийн азгүйтлүүд эхэлж байна даа. Хамгийн мундаг байсан Маркийн (өнгөрсөн жил оргилд гарахад 150м дутсан Чехийн уулчин) майхан нөгөө шуурганд хийссэн байна. Одоо тэр буцахаас өөр замгүй болсон. Нөгөө Эвэрэстэд 14 удаа, тэр дундаа Балба талаас хамгын хурдан гарсан рекордыг тогтоосон Лхагва (lhakpa gelu sherpa) Шерпагийн 2 үйлчлүүлэгчийн 1 нь хоолой нь таг болоод Катманду буцахаар болж байна. Монголчууд минь сайн залбирч байгаа болохоор маш их найдаж байна. Одоо 5800 дээр ирлээ. Маргааш 6500 очоод залгая.

April 28, 2011

ОУХМ Б. Гангаамаа Эверестээс утсаар холбогдлоо.

ОУХМ Б. Гангаамаа өчигдөр буюу 4-р сарын 27 -нд утсаар холбогдож өөрийн авиралтынхаа талаар мэдээлэл өгөв.  Тэрээр Түвдийн талаас байгаа бөгөөд Эверестийн уулын өндрийн кэмпэд 6500 метрийн өндөрт байгаа бөгөөд өндрийн бэлтгэлээ хангаж байна. 5-р сарын 1 нд доошоо бууж бааз кэмп буюу 5200 метрт очино. Тэндээсээ дахин өндөр авна гэж Эверестийн ууланд одоогоор цаг агаар муудаж цасаар шуурч байна гэж сансарын холбооны Иридиум утсаар мэдэгдлээ. Тэрээр 5-р сарын дундуур үндсэн дайралт авиралтаа хийхээр төлөвлөж байна.

April 15, 2011

Монголын уулчин Б. Гангаамаа Эверестийг зорилоо.

Монголын уулчин Б. Гангаамаа Эверестийн оргилд авирахаар энэ сарын 4-ний өдөр эх орноосоо мордсон. Түүний энэ удаагийн авиралтын Түвд, Балбын талтай  харилцах,  олон улсын авиралтын багтай холбох  зохион байгуулалтын ажлыг аялал жуулчлалын Mongolia Expeditions компани зохион байгуулж байгаа бөгөөд Mongolia Expeditions компаний ажилтан А.Батбаяр түүнийг Эверестийн бааз кэмпэд хүргэж өгөхөөр Б. Гангаамаатай хамт Түвдийг зорьжээ.  Тэд Балбаар дамжиж Түвдэд очоод байна, Түвдийн хилээс 30 км-ийн зайтай Нялам нэртэй тосгонд хүрээд авиралтын үндсэн групптэйгээ нэгдэж өндрийн бэлтгэлдээ ороод байна. Б. Гангаамаа Балбын олон улсын багтай нэгдэж Англи, Америк, Канад, Польш, Балбын уулчидтай хамтран авирах юм. Тэдний аяллын зургийг дороос үзнэ үү.

Шар ламын агуй.

Богд уулын Залаатын аманд Шар ламын агуй гэж нэг боржин чулуун тогтоцтой нэгэн хөндийвч байдаг энд дээр үед нэгэн лам /хэдийд байсан нь тодорхойгүй/ бясалгал үйлддэг Агуйн хойд хананд маанийн үсэг сийлж өгсөн байдаг. Хэдийгээр агуйн хажуугаар ойрхон явган зам байдаг боловч эл газрыг хүмүүс төдийлөн мэддэггүй. Агуй дотроо шатласан тавиуруудтай. Хөндийвч учраас хоёр талаараа орох гарах хаалгатай. Агуй орчимын байгалын тогтоц үнэхээр л энд хүн бясалгал үйлдэж, амар амгаланг олж авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн газар шиг санагдсанг байсан гэдэг яриа байдаг.
Хотоос холгүй болохоор өдөртөө яваад, тэнд очоод агуйг үзэж сонирхоорой. Их сайхан газар шүү.

View Шар ламын агуй in a larger map

March 25, 2011

Дэл Хөнжилийн уулын хадны зураг

Дэл уулын хадны зураг
Дундговь аймгийн Өлзийт сумын хуучин Тагт бригадын нутагт 25 км орчим сунаж тогтсон Дэл уул хэмээх жижиг нуруу бий. Эл нурууны зүүн бэлээс өгсүүлэн оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай. Зурагнууд нь билүү чулуут хадны бараа өнгөнөөс бараг ялгагдамгүй. Нурууны олон зуун зурагтай хаднаас харьцангуй баялаг зурагтай гурван уул бий бөгеөд Д.Дорж, Э.А.Новгородова нар эдгээр уулыг Дэлийн зүүн билүү 1,11,111 хэмээн дугаарлаж өөрсдийн бүтээлдээ нийтэлжээ. Зурагнуудын дотор янгир, морь, морь унасан хүн, тэмээний зураг бусдаас харьцангуй олон. Мөн хүн амьтан, шувууд, могойны зураг ч байдаг. Хаданд дүрслэл үйлдэхдээ олон янзын арга хэрэглэсэн агаад голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах аргыг хэрэглэжээ. Энэ цогцолбор дурсгал ерөнхийдөө хэд хэдэн онцлог шинжтэй. Энэ нь нэгдүгээрт, зурагнууд нь он цагийн хувьд харилцан адилгүй, нэг хэв загварын биш. Хоёрдугаарт, хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн нь тод харагдана. Онцолж нэгийг дурдвал гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авахуулан нэгэн урт зүйл унжсан хүний зураг байдаг. Ийм дүрслэлтэй зураг манай орны хадны зураг дотор ер нь тааралддаггүй билээ. Гуравдугаарт, өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүний зураг. Дөрөвдүгээрт, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүний зураг. Тавдугаарт, хүн, мал, янгир, ан амьтдын зураг гэрийн тэжээмэл амьтдыг бодвол харьцангуй их байна. Одоо ч энэ нутагт хулан, зээр гэх мэтийн зэрлэг ан амьтад элбэг билээ. Зургаадугаарт, зарим нэгэн амьтдын хөлийг дээш нь харуулан зурсан байгаа нь магадгүй үхсэн гэсэн санааг агуулсан байж болох. Долдугаарт, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгнүүд сонирхол татдаг. Тухайлбал тэмээний хоёр бөөн дор юмуу янгирын дээр, могойн толгойн дээр, доор гэх мэт. Наймдугаарт, хүрэл зэвсгийн үеийн улаан зосон зурагны дугуй болон дөрвөлжин хүрээний дээр байдаг далавчаа дэлгэсэн бүргэдтэй адил жигүүртний зураг байгаа нь ихээхэн сонирхол татна. Дэлийн зүүн билүүгийн хадны олон зургууд нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үеэс аван төмрийн түрүү үе, цаашилбал Х.Т-ын II зууны үед ч холбогдож болохыг судлаачид тогтоожээ.

Холбогдох ном зохиол: 
Д.Дорж, Э.А.Новгородова. Петроглифы Монголии. УБ., 1975, 30-31-ртал.

March 18, 2011

Адаг Дулааны дайн

Товч агуулга: 
Түүхэнд Адаг Дулааны тулаан гэж нэрлэдэг зэвсэгт мөргөлдөөн 1936 оны 3 дугаар сарын 31-ээс эхлэн гурав хоног үргэлжилсэн бөгөөд энэ нь Монгол ардын хувьсгалт цэрэг бие бүрэлдэхүүнээрээ анх удаа бие даан байлдааны үйл ажиллагаа явуулсан түүхэн явдал юм. Энэ тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан учир Д.Дэмбэрэлд БНМАУ-ын Зоригт баатар нисгэгч, Шагдарсүрэнд Эрхэм нисгэгч цолыг тус тус олгосон байна. Халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй Японы түрэмгийлэгчидтэй эх орноо хамгаалан баатарлаг тулалдсан Д.Дэмбэрэлийг 1938 онд баривчилж хувьсгалын эсэргүү, Япон тагнуулын бүлэг, Гэндэн, Дэмид нарын дуулгавартай нөхөр, Адагдулааны харуулаас дотогш дайсны үлэмж хүч орж ирэхэд цаг тухайд нь мэдэгдэлгүй дайсны халдан довтлох ажилд тус болсон зэрэг огт байгаагүй хүчээр ял тулгаж 1938 оны 3 дугаар сарын 4-ний өдөр буудан алах ял ноогдуулан нийт 14 хүний хамт тогтоолыг гүйцэтгэсэн байдаг. Түүнээс ердөө 1 жил 2 сарын дараахан Халх голын дайн эхэлсэн билээ.

March 15, 2011

Газар хөдлөлтийн тухай

1905 оны Булнайн газар хөдлөлтөөс үүсэн хагарал
Хүн төрөлхтний аж амьдралд хамгийн их хор хөнөөл учруулдаг байгалийн гамшгийн эн тэргүүнд газар хөдлөлтийг нэрлэж болох юм. Зуд турхан, ган гачиг, үер ус боллоо гэхэд хэсэг бусагхан нутгийг л хамраад өнгөрдгөөс бус хүн зоны сэтгэл зүй, амь амьдралыг газар хөдлөлт шиг тэр чигээр нь хоосруулаад одох нь барагтай л бол үгүй. Баримтаас үзэхэд өнгөрөгч XX зуунд магнитуд шаталбарын найман балл ба үүнээс хүчтэй /энэ тохиолдолд бүхий л зүйлс бүрэн эвдэрч сүйднэ/ газар хөдлөлт 170 удаа болж, гамшгийн улмаас хоёр сая гаруй хүн амь насаа алдсан гэсэн тооцоог АНУ дахь газар хөдлөлт судлалын олон улсын холбооноос гаргажээ.
Дээрх аюултай газар хөдлөлтүүдийн дөрвөн тохиолдол нь манай улсын нутаг дэвсгэрт гарчээ. Тэгэхээр газар хөдлөлт Монголчуудын хувьд тийм ч үл таних зүйл биш гэж ойлгож болох нь. Энэ аюулт үзэгдлийг далай тэнгис, арал, эзгүй цөлд гардаг гэж тайвширч болохгүйг эх газарт сүүлийн жилүүдэд болсон газар хөдлөлтийн олон жишээнээс харж болно. Тухайлбал, Армянд газар хөдөлж үй олон хүн орох оронгүй болоход Монгол улс сайн санааны үүднээс хандив цуглуулж, дулаан хөнжил, майхан сав, ажиллах хүчнээр тусалж байсан нь саяхан. Мөн хамгийн сүүлд БНХАУ-ын нэгэн мужид болсон газар хөдлөлтөөс газар хөдлөлтийн хор уршгийг олж харсан бизээ.
Нүүдэлчин монголчуудын хувьд газар хөдлөлт болохыг зөн совингоор ч юм уу мэдээд зайлан нүүдэг байсан тухай ам дамжин ярилцдаг. Газар хөдлөхөд адуу мал тал газар руу пижигнэн давхиж, хоточ банхрууд сүүлээ хавчин газрын нам руу гүйдэг гэлцдэг. Зөвхөн мал гэлтгүй ан амьтан, жигүүртэн шувууд хүртэл сандран үймж, дайжин зугтахаар багцаалан ямарваа нэгэн байгалийн үзэгдэл болон нь гэдгийг манай ард түмэн мэдэрч ирсэн уламжлалтай.

March 12, 2011

Чингисийн чулууны бичиг.

Чингисийн чулуу
Эртний үсэг бичгийн ховор нандин дурсгалын нэг чулуун дээр урлан сийлбэрлэсэн монгол худам бичгийн бичээс бол Чингисийн чулуу юм. Монгол бичгийн одоогоор олдсон дурсгалуудаас хамгийн эртнийх нь 1224-1225 оны орчимд бичигдсэн Чингисийн чулуу бичиг юм. Уг чулуун судар нь тэнгэр газрын харьцаа үг үсгийн мөр тэтгэх ёс, хүндэтгэл, бахархлын өгүүлэмжтэй. Есүхэй мэргэний гэрэлт хөшөө (Чингисийн чулууны бичиг)-ний бичгийг 1818 он оросын судлаач Г.И. Спаский Хархираа голын хавиас олж «Сибирский вестник» сэтгүүлд уг олдворынхоо талаар нийтлүүлжээ. 1832 онд Петербургийн үзэсгэлэнд тавьж нийтэд үзүүлжээ. Чингисийн чулуу нь ОХУ-ын Санктпетрбург хотын Эрмитажийн Монголын соёлын танхимд хадгалагдаж байна. Уг чулууны хуулбар нь Монгол Улсын түүхийн төв музейд байгаа билээ. Гэрэлт хөшөө нь 202 см өндөр, 74 см өргөн, 22 см зузаан хэмжээтэй засмал боржин чулуун дээр босоо монгол бичгээр мөр тэтгэн Чингис хаан гэж эхлэн, таван мөр монгол бичгээр хорин нэгэн үг сийлэн урлажээ. Уг хөшөө нь монгол баатрын сур харвах ур чадвар,а мжилтыг мөнхөлсөн хосгүй дурсгал юм. 1930-аад он хүртэл монголч эрдэмтэн академич Шмидт, багш Ваанчиг, Б.Дорж, И.Клюкин, С.Мураями, Ч.Дамдинсүрэн, Ш.Бира, Д.Жамсранжав, Б.Ринчен нар янз бүрээр уншиж тайлбарлаж байв. Эрдэмтдийн тайлснаар: “Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож байхдаа Хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичжээ. Тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан алдыг 160 см гэж үзвэл 536 метр хол газар харваж оносон болох юм.

Даян нуур

Даян нуур
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт Өндөрхайрхан уулын зүүн хойд бэлд 2232 м өндөрт оршдог. 18 км урт, 9 км өргөн, 67 ам.дөр.км талбайтай. Гүн нь 40 метр, усны эзэлхүүн нь 0,157 шоо км юм. Монгол Алтайн нурууны Мөнх цаст уулаас эх авсан жижиг гол горхиудаар тэжээгдэж байдаг. Усаа цуглуулах талбай нь 870 ам.дөр.км, эртний мөстлөгөөс үүсэн тогтсон нуур юм. Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газарт багтана. Нуурын зүүн урд Даян баатарын хөшөө гэж түрэгийн нэгэн ур хийц сайтай хүн чулуу бий.

March 11, 2011

Travelogue - Харбин хот, Хэйлонжиан муж.

Хятадын төв телевизийн CCTV9 сувгийн Travelogue хэмээх нэтрүүлэг байдаг. Travelogue-гийнхан энэ удаа Хятадын зүүн хойд муж Хэйлонжиан, Харбин хотоор аялж нэвтрүүлэгээ бэлтгэжээ. Уг бичлэгээс хөрш улс маань аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж буйг үзээрэй. Энэ нэвтрүүлэгт Харбин хотод зохион байгуулагддаг Мөсний баяр, Сибирийн бар дэлхийд хамгийн олон тоогоор байдаг Харбины амьтны хүрээлэн, далайн гахай, хав зэрэг амьтдын тоглолт зэрэг сонирхолтой зүйлс багтсан нэвтрүүлэгийг хүргэж байна..