MONGOLIA BIKE CHALLENGE

МОНЦАМЭ - ний сурвалжлагч Х. Эрдэмбилэг.
Аялал жуулчлал манай улсад хөгжиж байна. Тэр тусмаа адал явдалт аялал жуучлал түлхүү хөгжих янзтай. Онгон зэлүүд газар нутгаар аялж, нүүдэлчдийн өвөрмөц соёлыг бодиттойгоор үзэх гэсэн хөгжингүй орны жуулчид эх орныг маань зорин олноороо ирэх боллоо. Монголын аялал жуулчлалын байгууллага, тур операторууд ч энэ хандлагыг анзаарч үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв хүсвэл хэнбугайн ч жинхэнэ нүүдэлчдийн ёс заншлыг биеэрээ мэдрэх боломжтой болжээ. Харин 2010 оноос эхэлж зохион байгуулагдаж байгаа “Моngolian Bike Challenge” олон улсын уулын дугуйн уралдаан бол энэ нийтлэг хандлагыг дагаагүй. Гадаадын жуулчид манайд ирж морь уралдахыг харах биш харин бид тэднийг уралдуулж хэн нь “шандастайг” харж баясах болно. Монгол зөвхөн эсгий гэртэй талын нүүдэлчдийн эх орон биш харин газар нутгийнхаа өвөрмөц тогтолцоог ашиглаж 21 дүгээр зууны спортыг ч хөгжүүлэх чадалтай улс орон гэдгийг дэлхийд сурталчилж чадсан нь энэ уралдааны гол онцлог. “Монголд дугуйн аялал хөгжөөд нэлээн хэдэн жил байгаа боловч яг энэ цар хүрээнд хийгдэж байгаагүй. Энэ тэмцээнийг зохион байгуулснаар гадаадын жуулчид, тамирчид манай орныг арай өөр нүдээр хараад Монгол гэдэг зөвхөн эсгий гэртэй, морь унасан хүмүүс биш харин орчин үеийн спорт хөгжсөн, хөгжих боломжттой улс юм байнаа гэдгийг мэдэх болно” гэж “Mongolia Expeditions”-ийн захирал С.Алдархишиг уралдаанаа танилцуулахдаа итгэлтэй хэлсэн юм.
Уг уралдааныг 2010 онд Монголын адал явдалт аялал жуулчлалын тур оператор “Mongolia Еxpeditions” Италийн “Progetto Avventura Eventi” байгууллагатай хамтран анх зохион байгуулсан бөгөөд анхны тэмцээнд нийт 12 орны 92 тамирчин оролцсон байна. Харин энэ жил 108 тамирчин оролцох аж. 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 13-ны хооронд уралдаан болно.

“Манай уралдаан Монгол орныг дугуйн спортоор дэлхийд таниулах зорилготой. Жил бүр зохиогдоно. Өндөр мэргэжлийн болон өндөр түвшинд бэлтгэгдсэн сонирхогч тамирчдын дунд зохион байгуулдаг” гэж Алдархишиг уралдаанаа цааш танилцуулав. Тус уралдаан нь дугуйн спортоор дамжуулж Монголыг дэлхийд танилцуулахаас гадна чансаа өндөр уралдаан зохион байгуулах далимандаа аялал жуулчлалын шинэ зах зээл бий болгох, олон нийтэд эрүүл амьдрах, байгальд ээлтэй байхыг сурталчлах, дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлыг эерэгээр шийдэхэд хүн төрөлхтнийг уриалан идэвхжүүлэх гэх мэт олон зорилго агуулжээ.
“Бид уралдаанд оролцогчдынхоо тоог энэ жил 108-аар хязгаарлаж байгаа. Одоогийн байдлаар энэ нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бага байлгахад тохиромжтой тоо” гэж Алдархишиг хэлэв.Оролцогчид тусгай заасан газар л хог хаягдлаа хаяж болдог нь уг уралдааны бас нэг онцлог. Энэ талаар Алдархишиг “Дэлхий нийтээрээ байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байхад ихээхэн анхаарч байгаа. Бид ч гэсэн үүнд анхаарч уралдааныхаа дүрэмд тамирчид хогоо хаяхгүй, хэрвээ хог хаясан тохиолдолд эхний удаа шийтгүүлнэ. 40 минутын торгууль авна. Хэрвээ хоёр дахь удааагаа хог хаявал шууд тэмцээнээс хасна гэсэн заалт оруулсан” гэв. Өнгөрсөн оны уралдаанд хог хамаагүй хаяснаас болж хасагдсан тамирчин байгаагүй, харин торгуульсан тамирчид байсан агаад хог хаясан тамирчдыг торгосноос хойш бүгд хаяхаа больсон ажээ. “Ер нь бол нийтдээ 1200 км зам туулж байгаа учраас бидэнд замын турш хогын сав байрлуулах ямар ч боломж байхгүй. Тийм учраас тамирчид идэж уусан зүйлсийнхээ бүх хог, сав суулгыг зөвхөн бариан дээр эсвэл бидний тогтоож өгсөн ус цэнэглэх, хоол хүнс сэлбэх цэгүүд дээр хаяж болно” гэж Алдархишиг учрыг тайлбарлав.

Энэ жилийн уралдаан 9 гараатай, нийт 1200 км зам туулах аж. Уулын дугуйн уралдаан дотроо засмалын болон бартаат замын гэж хоёр хуваагддаг. Харин “Моngolian bike challenge” бол бартаат замын уралдаан гэнэ. Уралдаан Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн газар нутгаар дайрна. Дунджаар 100 км урттай 9 гараатай. Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос гараад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн үүдэнд эцсийн бариагаа барина. Энэ замыг зохион байгууллагчид сонгосон нь монголын говь хангайг гадаадын жуулчдад танилцуулж, дэлхийд танигдсан үзмэрүүдээ үзүүлэх давхар, давхар зорилго өвөрлөсөн аж.
“Моngolian Bike Challenge” бол Ази тивд анх удаа болж байгаа уулын дугуйн бартаат замын уралдаан гэнэ. “Энэ төрлийн уралдаан Австриал, Өмнөд Америк, Хойд Америк, Африкийн улсуудад болж байсан болохоос Ази тивд огт болж байгаагүй” гэж Алдархишиг хэлэв.

Энэ уралдааныг монголын талаас зохион байгуулж байгаа хүмүүс уралдаанаа жилийн жилд боловсронгуй болгож Дэлхийн дугуйн холбооны жилийн хөтөлбөрт багтаах бас нэг зорилготой байгаа юм байна. Энэ талаар Алдархишиг “Дэлхийн дугуйн холбоо гэж бий. Энэ холбоонд бартаат замын төрөл хараахан бүртгэгдээгүй байдаг. Харин яваандаа энэ төрөл бүртгэгдээд, манай уралдаан ДДХ-ны жилийн төлөвлөгөөнд орвол бид өөрсдөө маркетингаа хийх биш харин ДДХ хийх болно. Тиймээс бид одооноос уралдаанаа өндөр түвшинд хийх учиртай” гэж ярив. Түүний хэлснээр бол дэлхийд дугуйн спортын 9 төрлийн уралдаан болдог юм байна.

Одоогийн байдлаар 2011 оны тэмцээнд 15 улсын 65 тамирчин бүртгүүлсэн байгаа гэнэ. Бүртгүүлсэн тамирчдын 30 хувь нь эмэгтэй тамирчин байгаагаас харахад эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байгаа ажээ. “Моngolian Bike Challenge”-ийн гол зах зээл нь Европын холбооны улсууд учраас гадаадын тамирчид тэмцээнд бүртгүүлэхдээ еврогоор төлбөр тооцоогоо хийдэг аж. Хэрэв 2011 оны 2 дугаар сарын 28-наас өмнө бүртгүүлвэл 1590 евро, харин хожуу бүртгүүлвэл 1890 евро гэх мэт хэлбэлзэлтэй байдаг юм байна.

“Моngolian Bike Challenge 2011” уралдаан хаан, тамирчин, мастер 1, мастер 2, ахмад, эмэгтэйчүүд, тандем (хоёр дугуй) гэсэн 7 ангиллаар зохиогдоно. Бүхий л насны хүмүүс оролцох боломжтой ажээ. Нэг ангилалд таваас дээш хүн уралдах ёстой юм байна.

Мориноос хурдан хүн
 
Өнгөрсөн жил манай улсаас 11 тамирчин орсон байна. Мөн дэлхийд алдартай испанийн тамирчин Роберт Херас, италийн аварга тамирчин Марзио Дехо хоёр ирж өрсөлджээ. Марзио Дехо өнгөрсөн жилийн аварга болж монголын тамирчин Т.Төгөлдөр 2 дугаар байранд орчээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд италийн тамирчин Степани Валсечи түрүүлжээ. Орон нутгийн оршин суугчид 2010 оны уралдаанд түрүүлсэн Марзио Дехог “машинаас хурдан хүн”, “мориноос хурдан хүн” гэж нэрлэж байжээ. Хээрийн нөхцөлд хоол унд бэлдэнэ гэдэг бэрхшээлтэй асуудал. Тэр тусмаа тамирчид, бүр 200 гаруй хүнийг 10 өдөр хооллож ундлана гэдэг тоглоом биш. 2010 оны уралдаанд оролцогчид 16 мянган литр цэвэр ус ууж, 6 мянган ширхэг лаазтай кока-кола уусан байх юм.

“Хоол ундыг нь яаж бэлдэж байсан бэ?” гэдэг асуултанд Алдархишиг их бахархалтай хариулсан юм. “Анхны уралдаанд оролцсон тамирчид биднийг их магтсан. Манай тэмцээнд түрүүлж алтан цом авсан Марзио Дехо манай хоолыг ‘Би олон тэмцээн уралдаанд оролцож, 5 одтой зочид буудлуудад байрлаж байсан. Танай хоол гологдох юм алга. Танайх үнэхээр 5 одтой зочид буудал шиг хоол хийж байна’ гэж магтаж байсан. 225 хүний хоол унд бэлдэх асар их хариуцлага. Бид хоёр баазаар ажилладаг байсан. Нэг бааз нь гараанаас гаргахад нөгөө бааз нь хүлээж аваад солбидог байсан. Бааз болгон дээр 9 тогооч ажиллаж байлаа. Одоо бид монголын хоол хүнс гадаадын тамирчдад гологдохгүй юм байна гэсэн итгэлтэй болсоон.”
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ЭРЧ НЭМСЭН УРАЛДААН.
Тэд хоол хүнсэнд их уян хатан бодлого баримталж байсан гэнэ. “Ямар ч хоол хүнс хэрэглэдэг хүнийг бид хооллож чадна. Ялангуяа цагаан хоолтонгуудыг их анхаарсан. Бүр “gluten free” буюу цардуултай гурил бас бус зүйлсийг иддэггүй хүмүүсийг ч гэсэн хээрийн нөхцөлд хүсэлтийг нь хангаж чадсан” гэж Алдархишиг ярьж байлаа.

Энэ уралдаан 15 мянган еврогийн шагналын сантай юм байна. Энэ шагналын санд нь нэр хүндтэй дугуйны фермүүдийн раам, хувцас хэрэгсэл бас тодорхой хэмжээний мөнгөн шагналууд багтдаг юм байна. Мөн тэмцээнийг зохион байгууллагчид тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд SOS Medica байгууллагатай хамтран ажилладаг ажээ. “Мөн бид бүх тамирчдыг Бодь даатгалаар даатгуулсан. Спортын том арга хэмжээ учраас аюулгүй байдлыг нь маш сайн анхаарч, хангаж ажиллахыг бид зорьж байгаа” гэж Алдархишиг бас ярьсан юм. Тэрбээр мөн аймгийн төвүүд, орон нутгийн удирдлагууд, засаг даргын тамгын газрууд ялангуяа цагдаагийн байгууллагууд, замын цагдаагийнхан өнгөрсөн оны уралдааныг дэмжиж туслаж байсанд талархаж байдгаа хэлсэн юм. Энэ жилнйн уралдаан ч мөн олны дэмжлэгээр сайхан болно гэдэгт Алдархишиг итгэлтэй байна лээ.

Ер нь аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэхэд “Моngolian Bike Challenge” шиг уралдаан олон байвал их тустай гэдэг нь тодорхой байна.
МОНЦАМЭ
Сурвалжлагч Х. Эрдэмбилэг

ТАНИЛЦУУЛГА - MONGOLIA BIKE CHALLENGE 2011

Mongolia Bike Challenge 2011

Mongolia Bike Challenge-2011 уралдаан болно.
Mongolia Bike Challenge 2010 - уралдааны үеэр.
Та  бүхэн Монгол улсад анх зохион байгуулагдсан “Mongolia Bike Challenge-2010” уулын дугуйн олон өдрийн уралдааныг тодхон санаж байгаа байх.  Жил бүр зохион байгуулагдах энэ уралдаан нь Монголын адал явдалт аяллын зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, Монгол орныг дэлхийн дугуйчдад таниулах чухал арга хэмжээ юм. Уралдааныг санаачлан, зохион байгуулагч Монголын аялал жуулчлалын “Mongolia Expeditions and Tours” ХХКомпани, Итали улсын “Progetto Avventura Eventi” компани нь уламжлал ёсоор Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран “Mongolia Bike Challenge-2011” уралдааныг 2011 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 13-ны хооронд зохион байгуулна. “Mongolia Bike Challenge-2011” уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос гараагаа  эхэлж Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар нийт 1200 км замыг туулж Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэзуу хийд өмнөх талбайд бариагаа барих юм. Уралдаанд нийт 108 дугуйчин оролцоно. Энэ жилийн уралдаан 7 ангиллаар, нийт 9 гараатай, тамирчид нэг гараанд дунджаар 133 км замыг туулна.  “Mongolia Bike Challenge – 2011” уралдааны дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.mongoliabikechallenge.com вебсайтаас танилцаж болно.

Mongolia Bike Challenge 2010.













MONGOLIA BIKE CHALLENGE 2010 уралдааны ялагч тодорлоо.

MONGOLIA BIKE CHALLENGE 2010
Ялагч - Италийн тамирчин Марзио Дехо


Ази тивд, тэр тусмаа онгон зэрлэг байгалийн гоо үзэсгэлэн, өнгө төрхөөрөө дэлхийд гайхагддаг манай улсад анх удаа “Mongolia Bike Challenge” уулын бартаат замын олон улсын уралдаан амжилттай болж өнгөрлөө. Монгол аялал, жуулчлалын тур оператор “Монголия Экспедишнс” компани, Италийн “Прогетто Авентура” компани, Монголын адал явдалт спорт, дугуйн аяллын холбооноос хамтран зохион байгуулсан тус уралдаанд Монголоос гадна дэлхийн 10 орны 94 тамирчин оролцож, хоёр долоо хоногийн турш Монголын говь, хангай нутгаар уралдсан юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болж, тамирчид 9-нд Дундговь аймгийн Бага газрын чулууг зорьжээ.
Гурван жилийн турш үргэлжилсэн судалгаа, шинжилгээний дүнд зохион байгуулсан тус уралдааны зохион байгуулагчдын зүгээс уралдааныг нийт 10 гараатай, 1400 км зам туулахаар төлөвлөсөн байсан ч цаг агаарын таагүй нөхцлийн улмаас хоёр гарааг цуцлахаас өөр аргагүйд хүрч, улмаар тамирчид нийт найман гараанд уралдсан юм. Тодруулбал, говийн нутгаар уралдах ёстой байсан гуравдугаар гарааны үеэр хүчтэй элсэн шуургатай таарсан бол хангайн наймдугаар гарааны үеэр Архангай аймагт уулархаг хэсгээрээ 50 см хүртэл зузаан цас орсон учир тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тус гарааг цуцалжээ. Нийт таван аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн уралдаан Улаанбаатар хотоос 250 орчим км зайд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт байрлах Бага газрын чулуугаас энэ сарын 10-нд гараанаас гарсан байна. Харин тэмцээний сүүлийн гараа 20-нд Өвөрхангай аймгийн Хархорин хотноо барианд орсон бөгөөд хаалтын ажиллагаа бямба гаригт Баянгол зочид буудал болж, ялагчдад шагнал, дурсгалын зүйлс гардуулсан юм.
Уралдааныг нийт зургаан ангилалд зохион байгуулснаас Sportsman буюу 18-32 насны ангилалд Монголын тамирчин Т.Төгөлдөр, Master 1 буюу 33-42 насны ангилалд Италийн дугуйч Марцио Дехо, Master 2 /43-50 насны/ ангилалд Чехийн Ян Копка, харин эмэгтэйчүүдийн ангилалд Италийн дугуйч Стефания Валсеччи нар түрүүлжээ. Бусад хоёр ангилал болох Veteran буюу 51-ээс дээш насныхан болон Tandem буюу хос дугуйны төрөлд оролцогчдын тоо гүйцээгүй учир ялагчийг тодруулах боломжгүй байв.Харин тэмцээний нийт дүнгээр Италийн уулын дугуйн хошой аварга Марцио Дехо нийт найман гарааг 34 цаг, 36 минут 23 секундэд туулсан амжилтаар аваргалж, Монголын Аялал, жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбатаас гран-при цомыг гардаж авсан бол Монголын дугуйч Т.Төгөлдөр, Испанийн Карлос Абеллан Оссенбах нар удаахь байрт шалгарсан юм. Дехогийн тухайд нийт найман гарааны зургаад нь түрүүлжээ. Дашрамд сонирхуулахад, хэдийгээр тэрбээр ерөнхий дүнгээр тэргүүлж, аваргын цом хүртжээ. Учир нь тэмцээний ес дэх гарааны үеэр өөрийн алдааны улмаас төөрч, цагтаа амжиж бариандаа ороогүй аж.Тэмцээний нийт шагналын сан 15 мянган евро бөгөөд нийт дүнгээр тэргүүлсэн ялагчийн цом нь 5000 еврогийн үнэтэй, Монгол дархан Р.Ариунцэнгэлийн урласан алтан бүрмэл ажээ. Түүнчлэн ангилал тус бүрийн ялагчид Италийн NEVI брэндийн 2500 еврогийн үнэтэй цэвэр титанан дугуйны рам, хоёрдугаар байрт шалгарсан тамирчид Scicon брэндийн уулын дугуйны цүнх, 600 еврогийн ваучер, харин гуравдугаар байрын тамирчид SMP брэндийн дугуйны эмээлээр шагнуулсан байна.
Тэмцээнд Монголын тамирчдаас гадна гадны 80 тамирчин хүрэлцэн ирж, хурд хүрч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн бөгөөд гараанаас нийт 94 тамирчин гарч уралдсан боловч 66 нь бүх гараанд бариандаа орсон байна. Туулах замын хол ойр, бартаа зэргээс шалтгаалан гараа бүрт барианд орох цаг тогтоож, тэр цагаас хоцорсон тамирчин барианд ороогүйгээр тооцох дүрэмтэй байсан. “Дэлхийн дулаарлын эсрэг” уриан дор зохиогдсон тус уралдаан байгаль дэлхийгээ хайрлах, аль болох бага хор нөлөө учруулах үүднээс тэмцээнд оролцох тамирчдын тоонд ч хязгаар тавьж, дараа дараагийн уралдаанд энэ төвшнөө барих болно гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Түүнчлэн цаашид тэмцээний нэр хүнд, чансааг өсгөж, UCI буюу Олон улсын дугуйн спортын холбооны календаржуулсан хөтөлбөрт “Mongolia Bike Challenge” уралдааныг албан ёсоор оруулах чин зорилго тавин ажиллаж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, манай улсад ирж, уулын бартаат замын сорилд өөрийгөө сорьсон гадны тамирчид Монголын байгалийн гоо үзэмж, тамирчин хүний эрч хүч, хангалттай хэмжээний уураг, илчлэг зэргийг нэгэн зэрэг хангаж чадах монгол үндэсний хоол болоод тэмцээний зохион байгуулалт өндөр төвшинд болж өнгөрснийг онцолж байсан нь таатай сэтгэгдэл төрүүлж байлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах “Mongolia Bike Challenge” хоёр дахь удаагийн уралдаан ирэх жилийн долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 14-ний хооронд болно.
С.Шүр