September 19, 2011

Цагаан сүмийн туурь балгас.

Архангай аймгийн Хотонт сумын нутаг Цагаан Сүмийн талд орших нэг туурь байдаг.  Уйгарын үед холбоотой гэж эрдэмтэн судлаачид үздэг бөгөөд хэд хэдэн малтлага хийсэн байна. Ер нь нэг их мэдээлэл байхгүй юм байна. Зарим сурвалжаас үзэхэд: Үүнийг Өгөөдэй хааны орд байсан гэх цухас мэдээ байдаг. Өгөөдэй хаан Цагаан сүмийн рашаанд биеэ сувилж амрах зорилгоор юмуу, өөр ямар нэг зорилгоор ийнхүү орд харш бариулж суурьшиж байсан байж болох талтай. Нөгөө талаар эрдэмтэн О. Намнандорж гуай Цагаан сүмийн рашааныг XIII зууны үед тохижуулж ашиглаж байсан тухай бичсэн байдаг. Мөн цагаан сүмийн голын эхэнд нэгэн барилгын үлдэц ором байдгийг “Цагаан сүм” хэмээн нэрлэдэг. Эл сүмийг нэлээд эрт дээр үед магадгүй монгол нутаг дээр байсан эртний улсуудын үед ч хамаарч болох юм хэмээн эрдэмтэд үздэг бололтой юм. Туурийн ерөнхий байдал нь: Байгууламжийг наран ургах зүг хандуулан барьсан бөгөөд 3 давхар хана хэрэмтэй байсан ул мөр тод харагдана. Үүнээс харахад 13-р зууны үеийн монголчуудын хот байгуулах арга хэлбэрээс өөр зохион байгуулалтай тул Уйгар юм уу эсвэл түрэг гаралтай улс аймгийн байгуулсан суурин байж болох талтай.

Mongolia Bike Challenge 2011 - 3-р гараа.

Mongolia Bike Challenge 2011 - 3-р гараа. Хонгорын Элснээс гарч Халтар загийн хоолойг гатлан Арц Богдын нурууны Алтан амаар гарч эртний түүхт Тэвш уулын хажуугаар Тоглоомын тойрог хүртэл нийт 115 км замд уралдав. Өглөө гарааанаас гарахад салхи асар хүчтэй салхилж байсан ч салхины чиг өөрчлөгдөж дугуйчидын араас салхилж байсан тул дугуйчид өндөр хурдыг гаргаж байлаа. зарим газарт цагт 60 км хурдыг үзүүлж байв.  Энэ өдрийн гараанд Германы дугуйчин Gerber Sven түрүүлж, Австралийн дугуйчин Rohin Adams удаалж, италийн тамирчин Daniele Sassaroli гуравт оров. Уралдааныг тэргүүлэгчид замын сүүлийн хэсэг Арц Богдын нурууны Алтан ам буюу Янгиртын хавцлын төгсгөлд тавьсан замын тэмдэг алга болсноос болж 10 орчим км төөрсөн, гэвч тэд энэ гараанд 6, 8-р байруудыг эзэлсэн. Тойм бичлэгийг дороос үзнэ үү.

September 15, 2011

Эва Шүбэрт: Алтайн магтаалыг судалсан нь.

Эва Шүбэрт (Монгол улсын Ховд их сургууль) 
1. Алтайн магтаалыг судлах хэрэгцээ 
Алтайн магтаал гэдэг бол монгол ардын баатарлаг туульс гэсэн ардын аман зохиолын нэгэн төрөлтэй нягт холбоотой, эртний үеэс уламжилж ирсэн, өөрийн гэсэн өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, зорилго ач холбогдол, түүх уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Тууль хайлахын өмнө туульч, сонсогчдын бэлтгэл болж хэлэгддэг энэ магтаалыг судлах нь монгол ардын баатарлаг туульсын судлалд чухал байр эзлэх ёстой. Монгол ардын баатарлаг туульсыг сурвалжлан тэмдэглэх судалгаа одоогоос 200 жилийн өмнө эхэлсэн гэж үзэж болно. Энэ хугацаанд Монгол, Орос болон бусад гадаад эрдэмтэд судлаачид туулийг судлахдаа заримдаа Алтайн магтаалыг онцгойлон дурдаж, улмаар монгол судлаачид үүнд илүү анхаарал тавьж, Алтайн магтаалын байр суурийг тэмдэглэн, хэд хэдэн хувилбар ялгаж гаргасан боловч өнөө хүртэл Алтайн магтаалыг дагнаж судалсан эрдэм шинжилгээний бүтээл бидний судалгаанаас үзвэл нийтлэгдээгүй байна. Монгол тууль судлалын зарим асуудал, 1999, (1) гэсэн номдоо тууль судлаач Б.Катуу “Энэ талаар дагнасан судалгаа өнөө хэр хийгдээгүй...” харин “тууль судлагчдын бүтээлд анхааран тэмдэглэсэн нь мэр сэр тааралдана” гэжээ. Энэ үг одоо хүртэл Алтайн магтаалыг судалсан байдлыг тодорхойлж байдаг. Ном зүйгээс үзсэн ч, эрдэмтэн, судлаач, багш нараас сурагласан ч дээрх дүгнэлт батлаглаж байлаа. Ийм учраас олон судлаачийн бүтээлүүд болон бусад эх сурвалжаас олдож байгаа мэдээллийг цуглуулж, эмхтгэн цэгцэлж, дүгнэлт гаргах болон нийтэд таниулах нь аман зохиол судлалын маш чухал үүрэг гэж үзэж байна.
Алтайн магтаалыг судлах хоёр гол эх сурвалж байдаг: нэгд, туулийн судлал буюу туулийг судалсан ном, эрдэм шинжилгээний бүтээл, туульчдаас авсан бичмэл болон соронзон хальсанд буулгасан тэмдэглэлүүд, хоёрт, монголын ерөөл магтаалыг судалсан эх сурвалжууд. Үүнээс гадна орчин үеийн урлагийн чанартай хувилбаруудыг судалж, уламжилж ирсэн шинжээр нь арай эртнийхийг нь тогтоож, харьцуулан судалж болох юм.
2. Алтайн магтаалын тодорхойлолт

Монгол ардын баатарлаг тууль хайлах явдал тогтсон тодорхой дэг журамтай байдаг. Энэ нь нэг талаас туулийн эртний уламжлал, нөгөө талаас зан үйлийн чанартай нь холбоотой гэж үзэж болно. XIX зууны үеэс XX зууны хоёрдугаар хагас хүртэлх үеийн нэрт туульчдын хувьд тууль зөвхөн урлагийн бүтээл байхаар зогсохгүй тууль хайлах нь хайлуулж байгаа айлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд заримдаа тухайн айлд туссан бэрхшээл зовлон арилгахаар туульчийг дуудан тууль хайлуулдаг байжээ. Тууль хайлах нь үзэгдэшгүй ер бусын ертөнц, дэлхийг бүрдүүлж захирдаг гэж үздэг уул усны эзэд, лус савдагтай холбоотой тул зан үйлийн үүднээс тууль хайлахаас өмнө байгаль орчноо магтсан дээдэлснээрээ эл ер бусын амьтдыг баясган эвлүүлж, тэдний уур хилэнд өртөхгүй хамгаалалттайгаар туулиа гүйцэд хайлж үр дүнд хүргэж болно. Ингэж тууль хайлахаасаа өмнө монгол туульчид оршилд нь Алтай уулсыг, зарим тохиолдолд газар нутгийнхаа бусад уулсыг магтан дуулахыг Алтайн магтаал гэж хэлнэ. Бас туульчийн газар нутгаас шалтгаалан зарим нь Алтайн магтаалыг “Алтай хайлах”, “Туулийн оршл магтаал “, “Алтайг магтах”, “Баян Алтай”, “Алтай уулын магтаал” зэрэг янз янзаар нэрлэж зарим газарт харин “Алтай Хангайн магтаал”, Хангайн магтаал”-ыг хайлдаг. Мөн магтаал гэдгийг “тухайн дүрслэгдэхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг” гэж Ш.Гаадамба, Х.Сампилдэндэв нар Монгол ардын аман зохиол , 1988 (2) гэсэн номдоо тодорхойлсон байдаг. Алтайн магтаалыг туульчид голдуу товшуур хөгжим (Урианхай), морин хуур, „экэл”(Халх) эсвэл зарим туульчийн хувьд – арай ховор тохиолдолд – хөгжимгүйгээр хэлдэг. Хэлэхдээ хөөмийлж эхлээд дараа нь бүдүүн аргил хоолойгоор дуулах нь Алтайн өндөр уулсын байгаль, хүрхрээний усны шуугиан, ууланд цуурайтах дуу чимээг дүрслэн Алтайн сүрлэг бадрангуй байдлыг илэрхийлдэг. Үүнд Алтай хайлах хоёр янзын хоолой байдаг бөгөөд “өндөр хоолой” гэдэг нэг дээр нь дуугаа маш түрэлттэй гаргадаг учир туульчаас хүч их шаарддаг байхад “нам хоолой” гэдэг нь энгийн дуулах байдалд илүү ойролцоо бөгөөд хайлахад биед арай амар байдаг ажээ.

Алтайн магтаал

Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Бyлгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бvрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сvрэгтэй
Хyн цэн шувуу цэнгэлтэй
Хyр цэцгийн шvvсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Yзvvрийг нь бариад гарахад
Yнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилvvс дvvлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сvлждэг
Ариyн тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиy дээрээ намаржаатай
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Өвөр дээрээ өвөлжөөтэй
Өвлийн гурван сар нь өнтэй
Арвин их тал нутаг минь
Алтан тариа халиуран найгасан
Жирийсэн сайхан дардан замаар нь
Жингийн олон тэмээ нь цувсан
Бvх баялгаар чимэгдсэн
Бyyрал өлзийт Алтай минь
Өглөө жингээр униартаж л байдаг
Өдөр дундаа суунаглаж л байдаг гэвэлээ
Үеийн үедээ үнэтэй тарган байдаг
Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь билээ

September 14, 2011

Дугуй, дугуйн аяллын тухай.

Леонардо Да Винчигийн модон дугуй.
Хүн төрөлхтөний бий болгосон гайхамшигт бүтээлийн нэг бол унадаг дугуй. Унадаг дугуй нь хүн төрөлхтөний амьдрал ахуйдаа хэрэглэж буй хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл. 2005 онд Их Британи улсад явуулсан нэгэн асуулгаар унадаг дугуй бол 1800 оноос хойш хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн аугаа техник гэж үзсэн байдаг. Унадаг дугуй хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болж чадсаны нууц нь хямд төсөр, хөнгөн, зай бага эзэлдэг, түлш шатахуун хэрэглэдэггүйд оршино. Дугуй бол хөлийн булчингийн хүчээр хөдөлдөг тээврийн хэрэгсэл. Ихэнхи унадаг дугуй хоёр дугуйтай, Гэхдээ гурав, дөрөв тэрч бүү хэл ганц дугуйтай ч бий. Унадаг дугуйг зориулалтаар нь олон ангилж болно. Жишээ нь зөвхөн хотын цардмал зам дээр явахад тохиромжтой ХОТЫН, бартаат замд унаж явах УУЛЫН, аялалд зориулсан ЖУУЛЧНЫ, бага зай эзэлдэг ЭВХЭГДДЭГ, уралдааны зориулалттай СПОРТЫН гэх мэтээр ангилдаг. Уулын дугуй бартаат замд найдвартай бол жуулчины дугуй ачааны даац сайтай байдаг. Хоёр ба түүнээс дээш тооны хүн суудаг дугуйг ТАНДЕМ гэж нэрлэдэг.
Ефим Артамановын дугуй.

1800 оноос өмнөх үед хамаарах түүхийн сурвалжид унадаг дугуйны тухай бичигдсэн зүйл алга. Сэргэн мандлын үеийн суут эрдэмтэн Леонардо Да Винчи өөрийн сурагч Жакомо Капроттид илгээсэн захидалдаа унадаг дугуйг дүрсэлсэн зургийг хавсарган илгээж байжээ. Унадаг дугуйг 1800 оны үед Ефим Артаманов гэдэг тариачин эр зохион бүтээж Уралын нурууны Верхотурье гэдэг тосгоноос Москва руу аялсан гэдэг. Энэ нь хүн төрөлхтөний анхны дугуйн аялал гэж үзэж болно. Оросын эзэн хаан Ефим Артамановыг дугуй зохион бүтээн аялсан эр зоригийг нь үнэлж хамжлагаас халсан гэдэг. Түүний бүтээсэн энэ дугуй одоо ОХУ-ын Нижный Тагил хотын музейн үзмэрт хадгалагдаж байна. Нижный Тагил хотын гудамжинд түүний энэ аяллыг олонд түгээх зорилгоор хүрэл хөшөө бүтээн байрлуулсан байдаг. Түүнээс хойш дугуйг улам боловсронгуй болгох олон оролдлогууд хийгджээ. Өнөөгийн бидний унаж буй дугуйг Rover гэж нэрлэдэг бөгөөд түүнийг 1884 онд английн зохион бүтээгч Жон Кэмп Старли зохион бүтээж 1887 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлжээ. Rover дугуйны урд, хойд дугуйн хэмжээ яг ижил, хойд дугуйндаа хөтлөх арааг байрлуулсан байдаг. Жон Кэмп Старлигийн зохион бүтээсэн дугуйг хамгийн аюулгүй гэж хүлээн зөвшөөрөгджээ. Унадаг дугуй 1898 он гэхэд гар тоормозтой болсон бол 20-р зууны эхээр л хурдыг нэмэгдүүлэх зорилгоор араа солидог механизмтай болсон байдаг.

September 8, 2011

Mongolia Bike Challenge 2011 уралдааны 2-р гарааны тойм.

Уралдааны замд
Mongolia Bike Challenge 2011 уралдааны 2-р гараа ДундСайхан уулын Шавартайн хуудсаас өглөө 7.30-д гараанаас гарч Хуудсын талаар уралдан Наранбулагийг уруудан Хонгорын Элсний ойролцоо байрлах Говь Дисковери гэр баазад бариагаа барилаа. Нийт 126 км замд 1040 метрийн өндөр авах болно. Энэ өдрийн уралдааны эхний 80 км зам нь тэгш хатуу гадаргуутай тул тамирчид илүү өндөр хурдыг гаргах боломжтой бол сүүлийн 46 км зам нь сул хайргатай, элсэрхэг, дэржигнүүр ихтэй замыг туулах болно. Энэ өдрийн уралдаанд эхний гараагаа Канадын дугуйчдад алдсан Марзио Дехог хэрхэн уралдах бол. Өглөө гараанаас гарахад л Марзио их хүчтэй, хурдан гарсан. Тэрээр 95 дахь км-ээс эхлэн толгойн группээс тасран гарч энэ байдлаа хадгалан уралдсаар энэ гарааны ялагч боллоо. Түүний дараа Канадын дугуйчин Кори Воллос удааллаа. Кори энэ өдрийн уралдааны сүүлийн 10 км замыг ийм хүнд нөхцөлтэй байна гэж бодоогүй бөгөөд өмнө ийм элс хайргатай говь цөлийн газар орон дээр уралдаж байгаагүй юм байна. хэлсэн. Эмэгтэйчүүдийн төрөлд Австралийн Мелинда Жексон түрүүллээ.

September 7, 2011

Mongolia Bike Challenge 2011 уралдааны 1-р гарааны тойм.

Дугуйчид гараанаас...
Монгол Улсад хоёр дах удаагаа зохион байгуулагдаж буй Mongolia Bike Challenge 2011 уралдааны 1-р гараа Өмнөговь хотын Даланзадгад хотоос гарч Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Гурван Сайхан уулыг хаяалан явж Дунд Сайхан уулын Шавартайн хуудас гэдэг газар бариагаа барилаа. Энэ өдөр тамирчид нийт 770 метрийн өндрийг 80 км замд авах болно. Замын нөхцөл хатуу хөрсөн замтай, замын зарим хэсэгт элсэрхэг, дэржигнүүртэй. Өглөөний 10 цагт нийт 59 тамирчин гараанаас гарлаа.  Энэ өдөр бол Mongolia Bike Challenge 2010 уралдааны аварга Марзио Дехогийн төрсөн өдөр байв. Тэрээр энэ өдрийн уралдаанд түрүүлж өөртөө бэлэг барьж чадах болов уу. Уралдааныг зохион байгуулагчид түүнтэй өрсүүлдэхээр мэргэжлийн тамирчдыг урьсан бөгөөд тэд уралдааны шинэ ангилал болох мэргэжлийн тамирчдад зориулсан ХААН ангилалд хамаарагдан түүнээс аваргын цомыг булаахыг зорьж буй билээ. Энэ ангилалд нийт 8 тамирчид өрсөлдөж буй бөгөөд тэдний хооронд гол өрсөлдөөн явагдана гэж зохион байгуулагчид тооцоолж байв.
Уралдаан эхлээд хэдэн км явж байтал толгойн группт нийт 16 хүн тасран гарлаа. Эхний усны цэг/ тамирчид ус болон ойр зуурын идэх юм авч, хүч сэлбэх цэг/  дээр ирэхэд италийн дугуйчин Мауро Канале, Марзио Дехо нар зогсолгүй дайран өнгөрөв. Тэдний араас Канадын тамирчин Кона дугуй хөлөглөсөн Кори Воллос, Грег Ричи нар нэхлээ. Хүчтэй салхины эсрэг ганцаараа тэмцсэн Марзио Дехо тэдэнд төдөлгүй баригдав. Кори Воллос энэ өдрийн уулын гранпри GPM шагналыг /шагналын минут/ авч эхний гараанд 3 цаг 33 минут З4 секунд явж түрүүллээ.

September 5, 2011

Тогоо нэрэх

Тогоо нэрж архи гаргах нь монголчуудын нэгэн өвөрмөц үйлдвэрлэл. Тогоо нэрдэг нээлттэй, хаалттай гэсэн хоёр арга бий. Нээлттэй арга нь архийг бүрхээрээс шууд цоргоор гаргадаг бол хаалттай арга нь бүрхээр дотор хувин зүүж архи тосох арга юм. Хаалттай аргыг илүү ашигтай гэдэг.  Тогоо нэрэхийн тулд гал дээр айраг буцалгах том тогоо тавьж, айргаа бүрхээрийн ирмэгээс арай доогуур хийж, дээр нъ бүрхээр тавина.
  • 1. Бүрхээр 
  • 2. Исгэсэн айраг буцалгадаг тогоо 
  • 3. Ус халаах халаавч 
  • 4. Ороолт 
  • 5. Чигжээ 
  • 6. Цорго
Тогоо бүрхээр хоёрын нийлсэн завсраар гадагш нь хий алдуулахгүйн тулд даавуугаар сайн чигжинэ. Хэрэв хаалттай аргаар нэрж байгаа бол бүрхээр дотроо архины хувин зүүж, бүрхээр дээрээ ус халаах үүрэгтэй жалавч гэгдэх жижиг тогоо тавиад тогоо, бүрхээр хоёрын хоорондох зайг мөн чигжиж, гадуур нь өнгөлсөн нарийн эсгий юм уу хөвөн тавьж хавж хийсэн өргөн ороолтоор орооно. 

Бүрд сумын нутагт орших хүн чулуу.

Би саяхан MONGOLIA BIKE CHALLENGE 2012 уралдааны шинэ замыг үзэж явахдаа Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Жаргалантын бригадын ойролцоо байх энэ хүн чулууг үзээд зургийг нь авсан юм. GPS: N 47° 6 ' 15.3", E 104° 8 ' 27.4"